Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 607

 

                                                                                                            

 

 

 

 

 

 

             Б.Баяржавхланд холбогдох

             эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Батнасан,

ялтан Б.Баяржавхлан, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Баяржавхлан, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Баяржавхланд холбогдох эрүүгийн 201625021139 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Цагаагчууд овогт Баатарын Баяржавхлан, 1988 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Хүчит-Арвай” ХХК-д барилгын засал чимэглэлчин ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 4-36 тоотод оршин суудаг,

          2010 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж, 2010 оны 8 дугаар сарын 23-нд ялын хугацаа дуусч суллагдсан,

          2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 24 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан, /РД: ОД88042118/.    

Б.Баяржавхлан нь согтуурсан үедээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялтайд тооцогдох хугацаандаа буюу 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжинд “юм асуухад уурлаж хэдэрлэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан иргэн Х.Мөнхжаргалын хүзүүн тус газарт зэвсгийн чанартай бусад зүйл буюу шилний хагархайг зэвсгийн чанартай хэрэглэн зүсэж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Баяржавхланд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Б.Баяржавхланг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Баяржавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Баяржавхлангийн эдлэх хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн 201625021139 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Баяржавхлан нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Б.Баяржавхланд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…хохирогч Мөнхжаргал нь худаг дээр надтай тааралдсан. Наранбаатар Мөнхжаргалаас Саруулын утасны дугаар хэд билээ гэж асуусан. Тэгэхэд Мөнхжаргал “би яаж мэддэг юм бэ, та нар яах гээд байгаа юм бэ” гэхээр нь би Мөнхжаргалын дэргэд очоод “чамаас хүн юм асууж байхад мэддэг юм бол хэлээд өгчихөөч” гэж хэлсэн. Тэгтэл Мөнхжаргал “ууж идсэн юмаа зөв ууж ид, та нар ер нь яах юм бэ, үзэх үү” энэ тэр гээд хэрүүл болоод явчихаар нь уур хүрээд нэг мөргөсөн чинь Мөнхжаргал намайг эргүүлж цохиод худгийн хажуу талд байсан сандал дээгүүр давуулж түлхэж унагаагаад өшиглөж зодоод байхаар нь би ноцолдож байгаад босч ирээд Мөнхжаргалтай зодолдож байхад дүү нь гэх бас нэг залуу ирж хоёулаа нийлж намайг бүлэглэн зодож эхэлсэн. Ингээд гурвуулаа ноцолдож байгаад Мөнхжаргалтай би цугтаа газар унахад юмаар зүссэн юм шиг байна. Тэгээд би босож ирээд чулуу авч айлгаж байгаад өөрөөсөө холдуулсан юм. Тэгээд хартал манай найз Наранбаатарыг ах нь гэх бас нэг залуу зодож байсан. Ингээд байж байтал ээж, эгч нар нь гарч ирж салгасан юм. Гэтэл Мөнхжаргал “чи намайг зүсчихсэн байна” гэсэн, “би юугаар хэзээ зүссэнээ мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэр хүмүүс намайг шилээр зүссэн гэж хэлсэн. Тэгээд би Мөнхжаргал болон ээж, эгч, ах дүү нараас нь уучлалт гуйж байтал тэд нар цагдаа дуудсан байсан. Би Мөнхжаргалыг эмнэлэгт үзүүлье гээд байж байтал цагдаа ирээд намайг авч явж эрүүлжүүлэхэд хийсэн. Маргааш өглөө нь найз Наранбаатартайгаа утсаар ярьтал энэ хүмүүс өргөдөл өгсөн байна гэж хэлсэн. Ингээд би эрүүлжүүлэхээс гараад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дээрээс батлан даалтад гараад хохирогч Мөнхжаргал, түүний эгч хоёртой уулзаад ярьсан чинь “чи нэг сая төгрөг өг” гэсэн, би “нэг сая төгрөг байхгүй” гэсэн чинь намайг шууд сүрдүүлж, “чи урьд нь ял шийтгэл эдэлж байсан, бид өргөдөл гомдлоо авахгүй бол чи шорондоо явна” гэж уурласан. Тэгэхээр нь би “та нарт 500.000 төгрөг өгье” гэсэн чинь “за тэгвэл мөнгөө өг, тэгвэл бид өргөдлөө буцаан авлаа” гэсэн. Тэгээд би 500.000 төгрөг өгсөн. Дараа нь толгойн зураг авахуулъя гэхээр нь гэмтлийн эмнэлэгт 80.000 төгрөг өгсөн. Тухайн үед би өөрөө зодуулсан ч гэсэн энэ хүний төлөө өөрийн бүх л боломжоороо явсан. Тухайн үед Мөнхжаргал болон түүний ахад зодуулсан, миний биеийн байдал хоёр нүд битүү хавдар болсон, толгой болон тархи хөдөлсөн, нуруу, бөөр хөх эрээн болсон хүнд байдалтай байсан. Би энэ хүнийг эмнэлэгт үзүүлж дуусаад өөрийгөө эмнэлэгт 2 удаа үзүүлсэн. Тухайн үед мөрдөн байцаагчид “би бас шүүх эмнэлгийн магадлагаа гаргуулъя” гэсэн чинь “чи тэрүүгээр яадаг юм” гэсэн. Тэгээд би тухайн үед шүүх эмнэлгийн магадлагаас гаргуулж чадаагүй юм. Тиймээс би бас гомдолтой байна. …Мөрдөн байцаагч намайг шүүх эмнэлэгт үзүүлээгүй, магадлагаа гаргуулаагүй. Дараа нь сүүлд шахуу байцаагч надаас “шүүх эмнэлэгт үзүүлэх үү” гэж асуусан тэгэхэд нь “би үзүүлэхгүй” гэсэн. Яагаад гэвэл миний тухайн үед үзүүлж байсан зарим нэг бичиг нь алга болсон байсан учраас үзүүлэхгүй гэсэн юм. Байцаагч бас хохирогчид өгсөн 500.000 төгрөгийг “150.000 төгрөг” гэж бичсэн байсан. Яагаад тэгсэнийг би мэдэхгүй байна. Би хохирогч Мөнхжаргалд 500.000 төгрөг өгсөн, сүүлд 80.000 төгрөгөөр толгойн зураг авахуулсан. Бас боолт хийлгэж өгч байсан. Тиймээс одоо надад ирүүлсэн 60 дугаартай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 гэдэг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хийсэн хэрэг нь бид харилцан зодолдсонд тооцогдох болов уу гэж бодож байна. Прокурор намайг урьд нь ял шийтгэл эдэлж байсан гэх үндэслэлээр миний эрх зүйн байдлыг дордуулж хэтэрхий нэг талыг баримтлан намайг яллаж байна. Тиймээс энэ бүгдийг тал бүрээс нь хянан үзэж надад оногдуулсан зүйл анги болон ялыг минь хөнгөвчилж өгнө үү…” гэв.

Ялтан Б.Баяржавхлангийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийн бүх нөхцөл байдалд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүйгээс хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн. Б.Баяржавхлан давж заалдах гомдолдоо тухайн үед болсон үйл явдлыг маш дэлгэрэнгүй бичсэн байна. Б.Баяржавхлан нь хохирогч Х.Мөнхжаргалтай найзын найз гэх дамжсан хувийн харилцаатай байсан учир мөрдөн байцаалтын шатанд өөрийгөө зодсон асуудлыг тавихгүй байсан юм байна лээ. Б.Баяржавхлангийн зодуулсныхаа дараа авахуулсан зургуудыг анхан шатны шүүх хуралдааны дараа надад түүний эхнэр үзүүлсэн. Иймд хувийн таарамжгүй харьцаа үүссэнээс уг хэрэг гарсан гэдэг нь нотлогдож байна. Уг таарамжгүй харьцаа үүссэнд Б.Баяржавхлан буруутайгаа хүлээж байгаа. Мөн хохирогч Х.Мөнхжаргал өөрийн буруугаа хүлээсэн өргөдлүүд хавтаст хэргийн 14-17 дугаар талд авагдсан байгаа. Үүнд Б.Баяржавхланг гараараа 3-4 удаа цохисон, хэдэрлэж маргалдсан, дүүтэйгээ хамжин Б.Баяржавхланг зодсон талаар байгаа. Монгол Улсын Дээд Шүүхийн 2007 оны 41 дүгээр тогтоолд “тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцаа, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, бие махбодид гэмтэл учруулсан нь олон нийтийг илтэд хүндэтгэн үзээгүй буюу нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчөөгүй байвал хүний эрүүл мэнд, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан заалттай нийцэж байна. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Баяржавхланг яллагдагчаар татаж мэдүүлэг авах үеэс оролцож эхэлсэн. Би прокурорт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байсан.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Б.Баяржавхлангийн ...үйлдэлд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж буруу заажээ. Б.Баяржавхлан учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь мөн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох үндэслэлтэй. Б.Баяржавхлан нь хохиролд 500.000 төгрөг төлсөн гэж давж заалдах гомдолдоо бичсэнээс харахад хохирлын төлбөрийг илүү төлсөн нь харагдаж байна. Хохирогч ямар ч гомдол саналгүй гэдгээ удаа дараа хэлсэн. Б.Баяржавхлан нь өмнө нь 2 удаа хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан  боловч хувийн байдлын хувьд даруу төлөв, ээжээсээ 10 настайдаа өнчирсөн. Одоо Б.Баяржавхлан нь 2 нас, 4 настай хоёр хүүхэдтэй. Үүнд давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, гэм буруутай гэж үзвэл хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв. 

Прокурор Р.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Уг гэмт хэрэг хохирогч Х.Мөнхжаргал болон Б.Баяржавхлан нарын хооронд үүссэн үл ялих зүйлээс шалтгаалсан байдаг. Тухайн үед Б.Баяржавхлан нь Х.Мөнхжаргал болон Наранбаатар нарын хоорондын ярианд оролцон маргалдсан байдаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн анхны шалтгаан “хэдэрлэлээ, утасны дугаар хэлж өгсөнгүй” гэсэн үл ялих зүйлээс шалтагласан байдаг. Б.Баяржавхланг хохирогчийг мөргөсний дараа хохирогч хариу үйлдэл үзүүлсэн талаар хохирогч өөрөө болон гэрчүүд мэдүүлдэг. Энэ хариу үйлдлийн улмаас Б.Баяржавхлангийн биед ямар гэмтэл учирсныг мөрдөн байцаалтын шатанд тогтоохоор ажиллагаа хийсэн боловч Б.Баяржавхлан нь шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, энэ талаар эмнэлгийн бичиг баримт байхгүй гэсэн үндэслэлээр байцаалт өгч байсан. Хохирогч болон түүний ах дүү нартайгаа нийлж Б.Баяржавхланг зодсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэрч Наранбаатар энэ талаар мэдүүлэг өгсөн. Хохирогч болон Б.Баяржавхлан нарын хооронд маргаан болж хохирогчийн биед гэмтэл учирсан. Гэрчээр мэдүүлэг өгсөн Баярболд, Наранбаатар нар уг үйлдлийг таслан зогсоосон гэдэг нь тогтоогдсон. Энэ гэмт хэрэг хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэлтэй гэж давж заалдах гомдолдоо бичсэн байна. Хохирогч болон ялтан нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн гэж үзэхээр нөхцөл байдал мөрдөн байцаалтын шатанд тогтоогдоогүй. Хохирогч, ялтан нар бие биенээ огт танихгүй. Тухайн хэрэг болсон өдөр худаг дээр тааралдаж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Мөн энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Б.Баяржавхлан нь согтуурсан үедээ, ялтайд тооцогдох хугацаандаа буюу 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 8 дугаар гудамжинд хувийн таарамжгүй харилцааны улмаас Х.Мөнхжаргалтай маргалдаж хүзүүн тус газар нь шилний хагархайгаар зүсэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Мөнхжаргалын “...би 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 15 цагийн үед худгаас ус авахаар Рашааны 8 дугаар гудамжинд байдаг худаг дээр очоод байж байтал миний танил ах Наранбаатар ирээд надаас “Мөнхжаргалаа Саруулын утасны дугаар хэд вэ” гэж асуусан. Энэ үед Наранбаатар ахтай хамт ард нь зайтай нэг залуу явж байсан. Гэтэл Наранбаатар ахтай хамт явсан халамцуу залуу намайг “чи мэдэх юм бол хэлээд өгчихөөч” гэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлээд байхад юу асуугаад байгаа юм бол гээд уур хүрээд “би яаж мэддэг юм бэ” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэр залуу над руу ирээд намайг барьж аваад нүүр рүү мөргөсөн, тэгэхээр нь би түүнийг “яаж байгаа юм бэ” гээд заамдаж аваад зөрүүлээд нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгсэн чинь тэр хүн тонгойгоод газраас юм авах шиг болсон, тэр нь архины шилний хагархай байсан юм шиг байна лээ. Тэгээд надруу сарвайсан чинь миний хүзүүний баруун хэсэгт хүрээд цус гарахаар нь харсан чинь 2 удаа өнгөц зүсэгдсэн байсан. ...Тэр үед манай дүү Баярболд дэлгүүр орох гэж яваад хараад хүрч ирээд салгасан. ...Тухайн үед хүзүүний баруун хажууд хэсэгт хоёр газарт зүсэгдсэн байсан. ...Уг шархандаа 3-4 оёдол тавиулаад зүгээр болсон. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” /хх-14-15/ гэх мэдүүлэг,

гэрч С.Наранбаатарын “...2016 оны 4 дүгээр сарын 8-ны өглөө би Баяржавхлан руу утсаар ярьж “уулзъя” гэсэн. Тэгээд бид хоёр манайд уулзаад дэлгүүрээс 2 ширхэг 2.5 литрийн пиво авч уусан. ...Мөнхжаргал худгаас ус аваад явж байсан. Тэгэхээр нь би Мөнхжаргалаас Саруулын утасны дугаарыг асуусан чинь “мэдэхгүй” гэсэн. Тэгтэл гэнэт Мөнхжаргал Баяржавхлан нар маргалдаад бие биенийгээ цохих шиг болсон, Мөнхжаргалын хүзүүний баруун хойд хэсэг зүсэгдсэн байдалтай цус гарсан, гараараа дарчихсан байсан. ...Б.Баяржавхлан нэлээн согтсон байсан...” /хх-19/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Баярболдын “...2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 15 цагийн үед байх Мөнхжаргал ах худгаас ус авахаар явсан. Би хувцсаа өмсөөд араас нь худаг руу явсан. Гэтэл худгийн ойролцоо Мөнхжаргал ах нэг үл таних шардуу царайтай залуутай муудалцаад бие биенийгээ түлхэлцээд зогсож байсан. Хажууд нь бас нэг арай өндөрдүү залуу салгаад зогсож байсан. Би очоод тэр өндөр залуутай хамт тэр хоёрыг салгасан. Мөнхжаргал ахын хүзүүний баруун хажуугаас цус гарчихсан байсан...” /хх-22/ гэх мэдүүлэг,

Б.Баяржавхлангийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 15 цагийн үед байх Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байдаг найз Наранбаатарын гэрт нь очоод бид хоёр 2 ширхэг том пиво уусан. Тэгээд бид хоёр гарч биллъярд тоглочихоод тэднийд байж байсан чинь Наранбаатар “биллъярдны газарт цамцаа орхисон байна” гээд буцаж цамц авчихаад буцаад Наранбаатарын гэр рүү явж байгаад худгийн ойролцоо гудамжинд Наранбаатар бид хоёр хохирогч Мөнхжаргалтай тааралдсан. Наранбаатар түүнээс “Саруул гэдэг хүний гар утасны дугаарыг мэдэх үү” гэж асуусан чинь тэр залуу өөдөөс “би яаж мэддэг юм бэ” гээд хэдэрлээд уурлаад байсан. Тэгэхээр нь би очоод “хэлээд өгчихөөч” гэсэн чинь тэр залуу “чадахгүй” гэхээр нь би түүнийг заамдаж аваад нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл тэр залуу намайг заамдаж аваад “чи муу яах гээд байна” гээд миний нүүр рүү гараараа цохисон. Би нүүрээ дараад газар суусан чинь шилний хагархай байхаар нь аваад айлгах санаатай гараа сарвайсан чинь хүзүүг нь зүсчихсэн. Тэгээд тэр залуугийн дүү мөн Наранбаатар нар бид хоёрын голоор орж салгасан. Тухайн үед тэр залуугийн хүзүүнээс цус гарсан. Би цусыг нь хараад айгаад уучлал гуйсан...” /хх-40, 43, 44/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4937 дугаар “...Мөнхжаргалын биед хүзүүний зүсэгдсэн шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-30/, хохирогч Х.Мөнхжаргалын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-4/, хохирогч Х.Мөнхжаргалын Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд компьютер томографийн оношилгоо хийлгэсэн баримт /хх-11/, хохирогч Х.Мөнхжаргалаас мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай бичгээр өгсөн хүсэлт /хх-17/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-12/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэж үзэхэд ялтан Б.Баяржавхлан, хохирогч Х.Мөнхжаргал нарын хооронд хувийн таарамжгүй харилцаа үүссэн, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн зүй бус үйлдэл, хохирогчийн харилцааны соёлгүй байдал, үг хэллэг, зан авир, хэдэрлэж үг сөрсөн зэргээс үүдэн өөр хоорондоо харилцан маргалдсан, улмаар Б.Баяржавхлан нь хохирогч Х.Мөнхжаргалыг толгойгоороо мөргөсний улмаас Х.Мөнхжаргал нь Б.Баяржавхланг заамдан авч түүний нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон учир Б.Баяржавхлан нь хохирогчийн хүзүүг шилний хагархайгаар зүсэж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байх тул Б.Баяржавхланд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзэв.

Б.Баяржавхланд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт ач холбогдолтой байж болох зүйлийг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд ялтан Б.Баяржавхлан “…хэргийг минь тал бүрээс нь хянан үзэж надад оногдуулсан зүйл анги болон ялыг минь хөнгөвчилж өгнө үү…” гэж, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва “…Б.Баяржавхлангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж түүнийг гэм буруутай гэж үзвэл хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү…” гэж давж заалдах гомдол гаргасныг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Харин хохирогч Х.Мөнхжаргал болон түүний ах дүү нар бүлэглэн Б.Баяржавхланг зодсон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн ялтан Б.Баяржавхлан нь согтуурсан үедээ болон ялтайд тооцогдох хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Баяржавхланд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэсэн заалтыг нэмсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Шүүгдэгч Цагаагчууд овогт Баатарын Баяржавхланг бусдыг үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “…Шүүгдэгч Цагаагчууд овогт Баатарын Баяржавхланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Шүүгдэгч Баатарын Баяржавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Б.Баяржавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.     

               

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ОЧ

 

               ШҮҮГЧИД                                                         Д.ОЮУНЧУЛУУН

 

                                                                                        Д.МЯГМАРЖАВ