Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 36

 

 

А.Алимбек нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Уянга нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолтой А.Алимбек нарт холбогдох эрүүгийн 201621000079 дугаартай хэргийг ялтан тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1987 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Турпан овогт Амиржаны Алимбек нь С.Асилбектэй бүлэглэн шунахайн сэдэлтэйгээр амар хялбар аргаар мөнгө олох зорилготойгоор 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг Улаанхаргана гэх газраас хохирогч Я.Солтангалийн 6 тооны эр ямаа хулгайлсан гэмт хэрэгт,

Монгол улсын иргэн, 1990 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Харахас овогт Муханы Асилбек нь А.Алимбектэй бүлэглэн шунахайн сэдэлтэйгээр амар хялбар аргаар мөнгө олох зорилготойгоор 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг Улаанхаргана гэх газраас хохирогч Я.Солтангалийн 6 тооны эр ямаа хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ”Шүүгдэгч А.Алимбек, М.Асилбек нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч А.Алимбек, М.Асилбек нарт эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч А.Алимбек, М.Асилбек нарт оногдуулсан 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд тус бүрийг ганцаарчлан эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 410.000 төгрөгийг шүүгдэгч А.Алимбек, М.Асилбек нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож” шийдвэрлэжээ.

Ялтан нарын өмгөөлөгч Б.Батсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хэрэгт мөрдөн байцаалт, прокурорын хяналтыг хяналтын прокурор Д.Дуламжав тавьсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаар хяналтын прокурор А.Анхбаярыг томилсон боловч энэ шийдвэрээ Прокурорын байгууллагаас баталгаажуулаагүйн дээр шүүх хуралдаанд Ш.Сувд-Эрдэнэ прокурорыг оролцуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн.

 Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд нэр заагдаагүй улсын яллагч оролцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргажээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул ялтан нарын өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

                А.Алимбек, М.Асилбек нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Учир нь: Ховд аймгийн прокурорын газраас А.Алимбек, М.Асилбек нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг Улаанхаргана гэх газраас хохирогч Я.Солтангалийн 6 тооны эр ямаа хулгайлсан гэмт үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдах үндэслэлтэй хэмээн яллах дүгнэлт үйлдэж хэргийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Ингэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 37х41 ХОА улсын дугаартай Эксель маркын автомашинд үнэлгээ тогтоолгосон[1] бөгөөд шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 1.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах санал хэлсэн[2] байна.

Гэтэл шүүх А.Алимбек, М.Асилбек нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан машин механизм ашигласан гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлийн 286.1.2 дахь хэсгийг зөрчсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгоогүй нь мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч А.Алимбек, М.Асилбек нарыг цагдан хорьсон таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                 М.НЯМБАЯР                                                          

                                 ШҮҮГЧИД:                                  Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                     Б.ДАМБА

 

 


[1] Хавтаст хэргийн 84 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 143-145 дугаар хуудас