Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/062

 

 

Б.Дашнамжилд

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Цогням

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Удаахцэцэгийн өмгөөлөгч Г.Доржготов,

Шүүгдэгч Б.Дашнамжил, түүний өмгөөлөгч Б.Бурмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, хянан шийдвэрлэсэн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолыг прокурор Н.Цогнямын бичсэн эсэргүүцлээр Б.Дашнамжилд холбогдох эрүүгийн 2214002260194 дүгээр хэргийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ............. оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Мөнх овогт Балжингийн Дашнамжил, ВО81071014 регистрийн дугаартай,

Шүүгдэгч Б.Дашнамжил нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын чанартай А303 дугаар автозамын Баянхонгор сумаас 42 километрт эсрэг урсгалтай аспалтан замд өөрийн эхнэр Н.Баярмаагийн эзэмшлийн 36-98 БНХ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д "жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэж, мөн дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэснийг тус тус зөрчиж, улсын дугааргүй Мустанг 5 загварын мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гарган, уг ослын улмаас Мустанг 5 загварын мотоциклийг жолоодон явсан жолооч Б.Энэбиш нас барсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Дашнамжилд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч Мөнх овогт Балжингийн Дашнамжилыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Дашнамжилын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Дашнамжил нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж,         

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Дашнамжил нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч Б.Дашнамжилд оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажлаа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Дашнамжилд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Удаахцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний төлбөр 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Удаахцэцэг нь зээлийн гэрээний төлбөртэй холбоотой 6000000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан DVD нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,

Шүүгдэгч Б.Дашнамжил нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Б.Дашнамжилд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Дашнамжилд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Прокурор Н.Цогням тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

... Дээрх шийтгэх тогтоолыг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцахад, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Үндэслэл 1.Шүүх хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, шүүгдэгч Б.Дашнамжилыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж улсын яллагчийн зүгээс үзсэн.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Шүүх хэрэг хянан хэлэлцэх үед хуулийн дээрх зүйл хэсэг нь “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар оногдуулах ялыг хүндрүүлсэн байсныг анхаарч үзэлгүй орхигдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “Хууль буцаан хэрэглэх” заалтыг баримтлаагүй, хууль буцаан хэрэглэсэн талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй буюу шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзэхээр байна.

Үндэслэл 2.Шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасаж” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Дашнамжилын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх хасах ялын доод хэмжээ болох “гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах” нэмэгдэл ялын хэмжээг багасгасан буюу 2 жилийг тэнссэн гэж ойлгогдохоор байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаас үзвэл хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд холбогдох нөхцөл, шаардлага хангагдсан тохиолдолд хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэх боломжтой юм.

Дээрх зохицуулалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял, эрх хасах ял, нийт 5 төрлийн ялаас зөвхөн “хорих ял”-ыг оногдуулахгүйгээр тэнсэж болохоор хуульчилсан атал нэмэгдэл буюу эрх хасах ялыг тусгай ангид заасан эрх хасах ялд хэрэглэж, тухайн гэмт хэргийн нэмэгдэл ялын доод хэмжээнээс 2 жилийг хасан оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг буруу хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Үндэслэл З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байхад шүүгдэгч Б.Дашнамжилын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, гэмт хэрэг үйлдэгдэх үед хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх хасах ялын доод хэмжээнээс илт бага эрүүгийн хариуцлага хүлээлгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчсөн байна.

Тодруулбал, дээрх гэмт хэрэг үйлдэгдэх үед хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс

таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ” гэснийг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.

Шүүх хуралдаанд улсын яллагч биечлэн оролцох болно..гэжээ.

Прокурор Н.Цогням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Дашнамжилд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар эрх хасах нэмэгдэл ял шийтгэхдээ тухайн зүйлд байхгүй хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар эрх хассан нь үндэслэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү..гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Доржготов тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:           

Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү. Хохирогч З.Удаахцэцэг нь хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Дашнамжилд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар эрх хасах нэмэгдэл ял шийтгэхдээ тухайн зүйлд байхгүй хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар эрх хассаныг зөвтгөн давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү..гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Н.Цогнямын бичсэн эсэргүүцэлд заасан  үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Дашнамжил нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын чанартай А303 дугаар автозамын Баянхонгор сумаас 42 километрт эсрэг урсгалтай аспалтан замд өөрийн эхнэр Н.Баярмаагийн эзэмшлийн 36-98 БНХ улсын дугаартай Тоёота Приус загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэж, мөн дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэснийг тус тус зөрчиж, улсын дугааргүй Мустанг 5 загварын мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гарган, уг ослын улмаас Мустанг 5 загварын мотоциклийг жолоодон явсан жолооч Б.Энэбиш нас барсан гэх гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна. 

Дээрх үйл баримт нь:

1 дүгээр хавтаст хэргийн 124 дүгээр талд авагдсан “...Би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх шүүгдэгч Б.Дашнамжилын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 39-40, 125-126 дугаар талд авагдсан “...Би тэр өдөр аймагт хоночхоод маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 16-ны өглөө эрт аймгийн төвөөс замын унаагаар хөдөө гэртээ ирсэн чинь манай нөхөр байхгүй байсан. Би хажуу айлуудаас нөхрийгөө асуусан чинь ирээгүй гэж хэлсэн. Тэгсэн талийгаачийн хамаатан Баасансүрэн утсаар залгаад талийгаачийг байхгүй дуусчихсан гэж хэлээд орилоод байхаар нь би үгүй байх гэж бодоод уйлж байгаад салгасан. Тэгсэн сүүлд нь хадам ах утсаар залгаад талийгаачийг ямар хувцас, хунартай, ямар мотоциклтой явсан  гэхээр нь саарал өнгийн дээлтэй, ногоон өнгийн мотоциклтой явсан гэж хэлээд салгасан. Тэгээд би хадам ахтай утсаар залгаад таныг аймаг явахад чинь би цуг явна шүү гэж хэлээд салгачхаад, хадам ахын хамтаар аймагт ирээд талийгаачийг нас барсанг мэдсэн...” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 3.Удаахцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр талд авагдсан “...Машины жолооч Дашнамжил нь надад 5,000,000 төгрөг өгсөн, өөр мөнгө төгрөг өгөөгүй . Би үүнээс 500,000 төгрөгийг Удаахцэцэгт өгсөн, 500,000 төгрөгийг нь талийгаачийн банкны зээлийн хүнд өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүй ээ. Бусдыг нь талийгаачийн оршуулгын зардалд нь зарцуулсан...” гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дүгээр талд авагдсан “...хар зам дээр миний машины өөдөөс нэг гэрэл гэнэт урсгал сөрөөд гарч ирсэн. Тэгээд би эхэн үедээ мотоцикл явж байна гэж бодоод өөрийн явж байсан замаас хажуу талын шороо хэсэг рүү гараад нөгөө нэг гэрлийг өнгөрөөд явчихлаа гэж бодсон чинь миний машины жолоочийн эсрэг талын хойд дугуй руу мөргөсөн. Тэгээд шороогоор явж байсан миний машины хамар эргэж хар зам руу ороод зогссон. Би эхэндээ тухайн нэг гэрлийг мотоцикл байна гэж бодсон юм... 70-64 УБИ улсын дугаартай Ногоон өнгийн Ланд -80 маркийн тээврийн хэрэгслийг би өөрөө жолоодож явсан. Миний машины жолоочийн хажуу талын суудал дээр манай эгч Өнөрцэцэг, жолоочийн ард талын суудал дээр манай аав П.Мандах сууж явсан...” гэх гэрч М.Бурмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 134 дүгээр талд авагдсан “...Хэргийн газарт үзлэг хийхэд асфальтан зам дээр мотоциклийн мөр гарсан цэгийг 1 гэсэн тоогоор, түүний цаад талд нь приус маркийн автомашины под карлон унасан байсан цэгийг машин, мотоцикл хоёр анх мөргөлдсөн гэж үзэж хэмжилт хийсэн. Хэргийн газарт үзлэг хийхэд асфальтан зам дээр машины под карлон унасан байсан, цаашаагаа мотоциклийн эд ангиуд савирч унасан байсан. Автомашин, мотоцикль хоёр анх мөргөлдсөн А цэг нь асфальтан замын зорчих хэсгийн зүгээс баруун чиглэлд явах хөдөлгөөнтэй эгнээ дээр байсан...” гэх гэрч Б.Содномдаржаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 180-184 дүгээр талд авагдсан “..Талийгаач Б.Энэбишийн цогцост хатуу хальсан доорх, их тархины зүүн, баруун чамархай дэлбэнгийн аалзан хальсан доорх, бага тархины аалзан хальсан доорх, тархины ховдлын цус харвалт, олон хавирганы хугарал, нугалмын дотор салстын цус хуралт, зүүн зулай, чамархай, чихэнд шарх, зүүн зулайн, чамархай, хуйх, дух, чих, зүүн, баруун мөр, баруун тохойны цус хуралт, баруун хөмсөг, хүзүү, баруун мөрний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...Талийгаач нь хатуу хальсан доорх цусан хураа, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, ховдлын цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ....” гэх Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №  37 дугаартай дүгнэлт,

2 дугаар хавтаст хэргийн 33-35 дугаар талд авагдсан “Тоёота Приус-11 загварын 36-98 БНА улсын дугаартай автомашины жолооч Б.Дашнамжил нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...зам тээврийн осол гарахад шалтгаалсан гэж үзэж байна....” гэх Цагаан Шонхор Жигүүр НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын судлалын шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22/128 дугаартай дүгнэлт,

2 дугаар хавтаст хэргийн 54-56 дугаар талд авагдсан “...Зам тээврийн ослын бүдүүвч зургаас харахад осолд өртсөн мотоцикл анх мөргөгдсөн цэгээс 52 м зайд шидэгдсэн байна. Мотоциклд учирсан эвдрэлийн байдлыг харахад хажуугаас бус араас нь мөргөсөн болох нь тодорхой байна. Мөн зорчих хэсэг дээр гарсан дугуйн мөр хажуугаас мөргөөгүй болохыг харуулж байна. Жолооч Б.Дашнамжил мотоциклийн жолооч гэнэт хөндлөнгөөс орж ирсэн гэж мэдүүлж байгаа боловч хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон дугуйн мөр, мотоциклийн эвдрэл, автомашины эвдрэл зэргээс дүгнэхэд мотоцикл чигээрээ явж байхад нь араас нь мөргөсөн гэж үзэж байна...” гэх 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн № 202323 дугаартай замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлт,

2 дугаар хавтаст хэргийн 81-84 дүгээр талд авагдсан “...Тоёота Приус-11 маркийн 36-98 БНА улсын дугаартай автомашины жолооч Б.Дашнамжил нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д "жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна" гэснийг, (зураг 1, 2)

..Мөн дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэх Дотоод хэргийн Их сургуулийн 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №202407 дугаар Замын цагдаагийн тэнхимийн шинжээч нарын дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Гэвч анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Дашнамжилыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага ногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн , энэ нь шийтгэх тогтоол тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.  

Ингэхдээ шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрх бол үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэх нь шүүхийн үүрэг бөгөөд үүнийг буруу хэрэглэсэн тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “ хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ” буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдог ба энэхүү нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болдог.

 Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт эрх хасах нэмэгдэл ял оногдуулах нөхцөл журмыг тодорхойлсон бөгөөд “.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Харин энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна..” гэсэн зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ юм.

 Гэтэл анхан шатны шүүх ....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Дашнамжилын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж...буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан ...  тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж.. гэснийг зөрчин энэ зүйл хэсэгт байхгүй хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл болно.

Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 2023 оны 12 сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хугацааг “..5 жилээс дээш 8 жил хүртэл хугацаагаар..” гэж тогтоосныг 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байна.

Харин 2023 оны 12 сарын 07-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацаа нь 3 жилээс 5 жил хүртэл гэж хуулиар тогтоосон байсан.

Улмаар шүүгдэгч Б.Дашнамжилын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь 2022 оны 08 сарын 15-ны өдөр тул 2023 оны 12 сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 т заасан хуулийн үйлчлэлд хамаарахаар байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага ногдуулахдаа Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль буцаан хэрэглэх байсныг шүүх анхаараагүй, энэ тухай шийтгэх тогтоолд огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ” гэх үндэслэл болохыг дүгнэлээ.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой зөрчилд тооцно.

Анхан шатны шүүх Б.Дашнамжилд холбогдох хэргийг 2024 оны 07 сарын 22-ны өдөр хүлээн авч тодорхой ажиллагаа хийгдэлгүй 15 хоногийн дараа буюу 2024 оны 08 сарын 05-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 2024 оны 09 сарын 05-ны өдөр хүртэл 30 хоногоор сунгажээ. Ингээд сунгасан хугацаанд тодорхой ажиллагаа хийгдэлгүй, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэлгүйгээр шүүгчдийн 2024 оны 08 сарын 19-ний өдөр 12 дугаар зөвлөгөөний тогтоолоор хэргийг өөр шүүгчид хуваарилахаар шийдвэрлэсэн.

Ингэснээр анх хэрэг хүлээн авсан шүүгч дээрх хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргалгүй, тодорхой шалтгаангүйгээр 29 хоног байлгасан нь хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдыг чирэгдүүлсэн ойлгомжгүй байдал үүсгэсэн.

Нөгөө талаар хэрэг шилжүүлэх зөвлөгөөний тогтоолд нэг шүүгчээс нөгөө шүүгчид хэрэг шилжүүлэх болсон үндэслэлээ тодорхой дүгнээгүй, тус шүүхийн хэрэг хуваарилах нарийвчилсан журамд заасан “...Шүүгч ээлжийн амралтаа эдлэх болсон, удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй тохиолдолд өмнө хуваарилагдсан хэргийг ...ачаалал тэнцвэржүүлэх зарчмаар шүүгч нарт шүүгчдийн зөвлөгөөнөөр шилжүүлнэ..” гэснийг зөрчин “...бусад шүүгч нар нь ээлжийн амралтаа эдэлж дууссан..” гэх үндэслэлээр тухайн хэргийг өөр шүүгчид шилжүүлж байгаа нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчсөн гэж үзнэ.                          

Иймд цаашид анхан шатны шүүх нь хэрэг хуваарилах журмаа чанд мөрдөх, шүүгч нар тодорхой шалтгаан, үндэслэлгүйгээр өөр хоорондоо хэрэг шилжүүлэхгүй байхад анхаарах шаардлагатай .

Түүнчлэн анхан шатны шүүх прокурорын эсэргүүцлийг 2024 оны 10 сарын 03-ны өдөр 09 цаг 38 минутад хүлээн авч, хэргийн оролцогчид 2024 оны 10 сарын 04-ний өдөр танилцуулж, энэ өдрөөс гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах 7 хоногийг дуусмагц 2024 оны 10 сарын 14-ний өдөр хэргийг харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх байтал энэ хугацааг 7 хоногоор хэтрүүлэн 2024 оны 10 сарын 21-ний өдөр ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3, 38.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус зөрчсөн болохыг буруутган дүгнэлээ.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ..гэсэн агуулгаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.                

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3- т  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/198 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Дашнамжилд хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Л.НЯМДОРЖ