Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 00125

 

                             Д.Алтанхуягт захиргааны шийтгэл

                                      ногдуулсан хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

       Шүүх хуралдаанд:  

                  Гомдол гаргагч                                  Г.Мөнх-Очир

                    Зөрчил гаргагчийн өмгөөлөгч     М.Ганзориг 

                    Нарийн бичгийн дарга                  Б. Ганчимэг  нарыг оролцуулан 

 

 Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар шийтгэвэртэй Д.Алтанхуягт холбогдох захиргааны зөрчилтэй хэргийг, зөрчил гаргагчийн өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1977-09-22-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн  29а- байрны 16  тоотод оршин суух,  УД-77092213регистрийн дугаартай, Боржигон овогтой Дашзэвгийн Алтанхуяг.

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас:

 

УИХ-ын 46 дугаар тойрогт  Монгол Ардын намаас нэр дэвшигч  О.Содбилэгийн  сонгуулийн менежер С.Мөнгөнчимэг нь “.. Ардчилсан намаас нэр дэвшигч  Д.Алтанхуяг нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13.т заасан “...сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, дүрс бичлэг хуурамч мэдээ мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараахыг хориглоно...” гэснийг  зөрчсөн гэсэн гомдол ирүүлсэнийг үндэслэн Д.Алтанхуягт Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн  хүсэлт ирүүлжээ.  

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар шийтгэврээр:

 

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14.1.д зааснаар УИХ-ын 46 дугаар тойрогт  нэр дэвшигч Д.Алтанхуягийг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг   21 дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээний буюу 4.032.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, зөрчил гаргагч Д.Алтанхуяг шийтгэврийн хувийг гардуулж,  шийтгэврийн хувийг хүлээн авсанаас хойш 10 хоногийн дотор  Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагчийн өмгөөлөгч М.Ганзориг давж заалдах гомдолдоо:

 

Монгол ардын намаас УИХ-ын 46 дугаар тойрогт нэр дэвшигч О.Содбилэгийн сонгуулийн менежөр гэх С.Мөнгөнчимэгээс 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн гомдлын дагуу Орхон аймгийн Цагдаагийн газрын Архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч Ц.Болд шалгаж Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Д.Алтанхуягийг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13.д заасныг зөрчсөн гэж үзэж Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14.1-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21 дахин нэмэгдүүлж 4.032.000 төгрөгөөр торгох шийтгэврийг хууль зүйн үндэслэлгүй  байх тул эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

1.Орхон аймгийн Цагдаагийн газраас Д.Алтанхуягт холбогдох захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагааг явуулаад гомдол гаргагчид танилцуулж, түүнээс тайлбар авч, хэргийн материалыг танилцуулсан атлаа, миний үйлчлүүлэгч Д.Алтанхуягт Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1. зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд биеэр оролцох, 2. Нотлох баримттай танилцах, 3.Зөрчлийн талаар тайлбар өгөх, нотлох баримт, хүсэлт гаргах зэрэг эрхийг нь хангахгүйгээр шууд шүүхэд шилжүүлж, шүүх мөн дээрх эрхийг нь хангахгүйгээр мөн хуулийн 17 дугаар зүйлийн 6. Холбогдох этгээдэд зөрчлийг хянан хэлэлцэх өдөр, цаг, газрыг мэдэгдсэн эсэхийг тодруулахгүйгээр хуулийг ноцтой зөрчиж түүнд захиргааны хариуцлага хүлээлгэхээр торгуулийн шийтгэвэр ногдуулсан нь үндэслэлгүй  байна.

 

Тодруулбал Д.Алтанхуяг нь Монгол Улсын иргэний хувьд Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14/-д зааснаар “ ...Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл хууль эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх хуралдаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг... шаардлагыг хориглоно” гэж заасны дагуу энэхүү захиргааны зөрчлийн нотлох баримттай танилцах, үзлэг хийлгэх байлцах, хэргээ шүүх ажиллагаанд биечлэн оролцох, өмгөөлөгч авах, хүсэлт гаргах зэрэг эрхүүдийг нь зөрчиж, түүнээс тайлбар өгөхийг боломжийг хангалгүйгээр түүнд захиргааны зөрчил гаргасан буруутайд тооцож шийтгэвэр ногдуулсан нь түүний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас түүнийг тайлбар авахаас бусдаар дуудаж хэргийн материал, нотлох баримтыг танилцуулаагүй, тус зөрчлийг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2. Орхон аймгийн газраас дээрх гомдлыг шалгахдаа зарим иргэдээс тайлбар авсан нь хоорондоо зөрүүтэй, түүгээр зогсохгүй 25-р суваг телевизийн албан бичиг  /хэргийн 21/, “Монгол ньюс” ХХК-ын албан бичиг /хэргийн 22 талд/ хэрэгт хавсаргасан байх бөгөөд тус бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хаягласан мөн Отгонбилэгийн Содбилэг нь хувьцаа эзэмшдэггүй гэх утга бүхий тодорхойлолт байх бөгөөд “үнэн зөв” эсэх нь эргэлзээтэй, доод буланд “5” гэх гараар бичсэн тэмдэглэгээтэй байгаа зэргээс үзвэл эргэлзээ төрөхөөр байна.

 

Тодруулбал дээрх нотлох баримтыг гомдол гаргагч тал гаргаж өгсөн гэж үзлээ Учир нь Орхон аймгийн Цагдаагийн газраас дээрх тодорхойлолтыг авахаар хандаагүй /тодорхойгүй/, дээрх хуулийн этгээд болох 25-р суваг телевиз, “Монгол ньюс” ХХК-ийн талаарх хувьцаа эзэмшигчийн лавлагааг хуульд заасан журмын дагуу гаргуулаагүй зэрэг нь миний үйлчлүүлэгчийг буруутгасан “шийтгэвэр”-ийн үндэслэл болж байгаа нь энэхүү шийтгэвэр хуулийн дагуу гараагүйг нотлон харуулж байна. Энэ нь мөн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр С.Мөнгөнчимэгийн гаргасан гомдолд хавсаргасан баримтаас үзвэл дээрх 25-р суваг ТВ болон “Монгол ньюс” ХХК-ын албан бичгүүд 2016-06-21 гэх огноотой байгаа нь цаг хугацааны хувьд бодит байдлаас зөрүүтэй зэрэг дээрх албан бичиг эргэлзээтэй. Ийм нотлох баримтыг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохыг батлан харуулж байна.

 

3. Захиргааны зөрчлийн хэргийн 23-р талд нотлох баримтын шаардлага хангахгүй “О.Содбилэг" гэх хүний хөрөнгийг илтгэсэн мэт материалыг хуулбарлан хавсаргасан байх бөгөөд энэ нь үнэн зөв эсэх нь тодорхойгүй, О.Содбилэг Их Хурлын гишүүн гэсэн тайлбар байгаа ч энэ Д.Алтанхуягийн худал мэдээлэл тараасан гэх хэргийн гомдол гаргагч нь мөн эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь миний үйлчлүүлэгчид захиргааны хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хэрэгт Алтанхуяг бусдыг гүтгэсэн гэх ямарч баримт  байхгүй үүнийг нотлоогүй.

 

Иймээс Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016-06-30-ны өдрийн 218 дугаартай шийтгэврийг хүчингүй болгож захиргааны хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

                                                ХЯНАВАЛ :

 

УИХ-ын 46 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч  О.Содбилэгийн сонгуулийн менежер С.Мөнгөнчимэг нь “...Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Алтанхуягийг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13.т  заасан заалтыг зөрчиж, 2016-06-18-ны өдөр иргэдтэй уулзахдаа “Өнөөдөр” сонин, “25 дугаар суваг” телевиз нь нэр дэвшигч О.Содбилэгийн хувийн телевиз гэж бусдад худал мэдээлэл тараасан...” гэсэн гомдол гаргажээ.

 

Орхон аймгийн Цагдаагийн газар дээрх гомдлыг үндэслэн зөрчлийн талаар хянан шалгах ажиллагаа явуулж Д.Алтанхуягийг бусдыг гүтгэсэн, худал мэдээ тараасан гэж үзээд түүнд арга хэмжээ ногдуулах хүсэлтээ шүүхэд ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх Д.Алтанхуягт Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14.1.д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21 дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээний буюу 4.032.000 төгрөгийн торгууль ногдуулсан нь үндэслэлгүй  байна. Учир нь:

 

1.Цагдаагийн байгууллага С.Мөнгөнчимэгийн гомдлыг хүлээж аваад Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг бүрдүүлээгүй тухайлбал: зөрчил гаргагчийг нотлох баримттай танилцуулаагүй, түүнээс тайлбар аваагүй, нотлох баримт гаргаж өгөх, хүсэлт гаргах, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь эдлүүлээгүй өөрөөр хэлбэл Д.Алтанхуяг  өөрт нь холбогдуулж хэн гомдол гаргасан, ямар зөрчилд холбогдсон талаар огт мэдээгүй, түүнчлэн шүүх зөрчлийг хянан хэлэлцэх цаг, хугацааг мэдэгдээгүй, хэлэлцэх ажиллагаанд түүнийг биечлэн оролцуулаагүй,

 

- Зөрчлийн тухай тэмдэглэлд зөрчил гаргагч гарын үсэг зураагүй,хэрвээ гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбар авагдаагүй байна.

 

2.  Мөн Д.Алтанхуягийн бусдыг гүтгэсэн, худал мэдээ тараасан  гэх үйлдэл буюу  ...25 дугаар телевиз болон “Өнөөдөр” сонин О.Содбилэгийн хувийн өмч... гэсэн нь үнэн эсхүл худал эсэхийг  шалгасан баримт байхгүй, энэ талаар  эрх бүхий субъектээс хуульд  заасан журмын дагуу нотлох баримт аваагүй бөгөөд  өөрөөр хэлбэл “25 дугаар суваг телевиз”, “Өнөөдөр” сонин хэний өмч болох нь одоо байгаа нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учраас Д.Алтанхуягийг бусдыг гүтгэсэн, худал мэдээ тараасан  гэж үзэх боломжгүй.

 

“Монгол ньюс” ХХК-ийн ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг, “25 дугаар суваг телевизийн” тэргүүн дэд захирал, Л.Жаргалсайхан нарын ирүүлсэн албан бичиг нь  хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэгийн хуулбарыг хуулийн дагуу зөвшөөрөл авсан этгээд хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийсэн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байна.

 

Иймд Д.Алтанхуягт захиргааны шийтгэл ногдуулсан Сум дундын шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож түүнд захиргааны арга хэмжээ ногдуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.,31 дүгээр зүйлийн 31.3.2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, Д.Алтанхуягт захиргааны шийтгэл ногдуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Д.Алтанхуягийн өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3.Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.