Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 564

 

2016.9.1

 

 

Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Энэрэл,

Ялтан Б.Амарзаяа /Хорих 461 дүгээр ангиас цахим хэлбэрээр/,

Ялтан Р.Готов /Хорих 461 дүгээр ангиас цахим хэлбэрээр/,

Ялтан Э.Батзаяагийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

Ялтан Б.Амарзаяагийн өмгөөлөгч Н.Одонтуяа,

Ялтан Д.Цогтгэрэлийн өмгөөлөгч Ж.Баярсайхан,

Ялтан Р.Готовын өмгөөлөгч Д.Энхцэцэг,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Б.Батаа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Батзаяа, Б.Амарзаяа, Р.Готов нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нарт холбогдох эрүүгийн 201526012662 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            1. Боржигон овогт Энхбатын Батзаяа, 1991 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овооны 9-11 тоотод оршин суух бүртгэлтэй,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар: /У391080794/,

 

2. Боржигин овогт Бэхбатын Амарзаяа, 1983 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Батцагаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 23-12 тоотод оршин суух бүртгэлтэй,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 252 дугаар тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 82 дугаар захирамжаар 7 cap 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Б.Амарзаяад оногдуулсан 6 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 7 cap 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын хугацааг 6 жил 7 сар 9 хоногоор тогтоож, Сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 78 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар: /ВЖ83043014/,

 

3. Боржигон овогт Дамдинсүрэнгийн Цогтгэрэл, 1973 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 19-26 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /НИ73040112/,

 

4. Шандас овогт Рэнцэндоржийн Готов, 1956 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22-6 байрны 63 тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27-61 тоотод түр оршин сууж байсан,

- Улаанбаатар хотын шүүхийн 1973 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 59 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн б-д зааснаар 4 жил хорих ял шийтгүүлсэн,

- Сэлэнгэ аймгийн нүүдлийн 4 дүгээр шүүхийн 1975 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4/1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Сэлэнгэ аймгийн шүүхийн 1975 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 19 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б, 64 дүгээр зүйлд зааснаар 5 жил 11 cap 7 хоног хорих ял шийтгүүлсэн,

- Зүүнхараа хотын шүүхийн 1977 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн б, 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, 1981 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

- Улаанбаатар хотын Найрамдалын районы шүүхийн 1983 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 98 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 1985 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар: /ЦБ56011879/.

 

1. Э.Батзаяа нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын монгол гэрийн 180.000 төгрөгийн үнэ бүхий хаалгыг эвдэн орж, мөнгөн бугуйвч, мөнгөн аяга зэрэг 310.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

- мөн Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын байшингийн 25.000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан орж, машин механизм ашиглан 2.552.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт;

 

2. Б.Амарзаяа нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа Э.Батзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын байшингийн 25.000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан орж, машин механизм ашиглан 2.552.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

- Мөн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Э.Батзаяагийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын монгол гэрээс хулгайлан авсан мөнгөн бугуйвч, мөнгөн аягыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр Э.Батзаяа, Д.Цогтгэрэл нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” захын орчим бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт;

 

3. Д.Цогтгэрэл нь Э.Батзаяа, Б.Амарзаяа, Р.Готов нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын байшингийн 25.000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан орж, машин механизм ашиглан 2.552.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

- Мөн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Э.Батзаяагийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын монгол гэрээс хулгайлан авсан мөнгөн бугуйвч, мөнгөн аягыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр Э.Батзаяа, Б.Амарзаяа нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” захын орчим бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт;

 

4. Р.Готов нь О.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын байшингийн 25.000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан орж, машин механизм ашиглан 2.552.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Батзаяад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Б.Амарзаяад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Цогтгэрэлд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт тус тус зааснаар, Р.Готовд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигин овогт Бэхбатын Амарзаяа, Боржигон овогт Дамдинсүрэнгийн Цогтгэрэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Э.Батзаяагийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Б.Амарзаяаг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялгүй болох хугацаа дуусаагүй байхад бусадтай бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан, Э.Батзаяаг ганцаараа болон бусадтай бүлэглэж, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан, Д.Цогтгэрэл, Р.Готов нарыг бусадтай бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож, Б.Амарзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 (арав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял, Э.Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 (гурав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял, Р.Готовыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 (тав) cap 10 (арав) хоногийн хугацаагаар баривчлах ял, Д.Цогтгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 (дөрөв) cap 10 (арав) хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Б.Амарзаяад оногдуулсан 10 (арав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял дээр түүний эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил 17 (арван долоо) хоногийн ялаас зарим буюу 6 (зургаа) сарыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 10 (арав) жил 7 (долоо) сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амарзаяад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батзаяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогтгэрэл, Р.Готов нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд тус тус ганцаарчлан эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батзаяагийн цагдан хоригдсон 87 хоног, Д.Цогтгэрэлийн цагдан хоригдсон 87 хоног, Б.Амарзаяагийн цагдан хоригдсон 87 хоног, Р.Готовын цагдан хоригдсон 91 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар xypaacaн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, тэдний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Батзаяагаас 1.109.250 (нэг сая нэг зуун есөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг, Б.Амарзаяагаас 619.250 (зургаан зуун арван есөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг, Д.Цогтгэрэлээс 619.250 (зургаан зуун арван есөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг, Р.Готовоос 619.250 (зургаан зуун арван есөн мянга хоёр зуун тавь) төгрөгийг тус тус гаргуулж, нийт 2.967.000 (хоёр сая есөн зуун жаран долоон мянга) төгрөгийг хохирогч   Х.Эрдэнэбаярт олгохоор шийдвэрлэжээ.

 

            Ялтан Э.Батзаяа гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн төрсөн эх Ж.Оюунчимэгийн хамт амьдардаг. Миний эх Ж.Оюунчимэгийн эрүүл мэндийн байдал муу, хүний асаргаанд байдаг, одоо 53 настай, … миний шууд асрамжинд байдаг. Миний бие нь өөрийн хийсэн гэмт хэргээ шударгаар хүлээж, мөрдөн байцаалтын явцад ямар нэгэн хүндрэл учруулаагүй, өөрийн хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ харамсаж байгаа, мөн бусдад учруулсан хохирлоо төлж дуусч байгаа. Миний бие нь өөрийн хийсэн алдаагаа дахин давтахгүй, үүнээс хойш өөрийн хөдөлмөр хүчээрээ амьдарч чадна гэдэгтэй бүрэн итгэлтэй байна. … Иймээс миний аргагүй байдлыг минь харгалзан үзэж, надад оногдох ялыг хөнгөрүүлж өгнө үү. …” гэжээ.

 

            Ялтан Р.Готов гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 1956 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай. 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад 3 сар 5 хоногийн баривчлах ял оноосон. Ялын хугацаа 8 дугаар сарын 1-ний өдөр дууссан. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан анхан шатны шүүх хурлаар улсын яллагч надад 3 сар 10 хоногийн баривчлах ял сонсгон, ял оноосон. Гэтэл шүүх надад 2 сар 5 хоногийн ял нэмээд 5 сар 10 хоногийн ял оногдуулсан. Үүнд гомдолтой байна. Шүүх хурлын дараа “надад яагаад ял нэмж байгаа юм бэ” гэхэд таны урьд нь ял эдэлж байсныг үндэслэн ял өгсөн гэсэн. Гэтэл би ял эдэлснээсээ хойш 30 жил болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Одоогоор миний биеийн байдал муу байна. Сахарын хэмжээ 20 хувь гарсан, өндөр байна. Шөнө хөл, гар өвдөөд хүндхэн байна. Иймд биеийн байдлыг харгалзан үзэж, миний үлдэж буй ялаас суллаж өгнө үү” гэжээ.

 

            Ялтан Б.Амарзаяа гаргасан давж заалдах гомдолдоо: “...2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр би Д.Цогтгэрэлийн хамт иргэний үнэмлэхний лавлагаа авахаар явж байгаад Э.Батзаяатай гудамжинд тааралдахад Э.Батзаяа нь өөрийн авч явсан мөнгөн бугуйвч, аяга зэргийг зарах гэсэн юм гэснээр Э.Батзаяа, Д.Цогтгэрэл бид гурав “Хархорин” зах дээр очиж зараад, мөнгөөр нь Д.Цогтгэрэлийн гэрт очиж архи ууж байгаад, Э.Батзаяа “гэр лүүгээ явна” гэж гарч явсны дараа Д.Цогтгэрэл бид хоёр “дэлгүүрээс тамхи авна” гэж яваад, дэлгүүрийн гадаа Э.Батзаяатай дахин тааралдсан. Э.Батзаяад байсан тал шил архийг гудамжинд ууж байхад Э.Батзаяа нь Д.Цогтгэрэл бид хоёрт “эгчийнхээ юмыг зөөх гэсэн чинь унаа олдохгүй байна, хөлсний унаа олдох уу, би хөлс мөнгийг нь өгнө” гэснээр би унаа олж өгөхөөр болоод, Э.Батзаяад хөлсний унаа олж өгснөөр хулгайн гэмт хэрэгт холбогдож, 10 жилийн ялаар шийтгэгдээд байна. Тухайн үед Э.Батзаяа нь намайг хөлсний унаа олоод ир гэж явуулахдаа “манай эгчийн гэр, та унаа олоод энд ирээрэй” гээд дэлгүүрийн арын цэнхэр өнгийн хаалгатай хашааг зааж өгөөд, өөрөө Д.Цогтгэрэлийн хамт үлдсэн. Тухайн газраас “Хангай” захаас хөлсний унаа олоод иртэл Д.Цогтгэрэл, Э.Батзаяа нар хашааны гадаа гудамжинд хөргөгч, угаалгын машин, зурагт зэрэг эд зүйлийг машинд ачиж байхад Р.Готов ах ирээд бид хэд эд зүйлсийг ачсан. Э.Батзаяа надад хандан “та зурагтаа засуулж чадсан уу” гэж асуухад нь би “чадаагүй байгаа” гэхэд “та энэ зурагтыг түр үзэж бай, би буцааж авна шүү” гэж хэлээд зурагтыг надад үлдээгээд, өөрөө бусдыг нь аваад явсан. Тухайн үед би Э.Батзаяад “ах нь цуг явж буулгалцаж өгөх үү” гэхэд “яах юм бэ, согтуу хүн дагуулаад очих юм бол эгч уурлах байх, та харин Д.Цогтгэрэл ахтай хамт “Хархорин” зах дээр яваад очоорой, манай эгч тэнд наймаа хийдэг юм, хаана очихоо Д.Цогтгэрэл ахаас асуугаарай мэдэж байгаа, би эгчээс мөнгө авчихаад байж байна” гэж хэлээд жолоочтой хоёулаа явсан. Тэгээд Д.Цогтгэрэл, Р.Готов ах бид гурав манайд зурагт аваачиж тавиад, Р.Готов ах гэр лүүгээ явсан. Д.Цогтгэрэл ах надад хоёулаа “Хархорин” зах яваад Э.Батзаяаг хайгаад олдохгүй байхаар нь би Э.Цогтгэрэл ахаас “та эгчийг нь хаана зогсдогийг нь мэдэхгүй юм уу” гэж асуутал Д.Цогтгэрэл ах “мэдэхгүй” гэхээр нь “тэгвэл олдохгүй юм байна” гээд Д.Цогтгэрэл ах бид хоёр гэр гэр лүүгээ явсан. Тухайн үед би хулгайн юм ачих унаа олж өгч байгаагаа болон Д.Цогтгэрэл, Э.Батзаяа нарыг айлаас хулгай хийж байна гэж мэдээгүй юм. Учир нь би хөлсний унаа олохоор явахдаа болон ирэх үедээ тэр зааж байсан айл руу болон хашаанд нь ороогүй болохоор тухайн үед тэр айлын цонх болон хаалга нь эвдэрсэн байдалтай байсан зэргийг хараагүй. … Э.Батзаяагийн тэр хавьд байж байгаад нүүгээд удаагүй байгаа гэдгийг мэдэх болохоос биш тэр айл яг Э.Батзаяагийн эгчийнх мөн бишийг тухайн үед мэдээгүй байсан. Урьд нь Э.Батзаяа нь манай эгчийнх байранд нүүж ороод би засварын ажлыг нь хийж байгаа гэж ярьж байсан болохоор эгчийнхээ үлдсэн юмыг нь зөөж байна гэж ойлгож байсан юм. Мөн хэрэг гардаг өдрөөс хоёр хоногийн өмнө өөрийнхөө гэрийн зурагтыг засварын газар өгөх гэж яваад Э.Батзаяатай тааралдаж, зурагт засуулах гэж яваа талаар ярьж, пиво уугаад салж байсан учир эд зүйлсийг ачиж байхдаа Э.Батзаяа надаас зурагтаа засуулсан эсэхийг асууж “түр үзэж бай, буцааж авна шүү” гээд зурагтыг өгсөн юм. … Б.Амарзаяа намайг хулгайн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, шүүх таслахдаа зөвхөн бусад яллагдагч нарын үнэн худал нь мэдэгдэхгүй мэдүүлгийг үндэслэн хэтэрхий нэг талыг буюу зөвхөн яллах талыг баримтлан шүүх тасалсан байгаад гомдолтой байна. Э.Батзаяа нь мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч ахмад Лхамсүрэнд эд зүйлийг худалдан авсан хүнийг харвал танина, зогсдог газрыг нь мэднэ, харин машины жолооч гар утасны дугаар болон машины дугаарыг цаасан дээр бичиж авч байсныг харсан байна гэж хэлж байсан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт одоо харвал танина, зогсдог газрыг нь мэднэ гэж хэлж байсан болохоор одоо ч тэр хүнийг олж, тухайн эд зүйлийг зарахаар хэн хэн очиж, хэдэн төгрөгөөр зарсан талаар мэдүүлэг авч шалгавал Б.Амарзаяа намайг энэ хэрэгт ямар холбоотой болохыг тогтооход чухал ач холбогдолтой гэж бодож байна. Мөн анх байцаалт өгөх гэж байхад Д.Цогтгэрэл нь надад Р.Готов ах манайд орж ирээд Э.Батзаяаг асууж байгаад явсан гэж хэлээрэй, Э.Батзаяа бас ингэж хэлсэн юм шүү гэж хэлснээр нь Б.Амарзаяа би мэдүүлэг өгсөн. Энэ гэмт хэрэгт Р.Готовыг мөн хамруулаад байгаа ба анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Д.Цогтгэрэл, Э.Батзаяа нар нь мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлэг нь худал зохиомол мэдүүлэг гэдгээ хэлээд, одоо шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн талаар үнэн зөвийг мэдүүлэхээ хэлж мэдүүлэг өгч байсан. Иймд намайг хулгайн гэмт хэрэгт холбогдуулан шүүн таслахдаа яллагдагч нарыг үндэслэл муутай худал мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай болон хэргийн газар үзлэг хийхдээ хашаан дотор хэдэн хүний мөр байсан, хэн хэний хурууны хээ илэрсэн, яллагдагч Р.Готовын мэдүүлснээр хашааны том хаалга онгойлгож машин орсон ул мөр байсан зэрэг нотлох баримтуудтай харьцуулан үзэлгүй, зөвхөн яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэн хэтэрхий нэг талыг буюу зөвхөн яллах талыг баримтлан шийдвэр гаргаж байгаад маш их гомдолтой байна. Иймд уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Ялтан Б.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Э.Батзаяа, Д.Цогтгэрэл нарыг хулгай хийх гэж байгааг мэдээгүй. Өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

 

Ялтан Р.Готов тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний биеийн байдал муу байна. Одоо Цагдан хорих ангийн эмнэлэгт хэвтэж байгаа. Сахарын өвчний улмаас амьсгаа өндөрсөөд даралт ихтэй байгаа. Баривчлах ялаас үлдсэн хоногийг хасч өгнө үү” гэв.

 

Ялтан Б.Амарзаяагийн өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Амарзаяа өөрийгөө хулгайн хийхэд оролцоогүй гэж мэдүүлэг өгдөг. Харин бусад шүүгдэгч нар Б.Амарзаяаг хулгай хийхэд оролцсон гэдэг. Б.Амарзаяа Э.Батзаяаг эгчийнхээ гэрээс эд зүйл зөөх гэж байна гэж ойлгоод унаа олж ирсэн гэдэг. Хулгайн эд зүйлийг зөөсөн автомашины жолоочоос мэдүүлэг авахуулах хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг хангаагүй. Зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлгээр Б.Амарзаяад олон жилийн ял оногдуулж байгаа нь буруу юм. Б.Амарзаяа уг гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй тул түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүний үйлдэл нотлогдохгүй байгаа учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Ялтан Р.Готовын өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Р.Готовд 5 сарын баривчлах ял оногдуулсныг хөнгөрүүлж өгнө үү. Р.Готовын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Р.Готовын эрүүл мэндийн байдал хүнд байгаа. Түүнийг эргэж очих хүн байхгүй бөгөөд ганцаараа амьдардаг. Р.Готов өөрийн үйлдсэн хэрэгт гэмшиж байгаа. Түүнд оногдуулсан 5 сарын баривчлах ялыг 3 сарын баривчлах ял болгож өгнө үү” гэв.

 

Ялтан Э.Батзаяагийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Батзаяа өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдлыг өршөөсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв. 

 

Ялтан Д.Цогтгэрэлийн өмгөөлөгч Ж.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхэд ялтан Д.Цогтгэрэлийн өмгөөлөгчөөр оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй. 9 хоногийн ял үлдсэн байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Э.Готов, Э.Батзаяа нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Харин прокурорын зүгээс тэдэнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. Э.Батзаяа өмнө нь хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан, учруулсан хохирлоо төлөөгүй нөхцөл байдлыг харгалзан шүүхээс ял оногдуулж шийдвэрлэсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй. Уг гэмт хэрэгт Б.Амарзаяаг холбогдолгүй гэж байна. Гэтэл Б.Амарзаяа “Хангай” захаас автомашин авчирч хулгайн эд зүйлсийг авсан. Хулгайлсан эд зүйлээс Б.Амарзаяа зурагтыг авч гэртээ тавьсан. Түүний гомдлыг хүлээн авах боломжгүй. Б.Амарзаяа хэдийгээр хулгайлсан эд зүйлсийг ачсан автомашины жолоочийг танина гэж байгаа ч мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар тухай автомашиныг дугаарыг нь мэдэхгүй, жолоочийг нь танихгүй гэж мэдүүлж байсан. Үүнийг Б.Амарзаяагийн мэдүүлэг үгүйсгэж чадахгүй байна. Б.Амарзаяаг хэрэгт холбогдолгүй гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Прокуророос Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч анхан шатны шүүх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй. Гэсэн хэдий ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ач холбогдолгүй болсон учраас прокурор эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүхээс эд зүйлийг зарж борлуулсан хүн нь Э.Батзаяаг гэж үзэж, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл хулгайн эд зүйлийг борлуулахад Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нар хамт явсан бөгөөд эд зүйлсийг зарж олсон мөнгөөрөө хамт архи ууж, захиран зарцуулсан байдаг. Прокуророос Б.Амарзаяаг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох санал гаргаж байсан. Б.Амарзаяа өмнө нь 2 удаа хүнд гэмт хэрэгт шийтгүүлж байсан. Үүнийг нэг мөр болгуулж, түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцуулах саналтай байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

 

1. Э.Батзаяа нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын монгол гэрийн 180.000 төгрөгийн үнэ бүхий хаалгыг эвдэн орж, мөнгөн бугуйвч, мөнгөн аяга зэрэг 310.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

- мөн Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын байшингийн 25.000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан орж, машин механизм ашиглан 2.552.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг;

 

2. Б.Амарзаяа нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа Э.Батзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын байшингийн 25.000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан орж, машин механизм ашиглан 2.552.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

 

3. Д.Цогтгэрэл нь Э.Батзаяа, Б.Амарзаяа, Р.Готов нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын байшингийн 25.000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан орж, машин механизм ашиглан 2.552.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

 

4. Р.Готов нь О.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын байшингийн 25.000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан орж, машин механизм ашиглан 2.552.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

            Хохирогч Х.Эрдэнэбаярын “...2015 оны 12 дугаар сарын 8-ны өглөө 9 цагийн үед гэрээсээ гарч яваад, маргааш орой нь 2015 оны 12 дугаар сарын 9-ний орой гэртээ иртэл хашаанд байсан монгол гэрийн хаалгыг цөм цохиод хулгай орсон, мөн байшингийн урд талын цонхыг хагалан орж, байшингаас эд зүйл авсан байсан. Гэрээс орчин цагийн хөөрөг, мөнгөн бугуйвч алга болсон. Байшингаас Солонгос улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн 2 метр өндөртэй "LG" брэндийн хөргөгч, цахилгаан зуух, эко усан цахилгаан халаагч, угаалгын машин, 21 инчийн өнгөт зурагт, эрэгтэй хүний 42 размерийн шинэ пүүз зэрэг эд зүйлүүдийг хулгайд алдсан. ... Надад нийтдээ 3.123.000 төгрөгийн хохирол учирсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна. ...” /1 дүгээр хавтас, хуудас 24/,

“...Би өмнө мэдүүлэг өгөхдөө алдсан эд зүйлийн талаар ярьсан байгаа, гэхдээ гэрээс хөөрөг алдсан гэж мэдүүлсэн. Гэтэл би хөөргийг ахын гэрт орхисон юм билээ. Би гэрт хулгай ороход гэрт хөөрөг байсан гэж бодоод өмнө мэдүүлэг өгөхдөө гэрээс хөөрөг алдсан гэж мэдүүлсэн байна. Бусад зүйл нь нэмж хасагдах зүйл байхгүй, өмнө өгсөн мэдүүлэг дээр байгаа. ...” /1 дүгээр хавтас, хуудас 104/,

О.Батзаяагийн яллагдагчаар өгсөн "...Би 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд ганцаараа орж, хашаанд байсан гэрийн хаалгыг доод булангийн самбараас нь татаж, хаалгыг эвдэж орсон. Гэрээс мөнгөн аяга, мөнгөн бугуйвчийг хулгайлан авч, хашаанаас гарч яваад Амарзаяа, Цогтгэрэл хоёртой таарсан. Би тэр хоёроос мөнгөн аяга, мөнгөн бугуйвч хоёрыг зарах уу гэж асуухад Амарзаяа, Цогтгэрэл хоёр тэгье гэж хэлэхээр нь Хархорин зах руу очиж, нэг танихгүй бүдүүн хүүхэнд мөнгөн аяга, мөнгөн бугуйвч хоёроо 40.000 төгрөгөөр зараад, дэлгүүрээс 1 шил архи авч "Барс-2" захын хажууд байдаг контейнерын ард хувааж уусан. Архиа ууж дуусаад буцаад Ханын материал руу алхсан. Замаараа ... дахиж 1 шил архи авч уугаад Цогтгэрэлийн гэр лүү явцгаасан. Цогтгэрэлийн гэрт ороод бид дахин архи авч уусан. Архиа ууж дуусгаад би гэр лүүгээ харихаар гарсан. Би гэртээ ороод байж байтал Готов ах гэрийн гаднаас дуудахаар нь би гараад очтол "мөнгөн аяга, мөнгө бугуйвч зараад явж байна гэсэн, чамд мөнгө байна уу" гэж асуухаар нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад Готов ахтай хамт буцаад төв зам руу яваад мөнгөн аяга, мөнгөн бугуйвч авсан айлын гадаа очоод Амарзаяаг "та яваад машин олоод ир, би энэ айл руу орчихоод ирье" гэж хэлсэн. Амарзаяа машинд явсан, Цогтгэрэл, Готов хоёр хашааны гадаа байсан. Би хашаанд ороод гэрийн хажуу талын байшингийн цонхыг хагалж ороод доторх юмыг нь харчихаад буцаад гapaaд ирсэн. Тэгээд гарч ирээд амбаарын үүдэнд байсан сүхээр хаалгыг нь хөшиж онгойлгоод байшингаас зурагт, угаалгын машин гаргасан. Готов ахыг дуудаж байшинд оруулж ирээд шарх шүүгээг гаргасан. Дараа нь Цогтгэрэлийг дуудаж байшинд оруулж ирээд хөргөгчийг нь гаргасан. Байшингаас гаргасан зүйлээ хашаан дотор байлгаж байтал Амарзаяа цэнхэр өнгийн Портер машин aваад ирсэн. Тэгээд авсан зүйлүүдээ бүгдийг нь ачиж, би аваад явсан. Харин Амарзаяа зурагтыг нь аваад үлдсэн. Би бусдыг нь Хархорин захын хавьд аваачиж, хүнд зарсан. Би тухайн үед нилээд согтуу байсан учраас ямар хүнд өгснөө санахгүй байна. Шарх шүүгээг зах руу хүргэж өгсөн портерийн жолооч авсан. ...Би эхлээд ганцаараа гэр лүү орж мөнгөн аяга, мөнгөн бугуйвчийг авсан, дараа нь буцаж ирэхдээ Цогтгэрэл, Амарзаяа, Готов нартай ирсэн. ...” /1 дүгээр хавтас, хуудас 38/,

Б.Амарзаяагийн яллагдагчаар өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 10 цагийн үед Цогтгэрэл бид хоёр ... “Очирхайрхан” дэлгүүрийн ойролцоо Батзаяатай   тааралдсан. Батзаяатай тааралдахад надад “мөнгөн аяга, мөнгөн бугуйвч байна, энийг зармаар байна” гэхээр нь Цогтгэрэл ах, Батзаяа бид гурав “Хархорин” зах дээр ирж, алт мөнгөний ченжид мөнгөн аяга, мөнгөн бугуйвч хоёрыг 45.000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр зарсан мөнгөөрөө “Барс-2” худалдааны төв рүү орж, 0.75 литрийн 1 шил архи, ундаа, 1 хайрцаг тамхи авсан. Тэгээд 1 шил 0.75 литрийн архиа “Барс-2” захын ард талын чингэлэгийн ард очиж уусан. Бид 3 архиа ууж дуусгаад 32 дугаар байрны автобусны буудлаас такси бариад Цогтгэрэл ахын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 50-01 тоотод ирж, улаан тоосгон дэлгүүрээс 0.5 литрийн 2 шил архи аваад Цогтгэрэл ахын гэрт орж уусан. Тэрийг уучихаад Батзаяа “би согтоод байна, орж унтлаа” гээд гараад явсан. Тэгээд Цогтгэрэл ах бид хоёр байж байтал гаднаас Готов ах орж ирээд "Батзаяа мөнгөн аяга, бугуйвч зарах гээд явж байсан гэсэн, хаана байна" гэж асуусан. Тэгэхээр нь би “Батзаяа харилаа гэж хэлээд явсан” гэж хэлсэн чинь Готов ах гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Готов ах Батзаяагийн хамт буцаад ороод ирсэн. Тэгээд Готов ах Батзаяатай юм ярьж байгаад дагуулаад гараад явсан. Цогтгэрэл ах бид хоёр араас нь гарсан. ...Тэгээд урд талын дэлгүүр рүү явж байсан чинь Готов ах Батзаяа хоёр зогсож байсан. Тэгээд Цогтгэрэл ах бид хоёр очсон. Тэгтэл Батзаяа намайг “юм ачихаар портер олоод ирээч” гэсэн. Тэгээд би тэндээс “Хангай” зах руу яваад нүүрс ачсан цэнхэр өнгийн портерийн жолоочтой уулзаад 10.000 төгрөг өгөхөөр тохироод Батзаяагийн ир гэсэн газар очсон. Тэнд очсон чинь Цогтгэрэл ах, Готов ах, Батзаяа гурав гудамжинд хөргөгч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг, зурагт 1 ширхэг, шарх шүүгээ 1 ширхэгийг гаргаад тавьсан байсан. Тэгээд бид нар тэр зүйлүүдийг портер дээр ачсан. Ачиж байхад би Батзаяад энэ зурагтаа ахдаа өгчих, ах нь түр гэртээ үзэж байгаад өгье гээд авсан. Тэгээд Батзаяа “араас такси бариад хүрээд ирээрэй” гэж хэлээд портерийн жолоочтой хамт явсан. Бид гурав авсан зурагтаа манайд аваачиж тавьчихаад Батзаяагийн араас нь такси бариад Хархорин зах дээр очоод Батзаяаг хайсан. Тэр хавиар хэсэг хайж байгаад Готов ахаас төөрөөд салсан. Тэгээд Цогтгэрэл ах бид хоёр тэр хавиар хайж байгаад олдохгүй болохоор нь болиод Цогтгэрэл ахын гэр рүү алхаж ирсэн. Замдаа 0.5 литрийн 1 шил архи аваад Цогтгэрэл ахынд ирж архиа уусан. Тэгээд би согтоод гэр лүүгээ орж унтсан. Тэгээд  гэртээ  унтаж  байтал  цагдаа  нар  манай   гэрт  ирж  намайг  аваад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...Тухайн үед машин олж ирэхэд нь би айлаас хулгай хийх гэж байна гэдгийг нь ойлгоогүй байсан. Би согтуу байсан болохоор хулгайн эд зүйл ачиж байгаа гэдгээ мэдээгүй. Мөн хөргөгч, угаалгын машин, шарх шүүгээ зэрэг эд зүйл зарсан мөнгөнөөс хамт үрэлцээгүй. Би портерийн жолоочид "Эндээс юм ачих гэсэн юм, 10.000 төгрөг өгье" гэж хэлсэн. ...” /1 дүгээр хавтас, хуудас 43-45/,

Д.Цогтгэрэлийн яллагдагчаар өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 10 цагийн орчим өөрийн хуурай дүү Амарзаяатай гэрт нь очиж уулзаад цугтаа иргэний үнэмлэхний лавлагаа авахаар Сонгинохайрхан дүүрэг рүү явж байтал бидний хулгай хийдэг айлын хажуу талын "Очирхайрхан" гэдэг дэлгүүрийн тэнд Батзаяа мөнгөн аяга, мөнгөн бугуйвчийг баруун зүүн халааснаас гаргаж ирээд энийг зарчихмаар байна гэж хэлсэн. Ингээд Амарзаяа, Батзаяа бид 3 Хархорин зах ороод "Барс-2" захын үүдэнд байсан махлаг шар хүүхэнд мөнгөн аяга, мөнгөн бугуйвч хоёроо нийлүүлээд 40.000 төгрөгөөр зарсан. Тэгээд “Барс-2” зах ороод 1 шил 0.75 литрийн архи авсан. Авсан архиа “Барс-2”-ын зүүн талын контейнерийн ард гурвуулаа хувааж уучихаад 1 цагийн үед бид 3 манайд очоод 2 шил 0.5 граммын "Эзэн чингис" нэртэй архи аваад хувааж уусан. Тэгтэл 16 цагийн орчим Батзаяа “орж унтлаа” гээд гараад явсан. Батзаяаг явсны дараа манайд хааяа цуг архи уудаг Готов ах орж ирээд Батзаяаг асуусан. Тэгэхээр нь Батзаяаг гэр лүүгээ явсан талаар хэлэхэд араас нь гараад явсан. Тэр үед би орон дээрээ хэвтэж байсан. Батзаяа, Готов ах 2 хоорондоо юм ярьж байгаад гараад явсан. Дараа нь тэр хоёрын араас Амарзаяа бид хоёр гараад манай гэрийн зүүн талын улаан тоосгон "Дамбо" гэдэг дэлгүүр лүү Батзаяа, Готов ах хоёрыг асууж ортол байхгүй байсан. Ингээд “Очирхайрхан” дэлгүүр лүү очиж үзэхэд тэр 2 байж байсан. Тэгтэл Батзаяа нь Амарзаяаг “портер олоод ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь Амарзаяа “портероор яах гэж байгаа юм” гэж асуутал “юм ачих гэж байна” гэж хэлсэн. Ингээд Амарзаяа портер олохоор ганцаараа явсан. Энэ хооронд нь Батзаяа, Готов ах, бид гурав "Очирхайрхан" дэлгүүрийн баруун  талын улаан өнгийн 1 давхар тоосгон байшинтай айл руу түрүүлээд Батзаяа ороод хаалга үүдийг нь онгойлгоод Готов ах, бид 2 араас гэрт нь ороод хөргөгчийг нь бид хэд өргөөд гудамжинд гаргасан. Харин угаалгын машин, шарх шүүгээ, зурагт 3 нь хашаан дотор нь байсан. Тэгээд "Очирхайрхан" дэлгүүрийн баруун талын гудамжинд тухайн эд зүйлсийг зөөж гаргаад байж байтал удалгүй Амарзаяа портер аваад ирсэн. Тухайн портерт хөргөгч, угаалгын машин, шарах шүүгээ зэрэг эд зүйлийг 17 цагийн үед ачсан. Зурагтыг нь Амарзаяа Батзаяагаас түр гэртээ тавьчихъя гэж хэлээд аваад гэр лүүгээ явсан. Тэгэхэд нь бид хэд хамт явсан. Батзаяа тэр үед портероо унаад Хархорин явсан. Ингээд бид Амарзаяагийн гэрт зурагтыг нь оруулж тавьсан. ...Би хулгайн эд зүйл болохыг нь мэдэж байсан. Гэхдээ тэр үед согтуу байсан болохоор ямар нэг юм бодоогүй. Шууд хамтарч хулгай хийсэн. Батзаяа хаалгыг нь сүхээр эвдсэн гэж ярьж байсан. Түүнээс биш би хараагүй. ...” /1 дүгээр хавтас, хуудас 50-52/,

Р.Готовын яллагдагчаар өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол орж таньдаг хүнтэйгээ уулзаад, архи хувааж уучихаад буцаад гэр рүүгээ явж байтал худгийн урд талын замын баруун талд нүүрэн талын хашаанд цэнхэр өнгийн портер зогсоочихсон Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл гурав айлын хашаанаас юм зөөгөөд ачиж байсан. Тэгтэл Э.Батзаяа цахилгаан зуух өргөж ачих гээд "Готов ахаа өргөлцөөд өгөөч, би даахгүй байна" гэж хэлэхээр нь би цахилгаан зуух өргөлцөж өгөөд машинд ачилцаж өгсөн. Тэр гурав хашаанаас хөргөгч, цахилгаан зуух, цахилгаан халаагч ачсан, өөр юу юу байсан эсэхийг одоо санахгүй байна. Тэгтэл Э.Батзаяа нөгөө юмнуудаа ачиж дуусаад портертой, харин Амарзаяа, Цогтгэрэл хоёр гудамжаар ороод зүүн тийшээ яваад өгсөн. Би гэр рүүгээ явсан. ...Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нарын гэр биш гэдгийг мэдэж байна. ...” /1 дүгээр хавтас, хуудас 124/ гэх мэдүүлгүүд,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Б.Амарзаяа нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Б.Амарзаяа нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна.  Б.Амарзаяа нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Амарзаяа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх 302 тоот шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, хуудас 198/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 6-8/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хуудас 10-12/, эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хуудас 21-23, 105/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 103/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 102/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Э.Батзаяа нь 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-01 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын монгол гэрийн 180.000 төгрөгийн үнэ бүхий хаалгыг эвдэн орж, 160.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бугуйвч, 150.000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга зэрэг нийт 310.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлүүдийг хулгайлж, улмаар уг эд зүйлүүдийг авч явах үедээ Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нартай тааралдаж, хамтдаа “Хархорин” зах дээр мөнгөн бугуйвч, мөнгөн аяга зэргийг бусдад борлуулж, олсон мөнгөөрөө архи авч, согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ, мөн өдрийн 16 цагийн үед Э.Батзаяа нь Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нарыг дээрх Х.Эрдэнэбаярын хашаанд дагуулан ирж, байшингийнх нь 25.000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан орж, хөргөгч, цахилгаан зуух, цахилгаан эко-халаагуур, угаалгын машин, зурагт, пүүз зэрэг нийт 2.552.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлүүдийг хулгайлж, “Портер” загварын автомашинаар авч явсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтад дурдсан Э.Батзаяагийн хулгайлсан эд зүйлсийг хамтран бусдад зарж борлуулсан Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан ял сонсгон яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болсон байх боловч уг үйлдлийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал бий болсон байх тул дахин хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Э.Батзаяа нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялтай байдал дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон нь хууль үндэслэлтэй байна.

 

Мөн Б.Амарзаяа нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Б.Амарзаяад оногдуулсан 6 жилийн хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор /147 дугаар зүйлийн 147.2/ оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 7 cap 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 7 сар 9 хоногийн хугацаагаар тогтоож, Сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 78 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагджээ.

 

Б.Амарзаяа нь дээрх хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан 2 жил 17 хоногийн хугацаанд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд түүний Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн хэргийн ялтай байдал дуусаагүй байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт “Энэ хэргийг … дээрэмдэх … гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд … үйлдсэн бол …” гэж зааснаар түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Б.Амарзаяа нь 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 82 дугаар шүүгчийн захирамжаар 7 cap 9 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд уг гэмт хэрэгт ялгүй болох хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж, 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, уг ял дээр дээрх хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан 7 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, уг ялаа эдлэж байгаад Сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 78 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан байх тул 2008 онд үйлдсэн дээрмийн гэмт хэрэгт ялгүй болох хугацаа тоологдож эхлээгүй байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.5 дахь хэсэгт “Ялаа эдэлж дууссан этгээд ялгүй болох хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл ялгүй болох хугацаа тасрах бөгөөд сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан үндсэн ба нэмэгдэл ялыг эдэлж дууссаны дараа түрүүчийн гэмт хэрэгт ялгүй болох хугацааг хамтатган эхэлж тоолно. Тэгэхдээ аль хүнд ялтай хэрэгтээ ялгүй болох хугацаа дуустал уг этгээд аль алинд нь ялтайд тооцогдоно” гэж заажээ.

 

Б.Амарзаяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байх боловч урьд дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүй болох хугацаа дуусаагүй байхдаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг болсон байдалд анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Амарзаяаг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцоогүй нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.   

 

 

Э.Батзаяагийн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 10 цагийн үед иргэн Х.Эрдэнэбаярын гэрээс хулгайлсан мөнгөн бугуйвч, мөнгөн аяга зэргийг Б.Амарзаяа нь “Хархорин” зах дээр бусдад борлуулж, олсон мөнгөөрөө архи авч, согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ, мөн өдрийн 16 цагийн үед Э.Батзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нартай Х.Эрдэнэбаярын хашаанд очиж, улмаар “Портер” загварын автомашиныг хөлслөн авчирч, хулгайлсан эд зүйлсийг ачсан, уг эд зүйлсээс зурагтыг ашиглахаар гэртээ авчирсан байсан нь Б.Амарзаяаг Э.Батзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нарыг хулгайн гэмт хэрэг хийж байгааг мэдээгүй гэх үндэслэлийг бий болгохгүй байна.

 

Мөрдөн байцаалтын болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул ялтан Э.Батзаяа, Б.Амарзаяа, Р.Готов нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Э.Батзаяа, Б.Амарзаяа, Р.Готов нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                

                   ШҮҮГЧИД                                                           Ц.ОЧ

                                                                                                                                                                                                         

                                                                                              Т.ӨСӨХБАЯР