Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 587

 

 

 

 

 

 

 

 

 

О.Болорт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:    

                         

          Прокурор Д.Ганчимэг,                                        

          Ялтан О.Болор, түүний өмгөөлөгч О.Баяраа,        

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүгч Б.Сарантуяа, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан О.Болорын гаргасан давж заалдах гомдлоор О.Болорт холбогдох эрүүгийн 2016 2501 0700 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Сутай идэр овгийн Оюунчимэгийн Болор, 1984 оны 3 дугаар сарын 5-нд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармаг 8 дугаар гудамж, 213 тоотод оршин суух,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 224 дүгээр тогтоолоор “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасныг баримтлан О.Болорын эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 8 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 410 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 7 жил хорих ялаар, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг журамлан О.Болорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 7 жилийн хорих ялд нь багтааж, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн О.Болорын биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 8 жил хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 26 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар О.Болорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар О.Болорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын нэмж нэгтгэсэн 1 жилийн хорих ялыг тус тус өршөөн хасч, О.Болор нь 5 жил 6 сар 13 хоногийн ялыг биеэр эдэлж суллагдсан, /РД:ХП84030571/,

 

О.Болор нь 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 дугаар байрны 8 давхарт иргэн О.Түмэнбуянд хутга тулгаж, эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, 8000 төгрөг, “IPhone-6s” загварын гар утас зэрэг эд зүйл дээрэмдэж, нийт 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Болорын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Болор нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амьд биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар О.Болорыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ялаар шийтгэж, О.Болорт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, О.Болорын цагдан хоригдсон 138 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Болор нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан О.Болор давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэмт хэрэг үйлдсэн нь үнэн, өөрийн буруугаа ойлгож байна. Би эцэг, эхээс хоёулаа, айлын том хүүхэд. 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр эцэг, дүү, хүүхдээ ар араас нь алдсан. Одоо надад үлдсэн нь эх, эхнэр минь л байна. Ээж минь бие муутай, тархины хаван гэж өвчнөөр гадаадад эмчлүүлж байгаа. Эхнэр минь бүтэн өнчин, намайг гэх хүн энэ хоёроос минь өөр байхгүй. Сэтгэл санаа нь маш хүнд байгаа. Иймд надад оногдуулсан чанга дэглэмтэй хорих ялыг минь хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү...” гэв.

 

Ялтан О.Болорын өмгөөлөгч О.Баяраа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Болорын давж заалдах гомдлыг дэмжиж байна. О.Болорын ар гэр, хувийн байдлыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчилж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.Болорын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. О.Болорт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй байх тул анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж нь халдлагад өртөж байгаа этгээд рүү шууд чиглэж, довтолгоо хийсэн байдаг бөгөөд уг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авсан эсэхээс үл хамааран хүч хэрэглэсэн буюу довтолгоо хийснээр төгс үйлдэгдсэнд тооцдог онцлогтой.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 266 дугаартай яллах дүгнэлтэд “...яллагдагч О.Болор нь 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 7 дугаар байрны 8 давхарт иргэн О.Түмэнбуянд хутга тулгаж, эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, 8000 төгрөг, “IPhone-6s” загварын гар утас, зэрэг эд зүйл дээрэмдэж, нийт 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан...” хэмээн дурджээ.

 

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч О.Түмэнбуянгийн мэдүүлэг /1-р хх 16-17/, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-9, 209/, хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /1-р хх-231/ зэргээр О.Болор нь О.Түмэнбуянд хутга тулгаж, эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, 8000 төгрөг, “IPhone-6s” загварын гар утас, бугуйн цаг зэрэг эд зүйл дээрэмдэн авсан үйлдэл тогтоогдсон байхад прокуророос яллагдагч О.Болорын зарим үйлдлийг орхигдуулсан, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн О.Болор нь 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж эд зүйл дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирол “Iphone-6s” загварын гар утсыг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн эд зүйлийн үнэлгээгээр/1-р хх-9/ үнэлсэн баримт хэрэгт авагдсан ба хэрэг гараагүй, эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад эд зүйлийн үнэлгээг гаргасан нь ойлгомжгүй байна. 

 

  Мөн ялтан О.Болор нь урьд 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар, 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 1-ны өдрийн 224 дугаартай тогтоолоор “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасныг баримтлан О.Болорын эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 8 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, 2006 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 7 жил хорих ялаар, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг журамлан О.Болорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 7 жилийн хорих ялд нь багтааж, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн О.Болорын биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 8 жил хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 26 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар О.Болорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар О.Болорт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын нэмж нэгтгэсэн 1 жилийн хорих ялыг тус тус өршөөн хасч, О.Болор нь 5 жил 6 сар 13 хоногийн ялыг биеэр эдэлсэн баримт хэрэгт авагдсан байхад энэ талаар анхан шатны шүүхээс О.Болорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал арилсан, түүнчлэн бусдын эд хөрөнгө дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарч байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Дээрх байдлууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэхгүй байна.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт ялтан О.Болорын ял шийтгүүлсэн байдлын талаар бичихдээ прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг шууд хуулбарлан бичсэн, ял оногдуулсан хуулийн зүйл, заалтыг нэр бүрчлэн бичээгүй, ялтны ял шийтгэгдсэн оныг зөрүүтэй бичсэн, прокурорын алдаатай бичсэн ял шийтгэлийн талаарх баримтыг зөвтгөн бичээгүй зэргийг цаашид анхаарвал зохино.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Болорт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Дээрх байдлын улмаас давж заалдах шатны шүүх ялтан О.Болорын гаргасан давж заалдах гомдлыг энэ удаа эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

           

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Болорт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

 

            2. Хэрэг шүүхэд очтол О.Болорт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

           3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргахгүй, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ