Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 492

 

  Д.Урансүрэн, Ч.Оюун, Ө.Гандолгор нарт холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор У.Дэндэвдорж,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амартүвшингийн өмгөөлөгч Г.Мөнхбат,

яллагдагч Д.Урансүрэн, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Д.Дэлгэрцэцэг,

яллагдагч Ч.Оюуны өмгөөлөгч З.Хүрэлсүх,

яллагдагч Ө.Гандолгорын өмгөөлөгч Ч.Энхтөвшин,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнийн гаргасан 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 49 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор У.Дэндэвдоржийн бичсэн прокурорын эсэргүүцлээр Д.Урансүрэн, Ч.Оюун, Ө.Гандолгор нарт холбогдох эрүүгийн 2014260001737 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Эрчим овогт Дугаржавын Урансүрэн, 1959 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймаг Мөрөн суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 39 дүгээр байрны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УЗ59011528/,

2. Булгадар овогт Чойнжуурын Оюун, 1963 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Увс аймаг Цагаанхайрхан суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер, механик, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 8, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 2 дугаар гудамжны 92 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: НЩ63031866/,

3. Амарсайхан овогт Өлзийбуянгийн Гандолгор, 1983 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 33 настай эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 16 дугаар гудамжны 42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЗП83020600/

1. Яллагдагч Д.Урансүрэн нь давтан үйлдлээр Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын давуу байдлаа ашиглан П.Бямбасүрэнгийн хүсэлтийн дагуу 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түүнийг Нийслэлийн мал эмнэлгийн газарт дээж авагч, хариу олгогч их эмчийн ажилд томилсныхоо төлөө 2011 оны 02, 2012 оны 02 дугаар сард П.Бямбасүрэнгээс 170.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хонины мах хээл хахуульд авсан,

Ө.Гандолгорын хүсэлтийн дагуу 2011 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр түүнийг Нийслэлийн мал эмнэлгийн газарт аж ахуй, кассын няравын ажилд томилсныхоо төлөө 2011 оны 04 дүгээр сард яллагдагч Ө.Гандолгороос 1.000.000 төгрөгийг Ч.Оюунаар дамжуулан хээл хахуульд авсан, 

2. Яллагдагч Ч.Оюун нь Ө.Гандолгортой бүлэглэн Нийслэлийн мал эмнэлгийн газрын Санхүү аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын урьдчилан сэргийлэх, үйлчилгээний орлогоос 2011 оны 06 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12.050.253 төгрөг, 2012 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд 10.701.523 төгрөгийг завшиж, Нийслэлийн мал эмнэлгийн газарт нийт 22.751.776 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, 

3. Яллагдагч Ө.Гандолгор нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын аж ахуйн, кассын няраваар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан Нийслэлийн Мал Эмнэлэгийн газрын Санхүү аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Ч.Оюун нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын урьдчилан сэргийлэх, үйлчилгээний орлогоос 2011 оны 06 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12.050.253 төгрөг, 2012 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд 10.701.523 төгрөгийг буюу нийт 22.751.776 төгрөгийг завшихад учрах саадыг арилгаж буюу хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Урансүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар, Ч.Оюуны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар, Ө.Гандолгорын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Урансүрэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 130 дугаар тогтоолын заалтуудыг биелүүлээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.5-д заасан нотолбол зохих асуудлууд нотлогдоогүй ба мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнээд;

Яллагдагч Ч.Оюун нь Ө.Гандолгортой бүлэглэн Нийслэлийн мал эмнэлгийн газрын Санхүү аж ахуйн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын урьдчилан сэргийлэх, үйлчилгээний орлогоос 2011 оны 06 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12,050,253 төгрөг, 2012 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд 10,701,523 төгрөгийг завшиж, Нийслэлийн мал эмнэлгийн газарт 22,751,776 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх яллах дүгнэлт үйлджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Энэ хуулийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн байхыг давтан гэмт хэрэг гэнэ" гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ч.Оюун нь 2011 оны 06 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12,050,253 төгрөг, 2012 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд байгууллагаасаа 22.751.776 төгрөгийг завшсан гэх үйлдлүүд нь давтан гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээр байна.

Түүнээс гадна яллагдагч Ч.Оюуны байгууллагаасаа завшсан гэх үйлдэл тус бүрийг санхүү бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн цаг хугацааг нарийвчлан гаргах боломжтой атал бүрхэг байдлаар буюу 2011 оны 06 дугаар сараас 12 дугаар сарын хооронд 12,050,253 төгрөг, 2012 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд гэж яллах дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч Ч.Оюун байгууллагаас 22.751.776 төгрөгийг завшсан гэх үйлдэл нь тус бүртээ төгссөн гэмт хэрэг байх бөгөөд уг завшсан гэх 22.751.776 төгрөгийг нийт хэдэн удаагийн үйлдлээр авсныг нь нарийвчлан тогтоох ба дээрх бүх үйлдлийг нарийвчлан тодруулах нь зайлшгүй чухал.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-т "шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана" гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт яллагдагч Ч.Оюун, Ө.Гандолгор нарыг бүлэглэн байгууллагын хөрөнгө болох 22.751.776 төгрөгийг завшсан гэх үйлдэлд ял сонсгохдоо болон яллах дүгнэлт үйлдэхдээ "давтан" үйлдсэн асуудлыг шалгаагүй, өмнөх шүүхийн 130 тоот тогтоолын заалтыг биелүүлэлгүй хэргийг шүүхэд ирүүлсэн байцаан шийтгэх хууль зөрчжээ. Мөн яллагдагч Ч.Оюуны байгууллагаасаа 22.751.776 төгрөгийг завшсан гэх бүх үйлдэлд Ө.Гандолгор бүлэглэн оролцсон эсэх, хэдэн үйлдэлд хэрхэн яаж дэмжлэг үзүүлсэн, хамжсан талаар нотлогдоогүй, зөвхөн эд хариуцсан нярав гэдэг албан тушаалын байдлаар нь таамаглан яллах дүгнэлт үйлдсэн нь хууль бус болжээ. Учир нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын ерөнхий нягтлан бодогч санхүү аж ахуйн албаны даргаар ажиллаж байсан Ч.Оюун, аж ахуй, кассын нярваар ажиллаж байсан Ө.Гандолгор нарын хамтран оролцоо, үйлдлүүдийн шууд шалтгаант холбоо зэрэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Нийслэлийн мал эмнэлгийн газарт яллагдагч Ч.Оюун тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын бүх мөнгийг Д.Урансүрэнд тухай бүр өгч байсан талаар тогтвортой мэдүүлдэг бөгөөд энэ талаар зохих хуульд заасан журмын дагуу шалгах ажиллагаа явуулаагүй нь ойлгомжгүй бөгөөд гэмт хэрэгт хэн, хэн хэрхэн хамтарч оролцсоныг зөв тогтоох, хэргийг зөв зүйлчлэхэд зайлшгүй шаардлагатай. Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч Д.Урансүрэнг Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар ялласан байх ба Д.Урансүрэн 2011-2012 онд Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа буюу удирдах албан тушаалтны хувьд өөрт хамаарах ямар хууль тогтоомж, түүний дагуу гаргасан дүрэм, журмаар тодорхойлогдсон албаны ямар үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж яллаж байгаа үндэслэл тодорхойгүй, яллах дүгнэлтэд зөрчсөн гэх хууль, дүрэм, журмын талаар огт дурдаагүй, тодорхойлоогүй атлаа түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Прокуророос зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хэрэгсэхгүй болгосон тогтоол үйлдсэн атлаа 2016 оны өдрийн 6 дугаар сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн оролцогч нарт танилцуулах, тогтоолд гомдол гаргах эрх буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.4, 209.5-д заасан заалтыг тус тус зөрчсөн байна. Иймд Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ч.Оюун нарт холбогдох эрүүгийн 2014260001737 дугаар хэрэгт дээрх нэмэлт ажиллагаануудыг хийлгүүлж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ч.Оюун, Д.Урансүрэн, Ө.Гандолгор нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор У.Дэндэвдорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Хэрэгт авагдсан нотлох баримтаар яллагдагч Ч.Оюун, Ө.Гандолгор нарын үйлдэл нь 2011 оны 06 дугаар сараас 2012 оны 09 cap хүртэлх хугацаанд иргэд, аж ахуй нэгжээс Нийслэлийн мал эмнэлгийн газарт орж ирсэн үйлчилгээний урьдчилан сэргийлэх орлогын бэлэн мөнгийг байгууллагт дутуу тушаах замаар дутагдал гаргаж, уг дутагдал нь үргэлжилсээр 2011, 2012 оны байдлаар нийт 22.751.776 төгрөгийн дутагдал гарсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлтүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай тогтоогдсон байна. Яллагдагч Ч.Оюун, Ө.Гандолгор нарын үйлдэл нь нэг сэдэлт санаа зорилготойгоор, нэг арга хэлбэрээр, нэг объектоос 2011 оны 06 дугаар сараас 2012 оны 09 cap хүртэлх хугацаанд байгууллагын биет бэлэн мөнгийг дутааж завшиж байгаа нь өөрөө үргэлжилсэн үйлдлийн шинжтэй болно. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх иргэн, хуулийн этгээд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлан тооцоог улирал, жилээр тооцон тайлагнадаг. Үүний дагуу Нийслэлийн мал эмнэлгийн газрын санхүүгийн тайлан тооцоо, анхан шатны баримтыг үндэслэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч болон хөндлөнгийн аудитын байгууллагууд дүгнэлтээр 2011 онд 12.050.253 төгрөгийн, 2012 онд 10.701.523 онд төгрөгийн дутагдал гарсан гэж дүгнэсэн байдаг. Яллагдагч Ч.Оюун, Ө.Гандолгор нарын 2011 оноос 2012 оны хооронд он дамжин байгууллагын мөнгийг дутааж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлд заасан тус тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй давтан гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн аж ахуй, кассын нярвын Ө.Гандолгор нь хууль тогтоомж зөрчин байгууллагын урьдчилсан сэргийлэх үйлчилгээний орлогыг буюу бэлэн мөнгийг байгууллагын санхүүгийн орлого, зарлагын тайлан тооцоондоо тусгалгүй, ямар нэгэн санхүүгийн анхан шатны баримт үйлдэлгүйгээр гараас гар дамжуулж ерөнхий Санхүү аж ахуйн албаны дарга, нягтлан бодогч Ч.Оюунд бэлнээр өгч Ч.Оюун нь байгууллагын мөнгийг завших боломж олгож учрах саадыг арилгаж гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн болох нь хавтаст хэрэг авагдсан яллагдагч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, санхүүгийн баримт зэргээр хангалттай тогтоогдсон байдаг. Яллагдагч Ө.Гандолгор, Ч.Оюун нарын үйлдэл гэмт хэргийн оролцоо нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын өөрийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон ба албан тушаалын байдлаар таамаглан яллаагүй болно. Мөн яллагдагч П.Оюун нь кассын нярав Ө.Гандолгороос бэлнээр авсан мөнгөө Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэнд өгсөн гэж удаа дараа мэдүүлсэн боловч түүнийг мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй ба Д.Урансүрэн нь П.Оюунаас бэлэн мөнгө авсан талаар нотолсон санхүүгийн анхан шатны ямар ч баримт байдаггүй. Харин кассын нярав Ө.Гандолгороос Санхүү аж ахуйн албаны дарга, нягтлан бодогч Ч.Оюун мөнгө авч байсан талаар, аудитын шалгалтаар мөнгө дутсан талаар илэрсний дараа Ч.Оюун нь 5 сая төгрөг өөрөө Ө.Гандолгороор дамжуулан байгууллагад төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Иймд байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан кассын нярав Ө.Гандолгор болон ерөнхий нягтлан бодогч П.Оюун байгууллагын өмчийг завшсан гэх хэрэгт Д.Урансүрэн оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Мөн Нийслэлийн мал эмнэлгийн газрын дарга Д.Урансүрэнг албан тушаалтан албан үүрэгтэй хайнга хандсаны улмаас бусдад хүнд хор уршиг учирсан гэж Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2-д заасны дагуу яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байдаг. Гэмт хэргийг улмаас Нийслэлийн мал эмнэлгийн газарт нийт 22.751.776 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг. Иймд Д.Урансүрэнд холбогдох дээрх хэргийг Монгол улсын Дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолоор "....272 дугаар зүйлийн 272.2-д заасан хүнд хор уршиг гэж онц их хэмжээний хохирол учирсан, хүний амь нас хохирсон, хүний бие махбодод хүнд эсхүл хэд хэдэн хүний биед хүндэвтэр гэмтэл учирсан, байгаль орчны тэнцэл алдагдсан, халдварт өвчин тархсан, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан, зогссон зэргийг хэлнэ" гэж заасан. Д.Урансүрэнгийн хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм журмаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна. Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү хэрэгсэхгүй болгохдоо Д.Урансүрэн нь хууль тогтоомж түүний дагуу гаргасан дүрэм журмаар тодорхойлсон албан ямар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохыг тодорхойлоогүй гэж шүүгч дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт гэрч Нийслэлийн засаг даргын тамгын газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн С.Энхжаргал мэдүүлэхдээ Д.Урансүрэн нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, хэрэг гарах үед мөрдөгдөж байсан Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн, эдгээр хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох талаар тодорхой мэдүүлсэн. Дээрх хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн талаар холбогдуулан Д.Урансүрэнг яллагдагчаар байцааж холбогдох бусад ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд явуулсан байдаг. Мөн зарим сэжигтэн, яллагдагч нарт холбогдох хэргийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хэрэгсэхгүй болгосон ба хэрэгсэхгүй болгосон талаар хохирогч Ч.Амартүвшин, яллагдагч Д.Урансүрэн нарт мэдэгдэж тогтоолыг танилцуулсан бөгөөд тогтоолын талаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч нараас гомдол, санал гаргаагүй болно. Гомдол гаргах эрхийг зөрчсөнтэй холбогдуулан хэргийг шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал үүсээгүй. Хэрэгт шалгавал зохих бүхий л ажиллагааг хийсэн. Энэ хэрэг 2014 оноос хойш 3 жил шалгагдаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Яллагдагч Д.Урансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргаар ажиллаж байхдаа ерөнхий нягтланд удаа дараагийн тушаалаар үүрэг өгөөд биелүүлэхгүй байхаар нь ажлаас халсан. Үүнээс болж надад 1.000.000 төгрөг өгсөн, өөрийн авсан мөнгөө надад өгдөг байсан гэж гүтгээд байгаад  гомдолтой байна. Энэ жил 4 дэх жилдээ үргэлжилж байна. Шүүхээр 5 дахь удаагаа орж байна. Би улсад 34 жил, Нийслэлийн мал эмнэлгийн газарт 24 жил ажилласан. Миний хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан баримтууд байгаа. Би өөрийгөө хуулийн дагуу ажилласан, гэмт хэрэг үйлдээгүй гэж үздэг” гэв.

Яллагдагч Д.Урансүрэнгийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 4 жилийн хугацаанд Д.Урансүрэнгийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Энэ хэрэг шүүхээс нийт 4 удаа буцааж байсан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.1.5 дахь хэсэгт заасан нотолбол зохих зүйлс нотлогдоогүй гэж заасан. Мөн Д.Урансүрэнгийн үйлдэлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Д.Урансүрэн нь ямар хууль зөрчсөн болохыг дурдах шаардлагатай. Д.Урансүрэн нь анхнаасаа гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлдэг. Энэ хэрэгт 2014 оны 4 дүгээр сараас Д.Урансүрэнг холбогдуулан шалгахдаа Эрүүгийн хуулийн 272, 268 дугаар зүйлүүдийн ямар гэм буруугийн хэлбэр агуулаад байна вэ гэдгийг тогтоогоогүй. Хэрвээ мөрдөн байцаалтаар үүнийг тогтоож чадвал Д.Урансүрэнгийн гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдоно гэж үзэж байна” гэв.

Яллагдагч Д.Урансүрэнгийн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэгээс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаагч, прокурор нь Д.Урансүрэнг гэмт хэрэг үйлдсэн болохыг хөдлөшгүй нотлох баримтаар тогтоох хэрэгтэй. Гэвч нотлох баримт хангалттай авагдаагүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг танилцуулаагүй үйлдэл нь хууль зөрчсөн. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Яллагдагч Ч.Оюуны өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Яллагдагч Н.Оюун нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын бүх мөнгийг Д.Урансүрэнд өгч байснаа тогтвортой мэдүүлдэг тул үүнийг нарийн шалгаж тогтоох ёстой. Гэмт хэрэгт хэн, хэрхэн хамтран оролцсон болохыг зөв тогтоогоогүй талаарх шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй. Прокурор 4 удаа яллах дүгнэлт үйлдэж байгаа. Өмнө нь Ө.Гандолгор ганцаараа 22.000.000 төгрөг, Ч.Оюун ганцаараа 22.000.000 төгрөгийн хохирлыг тус бүр учруулсан гэмт хэрэг үйлдсэн мэт яллах дүгнэлт үйлддэг байсан.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан завших, үрэгдүүлэх үйлдлийг ялгалгүйгээр дүгнэсэн байсан. Гэтэл сүүлийн яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэргийг Ч.Оюун ганцаараа үйлдээд, үүнд Ө.Гандолгор хамжигчаар оролцсон гэж бичсэн байна. Энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээгүй, нотлох баримт байхгүй” гэв.

Яллагдагч Ө.Гандолгорын өмгөөлөгч Ч.Энхтөвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжид “давтан үйлдлээр үйлдсэн байж болзошгүй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр Ө.Гандолгор нь үргэлжилсэн үйлдлээр кассаас бэлэн мөнгө авч ерөнхий нягтлан бодогч Ч.Оюунд өгч байсан болох нь тогтоогдсон. Шүүгчийн захирамжийн бусад заалт үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгчийн захирамж үндэслэлгүй гарсан. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нар үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаад шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасаар 4 жилийн хугацаанд энэ хэргийг шалгахад хүргэсэн. Урьд нь Д.Урансүрэнгийн хамаатан Сэлэнгээс гэрчийн мэдүүлэг ав гэх үндэслэлээр хүртэл хэргийг мөрдөн байцаалтад буцааж байсан. Шинжээчийг байцаасан байцаалтад хэзээ, хэдэн төгрөг авсан болохыг тодорхой мэдүүлсэн байсан. Хэргийг шүүхээр шийдвэрлэх боломж нь бүрдсэн. Прокурор зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гарсан талаар бидэнд мэдэгдээд “гомдол гаргах уу” гэж асуусан тул бид “гомдол гаргахгүй” гэдгээ хэлсэн. Тиймээс энэ нь хэрэг шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэж байна. Хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш хэрэг уншиж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацаа нь өнгөрсөн эсэхэд эргэлзэж байна. Шүүх хуралдаан хийлгүйгээр хэргийг шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцаасанд гомдолтой байна” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал;

Тус захирамжид дурьдсанаар байгууллагаас нийт 22.751.776 төгрөгийг завшсан гэх үйлдлүүд нь давтан гэмт хэргийн шинжтэй, үйлдэл тус бүртээ төгссөн гэмт хэрэг байх тул нийт хэдэн удаагийн үйлдлээр авсныг нарийн тогтоох, гэмт хэрэгт хэн, хэн хэрхэн хамтарч оролцсоныг зөв тогтоох, зарим хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон тогтоолыг оролцогч нарт танилцуулах гомдол гаргах эрхийг хангаагүй гэсэн заалтууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу заавал нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар буцааж зөвтгөх асуудлууд биш байна.

Гэмт хэрэг байж болох хохирлын талаар удаа дараагийн аудитын болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлтээр он, сар, өдөр дутагдсан төгрөгийн дүнтэй нь нэг бүрчлэн гаргаснаас гадна тухайн эд хөрөнгийг нэг байгууллагаас хариуцаж байсан этгээд нь авч ашигласан байхад үүнийг давтан гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн хэргийг прокурорын тогтоолуудаар зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна.

2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн энэ хэргийг анхан шатны шүүхээс урьд нь 3 удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, шалгавал зохих нэмэлт ажиллагааг хийлгэж ирсэн байх ба прокурорын 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 21 дүгээр яллах дүгнэлтийн хэмжээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасны дагуу шаардлагатай шинжээч, хохирогч, гэрч нарыг оролцуулах замаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой байх тул прокурор У.Дэндэвдоржийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 49 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Урансүрэн, Ч.Оюун, Ө.Гандолгор нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн, хянан хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол яллагдагч  Д.Урансүрэн, Ч.Оюун, Ө.Гандолгор нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

  1. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүйг дурдсугай.

 

 

              

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ

               ШҮҮГЧИД                                           Н.БАТСАЙХАН

                                                                           Б.ЗОРИГ