Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 05

 


Б.Гүррагчаад холбогдох хэргийн 
талаар


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр
Оролцогчид: Зөрчил гаргагч: Б.Гүррагчаа
    Тус шүүхийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 16 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчил гаргагч Б.Гүррагчаагийн гаргасан давж заалдах гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

     Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 5-14 тоотод оршин суух, 1982 оны 03 дугаар сарын 31-ны өдөр төрсөн, 34 настай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст халамжийн олголт, хүнсний талоны олголт хариуцсан мэргэжилтэн Б.Гүррагчаа нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр халамжийн хүнсний талон авдаг, орлого багатай өрхүүдээр орж сонгуулийн сурталчилгаа хийж би маргааш ажиглагчаар сууна. Та нарыг Н.Ууганбаатарт саналаа өгөхгүй бол хүнсний талоноос хасна. Гэртээ байж байгаарай өглөө ирж авна хэмээн иргэдийг дарамталж сурталчилгаа хийсэн зөрчилд холбогджээ.
Зөрчил гаргагч Б.Гүррагчаа нь Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа: Би хүнсний талон авдаг айл өрхүүдээрээ орж, байгаа байдалтай нь танилцаж явсан. 1 дүгээрт 6 дугаар сарын талон эрт тавьсан байсан учир айл өрхүүдээрээ ороод хүнсний талоноороо дэлгүүрүүдээс бараа бүтээгдэхүүнээ авсан эсэх. Ямар үнэтэй авсан талаар. Дэлгүүрүүд өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнүүдээ өгч байгаа эсэх. Мөн хүнсний талоноороо ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дэлгүүрээс авч байгаа эсэх. Мөн мах шөл нь ирж байгаа эсэхийг асууж тодруулж явсан. Гол нь шилжилт хөдөлгөөн хийсэн хүүхэд нь хот руу болон аймаг хооронд шилжсэн хүмүүстэй байсан 3 айл өрхөөр л орсон. Би зорилтод бүлгийнхээ айл өрхүүдээр орсон. Би ямар нэгэн сонгуулийн сурталчилгаа хийсэн, хэлсэн ярьсан зүйл байхгүй. Би өчигдөр ажлынхаа гадаа байж байсан чинь Х.Туяа нэг хүүхэдтэйгээ явж байсан. Тэгээд уулзаад та хаа хүрч яваа юм танайх халамжийнхаа талоныг авсан уу гэсэн чинь авч байгаа манай нэг охин оюутан, нэг нь тусдаа гарсан байгаа гэж байсан тэгээд нэг хүүхдээ талоноос хассан байна гэж хэлж байсан. Тэгээд тиймэрхүү юм ярьж байгаад за би тэгж байгаад очоод уулзая гээд салсан юм тэгээд ажлаасаа тарчихаад талон авдаг учраас нэг гэрээр нь ороодохъё гээд очсон чинь Х.Туяа байхгүй байсан. Тэгээд хүүхдээс нь утсыг нь аваад залгасан чинь утсаа авахгүй байсан. 
Тэгээд гэртээ 22 цагийн үед байх миний утасруу Х.Туяагийн утаснаас дохисон байсан тэгэхээр нь би эргүүлээд залгаад асуухаар нь би маргааш танайхаар ажлынхаа зав


2


 зайгаар очъё гэж хэлсэн юм. Тэгээд өнөөдөр Д.Рина эгчийн гэрээр орж уулзаад Х.Туяа эгчийн гэрийн гадаа очоод дуудсан чинь Х.Туяа эгч гараад ирсэн. Тэгээд уулзаад хүүхдийнх нь талаар яриад хүнсний талоноо авсан биз дээ багийн Засаг дарга чинь гэр орноор чинь орж эргэж тойрдог юмуу амьдрал ахуйтай чинь танилццаг юм уу гэж хэлсэн. Тэгээд эдгээр хүмүүс сонгуульд өрсөлдөөд ирэхээрээ айл өрхүүдээр орж гараад тухайн хүмүүс нь миний төлөө санаа өг гэж гуйдаг юм уу гэсэн утгатай юм ярьсан түүнээс би ажиглагч хийж байгаа та нарыг зөөгөөд сонгууль өгүүлнэ, хүнсний талон хасна шүү гэх мэт зүйл ярьж тэрийг дэмжээрэй тэрний төлөө саналаа өгөөрэй гэсэн зүйл огт яриагүй. Би Д.Рина эгчтэй уулзаад зогсож байхад харин Баярмагнайгийн эхнэр Мөнхжаргал гэдэг нь уруудаад захруу явж байна гээд явж байсан тэгээд надаас сургалт болох талаар бүртгэл хийсэн талаар асуусан тэгэхээр нь би сайн мэдэхгүй байна сонгууль өнгөрөөд өөртэй чинь эргээд холбогдох байх гэж хэлээд сая ямар сургалт болсон талаар асуухаар нь хөдөлмөрийн хэлтэс дээр тогоочийн сургалт явагдаж дууссан юм байна лээ гэж хэлсэн. Тэгээд би хэлэхдээ та нарын төлөө улсаас зардал мөнгө гаргаж байгаа сургалтад хамрагдахгүй бол талоноос хасагдах магадлал өндөр юм байна лээ шүү гэдгийг хэлснээс та нар Н.Ууганбаатарт саналаа өгөхгүй бол талоноос хасна шүү гэх зүйл огт яриагүй. Мөн хэлэхдээ 3 жил дараалан талон авсан айл өрхүүд энэ 9 сард өрхийн амжиргааны түвшин тогтоох судалгаа явагдах сураг байсан тэр судалгаагаар 3, 4 жил хүнсний талон авсан айл өрхүүд хасагдах магадлал байгаа юм байна лээ шүү дараа дараачийн айл өрхүүдэд шилжигдэж олгогдох байх шүү гэдгийг ярьж явсан. Н.Ууганбаатарт санал өгөхгүй бол талон хасна гэсэн зүйл яриагүй гэжээ.

Шүүх:  Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Жалайр овгиин Бэгзсүрэнгийн Гүррагчааг 1.152.000 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр торгож, Зөрчил гаргагчид захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэврийг гардуулж аймгиин прокурор, цагдаагийн газар, гомдол гаргагч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Ундармаад даалгаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зааснаар зөрчил гаргагч торгуулийг 15 хоногийн дотор сайн дураараа төлөөгүй бол шүүхиин тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахыг дурдаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 1 дэх хэсэгт зааснаар шийтгэврийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дээд шатны шүүхэд зөрчил гаргасан этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах эрхтэй болохыг дурдаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гарсан тохиолдолд гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл Б.Гүррагчаад захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэврийг биелүүлэхийг түдгэлзүүлэхийг  тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Зөрчил гаргагч Б.Гүррагчаа давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 5-14 тоотод оршин суугч Б.Гүррагчаа би Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 16 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.
       Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 16 дугаартай шийтгэвэр гаргахдаа нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хяналгүй шийтгэвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь шийтгэвэр нь хуульд зааснаар хөдөлбөргүй үнэн нотлох баримт дээр үндэслэгдсэн байх ёстой байдаг. Гэвч тус шийтгэвэрийг үндэслэсэн иргэдийн өгсөн тайлбар, гомдол гаргагчийн тайлбарыг нотолж байгаа СD дээрх иргэн нь Б.Гүррагчаа миний бие биш бөгөөд хэн гэдэг нь тодорхой бус байхад түүнийг хянаж үзэлгүй шийдвэр гаргасан байгаа нь холбогдох хууль тогтоомж болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 95 дугаар зүйлийн 95.1, 95.2, 95,3 дугаар зүйлийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Мөн түүнчлэн гомдол гаргагч Д.Энхчимэг нь нотлох баримт хуурамчаар 
бүрдүүлж, худал мэдүүлэг өгч Б.Гүррагчаа миний нэр төр, алдар хүндийг гутааж санаа сэтгэлээр хохироож байгаа тул хянаж өгнө үү гэжээ. 


3


ҮНДЭСЛЭХ нь:

    Гомдол гаргагч Д.Энхчимэг нь зөрчил гаргагч Б.Гүррагчааг төрийн албан хаагч байж  сонгуулийн сурталчилгаа зогссон өдөр нийгмийн халамжийн хүнсний талон авдаг орлого багатай айл өрхүүдээр орж сонгуулийн сурталчилгаа хийж, би маргааш ажиглагчаар сууна, та нарыг Л.Ууганбаатарт саналаа өгөхгүй бол хүнсний талоноос хасна, би та нарыг ирж авна гэх үйлдэл гаргасныг анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар Б.Гүррагчааг 1.152.000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулжээ.

    Зөрчил гаргагч Б.Гүррагчаа анхан шатны шүүхийн шийтгэврийг эс зөвшөөрсөн   гомдлыг тус шүүхэд гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гомдол гаргагч гомдлоосоо татгалзаж, зөрчил гаргагч Б.Гүррагчаа мөн давж заалдсан гомдлоосоо татгалзжээ.

    Иймд давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

    Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 16 дугаар шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

    

 

    
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.БАТТОГТОХ
            ШҮҮГЧИД                           Б.НАМХАЙДОРЖ
                                                                               Т.ЖАРГАЛСАЙХАН