Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 588

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ганболд, О.Төгсжаргал нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

                                          

            Прокурор С.Мөнхгэрэл,

            Ялтан Д.Ганболдын өмгөөлөгч Д.Бурмаа, З.Хүрэлсүх,

            Цагаатгагдсан этгээд О.Төгсжаргалын өмгөөлөгч Б.Дашдорж,

            Хохирогч С.Батсүх, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

            Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Ганболд, түүний өмгөөлөгч Д.Бурмаа, З.Хүрэлсүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ганболд, О.Төгсжаргал нарт холбогдох эрүүгийн 2014 2600 06136 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

1. Боржигон овгийн Донидын Ганболд, 1979 оны 2 дугаар сарын 1-нд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх, уран зохиолын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн гудамж, 19-6 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Их тойруугийн гудамж, 56-53 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХП79020111/,

 

2. Боржигон овгийн Очирбатын Төгсжаргал, 1984 оны 2 дугаар сарын 9-нд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн эрсдлийн удирдлага мэдээллийн тасагт улсын байцаагч ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр байр, 58 тоотод оршин суух, шийтгэх тогтоол гарах үед 8 сартай жирэмсэн, ял шийтгэлгүй, /РД:ШБ84020907/,

 

Д.Ганболд, О.Төгсжаргал нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 56а-42 тоотод байрлах “Инел” ХХК-иас “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Зайсан виллаже” хотхон орон сууцнаас хямд үнээр байр захиалж өгнө” хэмээн хуурч мэхлэн С.Батсүхээс 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 155.612.000 төгрөгийг залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Ганболд, О.Төгсжаргал нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаартар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос О.Төгсжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Д.Ганболдод прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Д.Ганболдын эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Д.Ганболдын цагдан хоригдсон 16 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, О.Төгсжаргал 3 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Ганболдоос 164.612.000 төгрөг гаргуулан хохирогч С.Батсүхэд олгож, хэрэгт эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан Д.Ганболдын нэр дээр бүртгэлтэй 10-11 УБН улсын дугаартай Ниссан Патрол загварын автомашиныг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан борлуулж, хохирогч С.Батсүхийн хохиролд тооцон олгож, хэрэгт битүүмжлэгдсэн О.Төгсжаргалын нэр дээрх Хаан банкны 5111174158, 5062120671 тоот данснуудыг битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Ганболд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 38 тоот шийтгэх тогтоолыг гардан аваад дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Холбогдсон гэмт хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Би О.Төгсжаргалаас 2015 онд гэрлэлтээ цуцлуулсан. Анх 2013 оны 4 дүгээр сарын эхээр О.Төгсжаргал надад “манай ангийн хүүхэд С.Батсүх зайсанд ахын барьж байгаа байрнаас авах сонирхолтой байна. Чи хямдруулаад аваад өгч чадах уу” гэхэд нь Мөнхбат ахтай яриад 1.800.000 төгрөгөөр авч цааш нь компанид төлсөн. Түүнээс эхний 25.000.000, 30.000.000 төгрөгийг авч цааш нь компанид төлөхдөө үнэхээр залилж хуурсан зүйл байхгүй, гражийн мөнгийг Мөнхбатад өгсөн нь үнэн. 2013 оны 7 дугаар сарын сүүлчээр танил Мөнхжаргалтай дуусаагүй барилгад хөрөнгө оруулж хамтран ажиллахаар тохиролцсон нь үнэн, энэ ажлаа Мөнхбат ахад хэлж хэрхэн хөөцөлдөж, бүтээх талаараа тохиролцож, ажил бүтвэл хүртэх ашгаа хүртэл ярилцсан нь бодит үнэн. Гэтэл эрүүгийн хэрэг үүсгээд намайг шалгаж эхэлсний дараа хэлсэн ярьсан зүйлсээ хэлээгүй яриагүй гэж үгүйсгэж байна. Надад буруу байгааг ойлгож байгаа ч үнэн зөвөөр нь ялгаж, шийдэж өгөхийг үнэхээр хүсэж байна. Шүүхээс надад 9.200.000 төгрөг гаргуулж, С.Батсүхэд олгуулахаар шийдсэнийг дахин шалгуулмаар байна. Тэр тавилга нь үнэхээр устсан, алга болсон бол надаас бүхэлд нь гаргуулах ёстойг ойлгож байна. Хэрэв хэрэглэж болохоор байгаа бол арай өөрөөр шийдэх ёстой гэж үзэж байна. Мөн эцгийн минь эзэмшиж байсан бусдад худалдсан автомашиныг бүртгэлтэй байгаа учраас хохиролд өгөхөөр шийдвэрлэснийг дахин шалгуулмаар байна. Үнэхээр байхгүй автомашиныг надаас нэхэж шаардвал би дахин хуулийн хариуцлага хүлээмээргүй байна. Хохирлын мөнгийг орон сууц шилжүүлж төлье гэсэн санал маань өнөөдөр хүртэл хэвээрээ байгаа учир хохирогчид шилжүүлэх ажлыг хийлгүүлэх боломж олгож өгнө үү. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, үнэн бодит байдлыг шалгаж, хуулийн дагуу шударгаар шийдэж өгнө үү...” гэв.

 

Ялтан Д.Ганболдын өмгөөлөгч Д.Бурмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийг зөрчиж гарсан. Хавтаст хэргийн 215 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 133, 134 дүгээр талд Д.Ганболдын өмчлөлд 10-11 УБН улсын дугаартай “Ниссан Патрол” загварын автомашин бүртгэлтэй талаар Зам тээврийн Хяналт бүртгэлийн газрын лавлагаа байгаа бөгөөд уг машин одоогийн байдлаар Д.Ганболдын өмчлөлд байгаа эсэх, эсвэл шилжилт хөдөлгөөний талаар зөрчилтэй байгаа талаар мөрдөн байцаалтын шатанд шалгагдаагүй байна. Шүүхийн шинэчилсэн байцаалтаар шинжлэн судлахад уг тээврийн хэрэгслийн лавлагаанаас өөр баримт хэрэгт байдаггүй. Д.Ганболд шүүхийн шинэчилсэн байцаалтаар 2005 онд бусдад худалдсан гэж мэдүүлдэг. Уг тээврийн хэрэгсэл Д.Ганболдын эзэмшилд байгаа эсэхийг мөрдөн байцаалтын шатанд тогтоож, эд зүйлийг битүүмжлэх, үнэлгээ хийлгэх зэрэг хуульд заасан байцаан шийтгэх ажиллагаа хийгдсэн нөхцөлд нийт хохирлын хэдэн төгрөгийн хохирол төлөгдөх талаар шийтгэх тогтоолд дурдах ёстой. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Д.Ганболдын өмчлөлд уг тээврийн хэрэгсэл байгаа нь лавлагаагаар тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хохирогчийн хохиролд тооцох нь зүйтэй гэж заасан нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх зарчмыг зөрчиж гаргасан гэж үзэж байна.

2. Шүүх шийтгэх тогтоолдоо “Инэл” ХХК нь Д.Ганболд, О.Төгсжаргал нар нь тус тусдаа амьдарч байгааг гэмт хэрэгт холбогдсон үеэс мэдсэн. Д.Ганболд нь хуурч мөнгийг буцааж авсан. О.Төгсжаргал нь хохирогч С.Батсүхээс 5.000.000 төгрөгийг зээлж аваад үлдэгдэл 4.430.000 төгрөгийг Д.Ганболд төлөхөөр болсон зэргээс иргэний хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, шүүхийн шинэчилсэн байцаалтаар “Инэл” ХХК, иргэн О.Төгсжаргал нарын хариуцлагагүй ажиллагаа хангалттай тогтоогдсон байхад хохирогчид учирсан хохирол төлбөрийн асуудлыг зөвхөн Д.Ганболдод хариуцуулсан нь учир дутагдалтай байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт зааснаар “...болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах, гэм хор учруулахад хамтран оролцсон этгээд гэм хорыг хамтран хариуцах талаар...” заасан байдаг. Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолд “Эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд гэж гэмт хэрэг үйлдээгүй, уг хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч биш боловч хуульд заасан үндэслэлээр тэдгээрийн үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгах үүрэг бүхий этгээдийг хэлэх ба иргэний хариуцагчаар татагдсан байх” талаар заасан. Иймд хуулийн этгээд болох “Инэл” ХХК, иргэн О.Төгсжаргал нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар иргэний хариуцагчаар татах шаардлагатай.

3. Шүүх шийтгэх тогтоолдоо “...хохирогч С.Батсүх нь тавилга хийлгэхэд 9.000.000 төгрөг зарцуулсан нь Д.Ганболдын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул бодит хохирол 155.612.000 төгрөг дээр нэмж бүгд 164.612.000 төгрөгийг Д.Ганболдоор төлүүлэхээр...” заасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт хохирлын хэмжээний талаар заасан ба Улсын Дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаартай тогтоолд дээрх хуульд заасан “хохиролын хэмжээ” гэдэгт Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөнд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг хамааруулна гэж заасан. Нөгөө талаар хавтаст хэрэгт авагдсан фото зургийн үзүүлэлтээр тавилгууд байгаа болох нь харагдаж байна. Хохирол учирсан гэх үндэслэлгүй байна. Бодит хохирол дээр үндэслэлгүйгээр 9.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх байдлуудаас хэргийн талаар нотолбол зохих асуудлууд хангалттай нотлогдоогүй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Д.Ганболдын өмгөөлөгч З.Хүрэлсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Ганболдод холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш нэг талыг барьж явуулсан, хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болсон гэж үзэж байна. Учир нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоож чадаагүй байна. Д.Ганболд, О.Төгсжаргал, хохирогч С.Батсүхийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг хэргийн бусад баримттай харьцуулж үнэлбэл 2013 оны 4 дүгээр сард “Инэл” ХХК-д байрны захиалгын мөнгө тушаасан эхний 2 удаагийн үйлдлийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэлгүйгээс гадна уг үйлдлийг үргэлжилсэн үйлдэл гэж тайлбарлах боломжгүй байна. Хохирогчийг төөрөгдөлд оруулж, хуурч мэхэлсэн үйлдэл хийгдээгүй байхад хохирол төлөгдөөгүй гэсэн шалтгаан зааж мөрдөн байцаалтын шатанд хэт нэг талыг барьж зөв зүйлчилж чадаагүй байна.

2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шалгах үүргээ зохих ёсоор биелүүлсэнгүй. Хохирогчийн мэдүүлснээр байрыг тохижуулах зорилгоор 9.000.000 төгрөгөөр тавилга хийлгүүлж үндэслэлгүй зардал гаргаж гэм хор учирсан гэжээ. Гэтэл мөрдөн байцаалтаар уг асуудлыг мухарлан шалгаагүй байна. Учир нь Иргэний хуульд заасан үндэслэл, журмаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын асуудлыг нэг мөр шийдвэрлэж байгаа тохиолдолд хохирлын шинж чанар, хэр хэмжээг нарийн тогтоох ёстой. Хохирогчийн “одоо тавилга зуслангийн байшинд хураастай байгаа, байрнаас эвдэж салгаж авсан, мөнгийг бүхэлд нь гаргуулах хүсэлтэй” гэсэн мэдүүлгийг шалгаж эд хөрөнгө битүүмжлэх, хамгаалах үүргийг тодорхой этгээдэд хариуцуулах ажиллагаа хийгдсэнгүй. Түүнчлэн тавилгын үнийг бүхэлд нь шүүгдэгчээс гаргуулж байгаа бол хохирогчид хадгалагдаж байгаа гэх тавилгын өмчлөлийн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна.

3. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө байгааг холбогдох байгууллагуудаас тодруулах явцад Д.Ганболдын өмчлөлд 10-11 УБН улсын дугаартай “Ниссан патрол” загварын автомашин бүртгэлтэй тухай лавлагаа авсан байна. Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт “2005 онд бусдад худалдсан талаар” мэдүүлсэн байх боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулж худалдан хохиролд тооцон олгуулахаар шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагад нийцсэнгүй. Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хураах ялын хэрэгжилтийг хангах зорилгоор уг автомашин хаана, хэний эзэмшил ашиглалтад байгааг тогтоох ажиллагаа явуулаагүй байхад шүүх тааварлан шийдвэрлэлээ. Мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгийг дур мэдэн зарцуулсан гэх хууль зүйн үр дагавартай асуудал үүсвэл хариуцлага хэн хүлээх вэ.

4. Хохирогч С.Батсүхэд мөнгийг эргэн төлөхөөр санал болгосон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нотлох баримт авагдсан байх бөгөөд шүүгдэгч, хохирогч нарын хооронд хэлэлцэн ярьсан боловч үнийн дүн дээр тохиролцож чадалгүй хугацаа алдсан тодорхой үйл баримт байна. Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлыг шүүхээр магадлан шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байгаа ч С.Батсүхэд мөнгийг бүрэн эргүүлэн төлөх хүсэл зориг хэвээр байгаа.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд О.Төгсжаргалын өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын О.Төгсжаргалд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогч С.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үнэн зөв гарсан. Хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Хохирогч С.Батсүхийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь заасны дагуу гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр нь хангалттай тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан, Д.Ганболд, О.Төгсжаргал нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл ялтны хувийн байдалд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх...” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох зарим зүйлийг мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй, мөрдөн байцаалт гүйцэд биш хийгдсэнийг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Иймд доорх зүйлийг нэг мөр шалгавал зохино. Үүнд:

            1. Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэж үзэхэд дүүргийн прокурорын газраас “Д.Ганболд, О.Төгсжаргал нар нь урьдчилан үгсэж тохиролцон, бүлэглэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 56а-42 тоотод байрлах “Инэл” ХХК-иас “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Зайсан виллаже” хотхон орон сууцнаас хямд үнээр байр захиалж өгнө” хэмээн хуурч мэхлэн С.Батсүхээс 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 155.612.000 төгрөгийг залилан авч, онц их хэмжээний хохирол учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн ба анхан шатны шүүхээс О.Төгсжаргалын үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт зааснаар иргэн О.Төгсжаргалыг тухайн гэмт хэрэгт хэрхэн үгсэн тохиролцсон, хамтран оролцсон оролцооны хэлбэр бүрийг нэг бүр нарийвчлан зөв тогтоох нь зүйтэй.

            2. 1 дүгээр хавтаст хэргийн 6-7 дугаар талд авагдсан Д.Ганболд, “Инэл” ХХК-ийг төлөөлж С.Мөнхбат нарын хооронд хийгдсэн Хөрөнгө оруулалтын гэрээ, 10-11 дүгээр талд авагдсан “Инэл” ХХК болон О.Төгсжаргал нарын хооронд хийгдсэн Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай тус тус гэрээнүүд нь бодитой эсэхийг тогтоох шаардлагатай. Учир нь тухайн хийгдсэн гэрээнүүдээр Д.Ганболд, О.Төгсжаргал нар нь хохирогч С.Батсүхийг гэрээгээр халхавчлан төөрөгдүүлж хуурч мэхэлсэн эсэх, эсхүл гэрээгээр байр худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн эсэхийг шалган тодруулах.

 

            3. О.Төгсжаргал нь С.Батсүхээс гражийн урьдчилгаа мөнгөнд эхний ээлжинд 25.000.000 төгрөг өгснөөс 20.000.000 төгрөгийг компанид тушааж, 5.000.000 төгрөгийг, 30.000.000 төгрөг өгснөөс 27.000.000 төгрөгийг компанид тушааж, 3.000.000 төгрөгийг тус тус авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд О.Төгсжаргалын энэхүү үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэг мөр шалгаж тодруулах, дээрх үйлдлээрээ О.Төгсжаргал нь Д.Ганболдтой бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгах шаардлагатай.

 

            4. 1 дүгээр хавтаст хэргийн 215 дугаар талд 10-11 УБН улсын дугаартай “Ниссан Патрол” загварын хар хөх өнгийн авто тээврийн хэрэгсэл нь Донидын Ганболдын эзэмшилд бүртгэлтэй баримт хэрэгт авагдсан боловч шүүхийн шатанд Д.Ганболд нь “надад өөрт ногдох хөрөнгө байхгүй” гэж мэдүүлж байх тул энэ талаарх үйл баримтыг нэг мөр эцэслэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу Д.Ганболдын өөрт ногдох эд хөрөнгийг тогтоож, хохиролд төлүүлэх эсэх асуудлыг, мөн уг автомашины эзэмшигч нь хэн болохыг зөв тогтоох шаардлагатай.

5. О.Төгсжаргалын “Инэл” ХХК-д байрны урдчилгаа болгож тушаасан мөнгийг Д.Ганболд нь буцааж авсан нь ойлгомжгүй /1-р хх-35, 36 / бөгөөд “Инэл” ХХК нь ямар зорилгоор Д.Ганболдод буцааж мөнгийг олгосон талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нь зүйтэй, улмаар “Инэл” ХХК, иргэн О.Төгсжаргал нарыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 119 дүгээр зүйлд зааснаар иргэний хариуцагчаар татах шаардлагатай эсэхийг тодруулах нь зүйтэй.

 

6. 2 дугаар хавтас хэргийн 78-80 дугаар талд гал тогооны өрөө, гэрийн үүдний хэсэг, хувцасны өрөө, ариун цэврийн өрөөнүүдэд хийгдсэн тавилгын талаарх баримт авагдсан, энэ тавилгын мөнгийг гаргуулах талаар хохирогчийн зүгээс мэтгэлцсэн, шүүгчдэгчийн өмгөөлөгч гаргуулах үндэслэлгүй гэж тайлбарлаж байх тул үүнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасны дагуу үзлэг хийж, хэрэгт бэхжүүлэх ажиллагааг хийх, мөн тухайн тавилгууд зарж борлогдох эсэх, зарагдсан тохиолдолд ямар үнээр зарагдах, зөрүү хэдэн төгрөг болохыг шалган тодруулах шаардлагатай.

 

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ганболд, О.Төгсжаргалд нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

            2. Хэргийг Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт очтол Д.Ганболдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧИД                                              М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                      Ш.БАТ-ЭРДЭНЭ