Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 596

 

                                              

 

 

 

 

 

 

Э.Нэргүйд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Энхжаргал,

ялтан Э.Нэргүй, түүний өмгөөлөгч Г.Баярмаа,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Нэргүйгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Нэргүйд холбогдох 201625030376 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хадан овогт Энхболдын Нэргүй, 1982 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Сант сумын 4 дүгээр багийн “Залаа” гэх газар оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 19 дүгээр гудамжны 1125а тоотод түр оршин суух,

2001 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сар, мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд хөнгөн ялуудыг багтааж биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон,

2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2008 оны 12 дугаар сарын 8-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 28 хоног хорих ялаас тэнсэн суллагдсан,

2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар,

2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 7 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил 1 сар хорих ялд хөнгөн ялыг багтааж, нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 1 сарын хугацаагаар тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 17 хоногийн ялаас өршөөн суллагдсан, /РД: ЙЛ82050518/,

Э.Нэргүй нь ялтай байх хугацаандаа 2016 оны 2 дугаар сарын 6-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын ойролцоо иргэн Т.Минжбадгарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хоолойг боож, цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж 195.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Э.Нэргүйд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Э.Нэргүйг урьд ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдэх зорилгоор хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Э.Нэргүйг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Нэргүйд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нэргүйгийн цагдан хоригдсон 155 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Нэргүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Э.Нэргүйгийн эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолох, уг тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Ялтан Э.Нэргүй давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Э.Нэргүй …миний бие Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргах болсон учир нь, анхан шатны шүүхээс гаргасан 68 дугаартай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хэрэг үйлдэх үедээ яг юу болсныг маш сайн санаж байгаа, хохирогч болох Т.Минжбадгар нь мөн сайн санаж байгаа.

Намайг араас нь очоод баруун мөрөн дээгүүр нь гараа давуулж цүнхний оосроос нь барихад хохирогч Т.Минжбадгар нь миний хөл рүү өшиглөсөн, тэгээд хоёулаа хальтирч газар унахад би босоод цүнхийг аваад зугтсан, энэ тухай хохирогч мөн анхны өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Гэтэл хэрэг шалгагдах явцын дунд хохирогч мэдүүлгээ өөрчилж худал мэдүүлэг өгсөн. Энэ тухай хохирогч мэдүүлэхдээ “намайг араас боосон, би ухаан алдаж унасан, тэгээд миний цүнхийг үл таних этгээд аваад зугтсан, би хаашаа зугтаасныг нь анзаараагүй” гэсэн байдаг. Хохирогч ухаан алдаж унасан байтал миний биеийн өндөр болон өмсөж явсан хувцсыг минь нэг бүрчлэн тодорхойлон хэлсэн байдаг. Мөн анх өгсөн мэдүүлгээсээ буцаж худал мэдүүлэг өгсөн байгаа. Мөн шүүхийн тогтоол дээр “давтан үйлдлээр” бусдын биед халдаж дээрэмдсэн гэж байна. Гэтэл би нэг удаагийн үйлдлээр хохирогчийн цүнхийг булаасан, “дээрэмдсэн, давтан” гэх хоёр үг нь миний эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 гэх зүйл ангийг тулган ял оноож байна. Миний хувьд булаалтын гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирогчийг хохиролгүй болгож уучлалт гуйсан. Ийм учир Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэргийг минь үнэн зөвөөр бодит байдалд тулгуурлан шийдэж өгнө үү…” гэв.

Ялтан Э.Нэргүйгийн өмгөөлөгч Б.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор З.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Э.Нэргүй нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 2 дугаар сарын 6-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын ойролцоо иргэн Т.Минжбадгарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн хоолойг боож, цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж 195.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Анхан шатны шүүхээс Э.Нэргүйг урьд ял шийтгүүлж ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр бусдын эд зүйлийг дээрэмдэх зорилгоор хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Ялтан Э.Нэргүй нь давж заалдах гомдолдоо “хохирогчид хүч хэрэглээгүй, давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдээгүй. Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг үйлдсэн тул зүйлчлэл хөнгөрүүлж өгнө үү” гэжээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Э.Нэргүй нь ялтай байх хугацаандаа 2016 оны 2 дугаар сарын 6-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын ойролцоо иргэн Т.Минжбадгарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн түүний хоолойг боож, цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэж 195.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Минжбадгарын “...Би 2016 оны 2 дугаар сарын 6-ны орой 20 цагийн үед 39 дүгээр сургуулийн автобусны буудал дээр буугаад гэрлүүгээ хойшоо алхсан, …нэгэн хүн хойноос ирээд гараараа хоолой боогоод унагаасан, тэр үед миний 2 мөрөнд дээр үүрчихсэн явсан улаан өнгийн цүнхийг дээрэмдээд аваад зугтаасан би тухайн үед маш их айж сандарсан болохоор хаашаа зугтаасныг нь анзаараагүй. Гэртээ ороход ээж, эгч хоёрт болсон хэргийн талаар хэлэхэд эгч Оюунчимэг цагдаад дуудлага өгсөн. Удалгүй эргүүлийн цагдаа нар манайд ирээд эгч бид 2-ыг дагуулж цагдаагийн хэлтэс дээр авчран болсон хэргийн талаар тайлбар авч хэрэг болсон газрыг заалгаж үзлэг шалгалт хийсэн. …Би эрүүл байсан намайг дээрэмдсэн хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай амнаас нь архи үнэртэж байсан. Тухайн үед миний толгойн үс нэлээн их зулгаасан, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гомдолтой байна...” /хх-17-18/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Норжмаагийн “…2016 оны 2 дугаар сарын 6-ны орой 20 цагийн үед гэртээ хамаатны хүүхэн Оюунчимэгийн хамт байж байтал гаднаас охин Т.Минжбадгар үс толгой нь арзайсан, аймаар царайтай, айж сандарсан байдалтай орилоод ороод ирсэн, би юу болсон талаар асуухад үл таних хүн араас хоолойг нь боогоод цүнхийг нь дээрэмдсэн гэж байсан. Тэгээд манайд байсан хамаатны хүүхэн Оюунчимэг цагдаад дуудлага өгөхөд удалгүй машинт эргүүлийн цагдаа ирээд болсон асуудлыг тодруулахаар Т.Минжбадгар, Оюунчимэг нарыг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Т.Минжбадгарын хүзүү нь хөдлөхгүй хөндүүр болчихсон, үс толгой нь аймаар сэгсийчихсэн, шороо тоос болчихсон, толгойных нь хуйхнаас туг тугаар үс зулгарч унасан байдалтай орж ирсэн. Миний охин тэр үед амралтаараа ажил хийж байсан, цүнхэнд нь ажлын өмд цамц, аглааш, “Нокиа” загварын гар утас, “Самсунг нөүт-3” загварын гар утас, хэрэглээний мөнгө зэрэг зүйлс байсан гэж ярьж байсан…” /хх-20/ гэх мэдүүлэг,

гэрч Т.Оюунчимэгийн “…2016 оны 2 дугаар сарын 6-ны орой гэртээ бууз хийгээд байж байтал хашааны хаалга аймаар дуугараад хүн ороод ирсэн гараад хартал ахын охин Т.Минжбадгар орилж орж ирээд хашаан дотор газар уначихсан. Тэгээд ээж нь бид 2 очиж арай хийж босгоод гэрт оруулаад яасан гэж асуухад хүн багалзуурдаад дээрэмдчихлээ гэж хэлсэн тэгээд арай жаахан тайвшруулаад болсон асуудлыг тодруулахад гудамжны буланд жалганд үл таних хүнд дээрэмдүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би 102 дугаарын утсанд дуудлага өгөхөд удалгүй Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс алаг тэрэгтэй цагдаа нар ирж уулзаад цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдлөө гарга гэж хэлсний дагуу би Т.Минжбадгарыг дагуулж очиж өргөдлөө гаргасан…” /хх-22/ гэх мэдүүлэг,

Э.Нэргүйгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Би 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дэн” нэртэй буудалд Сайхантуяа, Жагаа нартай архи ууж байгаад орой нь буудлаас гарч бид 3 тийшээ явсан нэг мэдэхэд Дэнжийн мянгын зам дагуу байрлах “Петровис” колонкийн зүүн хойд талд явж байсан нэгэн эмэгтэй хүнийг нарийн гудамжаар ороод явахаар нь хойноос нь очиж хүзүүгээр нь гараараа бооход өнхрөөд ойччихсон тэгэхээр нь газар уначихсан байсан цүнхийг нь аваад явчихсан тэгээд хэрэг гарсан газрын урд талд байсан айлын жорлон руу орж цүнхийг үзээд дотроос нь цагаан өнгийн “Самсунг нөүт-3” загварын гар утас, задгай 18.000 төгрөг зэргийг нь аваад цүнхийг нь жорлонд хаячихаад шууд гэр лүүгээ харьж амарсан. Мөнгийг нь юм аваад үрчихсэн, “Самсунг нөүт-3” утсыг Сансарт ломбарданд 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. …”Нокиа” загварын гар утсыг аваагүй цүнхэнд үлдсэн байх цүнхийг жорлон руу хаясан. Би тухайн үед нэлээн согтуу байсан хийсэн үйлдлээ орон гаран санаж байна. Би өршөөлийн хуулиар суллагдаад гэрээс гарахгүй байж байгаад тэр өдөр гараад ийм гэмт хэрэг үйлдсэн байна…” /хх-42/ гэх мэдүүлгүүд болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-6/, эд зүйлийн үнэлгээ /хх-13, 74/, хувцас, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-26/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-27/, хохиролын мөнгө шилжүүлсэн баримт /хх-113/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүхээс Э.Нэргүйд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон хуульд заасан ял оноосон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Ялтан Э.Нэргүй нь “…би нэг удаагийн үйлдлээр хохирогчийн цүнхийг булаасан, “дээрэмдсэн, давтан” гэх хоёр үг нь миний эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 гэх зүйл ангийг тулган ял оноож байгаад гомдолтой. Миний хувьд булаалтын гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна…” гэж давж заалдах гомдол гаргажээ.  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүхээс урьд энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд болох Э.Нэргүйг хохирогч Т.Минжбадгарын эд зүйлийг авах зорилгоор үснээс нь зулгааж, хоолойг нь боох буюу амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж гэнэдүүлэн довтолж, дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон ба ялтны давж заалдах гомдолд дурдагдсан Э.Нэргүйгийн үйлдэлд “булаах” гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнгүй байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.   

Ялтан Э.Нэргүй нь ялтай байх хугацаандаа дахин дээрмийн гэмт хэрэг үйлдсэн ба түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулсан нь түүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохироогүй байгаа мэт боловч харин түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснээс үзэхэд Э.Нэргүйд оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэхээргүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Э.Нэргүйн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Э.Нэргүйн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

               

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

 

               ШҮҮГЧИД                                                         Б.ЗОРИГ

 

                                                                                        Д.МЯГМАРЖАВ