Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 38

 

 

М.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, ялтан П.Барсүрэн, М.Давааням тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогч К.Зояа түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Б.Уянга нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолтой М.Давааням нарт холбогдох эрүүгийн 201621000119 дугаартай хэргийг ялтан тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр хаалттай хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1999 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 17 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Халимаг овогт Пүрэвсүрэнгийн Барсүрэн.

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т зааснаар 10 сарын хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга авагдаж байсан, Харчин овогт Мягмархүүгийн Давааням.

 М.Давааням, П.Барсүрэн нар нь бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах “Бөх сүлд” хүнсний дэлгүүрийн хаалгыг эвдэж нэвтрэн орж, 582750 төгрөгийн эд хөрөнгө, 2016 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах “Ургамал” захын 48 тоотод байрлах хохирогч Г.Баттөмөрийн гар утас засварын дэлгүүрийн цонхыг хагалж, нэвтрэн орж 1131500 төгрөгийн эд хөрөнгө, 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв захад байрлах хохирогч С.Хандхүүгийн Түмний буян нэртэй дэлгүүрийн цонхыг хагалж нэвтрэн орж 729000 төгрөгийн эд хөрөнгө, 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захад байрлах хохирогч Г.Атаржаргалын “Дагина” гоо сайханы дэлгүүрийн хаалгыг эвдэж нэвтрэн орж 1539500 төгрөгийн эд хөрөнгө, 2016 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол  багийн нутагт байрлах "Отма"  хүнсний дэлгүүрийн цонхыг эвдэж,  нэвтрэн орж 691250 төгрөгийн эд хөрөнгө тус тус хулгайлсан, 2016 оны 05 дугаар сарын 22-ны орой 21 цаг 30 минутын орчим Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт хохирогч К.Зояаг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж гар хөлийг нь уяж түүний эзэмшлийн 8500000 төгрөгний үнэлгээ бүхий 72-08 ХОҮ улсын дугаартай “КОРОЛЛА” маркийн тээврийн хэрэгсэл болон 108000  төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Харчин овогт Мягмархүүгийн Давааням, Халимаг овогт Пүрэвсүрэнгийн Барсүрэн нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг, бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Харчин овогт Мягмархүүгийн Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 / тав/ жил, 6/ зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар  эд хөрөнгө хураахгүйгээр  3 / гурав/ жилийн хугацаагаар хорих ял,  Халимаг овогт Пүрэвсүрэнгийн Барсүрэнг мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил, 1/ нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3/ гурав / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч М.Давааням, П.Барсүрэн нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь буюу Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан ялд нь багтааж, шүүгдэгч М.Даваанямыг 5/ тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Барсүрэнг 5 /тав/ жил, 1/ нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч М.Даваанямд оногдуулсан 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Барсүрэнд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Давааням, П.Барсүрэн нарын цагдан хоригдсон 101 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Б.Мягмархүүгээс 1176050 төгрөг гаргуулан хохирогч С.Хандхүүд 210000 төгрөг, хохирогч К.Зояад 137000 төгрөг, хохирогч Д.Цэрэннадмидад 251300 төгрөг, хохирогч  Г.Атаржаргалд 295000 төгрөг, С.Наранцэцэгт 282750 төгрөг, иргэний хариуцагч Н.Цэрэндуламаас 505000 төгрөг гаргуулан хохирогч С.Хандхүүд 210000 төгрөг, хохирогч Г.Атаржаргалд 295000 төгрөг гаргуулан тус тус олгож, хохирогч К.Зояа нь  өөрт учирсан бусад хохирлоо  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх гаргах эрхтэйг дурдаж” шийдвэрлэжээ.

Хохирогч К.Зояагийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн байна. Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч намайг байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.1, 41.3.2, 41.3.3, 41.3.4, 41.3.8-д заасан эрхийг мөрдөн байцаагч хязгаарласан. Мөн энэ хэрэгт хяналт тавьж байгаа хяналтын прокурор Д.Дуламжав Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн.

 Шүүх хэлэлцүүлэг явуулахад хэт нэг талыг барьсан мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж хохирогчийн өмгөөлөгчийн хуулинд заасан эрхийг хязгаарлан шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна. Иймд уг хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

Хохирогч К.Зояа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх шүүгдэгч нарт хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна.  Мөн анхан шатны шүүх хуралдаанд миний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийг оролцуулаагүй нь Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Ялтан П.Барсүрэн, М.Давааням болон тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Уг хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон зүйчлэл дээр маргаангүй байна. Шүүгдэгч нарын хувийн байдалд нийцээгүй хүнд ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Шүүгдэгч нар маань насанд хүрээгүй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 376 дугаар зүйлийн 376.1-д насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулах асуудлыг хүүхдийн болон цагдаагийн байгууллагын хамтран гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн этгээдийн оршин суугаа газрын шүүх хянан шийдвэрлэнэ. Шүүгдэгч нар болон өмгөөлөгч бидний зүгээс нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүгдэгч П.Барсүрэнгийн хохирол бүрэн төлөгдсөн, шүүгдэгч М.Даваанямын хохирол төлөгдөөгүй. Шүүгдэгч П.Даваанямд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, шүүхээс ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн.

2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-т зааснаар шүүгдэгч П.Барсүрэнгийн Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан ялгүй болох хугацаа нь өршөөгдсөн тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэсэн. Гэтэл Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь П.Барсүрэнд 5 жил 1 сар, М.Даваанямд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоол биелүүлэхийг хойшлуулж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул ялтан тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

М.Давааням, П.Барсүрэн нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин мяханизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг, бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Учир нь: М.Давааням нарт холбогдох хэргийн хохирогч К.Зояагийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нь “2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагт Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон С.Мөнхбатын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцох тул шүүх хуралдаан давхардсан учраас М.Давааням, П.Барсүрэн нарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтэндээ шүүх хуралдааны тов хавсаргаж шүүхэд өгчээ[1].

Гэтэл шүүх “шүүгдэгч М.Давааням, П.Барсүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан хойшлогдсон тухай шүүхийн тогтоолыг хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгт 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гардуулан өгсөн, мөн шүүх хуралдааны товыг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдсэн байхад Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны товыг хавсарган 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй” гэсэн дүгнэлт хийж[2] шүүх хуралдааныг үргэлжүүлэн явуулсан байна.

Мөн шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулахыг хүссэн хүсэлтийг зөвлөлдөхөөс өмнө хохирогч К.Зояагаас өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцож, эрхээ хамгаалах боломжтой эсэх, эсхүл өмгөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцох эсэхийг асуухгүйгээр шууд зөвлөлдөх тасалгаанд орохыг мэдэгдэж, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан тогтоол гарсныг уншиж танилцуулан шүүх хуралдаанаа үргэлжүүлэн явуулсан байна[3].  

Энэ нь хохирогч К.Зояагийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан хууль зүйн туслалцаа авах, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасан өмгөөлүүлэх эрхийг тус тус зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.3 дахь хэсгийг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж байгаа тул ялтан нарын өмгөөлөгч Ж.Энхжаргалын ялтан нарын ял шийтгэл хүндэдсэн гэх давж заалдсан гомдолд энэ удаа дүгнэлт өгөх боломжгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч М.Давааням, П.Барсүрэн нарыг цагдан хорьсон таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                      М.НЯМБАЯР

                              ШҮҮГЧИД:                                      Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                         Б.ДАМБА

 

 

 

 

 


[1] Гуравдугаар хавтаст хэргийн 158-159 дүгээр хуудас

[2] Гуравдугаар хувтаст хэргийн 180-181 дүгээр хуудас

[3] Гуравдугаар хувтаст хэргийн 162-163 дугаар хуудас