Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 30

 

 

Б.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Н.Доржсүрэн, ялтан Б.Бат-Өлзий, түүний өмгөөлөгч М.Эрдэнэчимэг хохирогч Л.Гансүх, түүний өмгөөлөгч Б.Батсүх, иргэний нэхэмжлэгч С.Ган-Чөдөр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолтой Б.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн 201421000339 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1991онд төрсөн, 24 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 775 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Анчин овогт Баасанжавын Бат-Өлзий нь ялтай байх хугацаандаа буюу 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хууль бусаар шунахайн сэдэлтээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 07-08 тоот хашаанд оршин суух иргэн Л.Гансүхийн гэрээс Усан манан хөөргө хулгайлж иргэн Л.Гансүхэд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан мөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхад буюу 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Б.Бат-Өлзийд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Бат-Өлзийг шүүхээс оргон зайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/  жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар 1 /нэг/  жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Өлзийгийн цагдан хоригдсон 195 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Өлзийгөөс 10.000.000 / арван сая/  төгрөгийг гаргуулж хохирогч Л.Гансүхэд, 800.000 / найман зуун мянга / төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Ганчөдөр нарт олгуулж, иргэний нэхэмжлэгч Г.Амарсанаа нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж” шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол нь хуульд нийцээгүй, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 775 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан бөгөөд ялтай байх хугацаандаа буюу 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн байхад Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна гэсэн энэ нөхцөл байдлыг тогтоолдоо тусгаагүй байна. Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт Сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна гэж заасан тул шүүхээс ялтан Б.Бат-Өлзийгийн ялтай байдлыг эсхүл түүний үйлдсэн гэмт хэргийн аль нэгийг буюу түүнд аль ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн байдлыг харгалзан үзэж түүнд өршөөл үзүүлэх ёстой байсан байна. Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хохирлын үнэлгээг нарийвчлан тогтоож өгнө үү гэв.

Ялтны өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 775 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Анчин овогт Баасанжавын Бат-Өлзий нь ялтай байх хугацаандаа буюу 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хууль бусаар шунахайн сэдэлтээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 07-08 тоот хашаанд оршин суух иргэн Л.Гансүхийн гэрээс Усан манан хөөргө хулгайлж иргэн Л.Гансүхэд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан мөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхад буюу 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх Б.Бат-Өлзийд ял оногдуулахдаа ялтай байхдаа буюу тэнсэн хянан харгалзах хугацаа дуусаагүй байх үедээ бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр түүний 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хууль бусаар шунахайн сэдэлтээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 07-08 тоот хашаанд оршин суух иргэн Л.Гансүхийн гэрээс Усан манан хөөргө хулгайлж иргэн Л.Гансүхэд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт зааснаар шүүх Б.Бат-Өлзийд ял оногдуулахдаа түүний эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, аль ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулах байтал  ялтай байхдаа буюу тэнсэн хянан харгалзах хугацаа дуусаагүй байх үедээ бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдалд шүүх дүгнэлт өгөхгүйгээр орхигдуулж, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хууль бусаар шунахайн сэдэлтээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 07-08 тоот хашаанд оршин суух иргэн Л.Гансүхийн гэрээс Усан манан хөөргө хулгайлж иргэн Л.Гансүхэд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг нь өршөөлд хамруулж шийдвэрлэсэн нь түүнийг өршөөлийн хуульд 2 удаа хамруулсан мэт ойлгогдохоор болсон байна.

Анхан шатны шүүх Б.Бат-Өлзийд ял оногдуулахдаа: Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 775 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан ялтай байдлыг нь өршөөлд хамруулж, түүний 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хууль бусаар шунахайн сэдэлтээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 07-08 тоот хашаанд оршин суух иргэн Л.Гансүхийн гэрээс Усан манан хөөргө хулгайлж иргэн Л.Гансүхэд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт нь ял оногдуулах, ингэхдээ түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан ялуудыг мөн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох байжээ.

Иймд анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зассан тохиолдолд шүүгдэгчийн эрх зүйн байдал нь хүндрэхээр байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг шүүхэд очтол ялтан Б.Бат-Өлзийд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НЯМБАЯР

                             ШҮҮГЧИД                                    Б.ДАМБА

                                                                                  Д.КӨБЕШ