Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 586

 

 

 

 

 

 

 

 

 

М.Төгөлдөрт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Ялтан М.Төгөлдөрийн өмгөөлөгч Б.Тэнгис,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Төгөлдөрийн гаргасан давж заалдах гомдлоор М.Төгөлдөрт холбогдох эрүүгийн 2016 2602 0615 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Дуутан овгийн Мэнд-Амарын Төгөлдөр, 1995 оны 3 дугаар сарын 10-нд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантекник засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх, ахын хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15 дугаар гудамжны 143 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:МЛ95031011/,

 

М.Төгөлдөр нь 2016 оны 2 дугаар сарын 29-нөөс 2016 оны 3 дугаар сарын 1-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 34 дүгээр байранд байрлах “Батвайнд” ХХК-ийн оффисын байранд Б.Анхбаярыг “дүү байхаараа яадаг юм” хэмээн үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр толгойн тус газарт нь 2 удаа алхаар цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн дүүргийн прокурорын газраас: М.Төгөлдөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Төгөлдөрийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар М.Төгөлдөрийг 4 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, М.Төгөлдөрт оногдуулсан 4 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, М.Төгөлдөрийн цагдан хоригдсон 20 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, М.Төгөлдөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шар өнгийн алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан М.Төгөлдөрийн гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь 2016 оны 2 дугаар сарын 29-нөөс 2016 оны 3 дугаар сарын 1-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 34 дүгээр байранд байрлах “Батвайнд” ХХК-ийн оффисын байранд гарсан гэмт хэрэгт холбогдсон. Тухайн шөнө миний бие “Батвайнд” ХХК-ийн оффисын байранд унтаж байтал шөнө 3 цагийн үед Б.Анхбаяр гаднаас найз бүсгүйн хамт их хэмжээний согтолттой орж ирсэн. Б.Анхбаяр надаас “нэг шил архи авч өг” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “надад мөнгө байхгүй, авч өгч чадахгүй” гэж хэлэхэд Б.Анхбаяр уурлаж намайг архины шилээр цохиж, гартаа таарсан зүйлээ шидэж байсан. Намайг зодох гэж байна гэж айн Б.Анхбаяраас зугтаж яваад юманд тээглэн газар унахад гарт саваа мод шиг зүйл баригдсан. Би өндийн босож Б.Анхбаярыг барьж байсан зүйлээрээ нэг удаа цохисон. Тухайн үед шөнийн 3 цаг болж байсан. Оффисын байр цахилгаангүй, харанхуй байсан учир би гартаа чухам юу барьж байснаа мэдээгүй. Б.Анхбаяр намайг хөөхөө болин хойш ухран газар сууснаа “за за одоо болно. Дүү хүү ахынх нь буруу, ах нь одоо харилаа” гээд гараад явсан. Иймд хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна…” гэжээ.

 

Ялтан М.Төгөлдөрийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь М.Төгөлдөр мөрдөн байцаалтын шатанд “Б.Анхбаяр над руу ус буцалгагч авч шидсэн. Тэгээд би айгаад зугтааж байгаад унаж, харанхуй байсан учир гарт тааралдсан зүйлээрээ Б.Анхбаярыг цохисон” гэж мэдүүлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх...” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “...Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана.” гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, мөн зүйлийн 8.2 дахь хэсэгт “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ хуулийн 8.1-ийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, түүнд хариуцлага хүлээлгэнэ.” гэж тус тус хуульчилсан ба М.Төгөлдөрт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үзэхэд хэргийн 1-ээс 40 дүгээр хуудас хүртэл зөв байх бөгөөд үүнээс хойших хэргийн материалын хуудасны дэс дараалал алдагдсан, зарим дугаар давхардсан, дугаар алгассан, нэг хуудсыг хоёр дугаарласан, зарим хуудсыг дугаарлаагүй, прокурорын яллах дүгнэлт нь 38 дугаар хуудаснаас дугаарлагдан эхэлсэн, хэргийг давж заалдах шатны шүүхэд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 2/162 дугаартай албан бичигт “хэрэг 1 хавтас 88 хуудас” гэж хуудасны тоог зөрүүтэйгээр бичиж ирүүлсэн ба хавтаст хэргийн нийт хуудсыг тоолж үзэхэд 156 хуудас баримт хэрэгт авагдсан байна. Прокурорын яллах дүгнэлт, анхан шатын шүүхийн шийтгэх тогтоол зэрэг нь хавтаст хэргийн хэддүгээр хуудасны баримтыг үндэслэн хэргийн үйл баримтад дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, анхан шатын шүүх нь хавтаст хэргийн 156 хуудас баримтаас аль баримтуудыг нь үнэлэн давж заалдах шатны шүүхэд “хэрэг 1 хавтас 88 хуудас” материал ирүүлсэн, аль хуудасны ямар баримтыг үнэлсэн нь тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтанд дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Дээрх зөрчил нь ямар учраас гарсан, хэрэгт авагдсан нотлох баримт алдагдсан эсэх, мөрдөн байцаалтын шатанд баримт орхигдсон эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай ба дээрх зөрчлийг хэрхэн арилгах, хариуцлагагүй үйлдлийг дахин гаргахгүй байх талаар мөрдөн байцаагч, прокурор, анхан шатны шүүх бүрэлдэхүүн анхаарал хандуулан ажиллабал зохино.

 

 

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           

Дээрх байдлын улмаас давж заалдах шатны шүүх ялтан М.Төгөлдөрийн гаргасан давж заалдах гомдлыг энэ удаа эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Төгөлдөрт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

            2. Хэргийг Баянгол дүүргийн Прокурорын газарт очтол М.Төгөлдөрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧИД                                              М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ