Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
Хэргийн индекс | 187/2016/0016/Э |
Дугаар | 571 |
Огноо | 2016-09-08 |
Зүйл хэсэг | 091.2.1, 091.2.7, |
Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 571
С.Бадамдоржид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Т.Жаргалсайхан,
Ялтан С.Бадамдоржийн өмгөөлөгч Д.Бурмаа,
Хохирогч С.Цогтбаяр, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,
Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Б.Батболор, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Бадамдоржийн гаргасан давж заалдах гомдлоор С.Бадамдоржид холбогдох эрүүгийн 201526031197 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Бууч Олхонууд овогт Соронзонболдын Бадамдорж, 1996 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 19 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, гэмт хэрэгт холбогдох үедээ "Ач" анагаах ухааны дээд сургуулийн 1 дүгээр курст суралцаж байсан, мэргэжилгүй, ам бүл 6, эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар баг, Магсаржавын 72 айлын орон сууцны 64 тоотод оршин суух бүртгэлтэй боловч гэмт хэрэгт холбогдох үедээ Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хорооллын 26-166 тоотод оршин сууж байсан, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /ПЮ96092132/.
С.Бадамдорж нь 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 19 цагаас 20 цаг 30 минутын хооронд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн шар байрны урд байрлах "Энжана" ломбарданд шунахай сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ С.Цогтбаярыг хутгалж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулан санаатай алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: С.Бадамдоржид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Соронзонболдын Бадамдоржийг шунахайн сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хүнийг санаатай алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Соронзонболдын Бадамдоржийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бадамдоржид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бадамдоржийн цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих төлбөргүй ба хохирогч С.Цогтбаяр цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “сиди”-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 1 ширхэг цахилгаан бороохойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг "Эд мөрийн баримт устгах комисс"-т даалгаж, Эрүүгийн 201526031197 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Ялтан С.Бадамдорж гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь 1996 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 19 настай. Миний бие нь уг хэрэгт холбогдохоос өмнө “Ач” анагаах ухааны дээд сургуулийн 1 дүгээр курст суралцаж байсан. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хийсэндээ туйлын ихээр харамсаж, гэмшиж байна. Миний бие нь гэмт хэрэг хийх болсон шалтгаан нь өөрийн бодлогогүй, гэнэн тэнэг байдлаасаа болж гэмт хэрэг хийсэндээ харамсаж явна. Өөрийн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаагаа илэрхийлж, хохирогч С.Цогтбаяр ахаас гарсан эмчилгээний зардал 17.000.000 төгрөгийг барагдуулсан байгаа. Гэм буруутай байдлаа би ухамсарлан ойлгож, хийсэн хэрэгтээ гэмшиж хохирогч С.Цогтбаяр ахаас удаа дараа уучлалт гуйсан. … Миний амьдрал ахуй маань хүнд, эх маань Ховд аймгийн Жаргалант суманд 3 дүүгийн хамт амьдарч байгаа. Миний цаашдын амьдрал ахуй, сурч боловсрох байдлыг минь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Ялтны өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие С.Бадамдоржийн өмгөөлөгчөөр мөрдөн байцаалтын шатнаас оролцсон. Өнөөдрийн шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Миний үйлчлүүлэгч С.Бадамдорж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Өмгөөлөгчийн хувьд С.Бадамдоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан хуульд заасан хорих ялаас доогуур ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хорих ял оногдуулж болох хэрэг анх удаа үйлдсэн. Шүүгдэгч үйлдсэн хэргийнхээ хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан объектив нөхцлүүд бүрдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт хорих ял оногдуулж болох гэмт хэрэг гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4, 17.5 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулж болох хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэгт хамаарч байна гэж үзэж байна. Дээрх объектив шинж бүрдсэн болохоор шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанарыг харгалзаж, ялыг хөнгөрүүлэх боломжтой байна. Шүүгдэгч эд залуу 20 настай, оюутан хүн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан түүний багш, найз нөхдийн тодорхойлолтоор хувийн байдал, сурлага хүмүүжлээр сайн, төлөв төвшин, муу зуршилгүй хүүхэд болох нь тодорхойлогддог. Мөн эх, 3 дүүгээ авч явах айлын том хүүхэд юм. Үйлдсэн хэргийнхээ шинж байдлын хувьд завдсан үйлдэл байгаа. Завдсан үйлдэл нь төгссөн гэмт хэрэгтээ харьцуулахад нийгмийн хор аюулын хувьд хамаагүй бага байдаг. Үйлдлээ туйлд нь хүргэхгүй зогсоосон зүйл харагддаг. Эдгээр байдлуудаас Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан бага залуу хүний ирээдүй, сурч боловсрох эрх зэргийг нь харгалзаж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар багасгаж, хөнгөрүүлэн хорих ял оногдуулах боломжтой байна. Нэгэнт давж заалдах гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь шалгаж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны буюу үндэслэлтэй байх зарчмыг зөрчиж гарсан гэдгийг хэлмээр байна. Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар шунахайн сэдэлтэй, 91 дүгээр зүйлийн 91.2.7 дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэсэн 2 зүйлээр ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь энэ гэмт хэрэгт шунахайн сэдэлт байхгүй гэж үзэж байна. Монгол хэлний тайлбар толинд “шунахай” гэдэг нь “эд юманд ховдог, ханахыг мэдэхгүй” гэж тодорхойлсон. Улсын Дээд шүүхийн 2003 оны 23 дугаар тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан шунахайн сэдэл гэдэгт гэмт хэрэгтэн өөртөө буюу бусад этгээдэд эдийн буюу эдийн бус баялаг олж авах, эсвэл ямар нэг үүргийг гүйцэтгэхээс зайлсхийх гэсэн санаа зорилгыг ойлгоно. Мөрдөн байцаалтын шатанд шунахай сэдэлт байсан эсэхийг тогтоогоогүй нь энэ хэргийг шунахайн сэдэлтэй байна гэж зүйлчилсэнтэй тохироогүй гэж үзэж байна. Хутгалсныхаа дараа гар утсыг авч явсан нь дээрэмдэх санаа зорилготой байсан гэдэгт эргэлзээ төрүүлж байна. Тийм учраас зүйлчлэлийг өмгөөлөгчийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл гар утсыг нь худалдаж авахаар эх рүүгээ залгасан. Сим картаа хийсэн. Гар утасны дугаараа мэдэгдсэн. Хаана сурдаг, хаана шинэ жил тэмдэглэж байгаа тухай өөрийн бүхий л мэдээллээ хохирогчид өгсөн. Гар утсанд өөрийнх нь сим карт байсан учраас аваад гарсан. Тэгэхээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хутгалаагүй. Тиймээс хэргийн зүйлчлэлийг үндэслэлтэй зүйлчлээгүй гэж үзэж байна. Хохирогчид учирсан гэмтлийн зэргийн хувьд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9 дэх хэсэгт заасан гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуурт бамбай булчирхай гэмтсэн гэж байгаа. Гэтэл тус журмын 2.2 дахь хэсэгт заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжид энэ гэмтэл тодорхойлогдохгүй байгаа. Тухайлбал, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4 дэх хэсэгт ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр буюу 35-100 хувь тогтонги байдлаар алдагдсан байх ёстой гэсэн байдаг. Хамгийн сүүлд гарсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн 410 дугаар дүгнэлтэд цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж заасан байна. Тэгэхээр өвчний түүх дээр нь бамбай булчирхайн гэмтэл дагалдах оношоор эмчлэгдсэн байгаа. Одоо хөдөлмөрийн чадварт нь нөлөөлөхгүй байгаа учраас гэмтлийн зэрэг дээр нь өмгөөлөгчийн хувьд эргэлзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна” гэв.
Хохирогч С.Цогтбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх дээр хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан “Сиди”-г үзэхэд бичлэг өөрчлөгдсөн байсан. Би өнөөдрийн шүүх хуралдаан дээр эх хувиар нь “Сиди”-г авчирсан байгаа. Эх хувь “Сиди”-ний бичлэгээс өмгөөлөгчийнх нь үгүйсгээд байгаа бүх зүйл тодорхой харагдана. Хавтаст хэрэгт авагдсан “Сиди”, надад байгаа эх хувь “Сиди” хоёрыг зэрэг тавьж үзэхэд солигдсон нь харагдаж байгаа. Анхан шатны шүүх дээр “Сиди”-г тавих гэсэн боловч ямар ч дүрс бичлэгийн шаардлага хангахгүй байсан. Ямар үйл явдал болж байгаа нь харагдахгүй, хүний ерөнхий дүрс байна уу гэхээс тэр хүн ямар үйлдэл хийж байна, дээрэм хийж байна уу, хутгалаад дараа нь эд зүйлийг нь дээрэмдээд байна уу гэдэг харагдах ёстой байтал харагдахааргүй болгосон байсан. Мөрдөн байцаагч надаас 2 удаа “Сиди” авсан. Анх авсан “Сиди”-гээ алга болгосон гээд 2 дахь “Сиди”г авсан. Энэ явцдаа “Сиди”-г сольсон байгаа. Надад одоо эх хувь “Сиди” байгаа. Шаардлагатай гэвэл энэ “Сиди”-г үзүүлж, энэ хүний ярьж байгаа зүйл үнэн байна уу, үгүй юу гэдгийг харж болно. Анагаах ухааны сургуульд сурч, хүнийг эмчлэх хүн болох гэж байсан байж хаана нь дүрвэл хүнийг хамгийн хурдан алж болох уу гэдгийг мэдсэн байсан. Гэтэл өмгөөлөгч нь чамайг алах гээгүй гэж ярьж байгаад нь гомдолтой байна. Гэхдээ нас залуу хүнийг олон жил хорих ялаар шийтгүүлээд яваасай гэсэн хүсэл байхгүй. Ял шийтгэлийн хувьд бараг багадсан гэж үзэж байгаа” гэв.
Хохирогч С.Цогтбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны гарсан гэж үзэж байгаа. Ялтны өмгөөлөгч Д.Бурмаа гомдол гаргаагүй. Ялтан өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэж өгөөч гэсэн гомдол гаргасан. Энэ заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй. Яагаад гэвэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 гэдэг зүйлийн санкци нь 15-аас дээш жилийн хорих ял оногдуулах заалттай. Харин ч өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг хэрэглэснээс завдалтаар ялыг хөнгөрүүлсэн нь илүү бага ял оногдуулсан гэж үзэж байгаа. Ялтны өмгөөлөгч Д.Бурмаа нь шунахайн сэдэлт байхгүй гэж үзээд байна. Миний хувьд шунахайн сэдэлт байсан. Анхнаасаа энэ ломбардыг дээрэмдэх гэж орж ирсэн гэж үздэг. Яагаад гэвэл С.Бадамдорж анх хутгатай орсон. Өдөр орсон хүн өдөржин ломбарданд дотор суугаад хөдөлгөөн багасаад ажил тарах үед мөнгө төгрөгөө янзлаад сууж байтал түүний эд зүйлийг булааж авахын тулд хохирогч С.Цогтбаярыг хутгалж, хүнд гэмтэл учруулсан. Зүүн гартаа 9 шөрмөс залгуулж оёулсан. Өнөөдөр 2 хуруу нь мэдээ ороогүй байгаа. Цаашид ч энэ 2 хуруу нь бүрэн ажиллагаанд орно гэсэн эмнэлгийн магадлагаа хэлээгүй байгаа. Тэгэхээр энэ хүн өнөөдөр хөдөлмөрийн чадвараа алдсан байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Т.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.Бадамдоржид холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.7 дахь хэсэгт зааснаар С.Бадамдоржид ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол үндэслэлтэй, хууль ёсны гарсан. Мөрдөн байцаалтын шатанд авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлсэн. Шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь тухайн этгээдийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанарт бүрэн тохирсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлан ял оногдуулсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хохирогч С.Цогтбаяр нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “мөрдөн байцаалтын шатанд эд мөрийн баримтаар тооцсон “СиДи”-ний бичлэг өөрчлөгдсөн, өөрчлөгдөөгүй бичлэгтэй Си Ди надад байгаа” гэсэн тайлбарыг гаргав.
Мөрдөн байцаалтын шатанд “Энжана” ломбардны 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн камерын бичлэгтэй 1 ширхэг “СиДи”-г эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсарган нотлох баримт цуглуулах ажиллагаа хийжээ.
Харин уг нотлох баримтыг бэхжүүлэх ажиллагаа хийгээгүй нь нотлох баримтын хэмжээнд үнэлэх, бусад нотлох баримттай харьцуулан дүгнэлт хийх боломжгүй болгожээ.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 93 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримт болох “СиДи”-ний бичлэгийг бэхжүүлэх ажиллагааг хийхийн зэрэгцээ “СиДи”-ний бичлэг яагаад өөрчлөгдсөн болохыг шалгаж, яагаад өөрчлөгдсөн болохыг тогтоох нь зүйтэй.
“СиДи”-ний бичлэгийг бэхжүүлэх тэмдэглэлдээ хэн, ямар цаг хугацаанд, ямар үйлдэл хийж байгааг нэг бүрчлэн тусгах.
“СиДи”-ний бичлэгийг бэхжүүлснээр гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн байдал нотлогдохоос гадна хохирогчийн мэдүүлэг үнэн эсэхэд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой юм.
Түүнчлэн С.Бадамдоржийн хүнийг санаатай алахыг завдсан үйлдэл нь төгссөн, эсхүл төгсөөгүй завдалт аль нь болохыг мөрдөн байцаалтын шатанд тодруулах нь зүйтэй.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Бадамдоржид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол С.Бадамдоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Т.ӨСӨХБАЯР