Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 594

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                         

                                                                    

 

 

 

 

 

 

 

         Ё.Батцэнгэл, Д.Алтангадас, М.Амартүвшин нарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Оргил-Очир,

яллагдагч Ё.Батцэнгэлийн өмгөөлөгч Ц.Агваандорж,    

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаярын гаргасан 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Оргил-Очирын бичсэн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр Ё.Батцэнгэл, Д.Алтангадас, М.Амартүвшин нарт холбогдох эрүүгийн 201601000086 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Ёндонжамцын Батцэнгэл, 1965 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны хайгуулын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод оршин суудаг,

1983 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шүүхээс ялыг тэнсэж хянан харгалзсан,

1984 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн б-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 636 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Нийслэлийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 220 дугаар зүйлийн 220.2, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, улмаар уг ялыг эдэлж байгаад Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 190 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 14 хоногийн хорих ялыг хуулийн тэгшитгэлд хамруулан чөлөөлсөн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Хуулиар хориотой мөрийтэй тоглоом тоглосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, /РД: УУ65042413/,   

 

Халбагад овогт Дүүрэнбаатарын Алтангадас, 1990 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Альфа Лайт” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 13-266 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: НЕ90060371/,   

 

Боржигон овогт Мөнгөнсарын Амартүвшин, 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Визард” ХХК-ийн Аюулгүй байдлын албаны дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 2-300 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УТ88052571/,   

 

Ё.Батцэнгэл нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өөрийн оршин суух Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамин /Methamphetamine/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан,

мөн өөрийн оршин суух Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод /хуучнаар/ Зөвлөлт Холбоот улсын Тулагийн болон Климовскийн зэвсгийн үйлдвэрт гол төмрийн сумны байр 7.62 х 39 мм калибрын хэмжээтэй буунд зориулж үйлдвэрлэсэн, байлдааны зориулалттай галт хэрэгсэл буюу 12 ширхэг сумыг 2010 оноос хойш 2016 оны 5 дугаар сарын 3-ны шөнийн 03 цаг хүртэл хууль бусаар хадгалсан,

Д.Алтангадас нь 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Батцэнгэлийн оршин суух Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай Нэгдсэн үндэстний   байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамин /Methamphetamine/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

мөн 2016 оны 5 дугаар сарын 10-ны шөнийн 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугааp хороо, 79 дүгээр байрны 03 тоотод Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Пүрэвдэлгэр, төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Гансүх, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч М.Мөнхболд, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Цэдэн-Иш нарыг албан үүргээ гүйцэтгэж байх үедээ өөрсдийн албаны үнэмлэхийг ашиглан гэрт нэвтрэх үед нь М.Амартүвшинтэй бүлэглэн өөрийн гарт 2 ширхэг хутга барьж төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,

М.Амартүвшин нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны шөнийн 03 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Пүрэвдэлгэр, төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Гансүх, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч М.Мөнхболд, ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Цэдэн-Иш нарыг албан үүргээ гүйцэтгэж байх үедээ өөрсдийн албаны үнэмлэхийг ашиглан гэрт нэвтрэх үед нь Д.Алтангадастай бүлэглэн өөрийн гарт 2 ширхэг заазуур барьж төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Ё.Батцэнгэлд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, Д.Алтангадаст холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар, М.Амартүвшинд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “…Яллагдагч Ё.Батцэнгэл нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн байх бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэв. Үүнд: Яллагдагч Ё.Батцэнгэлийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдэн, яллагдагчаар байцаалт авсан байна. Яллагдагч Е.Батцэнгэлийг “…Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисын үлдэгдэл бүхий цайвар өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон 2 см х 1.5 см харьцаатай, амсрыг нь хайлуулж наасан гялгар уутыг борлуулах зорилгогүйгээр олж авч, хадгалсан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, ял сонсгон яллагдагчаар байцаалт авсан атлаа яллах дүгнэлтэд түүнийг “…Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авч, хадгалсан гэмт хэрэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллагдахаар заасан нь Эрүүгийн байцаан шийтэх хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзлээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг агуулсан гялгар уут олж авсан уу, “…Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодис олж авч, хадгалсан эсэхийн аль болох нь ойлгомжгүй байна. Түүнчлэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй байна.

Яллагдагч Ё.Батцэнгэлийг “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авч, хадгалсан гэмт хэрэгт буруутгаж байгаа бол уг бодисыг ямар хэмжээтэй, хэдийд, хаанаас, яаж олж авсан, ямар хугацаанд хадгалсан талаар яллах дүгнэлтэд тусгаагүй буюу мөрдөн байцаалтаар тогтоогоогүй байна. Мөн яллагдагч Д.Алтангадасыг “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллагдахаар яллах дүгнэлтэд заажээ.

Яллагдагч Д.Алтангадасыг “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан гэмт хэрэгт буруутгаж байгаа бол ямар хэмжээтэй, хэдийд, хаанаас, яаж олж авсан талаар яллах дүгнэлтэд тусгаагүй буюу мөрдөн байцаалтаар тогтоогоогүй байна. Иймд уг яллах дүгнэлтээр хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй” гэж шүүх дүгнэжээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Е44Т000466 серийн дугаар бүхий 1 юань, АМ7998396, АК78842097, ZN3833953, серийн дугаартай хуйлж ороож соруул мэт болгосон Монгол Улсын 100 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, улаан өнгийн туузан амсар бүхий урагдсан байдалтай дотор талдаа шаргал өнгийн байж болох зүйлээр бохирлогдсон гялгар уут 1 ширхэг, хар өнгийн 6 ширхэг сум суурь нь дээрээ 539-88 гэсэн бичиглэлтэй, үлдэгдэл 1 ширхэг эд зүйл 711-87 дугаартай 1 ширхэг, 2 ширхэг хутга, 2 ширхэг заазуур, 2 см х 1.5 см харьцаатай нэг талын амсар хэсэг нь задгай нөгөө талдаа хоёр амсрыг хайлуулж наасан дотор талдаа цагаан өнгийн үл ялиг зүйлээр бохирлогдсон мэт уут 1 ширхэг, гал тогооны өрөөнд байх ширээ нь дээрээс хураан авсан дуслын систем мэт зүйл, “00”-ын өрөөний ванны доороос илэрсэн эд зүйл болох хүрэн өнгийн тарианы амсар нь хагарсан шил 1 ширхэг, “Зип лок” түгжээ бүхий уут 1 ширхэг, Д.Алтангадасын жолоодон явсан УБ 15-37 улсын дугаартай, “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр илэрсэн “Made in Korea”, гохны дээд талд “РА3456” гэсэн бичиглэл бүхий гар буу, “Эрүүгийн 201601000086 тоот хэргийн үзлэгийн бичлэг” гэж хаягласан соронзон гадаргуу бүхий “СД буюу компакт диск” зэргийг хэргийн хамт буцаан хүргүүлэх, хэргийг прокурорт очтол яллагдагч Ё.Батцэнгэл, Д.Алтангадас, М.Амартүвшин нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.  

 

Прокурор Т.Оргил-Очир бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаартай шүүгчийн захирамж нь хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаагүй буюу хэргийн жинхэнэ байдалд эрх зүйн зөв үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, ойлгомжгүй шийдвэр байна. Захирамжийн 1 дэх заалтад “...Яллагдагч Ё.Батцэнгэлийг “...Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисын үлдэгдэл бүхий цайвар өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон 2 см х 1.5 см харьцаатай амсрыг нь хайлуулж наасан гялгар уутыг борлуулах зорилгогүйгээр олж авч, хадгалсан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, ял сонсгон яллагдагчаар байцаалт авсан атлаа яллах дүгнэлтэд түүнийг “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авч, хадгалсан гэмт хэрэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллагдахаар заасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзлээ. Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг агуулсан гялгар уут олж авсан уу, “Мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодис олж авч, хадгалсан эсэхийн аль нь болох нь ойлгомжгүй байна...” гэж заасан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй дүгнэлт болсон тул эс зөвшөөрч байна. Учир нь, Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай нь Ё.Батцэнгэлийг Метамфетамин /Methamphetamine/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх нэршилтэй бодис агуулсан гялгар уут борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан бөгөөд түүнийг “гялгар уут” олж авч, хадгалсан гэж Эрүүгийн хуулийн дурдсан зүйл, хэсгээр яллагдагчаар татаагүй нь ойлгомжтой билээ. Өөрөөр хэлбэл, яллагдагч Ё.Батцэнгэлийн борлуулах зорилгогүйгээр олж авч, хадгалсан дээрх “гялгар уут” нь Метамфетамин /Methamphetamine/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх нэршилтэй бодис агуулсан болох нь тогтоогдсон учир л түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татсан юм. Улмаар прокуророос яллах дүгнэлтдээ “...яллагдагч Ёндонжамцын Батцэнгэл нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өөрийн оршин суух Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын” тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамин /Methamphetamine/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан...” гэж илүү тодруулан тодорхой болгож дүгнэсэн бөгөөд яллагдагчаар татах тогтоол болон прокурорын яллах дүгнэлт зэрэг нь “үг, үсгийн зөрүүгүй ижилхэн байна” гэсэн хуулийн шаардлага байхгүй.

Захирамжийн 2 дахь заалтад “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй байна. Яллагдагч Ё.Батцэнгэлийг “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авч, хадгалсан гэмт хэрэгт буруутгаж байгаа бол уг бодисыг ямар хэмжээтэй, хэдийд, хаанаас, яаж олж авсан, ямар хугацаанд хадгалсан талаар яллах дүгнэлтэд тусгаагүй буюу мөрдөн байцаалтаар тогтоогоогүй байна...” гэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байх бөгөөд Ё.Батцэнгэл нь “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авч, хадгалсан болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн. Үүнд: Яллагдагч Ё.Батцэнгэлийн оршин суух Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод дээрх “мөс” гэх нэршилтэй бодис агуулсан “2 см х 1.5 см харьцаатай нэг талын амсар хэсэг нь задгай нөгөө талдаа хоёр амсрыг хайлуулж наасан, дотор талдаа цагаан өнгийн үл ялиг зүйлээр бохирлогдсон мэт 1 ширхэг” гялгар уутыг нэгжлэг хийж, хураан авсан тухай тогтоол, тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-I/, орон сууцанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-23-I/. Улмаар нэгжлэгээр хураан авсан дээрх “мөс” гэх нэршилтэй бодис агуулсан 1 ширхэг гялгар уутыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан болно. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 4372 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “2016.05.10 Ё.Батцэнгэл” гэж хаягласан шээсэнд Метамфетамин /МАМР/ илрэв, “Алтангадас 2016.05.10” гэж хаягласан шээсэнд Метамфетамин /МАМР/ илрэв...” /хх-100-I/ гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 4371 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ...2 x 1.5 см харьцаатай амсрыг хайлуулж наасан уутан дотор наалдсан цайвар өнгийн тунгалаг талстлаг зүйлд метамфетамин илэрсэн...” /хх-103-104-I/ гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно. Түүнчлэн яллагдагч Ё.Батцэнгэл “мөс” гэх нэршилтэй бодис агуулсан 1 ширхэг гялгар уут олж авсан, ямар хугацаанд хадгалсан” талаар мэдүүлэг өгдөггүй, энэ талаарх нөхцөл байдлыг мэдэж байгаа ямар нэгэн гэрч хэрэгт байхгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр оролцож байгаа этгээд нь үнэнийг мэдүүлэх үүрэггүй билээ. Иймд түүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасан “Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн эрхээ эдэлж байна гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн захирамжийн дээрх заалтад “...уг бодисыг ямар хэмжээтэй, …хадгалсан талаар яллах дүгнэлтэд тусгаагүй буюу мөрдөн байцаалтаар тогтоогоогүй” гэж дүгнэсэн байх боловч Улсын Дээд шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор “...Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх …бодисын хэмжээ нь Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1, 192.2, ...дугаар зүйлд заасан гэмт хэргийг зүйлчлэхэд нөлөөлөхгүй...” гэж тайлбарласан байх тул уг сэтгэцэд нөлөөлөх бодисыг ямар хэмжээтэй олж авч, хадгалсан талаар нэмэлт мөрдөн байцаалтад буцааж ажиллагаа хийлгэх шаардлагагүй болно.

Захирамжийн 3 дахь заалтад “...яллагдагч Д.Алтангадасыг “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллагдахаар яллах дүгнэлтэд заажээ. Яллагдагч Д.Алтангадасыг “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авсан гэмт хэрэгт буруутгаж байгаа бол ямар хэмжээтэй, хэдийд, хаанаас, яаж олж авсан талаар яллах дүгнэлтэд тусгаагүй буюу мөрдөн байцаалтаар тогтоогоогүй байна...” гэснийг дараах үндэслэлээр мөн эс зөвшөөрч байна. Үүнд: Мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан яллагдагч Д.Алтангадасын “...Миний хувьд хар тамхи буюу “Мөс”-ийг өчигдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 18-19 цагийн орчимд Ландага буюу Батцэнгэл ахын гэрт түүнийг хэрэглэчихсэн сууж байхад нь анх удаа ширээн дээр тавьчихсан байхад нь өөрөө аваад хэрэглэж үзсэн. Орон дээрээ жижигхэн тарианы шилэнд хийчихсэн байсан, түүнийг аваад доороос нь асаагуураар шатаагаад гарсан утааг нь гуурсаар нэг сорсон, тэр үед миний аманд хуванцар зүйл амтагдаад онцгүй санагдсан тул больсон. ...Лак /Батцэнгэл/ ах өөрийнхөө унтдаг орны хажуу тал буюу орных нь зүүн талд байх шургуулганаас дээр нь дуслын систем шиг зүйл шургуулчихсан, тарианы шил мэт зүйл гаргаж ирээд доороос нь асаагуураар шатаагаад гарсан утааг нь 1 удаа сорсон ба намайг сорж үзэх үү гэхээр нь би тэр тарианы шилнээс гарч байсан утаанаас нь дуслын системээр нэг удаа сорсон...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 4372 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн …“Алтангадас 2016.05.10” гэж хаягласан шээсэнд Метамфетамин /МАМР/ илрэв...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтууд болон бусад нотлох баримтуудаар “Д.Алтангадасыг 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Ё.Батцэнгэлийн оршин суух Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 79 дүгээр байрны 03 тоотод 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамин /Methamphetamine/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн болно. Учир нь мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухайн бодисыг худалдан авах, гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, бэлгэнд авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхитэй үйлдлийг багтаадаг ойлголт билээ. Яллагдагч Д.Алтангадасын биеэс мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илэрсэн талаарх Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон түүний өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэхэд түүнийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх “мөс” гэх нэршилтэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Яллагдагч Ё.Батцэнгэлийн өмгөөлөгч Ц.Агваандорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Ё.Батцэнгэлийн гэрт нэгжлэг хийж олсон гялгар уутнаас “мөс” гэх бодис илэрсэн гэж үзээд гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед Ё.Батцэнгэлийн гэрт хийсэн эхний үзлэг, нэгжлэгээр юу ч илрээгүй. Ё.Батцэнгэлийг цагдан хоригдсон байхад дахин гэрт нь очиж нэгжлэг хийхэд тухайн уут илэрсэн гэдэг. Үүнийг Ё.Батцэнгэл “Энэ уут минийх биш” гэж тайлбарладаг” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд, тухайлбал, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоох, гэм буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлж болзошгүй нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бодитой тодорхойлох, үйлдэл, холбогдлыг нарийвчлан шалгаж хүн бүрийн үйлдлийг хөдөлбөргүй тогтоох талаар мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн гэж дүгнэж, шалгавал зохих асуудлуудыг нэрлэн зааж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарчээ.

Шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гарахад чухал ач холбогдолтой байж болох дараах нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтаар зайлшгүй тодруулах шаардлагатай гэж дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд Д.Алтангадас нь Ё.Батцэнгэлийн гэрт анх удаа мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэж мэдүүлдэг ба уг мансууруулах бодисыг хаанаас хэрхэн олж авсан талаараа Ё.Батцэнгэл нь мэдүүлэг өгдөггүй ба түүний гэрээс хурааж авсан мансууруулах бодисын гарал үүсэл, олж авсан эх үүсвэрийн талаар зайлшгүй шаардлагатай шалгалтыг бүрэн гүйцэд хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай байна.

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх байдаг. Гэхдээ энэхүү эрхийг эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад саад болох, эсхүл илтэд худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг өөртөө багтаадаггүй болно. Өөрөөр хэлбэл, дээрх эрхийг эдлэхийг хүссэн тохиолдлыг “мэдүүлэг өгөхгүй байх” эсхүл “дуугүй байх” эрх гэж үзэж хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг өгөхөөр зөвшөөрсөн бол болсон үйл баримтын талаар үнэн зөв мэдүүлэг өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж байгаа үйлдэл гэж үзэх ёстойг анхаарч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах шаардлагатай.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисын хууль бус эргэлттэй холбоотой аливаа гэмт хэргийн талаар нотолбол зохих зүйлд мансууруулах бодисын хэмжээ, нэгж хэрэглээний дундаж тун, нийт хэдэн удаагийн хэрэглээний тун байж болох, мөн хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох хэмжээг тодорхойлохоос гадна тэдгээр бодисын “хар зах зээл дээрх” хууль бус эргэлтэд хэрэглэгдэж байгаа үнийг тогтоох асуудал хамаарна.

Үүний тулд Үндэсний наркологийн хүрээлэн болон холбогдох бусад байгууллагын мэргэжилтнүүдийн тусгай мэдлэгийн хүрээнд тухайн мансууруулах бодисын шинж чанар, хэмжээ, хор уршгийн байдлыг тодруулах, түүнчлэн Нэгдсэн үндэстний байгууллагын Хар тамхи болон гэмт хэрэгтэй тэмцэх газраас зөвлөмж болгон гаргадаг олон улсын хар тамхины хууль бус наймаанд хэрэглэгдэж байгаа жишиг үнийн мэдээлэл, үүний дотор хөрш орнууд, бүс нутаг болон манай улсад хэрэглэгдэж байгаа жижиглэн болон бөөний үнийн мэдээлэл зэрэгт тулгуурлан мансууруулах бодисын үнийн талаар тодорхой мэдээлэл нотлох баримт цуглуулж бэхжүүлэх шаардлагатай.

Мөрдөн байцаалтын шатанд Ё.Батцэнгэлийн гэрээс хурааж авсан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад орсон метамфетамины агууламж бүхий “мөс” хэмээх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрхэн олж авсан, бусдад түгээсэн байж болох зэрэг асуудлыг сайтар шалгаж тогтоосны эцэст цугларсан баримтад хууль зүйн зөв дүгнэлт хийх нь хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаар захирамжийг хэвээр үлдээж, уг захирамж болон энэхүү магадлалд заасан үндэслэлийн дагуу хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Оргил-Очирын бичсэн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг Нийслэлийн Прокурорын газарт очтол Ё.Батцэнгэл, Д.Алтангадас, М.Амартүвшин нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

                                   ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

                                                                                                Д.МЯГМАРЖАВ