Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 06

 


С.Булгантамир, С.Хишигжаргал, Ш.Сэлэнгэ
 нарт холбогдох хэргийн талаар


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр,
    Тус шүүхийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 17 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч зөрчил гаргач С.Булгантамир, С.Хишигжаргал, Ш.Сэлэнгэ нарын гаргасан давж заалдах гомдлоор захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2 дугаар тойрогт нэр дэвшигч С.Хишигжаргал, 7 дугаар тойрогт нэр дэвшигч С.Булгантамир, Ш.Сэлэнгэ, 23 дугаар тойрогт нэр дэвшигч П.Оюунчимэг, С.Баттөр, Л.Пагмадулам нар нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан сонгогчдын саналыг татах зорилгоор эд зүйл тараасан гэсэн хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан зөрчилд холбогджээ.

Нэр дэвшигч С.Булгантамир нь цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа:  Ш.Сэлэнгэ бид хоёр 500 ширхэг календарь хэвлүүлсэн юм. Тал орчим нь надад байгаа. Улаанбаатар хотод хэвлүүлсэн. Би захиалгаа өгч эх загвараа өөрөө бэлдэж өгсөн юм гэжээ.

Нэр дэвшигч Ш.Сэлэнгэ нь цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа:  С.Булгантамир бид хоёр 500 ширхэг календарь хэвлүүлсэн юм. Тал орчим нь надад байгаа. Энэ хуудсыг С.Булгантамир өөрөө хэвлүүлсэн юм. Би энэ талаар сайн мэдэхгүй гэжээ.

Нэр дэвшигч С.Хишигжаргал нь цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа: Би 2016 оны 6 сараас эхлээд 12 сарыг дуустал календарь хэвлүүлсэн юм. Би 400 ширхэг календарь хэвлүүлсэн одоо надад 180 ширхэг байгаа гэжээ.

Говь-Алтай аймгийн Ардчилсан намын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 536 дугаартай албан бичигт “Манай намын хороо, намын штабаас сонгуулийн сурталчилгааны хугацаанд бусад нам, нэр дэвшигчдээс Сонгуулийн тухай хуульд 

заасан хориглосон үйлдэл гаргаж, хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг шалгуулахаар Сонгуулийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-д заасны дагуу гаргасан Цогт сумын 23-р тойрогт нэр дэвшигчидтэй холбоотой гомдлыг эргүүлэн татан авч гомдол саналгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
 
Шүүх: Говь-Алтай аймгийн Ардчилсан намаас Цагдаагийн байгууллагад гаргасан Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх гомдлоос аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 23 дугаар тойрогт нэр дэвшигч П.Оюунчимэг, С.Баттөр, Л.Пагмадулам нарт холбогдох гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14 дахь хэсэгт зааснаар Сэвжидийн Хишигжаргал, Сүхбаатарын Булгантамир, Шар-Охины Сэлэнгэ нарыг тус бүрийг 4032000 /дөрвөн сая гучин хоёр мянга/ төгрөгөөр торгож, Зөрчил гаргагч нарт    захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэврийн хувийг гардуулж,   хувийг   аймгийн   прокурор,   цагдаагийн   газар,   гомдол   гаргагч   нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Баярцэцэгт даалгаж,    Захиргааны хариуцлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зөрчил гаргагч торгуулийг 15 хоногийн дотор сайн дураараа төлөөгүй бол шүүхийн тогтоол гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулахыг дурдаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх хэсэгт зааснаар шийтгэврийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор дээд шатны шүүхэд зөрчил гаргасан этгээд, түүний   хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах эрхтэй болохыг дурдаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан тохиолдолд гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл зөрчил гаргагч нарт захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэвэрийг биелүүлэхийг түдгэлзүүлэхийг  тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Зөрчил гаргагч С.Булгантамир, С.Хишигжаргал, Ш.Сэлэнгэ нар давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 8-ны 17 дугаар шийтгэвэрт дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
1.    Шүүхийн   шийтгэвэрийн   үндэслэх   хэсэгт   биднийг   "Сонгуулийн   тухаи хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.1-д заасныг зөрчсөн гэж" үзсэн нь бичгийн болон бусад     нотлох     баримтаар     хангалттай     нотлогдоогүй     байхад     цагдаагийн байгууллагад өгсөн 1 удаагийн тайлбарыг үндэслэн нотлогдсон мэтээр шүүхийн шийтгэвэрт заасан байгаа нь дутагдалтай байна. Бид сонгуулийн сурталчилгааг сонгуулийн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасан арга хэлбэрээр мөн хуулийн 68.3-д заасан хугацаанд зохион байгуулж хийсэн байхад сурталчилгааны ямар хууль  бус  арга   хэлбэр   ашигласан,   хуулийн   хугацааг   хэрхэн   зөрчсөн   талаар үндэслэл бүхий дүгнэлт байхгүй байна.
2.    Шүүхийн   шийтгэвэрт   "А4   хэмжээтэй   Бурхан   буудай   гэсэн   нэр   бухий зурагтай цаг тооны хуанли". "хуанлийг худалдсан зарлагын баримтаар нотлогдож байна"  гэсэн  нь бидний  сурталчилгааны  материалд огт  байхгүй  уул  хайрханы талаар дурьдсан  байх бөгөөд хэргийн  материалд байгаа  эсэх  нь тодорхойгүи "зарлагын  баримт"-ыг  захиргааны  зөрчлийн  үндэслэл  болгосон  байна.   Бидний сонгуулийн  сурталчилгааны  зурагт  хуудас  нь  үнэ  төлбөргүй  тараагдаж  байсан Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн шинжийг агуулаагүй, Сонгуулиин хуулийн 3.1.10-д тайлбарласан "мөнгө, эд хөрөнгөнд" хамаарахгүй зурагт хуудас юм.
3.    Шүүхийн шийтгэвэр нь хуулийг зөв хэрэглэх шаардлагыг хангахгүй байна. Учир нь шүүхээс биднийг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн "70.1.1-д  заасан   хориглосон  үйлдэл   хийсэн"   гэж дүгнээд  Сонгуулийн   тухай   хуулийн   70 дугаар зүйлийн 70.14-д зааснаар шийтгэвэр ноогдуулсан байна. Гэтэл Сонгуулийн 

тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14-д "энэ хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 70.5,70.11, 70.12, 70.13-т заасныг зөрчсөн бол торгууль ноогдуулна" гэж заажээ. Энэ нь шүүхээс хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй учир шүүхийн шийтгэврийн хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Мөн цагдаагийн болон шүүхийн шатанд уг зөрчлийг хянан шийдвэрлэх хугацааны талаар бидэнд мэдэгдээгүй, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасаны дагуу нотлох баримттай танилцах, зөрчлийг хянан хэлэлцэхэд биеэр оролцох эрхийг хангаагүй, шүүхийн нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулаагүй болно.
Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д "Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж заасан бөгөөд 70 дугаар зүйлийн 70.3-д "Сонгуулийн штаб. түүний ажилтан. менежер. шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хиихийг хориглоно” гэж заасан нь нэр дэвшигчтэй холбоотой заалт биш юм. Хуулийг буруу хэрэглэж нэр дэвшигч нарт хамааралгүй заалтаар сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүилийн 171.1.3-т зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 17 тоот шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч С.Булгантамир, Ш.Сэлэнгээ, С.Хишигжаргал нарыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.1-д заасныг зөрчсөн гэж үзэн мөн хуулийн 70 зүйлийн 70.14-д зааснаар захиргааны шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж тус бүрийг 4.032.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Шүүх нь нэр дэвшигч нарын өөрсдийн зураг бүхий зурагт хуудасны дэргэдэх сонгуулийн өдрийг тодотгосон цаг тооны бичиг гэх зүйл нь хэдэн төгрөгөөр үнэлэгдэх, ямар үнэтэй, Сонгуулийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан “мөнгө, эд зүйл тараах” гэсэн хууль бус хориглосон, сурталчилгаанд хамаарах эсэх, гомдол гаргагч нь анх нэр бүхий 6 нэр дэвшигчид холбогдуулан гомдол гаргаад, нэр бүхий 3 нэр дэвшигчидтэй холбоотой гомдлоо эгүүлэн татан авч гомдол, саналгүй болохоо мэдэгдэж байгаа нь ойлгомжгүй, хэрэгт авагдсан “Бурхан буудай” байгалийн нөөц газар гэсэн зурагт хуудас, хуанли, “Дашмянган” ХХК-иас гомдол гаргагч өөрөө календарь худалдаж авсан гэх зарлагын баримт зэргээр нотлогдож байна гэж   захиргааны арга хэмжээ авсан нь үндэслэлгүй бөгөөд, хэрэгт байгаа нотлох баримтыг огт судалж, дүгнэлт хийгээгүй нь буруу байна. 

Мөн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.14-д зааснаар арга хэмжээ авсан нь хууль буруу хэрэглэсэн, зөрчил гаргагч нарт хэргийн материал, нөлөөллийн мэдүүлэг танилцуулаагүй, зөрчлийг хэлэлцэхэд биеэр оролцох эрхийг хангаагүй, мэдэгдээгүй зэрэг нь тэдний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байхад захиргааны арга хэмжээ ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзнэ.


Иймд С.Булгантамир, Ш.Сэлэнгээ, С.Хишигжаргал нарт захиргааны шийтгэл ногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэврийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 17 дугаар шийтгэврийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 


    ДДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.БАТТОГТОХ
            ШҮҮГЧИД                           Б.НАМХАЙДОРЖ
                                                                               Т.ЖАРГАЛСАЙХАН