Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 32

 

 

Э.Энхтайванд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Анхбаяр, ялтан Э.Энхтайван түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Б.Уянга нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолтой Э.Энхтайванд холбогдох эрүүгийн 201421010029 дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон ялтан түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1977 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Бурдууд овгийн Эрдэнэбилэгийн Энхтайван нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн Р.Батсүхтэй маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх “Шүүгдэгч Эрдэнэбилэгийн Энхтайванг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Э.Энхтайваныг 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар  зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Э.Энхтайванд оногдуулсан 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Э.Энхтайваны цагдан хоригдсон 90 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож” шийдвэрлэжээ.

Ялтан Э.Энхтайван түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Энхтайванд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар ял оногдуулж байгаа нь бодит байдалд нийцээгүй, шударга бус шийтгэл болсон. Хохирогчийн амь насыг хохироосон гэж буруутган яллаж байгаа нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хэргийг шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн нотлоогүй, Э.Энхтайваны үйлдэл хохирогч Р.Батсүхийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг нарийвчлан шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байхад Э.Энхтайванд ял оногдуулсан нь бодит  байдалд нийцэхгүй байна. Хохирогч нь нарийн гэдэсний цооролтын улмаас нарийн гэдэсний агуулагдахуунууд хэвлийгээр тархаж, хэвлийн гялтангийн идээт үрэвсэл болж, гүн хордлогын улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Шинжээч эмч болон гэрч нарын мэдүүлгүүдээр хохирогч бүсэлхий тус газраа өшиглүүлсний улмаас дээрх гэмтэл үүсэх боломжгүй гэсэн мэдүүлгүүдийг өгсөн.

Мөн хохирогч нь Э.Энхтайванаар өшиглүүлсэн гэснээс хойш хашаан дотор ажил хийж байсан хүмүүстэй маргалдаж өвдсөн шинжгүй явж байсан бичлэгийг мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаар үнэлэн хэрэгт хавсаргасан ба энэ бичлэгээс үзэхэд хохирогч ирсэн даруйдаа Э.Энхтайванаар өшиглүүлж гэмтэл авсан гэдэг нь үгүйсгэгддэг.

Э.Энхтайваны үйлдэлд хохирогч Р.Батсүхийн биед гэмтэл учруулах субъектив  талын санаа байгаагүй, Э.Энтайваны үйлдлээс хохирогчийн амь нас хохирсон болох нь нотлогдохгүй байгаа тул хэргийг хянан үзэж бодит байдалд нийцсэн шударга шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Булганцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс Э.Энхтайванд оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний нөхөр согтуу байсан Э.Энхтайвантай маргалдсаны улмаас амь нас нь хохирсон гэж үзэхгүй байна. Маргааны дараа гэртээ орж ирээд дахин гарч яваад ирсэн.

 Нэг удаа гадаа уначихсан байхад гэртээ оруулж ирсэн. Миний нөхөр 2014 оны 2 дугаар сараас хойш ходоод гэдэс өвдөж байна гэсэн зовиуртай байсан бөгөөд сум аймгийн эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэж байсан. Талийгаач ходоод өвдсөн үедээ архи уудаг байсан архи битгий уу гэхээр архи уухаар миний гэдэс дотор өвдөж байсан зүйл намдаж байна гэж хэлдэг байсан. Бид талийгаачийн гэдэс дотор өвддөг зүйл даамжирсаар үхэлд хүргэсэн гэж үзэж байна. Иймд хэргийг дахин хянан үзэж шударга шийдвэр гаргаж   өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан түүний өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрдэнэбилэгийн Энхтайван нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн Р.Батсүхтэй маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт нь хөлөөрөө 1 удаа өшиглөж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч С.Амгалантуяа, Б.Батмөнх, Э.Энхжаргал, Д.Соёлмаа, Л.Цэндээ, Цэрэнбадам, Г.Шижир хохирогч Б.Булганцэцэг нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №955 тоот шинжээчийн дүгнэлт, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээч эмч нарын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №1111 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнээд гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Мөн Э.Энхтайванд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд шүүх хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байна.

Харин ялтны өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн “хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Р.Батсүх нь Э.Энхтайваны өшиглөлтийн улмаас нарийн гэдсэндээ гэмтэл авсан нь нотлогдоогүй, гэрчийн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй, шинжээчийн дүгнэлтүүд болон мэдүүлгүүдээр Э.Энхтайваны үйлдлийн улмаас Р.Батсүхийн амь нас хохирсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Түүнчлэн Э.Энхтайваны үйлдэлд Р.Батсүхийн биед гэмтэл учруулах субьектив талын санаа байгаагүй тул хэргийг хянан үзэж бодит байдалд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү” гэх давж заалдсан гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл:

Ялтан Э.Энхтайван нь хохирогч Р.Батсүхийн баруун талын бүсэлхий хавиар нь өшиглөхөд талийгаач нэг дуу алдаж муухай дуугараад доороо суугаад л надыг алчихлаа гээд ёолоод байхыг нь харсан гэрч С.Амгалантуяагийн мэдүүлэг[1],

Гэрч Б.Баярцэцэгийн “...тэр орой 17 цагийн үед би гэртээ байж байсан тэгсэн аавтай адилхан дуутай хүн муухай дуугараад ёолох шиг болсон. Тэгээд би гараад хашааны хаалга онгорхой аав газар уначихсан байсан. С.Амгалантуяа эгч Э.Энхтайван аавыг чинь өшиглчихлөө гэрлүүгээ аваад ор гэж хэлээд явчихсан” гэх мэдүүлэг[2],

Гэрч Д.Соёлмаагийн “Би Р.Батсүхийг Э.Энхтайван цохисныг хараагүй, харин манай нөхөр надад хэлэхдээ Р.Батсүх ирээд хашаа цохиод цамц урчихаар нь нэг өшиглөчихлөө” гэж хэлсэн. Манай нөхрийн хажууд байсан хүмүүс болох хадам аав Эрдэнэбилэг, нөхрийн дүү Энхсайхан нар Р.Батсүхийг манай нөхөр Э.Энхтайван нэг удаа өшиглөсөн талаар мөн хэлсэн” гэх мэдүүлэг[3],

Хохирогч Б.Булганцэцэгийн “ ...миний нөхөр Р.Батсүх надад Э.Энхтайван миний гэдэс рүү нэг удаа өшиглөөд унагаасан гэж хэлсэн[4] гэх мэдүүлэг,

Р.Батсүх нь “бусдад зодуулсны улмаас хэвлийгээр өвдөнө, аюулхай дээр өвдөнө” гэсэн зовиурын улмаас эмч болон эмнэлэгийн тусламж авах явцдаа 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “нарийн гэдэсний цооролт, чацархайд цус хуралт” гэх хүнд гэмтлийн улмаас нас барсан гэдгийг нотолсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №955 тоот, мөн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №1111 тоот шинжээчийн дүгнэлтүүд, талийгаач Р.Батсүхэд хагалгаа хийсэн эмч нар болох Д.Цэрэнбадам, Г.Шижир нарын мэдүүлэг зэрэг дээр дурьдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар ялтан Э.Энхтайваны үйлдэл нь тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар “ялтан Э.Энхтайван нь талийгаач Р.Батсүхийг хэвлий орчимд нь нэг удаа өшиглөсөн идэвхитэй үйлдэл хийсэн, уг үйлдлийн улмаас талийгаачид “нарийн гэдэсний цоорол” гэх хүнд гэмтэл учирсан, уг гэмтлийн улмаас талийгаач нас барсан хор уршиг учирсан, нас барсан хор уршиг нь ялтны үйлдэлтэй шалтгаант холбоотой байна”  гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх шинжүүд тогтоогдсон байна.

Ялтан Э.Энхтайван нь талийгаач Р.Батсүхийн үхэл буюу хор уршигийг хүсээгүй боловч түүнийг нэг удаа өшиглөсөн үйлдлийг зориуд хийсэн байна. Энэ тохиолдолд түүнийг гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын заавал байх шинж нь тогтоогдсон байна.

Мөн уг гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэрэг үйлдсэн сэдэлт нь “хашаа барилаа, хашаа цохилоо” гэх хувийн таарамжгүй харилцаанаас үүссэн болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байна.

Харин ялтан Б.Энхтайваны үйлдлийн улмаас тухайн цаг хугацаанд Р.Батсүхэд “нарийн гэдэсний цоорол” гэх хүнд  гэмтэл учирсан боловч уг гэмтлийн улмаас эмнэлэгийн тусламж авах явцдаа талийгаач нас барсан гэх хор уршиг бий болсон тул ялтны үйлдлийг хүнийг санаатай алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар зүйлчлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд ялтан Э.Энхтайван, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогч Б.Булганцэцэг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ялтан Э.Энхтайван, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогч Б.Булганцэцэг нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                         М.НЯМБАЯР                                                                        

                             ШҮҮГЧИД:                                         Н.МӨНХЖАРГАЛ

                                                                                        Б.ДАМБА

 

 

 

 

 

 

 


[1] Нэгдүгээр хаваст хэргийн 54-55 дугаар хуудас

[2] Нэгдүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас

[3] Нэгдүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас

[4] Нэгдүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас