Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 02

 

         Д.Насанбаяр, Г.Доржготов нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 155/2016/0216/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:                                                                 

 Прокурор: Л.Отгончимэг,

 Ялтан: Д.Насанбаяр, Г.Доржготов,

 Ялтны өмгөөлөгч: Г.Баярдаваа, Б.Отгонцэцэг,

 Нарийн бичгийн дарга: Б.Оюунбилэг нарыг оролцуулан

 Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолтой, ялтан Д.Насанбаяр, Г.Доржготов нарт холбогдох 201522000503 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч Б.Отгонцэцэг, Г.Баярдаваа нарын давж заалдах гомдол, улсын яллагч Л.Отгончимэгийн эсэргүүцлийг үндэслэн  2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 22-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шарнууд овогт Даваапилын Насанбаяр /Регистрийн дугаар РБ85032214/,

Монгол улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 07-нд төрсөн, 39 настай, эрэгтэй, Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, Тангад овогт Гарамжилын Доржготов /Регистрийн дугаар И377080711/.

Д.Насанбаяр Г.Доржготов нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төв 3 дугаар баг 1-9 тоотод иргэн Д.Цогбаяртай түүний зүй бус үйлдлийн улмаас маргалдан улмаар бүлэглэн зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Хөвсгөл аймгийн дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Шарнууд овогт Даваапилын Насанбаяр, Тангад овогт Гарамжилын Доржготов нарыг бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д зааснаар шүүгдэгч Д.Насанбаярыг 5 /тав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Доржготовыг 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Насанбаярын 5 /тав/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг, шүүгдэгч Г.Доржготовын 4 /дөрөв/ жил 7 /долоо/ сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч Д.Насанбаярын 87 /наян долоо/ хоног, шүүгдэгч Г.Доржготовын 140 /нэг зуун дөч/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,  Эрүүгийн 201522000503 дугаар хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 168 сантиметр хэмжээтэй, 12 сантиметрийн диаметртэй, тойргийн хэмжээ нь 39 сантиметр хэмжээтэй модыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгаж, шүүгдэгч Д.Насанбаяр, Г.Доржготов нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Б.Отгонцэцэг давж заалдах гомдолдоо: ...1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...Шүүгдэгч Д.Насанбаяр, Г.Доржготов нар нь 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Арбулаг сумын төв З дугаар багт иргэн Д.Цогбаярыг бүлэглэн зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ...шүүгдэгч Насанбаярын мэдүүлэг, хохирогч П.Ганчимэгийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Амаржаргал, гэрч Ч.Өнөртүвшин нарын мэдүүлэг зэргээс үзэхэд Д.Насанбаяр, Г.Доржготов нар нь бүлэглэн бусдын бие махбодид нь хүнд гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна... гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь эргэлзээтэй байна. Учир нь хохирогч П.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт ...гэдэс нуруу хавьд нь нөгөө залуу нь өшиглөж байсан... мөн насанд хүрээгүй гэрч Г.Амаржаргалын ...Шааний ах /Д.Насанбаярыг Шааний гэж дууддаг/ хашааны хаалга даруулдаг модоор аавыг цохисон, ..нөгөө танихгүй ах аавын гэдэс рүү өшиглөөд байсан... хх-54хуудас,

2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 537 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлтээр зүүн чамархай ясны цөмөрсөн болон шугаман хугарал, зүүн чамархайн булчингийн цус хуралт бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтээс үзэхэд хэний үйлдлээс тухайн хохирогч Цогбаярт хүнд гэмтэл учирсан, Д.Насанбаяр, Г.Доржготов нар нь Цогбаярыг бүлэглэн зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан эсэх зэрэг нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь зөрүүтэй мөн эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим зөрчигдсөн байна.

2. Мөн уг тогтоолын тогтоох хэсгийн 3-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Насанбаярт оногдуулсан 5 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй гэснийг жирийн дэглэмд гэж өөрчилж өгнө үү.

3. ...чанга дэглэмтэй гэснийг жирийн дэглэмтэй гэж мөн Д.Насанбаяр, Г.Доржготов нар нь бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д зааснаар зүйлчилсэнг хөнгөрүүлэн өөрчилж, тус тус шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Г.Баярдаваа давж заалдах гомдолдоо: ...Ялтан Г.Доржготов нь хохирогч Цогбаярт хүнд гэмтэл  учруулаагүй буюу толгойн тус газар нь цохиогүй, өшиглөөгүй болох нь гэрч, хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр нотлогддог. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтыг үндэслэн бүлэглэн үйлдсэн гэж дүгнэж ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6 дугаар зүйлд заасан ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна. гэх шударга ёсны зарчимтай харшилж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ялтан Г.Доржготовыг гэм буруутайд тооцож 4 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.  гэжээ

Улсын яллагч Л.Отгончимэг эсэргүүцэлдээ: ...1.Шүүх шүүгдэгч Д.Насанбаярт оногдуулсан 5 жил 4 сарын хорих ял, Г.Доржготовт оногдуулсан 4 жил 7 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10-д заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр зааж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэх ёстой байхад чанга дэглэмд эдлүүлэхээр заасан нь үндэслэлгүй байна.

...2. Шүүгдэгч Г.Доржготов нь урд ял шийтгэгдсэн байх бөгөөд түүний Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байдлыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамааруулан ялгүй гэж дүгнэсэн нь буруу байна. ...Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох ёстой атал мөн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд ...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгдэгч  Д.Насанбаяр  88 хоног,  шүүгдэгч Г.Доржготов 141  хоног цагдан хоригдсон байхад шүүх  цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон учир зөвтгөх, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Д.Насанбаяр Г.Доржготов нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын төвд иргэн Д.Цогбаяртай маргалдаж, улмаар бүлэглэн зодож, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

-Хохирогч П.Ганчимэгийн ...Зодооныг Шааний эхлүүлсэн. ...Шааний хашаан дотор байсан бүдүүн шургаагаар Цогбаярыг цохиж унагаасан. Нөгөө залуу нь мөн Цогбаярыг биеийнх нь хаа хамаагүй өшиглөж зодсон. гэсэн мэдүүлэг  /хх-ийн 46-49-р хуудас/,

-Насанд хүрээгүй гэрч Г.Амаржаргалын ...Аавыг хашааны хаалга руу очиж явтал Шааний нь хашааны хаалга даруулдаг модыг аваад аавыг модоороо цохиод унагаасан. Тэгтэл аав нэг их сонин газар унаад өгсөн. ...Аавыг газар унасан байхад нь нөгөө танихгүй ах аавын гэдэс рүү нь өшиглөөд байснаа газар байсан модыг аваад цохих гэж байхад нь Өнөртүвшин ах болиулсан. гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-56-р хуудас/,

-Гэрч Ч.Өнөртүвшингийн ...Гэтэл Арбулагийн харьяат залуу Шааний нь Цогбаярын нуруу далыг хавсарч шургааг  модоор цохисон. ...нөгөө өндөр залуу нь болохоор өшиглөөд байсан. гэсэн мэдүүлэг  /хх-ийн 66-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 537 дугаартай

...зүүн чамархай ясны цөмөрсөн болон шугаман хугарал, зүүн чамархайн булчингийн цус хуралт бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, ялтан нарт оногдуулсан ял, шийтгэл тохирсон байна.

 Г.Доржготов нь Д.Насанбаяртай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж, хохирогчийг өшиглөсөн нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон,  анхан шатны шүүхийн  Д.Насанбаяр, Г.Доржготов нар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх тул өмгөөлөгч  Г.Баярдаваагийн Г.Доржготов нь хохирогч Цогбаярт хүнд гэмтэл учруулаагүй буюу толгойн тус газар нь цохиогүй, өшиглөөгүй, ... Г.Доржготовыг гэм буруутайд тооцож 4 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн, өмгөөлөгч Б.Отгонцэцэгийн Д.Насанбаяр, Г.Доржготов нар нь Цогбаярыг бүлэглэн зодож бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан эсэх зэрэг нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь зөрүүтэй мөн эргэлзээтэй гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх шүүгдэгч нарт хорих  ял эдлүүлэх дэглэм тогтоохдоо Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримталж, ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр тогтоосон атал шийтгэх тогтоолд чанга гэж заасан нь  шүүх хуралдааны тэмдэглэлд ...ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж гэж тусгаснаар нотлогдож байх тул  улсын яллагчийн эсэргүүцэл, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүгдэгч  Д.Насанбаяр  88 хоног,  шүүгдэгч Г.Доржготов 141  хоног цагдан хоригдсон байхад шүүх цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон учир зөвтгөх саналтай байна. гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах нь  зүйтэй байна.

Анхан шатны шүүх ...Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарч байх тул Г.Доржготовын өмнө үйлдсэн гэмт хэргийг өршөөн хэлтрүүлж гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь  Г.Доржготовын ялтай байдал нь мөн хуулийн  6 дугаар зүйлийн 6.1.1-д хамаарч байх ба энэ заалт нь өмнө үйлдсэн гэмт хэргийг бус ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох зохицуулалт болохыг анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар  зүйлийг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:  

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын чанга гэснийг жирийн гэж, 4 дэх заалтын 87 гэснийг 88 гэж, 140 гэснийг 141 гэж тус тус  өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Улсын яллагчийн эсэргүүцэл, ялтны өмгөөлөгч Б.Отгонцэцэгийн  давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, ялтны өмгөөлөгч Г.Баярдаваагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, Улсын ерөнхий прокурор магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРХҮҮ

                   ШҮҮГЧИД                                                       Ц.ТУЯА

                                                                                 Б.СОСОРБАРАМ