Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 00127

 

 

 

 

 

 

 

 

Б.Анхбаяр нарт холбогдох

захиргааны зөрчлийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:

 

        Гомдол гаргагч                                Т.Соёл-Эрдэнэ

        Гомдол гаргагчийн өмгөөлөгч     М.Ганзориг

        Зөрчил гаргагч                                Б.Анхбаяр

        Зөрчил гаргагчийн өмгөөлөгч     С.Ванчиг

        Нарийн бичгийн дарга                 О.Шинэцэцэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 233 дугаар шүүгчийн захирамжтай Б.Анхбаяр нарт холбогдох захиргааны зөрчлийг гомдол гаргагч Т.Соёл-Эрдэнийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 онд Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Орхон аймгийн Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 3-23-136 тоотод оршин суух, ФА84121433 регистрийн дугаартай, Амбаа овогтой Батхуягийн Анхбаяр.

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас:

 

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсээс ирүүлсэн 4393 дугаартай гомдлын дагуу шалгах ажиллагаа явуулахад Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрын дарга Б.Анхбаяр нь Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.т заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байх тул захиргааны арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 233 дугаар шүүгчийн захирамжаар:

 

Ц.Балдорж, Д.Цог-Очир, Ж.Даваасамбуу, Б.Анхбаяр нарт захиргааны арга хэмжээ ногдуулахаас татгалзаж, захиргааны зөрчлийн материалд хавсарган ирүүлсэн 1 ш дүрс бичлэгийн хуурцгыг материалд хавсарган үлдээж, гомдол гаргагч нь энэ захирамжийг эс зөвшөөрвөл хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Гомдол гаргагч Т.Соёл-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 233 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Анхан шатны шүүгчийн захирамжаар харахад гомдол гаргагч нь дан ганц аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Сувдаа байсан мэтээр бичсэнтэй санал нийлэхгүй. Миний бие иргэн Б.Анхбаярын хууль бус үйлдэлтэй холбоотой баримт материалуудыг  бие даан гаргаж өгсөн.

 

Аймгийн Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газрын даргаар ажиллаж байсан Б.Анхбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшигчдийн материалыг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлэх үед миний сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлаж, хүч хэрэглэн саатуулсан хууль бус үйлдэл гаргасан. Түүний энэхүү хууль бус үйлдэл нь олон тооны баримтуудаар ил болж, тухайн үед орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд цацагдсан.

 

Б.Анхбаяр нь Төрийн албан хаагч атал Төрийн албан тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс татгалзаж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчсөн бөгөөд аймгийн Ардчилсан намаас сонгуульд оролцох нэр дэвшигчдийн материалыг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлэх үеэр Сонгуулийн хорооны хаалгыг таглан зогсож, гар утсаараа зориудаар бичлэг хийн, улмаар намайг орох гэхэд хоёр гараараа зуурч, арагш нь хүчтэй түлхэж улс төрийн санаа зорилгоо өөрийн идэвхтэй үйлдлээр миний сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлан хүч хэрэглэн саатуулсан.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 233 дугаартай “Захиргааны арга хэмжээ ногдуулахаас татгалзах тухай” захирамжийн Б.Анхбаяртай холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний миний сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлаж, хүч хэрэглэн саатуулсан болохыг тогтоож, түүнд Сонгуулийн тухай хуульд зааснаар захиргааны хариуцлага ногдуулж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Захиргааны зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Анхбаяр болон бусад хүмүүс Т.Соёл-Эрдэнэ нарын сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлан, нийтийн хэв журмыг зөрчсөн байдал тогтоогдохгүй гэж дүгнэж, Б.Анхбаяр нарт захиргааны арга хэмжээ ногдуулахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Гомдол гаргагч Т.Соёл-Эрдэнэ нь Б.Анхбаярыг төрийн албан хаагч атал Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.д заасныг ноцтой зөрчсөн гэж гомдолдоо дурдсан боловч Б.Анхбаярыг төрийн албан хаагч мөн эсэхийг тогтоох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хэдийгээр Орхон аймгийн Сонгуулийн хороонд нэр бүхий хүмүүсийг Сонгуульд бүртгүүлэх нэрсийг өгөхөөр очиход Б.Анхбаяр нь Т.Соёл-Эрдэнийг аймгийн Сонгуулийн хороо руу оруулаагүй гэх боловч холбогдох баримт материалыг Сонгуулийн хороо хүлээн авч бүртгэсэн, Т.Соёл-Эрдэнэ орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдсөн болох нь Т.Соёл-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт түүний тайлбараар нотлогдож байх тул Т.Соёл-Эрдэнэ болон бусад Ардчилсан намын гишүүдийн сонгох сонгогдох эрхийг зөрчигдсөн гэж үзэх боломжгүй юм.  

 

Иймд гомдол гаргагч Т.Соёл-Эрдэнийн “...Б.Анхбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Ардчилсан намаас сонгуульд нэр дэвшигчдийн материалыг аймгийн Сонгуулийн хороонд ирүүлэх үед миний сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлаж, хүч хэрэглэн саатуулсан хууль бус үйлдэл гаргасан..., ...Сонгуулийн тухай хуульд зааснаар захиргааны хариуцлага ногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.,31 дүгээр зүйлийн 31.3.2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 233 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Т.Соёл-Эрдэнийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

           

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

 

ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

 

                                                                                    З.ХОСБАЯР