Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 541

 

Хуулийн тэгшитгэлд хамааруулах тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Цогтхүү /томилолтоор/,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж хийсэн шүүх хуралдаанаас 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр гаргасан шүүгчийн 21 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Амгаланбаатарын бичсэн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаар эсэргүүцлийг үндэслэн М.Батсүхэд холбогдох хуулийн тэгшитгэлд хамааруулах тухай материалыг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ялтан Хөвч овогт Мадаагийн Батсүх, 1961 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 6, аав, ээж, 2 дүү, хүүгийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар байр, 41 тоотод оршин сууж байсан,

 - 1984 онд Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн “Б”-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1985 онд хугацаа дуусч суллагдсан,

- 1987 онд Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн “Б”-д зааснаар 7 жил хорих ялаар шитгүүлж, 1990 онд хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор М.Батсүхийг бусдыг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар 15 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7, 52.10 дахь хэсгүүдэд зааснаар М.Батсүхэд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар М.Батсүхээс 593.900 төгрөг гаргуулж хохирогч С.Чулуунцэцэгт олгуулж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар М.Батсүхийн 455 хоног цагдан хоригдсоныг эдэлсэн ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтгүй болохыг дурдаж шийдвэрлэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 157 дугаар магадлалаар Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.4” гэснийг нэмж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 250 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 157 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба ялтан М.Батсүх уг хорих ялаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий ангийн харьяа хорих 409 дүгээр ангид эдэлж байгаа /РД: УО 61020211/,

Нийслэлийн прокурорын газраас: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 409 дүгээр ангиас ирүүлсэн саналыг үндэслэж ялтан М.Батсүхийг хуулийн тэгшитгэлд хамааруулах эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр прокурорын тогтоол үйлдэж,  материалыг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар ялтан М.Батсүхэд оногдуулсан хорих ялыг хуулийн тэгшитгэлд хамааруулах тухай прокурорын тогтоолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Б.Амгаланбаатар бичсэн эсэргүүцэлдээ: “…Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 8 дугаар шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын гуравны хоёроос хэтрэхгүй байна гэж ялын "доод" хэмжээг заагаагүй байсан бол 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээг тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын "доод" хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй гэж хуульчилжээ.

Гэтэл шүүх дүгнэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээг тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна" гэж нэмэлт өөрчлөлт оруулсан байх боловч гэж дээрх заалтад орсон нэмэлт өөрчлөлтийн талаар захирамжид дурьдаж өгсөн атлаа 2005 онд буюу өөрөөр хэлбэл 2008 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлт ороогүй байх үед шийдвэрлэсэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүдийн шийдвэрийг үндэслэлээ болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасан "Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг багасгасан тохиолдолд урьд нь үүнээс дээгүүр ял шийтгүүлсэн этгээдийн ялыг уг доод хэмжээнд нийцүүлэн хасна" гэсэн заалтыг огт хэрэглээгүй орхигдуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1 дэх хэсэгт заасан "Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй" байна. Мөн шүүхийн дээрх шийдвэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь хэсэгт зааснаар хуульд заасан ялаас доогуур буюу 15 жил хорих ялаар шийтгэсэн байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.3 дахь хэсэгт заасан "Хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн" гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай хүнийг санаатай алсан гэмт хэрэгт шүүхээс оногдуулах ял нь 15-аас 25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ гэж заасан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхэр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Л.Цогтхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…ялтан М.Батсүхийн үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулсан 2005 оны анхан шатны шүүхийн шийтгэх тухайн үедээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Гэвч 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд тус хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэж заасан. Иймд энэ заалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэх прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй болсон” гэв.

                                                               ХЯНАВАЛ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “ялтан М.Батсүхэд оногдуулсан хорих ялыг хуулийн тэгшитгэлд хамааруулах тухай прокурорын тогтоолыг хэрэгсэхгүй болгох тухай” 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 21 дүгээр захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Ялтан М.Батсүхэд оногдуулсан хорих ялыг хуулийн тэгшитгэлд хамааруулахаар Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн материалыг судалж үзэхэд ялтан М.Батсүхийг Баянгол дүүргийн шүүх 2005 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор бусдыг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар 15 жил хорих ял оноож шийдвэрлэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 157 дугаар магадлалаар Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.4” гэснийг нэмж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 250 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 157 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

2008 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэсэн өөрчлөлт орсон. 

Дээрх өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ нь 10 жил байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээг багасгасан тохиолдолд урьд нь үүнээс дээгүүр ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шүүх уг доод хэмжээнд нийцүүлэн хасна” гэж заасан тул ялтан М.Батсүхэд оногдуулсан хорих ялыг 2008 оны Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хуулийн тэгшитгэлд хамааруулах нь үндэслэлтэй байна.

Ялтан М.Батсүх нь Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор 13 жил 7 сар 04 хоног хорих ялыг биечлэн эдэлсэн байх тул түүнийг нэн даруй суллах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, ялтан М.Батсүхэд оногдуулсан хорих ялыг хуулийн тэгшитгэлд хамааруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 21 дүгээр захирамжийн 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар ялтан М.Батсүхэд оногдуулсан хорих ялыг хуулийн тэгшитгэлд хамруулах тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.4, 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар М.Батсүхэд оногдуулсан хорих ялыг 10 жил хорих ял болгон өөрчилж,  хуулийн тэгшитгэлд хамааруулсугай” гэж өөрчилсүгэй. 

2. М.Батсүхийг нэн даруй сулласугай.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай.                                       

 

 

                                     

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧИД                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ                                                                                                                                                                                                                                          

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН