Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 29

 

 

    А.Урансолонгод холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Г.Баяраа, шүүгдэгч А.Урансолонго, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогч Д.Эрдэнэбаатар, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаар шүүгчийн захирамжтай А.Урансолонгод холбогдох эрүүгийн 201521000302 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1977 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Хядар овгийн Адилбишийн Урансолонго нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт Ховд аймгаас Улаанбаатар хот руу явах чиглэлд засмал замаар өөрийн эзэмшлийн “Тоёото Приус”-11 маркын 76-97 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1-ийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Д.Бүтэнсайны амь насыг хохироосон, хохирогч Д.Эрдэнэбаатарын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн захирамжаар “ Хэргийг мөрдөн байцаалтад буцааж” шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудын хүрээнд шүүгдэгч А.Урансолонго нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Д.Бүтэнсайны амь насыг хохироосон, хохирогч Д.Эрдэнэбаатарын бие махбодид хүнд гэмтэл учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

Гэрч Д.Даваабалд гэрч Б.Отгонбаатар нь “осол болох үед тээврийн хэрэгслийг би жолоодож явсан гэж мэдүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Отгонбаатар “ Осол болох үед манай эхнэр А.Урансолонго тээврийн хэрэгслийг жолоодож явсан.

Би айж сандраад “би жолоодож явсан” гэж хэлсэн гэх мэдүүлэг, гэрч Д.Даваабалын шүүхийн хэлэлцүүлэгт “Осол болсон газар байсан улаан малгайтай, цагаан цамцтай эрэгтэй хүнээс машин хэн жолоодож явсан гэж асуухад би жолоодож явсан гэж хэлсэн хэмээн мэдүүлж байгаагаас үзэхэд осол болох үед тээврийн хэрэгслийг шүүгдэгч А.Урансолонго жолоодож явсан эсэхэд эргэлзээ төрж байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан уг гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотлох баримтаар нотлох шаардлагатай гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт “Гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй гэж заасны дагуу гэрч Д.Даваабал мэдүүлгийнхээ эх сурвалжийг өөр байдлаар зааж чадаагүй.

Б.Отгонбаатар, Д.Даваабал нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт зөрүүтэй зүйл байхгүй, нүүрэлдүүлэн байцаах шаардлагагүй юм.

Шүүгчийн захирамжид Осол болох үед тээврийн хэрэгслийг шүүгдэгч А.Урансолонго жолоодож явсан эсэхээ эргэлзээ төрж байгаа тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан уг гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотлох баримтаар нотлох шаардлагатай хэмээн дурдсан байх ба дээрх дүгнэлт, үндэслэлийг хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудад тулгуурлан хийж байгаа болохоо мөн дурдаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн явдал байхгүй буюу мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийсэн хэмээн дүгнэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.4 дэх хэсэгт заасны дагуу захирамж гарсан атлаа таамаглалд тулгуурлан дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа хуулийн заалтыг чанд сахина гэсэн зарчмыг алдагдуулсан.

Гэрч Б.Отгонбаатар, шүүгдэгч А.Урансолонго нарын өгсөн мэдүүлэгт А.Урансолонго тээврийн хэрэгслийг жолоодож явсан талаар удаа дараа тогтвортой мэдүүлсэн байхад уг нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан Шүүх цугларсан нотлох баримтыг бүх талаас нь, бодит байдлаар нь хянаж үзэх үүрэгтэй  82 дугаар зүйлийн  82.2 дахь хэсэгт заасан Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно гэсэн заалтыг зөрчсөн.

А.Урансолонго, Б.Отгонбаатар нарын мэдүүлгээс гадна шинжээч нарын удуу дараа гаргасан дүгнэлтүүд, шинжээч нарыг байцаасан тэмдэглэл зэргээр А.Урансолонго зам тээврийн осол гарах үед уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан болох нь давхар нотлогдсон байхад нотлох баримтыг шүүхээс хэрхэн үгүйсгэж байгаа болох нь тодорхойгүй байх ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан.

Хэрэгт хураагдсан 4 ширхэг эд мөрийн баримтаас 1 ширхэг эд мөрийн баримтыг буюу 19х15 см хэмжээтэй хар өнгийн хуванцар эд зүйлийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаараа шүүгчийн захирамжид дурдаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт заасан “ Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ гэсэн заалтыг зөрчжээ.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Хохирогч Д.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Л.Ган-Очир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэл нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаар шүүгчийн захирамжтай уялдаагүй, үнэн бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүгдэгч болон гэрч Б.Отгонбаатар нар нь гэр бүлийн хүмүүс юм.

Хуульд заасны дагуу шүүгдэгч нь өөрийн нөхөр, гэр бүлийн гишүүн, төрөл садангийнхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Иймд шүүх хуралдаан дээр тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн бэ гэдэг эргэлзээ төрсөн. Иймд шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

Хохирогч Д.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаан шударга болсон. Тухайн шүүх хуралдаан дээр хоёр гэрч оруулж ирэн асуухад тээврийн хэрэгслийг хэн барьж явж байсан талаар ярьсан. Шүүгчийн захирамжийг хууль ёсны гарсан гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг хэн үйлдсэнийг хангалттай тогтоосон гэж үзэж байна. Д.Даваабал нь машинаас хэн бууж ирснийг харсан бол түүний мэдүүлэг ач холбогдолтой байх байсан. Гэрч нарыг шүүх дээр нүүрэлдүүлэн байцаалт хийж болно гэж үзэж байна. Шүүгчийн захирамж нь таамаглалд үндэслэсэн байх тул хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч А.Урансолонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Машиныг би барьж явсан. Хэрэг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн би үнэнээ л хэлсэн. Манай нөхөр барьж яваагүй байхад барьж явсан гэж хэлж байгааг ойлгохгүй байна. Би нялх хүүхэдтэй хүн яах гэж хүний өмнөөс хэрэг хүлээх юм бэ гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

            Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт байрлах Ховд аймгаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн засмал зам дээр хэрэг учрал болох үед хохирогч Д.Эрдэнэбаатар, Д.Даваабал, талийгаач Д.Бүтэнсайн нар нь эвдэрсэн машин ачиж байх үед А.Урансолонго нь тоёото приус-11 маркийн 76-95 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байдаг. Энэ үед Урансолонгийн машинд нөхөр Б.Отгонбаатар болон 5-8 насны 2 хүүхэдтэй хамт явж байсан.

            Хэрэг учрал болох үед хэргийн газарт байсан гэрч, хохирогч нараас Д.Бүтэнсайн нас барсан,  хохирогч Д.Эрдэнэбаатар нь машиныг хэн барьж явсан эсэхийг хараагүй бөгөөд тэрээр ухаан алдаж эмнэлэгт ирээд ухаан орсон бөгөөд тэрээр энэ талаараа мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд тогтвортой мэдүүлэг өгсөн байна.

            Анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаахдаа гэрч Д.Даваабалын анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр “гэхдээ би Б.Отгонбаатараас машиныг хэн барьж явсан бэ гэж асуухад би барьж явсан гэж хэлсэн“ гэх мэдүүлэгт үндэслэсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд гэрч Б.Отгонбаатар нь тухайн үед манай эхнэр машин барьж явсан, би ослоос болж сандрахдаа би барьж явсан гэж хэлсэн гэж мэдүүлсэн байхад хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэл муутай болжээ.

Нөгөө талаар гэрч Д.Даваабалын анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр өгсөн “Урансолонгийн тээврийн хэрэгслээс ямар хүн түрүүлж буусныг сайн санахгүй байна, машинаас хүмүүс буусан, хүүхдүүд уйлж байсан[1]. ...машиныг хэн барьж явсныг санахгүй байна[2] гэх мэдүүлгүүдийг дүгнэж үзэхэд тэрээр осол болох үед машиныг хэн барьж явсан эсэхийг хараагүй бөгөөд А.Урансолонго биш Б.Отгонбаатар барьж явсан гэдэг талаар тодорхой мэдүүлэг өгч, эх сурвалжаа зааж чадаагүй байна.

Харин шүүгдэгч А.Урансолонго, гэрч Б.Отогнбаатар нар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд машиныг А.Урансолонго барьж явсан гэдэг талаар тогтвортой мэдүүлэг өгсөн байх тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч А.Урансолонгийг бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР

 

                         ШҮҮГЧИД                                         Б.ДАМБА

 

                                                Д.КӨБЕШ  

 


[1] Гуравдугаар хавтаст хэргийн 14 дүгээр хуудас

[2] Гуравдугаар хавтаст хэргийн 15 дугаар хуудас