Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 491

 

 

     Д.Баянжаргалд холбогдох эрүүгийн хэргийн тухай  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор  О.Багшбаяр,

ялтан Д.Баянжаргал, түүний өмгөөлөгч Н.Баасансүрэн,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Баянжаргалын гаргасан давж заалдах гомдлоор Д.Баянжаргалд холбогдох эрүүгийн 201625010897 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Дашрэнцэн Баянжаргал, 1957 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 59 настай, эмэгтэй, Дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Сүүний 27 дугаар байрны 25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ТЖ57030862/,

 Д.Баянжаргал нь 2015 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэр 27 дугаар байрны 25 тоот гэртээ иргэн Н.Энхтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрүүл маргаан хийж, цохиж улмаар түүнийг цохиж бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Баянжаргалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Баянжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Д.Баянжаргалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Баянжаргалаас 414.090 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Энхтуяад олгож, Д.Баянжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Ялтан Д.Баянжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Н.Энхтуяагийн анхан шатны шүүх хуралдаанд ярьсан шиг зодоон цохион болоогүй. Бид хэрэг гарах үед харилцан цохилцоод өнгөрсөн асуудал болсон юм. Н.Энхтуяаг би хэл амаар доромжлоогүй, хутга шөвөг гаргаагүй, айлгаж зодоогүй. Зөвхөн би хүүхэд л өгөхгүй, өвчтэй байсан тухай асуудал яригдаж маргалдсан. Би зээ охиноо төрсөн цагаас нь хойш асарч, өсгөж хүмүүжүүлсэн. 2 дугаар сарын 19-ний өдөр зээ охин маань өвдсөн байсан тул би охиноо эмнэлэгт үзүүлж, эмчийн заавраар 5 хоногийн эмчилгээ хийхээр болсон. Гэтэл Д.Энхтуяа дүүгээ авна гээд манай гэрт ирэхэд нь би хүүхэд өвчтэй байгаа тул өгч явуулах боломжгүй байгааг тайлбарлаж хэлсэн. Бид хүүхдээ байнга л ээлжилж авдаг байсан. Гэтэл Д.Энхтуяа “дандаа хүүхэд өвчтэй гэж шалтаглаж байдаг. Би дүүгээ авч байж танайхаас явна” гэж уурласан. Би яв гэж шаардлага тавиад түлхэхэд Б.Энхтуяа миний мөр рүү цохисноор бид харилцан зодолдож, цохилцсон. Би эргүүлж цохихдоо Д.Энхтуяагийн мөр хавьцаа нь цохисон. Тийм их зодоон болоогүй. Тухайн үед би цагдаа дуудсан. Намайг гэмт хэрэг үйлдээгүй байхад Д.Энхтуяа гүтгэж байна. Би хэрэгтэн болж шийтгүүлж, гүжирдүүлнэ гэж бодоогүй байсан тул энэ хэргийг дахин шийдэж доорх асуудлыг нягтлан үзэж шийдэж өгнө үү. Үүнд:

1. Хохирогч шүүх эмнэлэгт тухайн үедээ намайг дагуулж хамт очиж шийдээгүйд итгэлгүй байна. /2016 оны 2 дугаар сарын 19-нд буюу 20 хоног дотор өмнө нь өөр хэнд ч зодуулсан байж болно./

2. Би хохирогч Н.Энхтуяаг 414.000 төгрөгийн эм хэрэглэсэн гэдэгт итгэхгүй байна. Түүний гаргаж өгсөн баримтууд дээрх эмийг нухацтай шалгах. Учир нь Н.Энхтуяа үргэлж эмнэлэгт хэвтдэг. Бие муу гэдэг байсан юм.

3. Шийтгэх тогтоолд намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байхад тус шийтгэх тогтоолд 1.960.000 төгрөг гэж алдаатай бичсэн байна.

Шүүх хуралдаанд шүүгч өмгөөлөгчтэй оролцох уу гэхэд нь би өмгөөлөгчгүй оролцоно гэдгээ хэлсэн. Давж заалдах шатны шүүх шатнаас Н.Баасансүрэн өмгөөлөгчийг шинээр авсан” гэв.

Ялтны өмгөөлөгч Н.Баасансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Д.Баянжаргалын үйлдэлтэй шалтгаант холбоогүй. 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Д.Баянжаргал, Д.Энхтуяа нар нь маргалдсан байтал шинжээчийн дүгнэлт 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр буюу 14 хоногийн дараа гарсан. Тиймээс хохирогч Д.Энхтуяа нь Д.Баянжаргалтай маргалдсаныхаа дараа өөр байдлаар гэмтсэн байх боломжтой. Улсын яллагч шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулах санал гаргаснаар шүүх хуралдаан 1 удаа хойшилж байсан. Гэтэл шинжээч эмч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байхад шүүх хуралдааныг явуулсан. Шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулснаар цагаатгах нөхцөл байдалд нөлөөлөх байсан. Д.Баянжаргал нь хохирогчид гэмтэл учруулах санаа, сэдэлтгүй, хор уршгийг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн судлаагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн үед гэрт шүүгдэгч, хохирогч нараас гадна өөр нэг хүн байгаад салгасан тухай мэдүүлэг байдаг. Хэргийн бодит байдлыг нүдээр харсан гэрч байсаар байхад мөрдөн байцаагч хохирогчийн төрсөн эхээр буюу ашиг сонирхол нэгтэй этгээдээс гэрчийн мэдүүлэг авсан байгаагаас үзэхэд хэт яллах талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Хэдийгээр хэрэг гарах болсон шалтгаан нь хүүхэд өгч явуулахгүй гэснээс үүссэн боловч хохирогч нь ялтны орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрч ялтны зүй ёсны шаардлагыг биелүүлэлгүй, гэрээс нь гарахгүй байснаас маргаан үүссэн. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү. Хэрвээ хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “хүүхдийн эмчилгээний асуудлаас болж маргаан үүссэн” гэдгийг хэлдэг. Д.Баянжаргал сая “бид зодолдоод би хохирогчийн мөр рүү цохисон” гэж хэлснээрээ өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Д.Баянжаргалын үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч гэртээ хариад төрсөн эхдээ зодуулсан талаараа хэлсэн тул дамжмал мэдээлэл авсан гэж үзээд гэрчээр байцаасан. Энд ашиг сонирхлын зөрчил байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзээд прокурор хүсэлтээсээ татгалзсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд торгуулийн хэмжээг “1.960.000 төгрөг” гэж буруу бичсэнийг зөвтгөж, өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдлоо.

Анхан шатны шүүх Д.Баянжаргалд холбогдох хэргийг хэлэлцэхдээ түүнийг өмгөөлөгчгүй оролцуулж, Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “…өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” тухай заалтыг зөрчсөн байна.

Хэрэв ялтан Д.Баянжаргал өөрөө өөрийгөө өмгөөлнө гэсэн хүсэлт тавьсан бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж болно” гэсэн заалтыг хангаагүй явдал нь мөн хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасан “Оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх” үндэслэл болж байна.  

Мөн шийтгэх тогтоолд Д.Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1.960.000 төгрөгөөр буюу 1.0 сая төгрөгөөр илүү хэмжээгээр торгож, хуульд заагаагүй ял оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтыг шинжлэн судалж бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хэн гэдэг эмчийн зааврын дагуу ямар өвчний эмчилгээнд 414.090 төгрөгийн эмийн зардал гарсныг тодруулаагүйн дээр хэргийн үйл баримтаар хохирогчид ямар нэг эд хөрөнгийн хохирол учраагүй байхад хохирол гаргуулахдаа Иргэний хуулийн 510 дугаар зүйлийг баримтласан нь буруу болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Баянжаргалд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоол дээрх үндэслэлээр хүчингүй болсон тул ялтан Д.Баянжаргалын гаргасан давж заалдах гомдлыг тус шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй болно. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Баянжаргалд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин  хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Д.Баянжаргалд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

               ШҮҮГЧИД                                           Н.БАТСАЙХАН

 

                                                                           Б.ЗОРИГ