Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 542

 

 Г.Бямбасанд холбогдох 

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Бямбасангийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдаанаас 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан шүүгчийн 58 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Г.Бямбасанд холбогдох эрүүгийн 201624000343 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Тугчин овгийн Ганбаатарын Бямбасан, 1960 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дүгээр гудамж, 4а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: АД 60120112/,

          Г.Бямбасан нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр эмнэлгийн хойд замд “Хьюндай Верна” загварын 84-57 УНЗ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан "Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчснөөс Ж.Зоригтбаатарын жолоодон явсан “Тоёота Приус-11” загварын 05-63 УНА, Д.Хатанбаатарын жолоодон явсан нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Тоёота Рав-4” загварын 29-83 УБВ, Х.Тогтохыг жолоодон явсан З.Цэлмэний эзэмшлийн “Тоёота Хайландер” загварын 67-66 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг, мөн нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын эзэмшлийн төмөр хайсыг мөргөж,  зорчигч С.Майнбаярын бие махбодид хүнд, жолооч Д.Хатанбаатарын бие махбодид хүндэвтэр зорчигч З.Дуламсүрэн, М.Мөнхзул нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан, нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-т 200.000 төгрөгийн,  Ж.Зоригтбаатарын жолоодон явсан “Тоёота Приус-11” загварын 05-63 УНА дугаартай тээврийн хэрэгсэлд 2.863.000 төгрөгийн шууд, Д.Хатанбаатарын жолоодон явсан нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Тоёота Рав-4” загварын 29-83 УБВ дугаартай тээврийн хэрэгсэлд 2.639.000 төгрөгийн шууд, Х.Тогтохыг жолоодон явсан З.Цэлмэний эзэмшлийн “Тоёота Хайландер” загварын 67-66 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.939.500 төгрөгийн шууд хохирол, бусдад нийт 7.641.500 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Тээврийн прокурорын газраас: Г.Бямбасанд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт "Энэ хуулиар тогтоосон журмын дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч тогтоол үйлдэж, ял сонсгосон этгээдийг яллагдагч гэнэ" гэж заажээ. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн МБТ-ийн ахлах мөрдөн байцаагч албан тушаалтай цагдаагийн хошууч Ц.Ганболд Ганбаатарын Бямбасанд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Гэтэл Тээврийн прокурорын газрын 2016 оны 6 сарын 10-ны өдрийн 114 тоот яллах дүгнэлтийг Ганбаатарын Бямбасанд холбогдуулан үйлдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэл болж байна. Мөн "Тоёота Приус-11" загварын 05-63 УНА дугаарын автомашины жолооч Ж.Зоригтбаатар Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.11, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-д заасан шаардлагыг зөрчсөн эсэх талаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай байна гэж үзэж, эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж, Г.Бямбасанд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

          Прокурор Ц.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

          1. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.2 дахь хэсэгт "Тэмдэглэх хэсэгт яллагдагчийн овог, эцгийн нэр, нэр, түүний үйлдсэн хэргийн товч агуулга, арга, сэдэлт, санаа, зорилго, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай зарим нотлох баримт зэргийг дурдана”,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлийн 218.3 дахь хэсэгт "Тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт тохирох, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай санал, шүүхийн харьяалал, яллах дүгнэлт үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, зэрэг дэв, үйлдсэн он, cap, өдрийг бичнэ" гэж тус тус заасныг бүрэн хангаж 114 дүгээр яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсгийг хууль зүйн үндэслэлтэй зөв үйлдсэн байхад буруу дүгнэсэн байна. Иймд шүүх яллагдагч Г.Бямбасангийн гэм буруугийн асуудлыг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.  

2. Жолооч Г.Бямбасан гарцаар баруун гар тийш эргэж гол зам уруу зорчих хэсгийн /замын/ 1, 2 дугаар эгнээ чөлөөтэй байсаар байхад 3 дугаар эгнээ рүү замд нийлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан "Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл ...-д зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчснөөс дээрх зам тээврийн осол гарсан. Хавтаст хэрэгт авагдсан зам орчны байдлын тэмдэглэлд “…асфальтан, шулуун тэгш, нойтон, цастай, хальтаргаатай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, 6 эгнээ бүхий гол зам” байсан. Тухайн үед шүүгдэгч Г.Бямбасүрэнгийн жолоодон явсан “Хьюндай Верна” загварын 84-57 УНЗ дугаарын автомашин Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гарцаар баруун гар тийшээ төв зам буюу Энхтайваны өргөн чөлөө рүү орохдоо нэг, хоёрдугаар эгнээ чөлөөтэй байхад Энхтайваны өргөн чөлөөний замын 3 дугаар эгнээнд баруунаас зүүн чиглэлд Ж.Зоригтбаатарын жолоодож явсан “Тоёота Приус-11” загварын 05-63 УНА дугаартай автомашиныг чигээрээ явж мөргөсөн болох нь ослын үеийн бүдүүвч зургаас харагддаг. Тус бүдүүвч зурагт шүүгдэгч Г.Бямбасан уулзвараас гарч ирээд мөргөсөн зай нь 7.80 метрийн зай байгаа. Гэтэл шүүгдэгч Г.Бямбасан мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “…би 10 метрийн зайнаас тээврийн хэрэгслийг харсан” гэдэг. Харин дээрх 6 эгнээ зам нь нийт 18 метр, нэг эгнээ нь 3 метр, эсрэг хөдөлгөөн нь 9 метр юм. Энэ тохиолдолд шүүгдэгч Г.Бямбасан нэг, хоёрдугаар эгнээнд зорчих боломжтой байсан. Хэрэв үнэхээр гуравдугаар эгнээнд зорчих шаардлага байсан бол ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэх ёстой дүрмийг зөрчсөн юм. Мөн тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэлд яллагдагч Г.Бямбасангийн жолоодон явсан “Хьюндай Верна” загварын 84-57 УНЗ улсын дугаартай автомашин нь зам тээврийн ослын улмаас "крыло хонхойсон", “Ашид билгүүн” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний БГД-731 дугаартай тайланд Ж.Зоригтбаатар жолоочтой “Тоёота Приус-11” загварын 05-63 УНА дугаартай автомашины "...баруун ...толь хагарч хугарсан, ...баруун урд хаалга хонхойж зурагдсан" зэрэг автомашинуудын эвдрэл, гэмтлийн байдлыг дурдсан, уг байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт зэргээс харахад шүүгдэгч Г.Бямбасан нь Ж.Зоригтбаатарын тээврийн хэрэгслийг баруун талаас нь мөргөсний улмаас уг зам тээврийн осол гаргасан нь дээрх хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй юм. Ж.Зоригтбаатарын үйлдэл осол гарахад нөлөөлсөн гэж хэлдэг гэрч нь тухайн үед ослын газар байгаагүй сүүлд очсон хүн юм. Учир нь Г.Бямбасан ослын газрыг чөлөөлж  автомашинаа Монгол Улсын Боловсролын Их сургуулийн урд байрлах Цагдаагийн постын хажууд аваачиж тавьсан учир энгийн хүний нүдэнд ослын газарт “Тоёота Приус-11” загварын автомашин буруутай болж харагдахаар байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 58 дугаартай захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

          Өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь миний үйлчлүүлэгч шүүгдэгч Г.Бямбасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь хэсгийг зөрчсөн. Хэрэв зөрчөөгүй байсан бол би мөрдөн байцаалтын шатанд энэ талаар хүсэлт, гомдол гаргах байсан. Иймд хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгах саналтай байна” гэв.

ХЯНАВАЛ:

Г.Бямбасанд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт нь “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Шүүгдэгч Г.Бямбасан нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 10 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хойд замд “Хьюндай Верна” загварын 84-57 УНЗ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан "Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчснөөс Ж.Зоригтбаатарын жолоодон явсан “Тоёота Приус-11” загварын 05-63 УНА, Д.Хатанбаатарын жолоодон явсан нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Тоёота Рав-4” загварын 29-83 УБВ, Х.Тогтохыг жолоодон явсан З.Цэлмэний эзэмшлийн “Тоёота Хайландер” загварын 67-66 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг, мөн нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын эзэмшлийн төмөр хайсыг мөргөж,  зорчигч С.Майнбаярын бие махбодид хүнд, жолооч Д.Хатанбаатарын бие махбодид хүндэвтэр зорчигч З.Дуламсүрэн, М.Мөнхзул нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан, нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-т 200.000 төгрөгийн,  Ж.Зоригтбаатарын жолоодон явсан “Тоёота Приус-11” загварын 05-63 УНА дугаартай тээврийн хэрэгсэлд 2.863.000 төгрөгийн шууд, Д.Хатанбаатарын жолоодон явсан нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын эзэмшлийн “Тоёота Рав-4” загварын 29-83 УБВ дугаартай тээврийн хэрэгсэлд 2.639.000 төгрөгийн шууд, Х.Тогтохыг жолоодон явсан З.Цэлмэний эзэмшлийн “Тоёота Хайландер” загварын 67-66 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.939.500 төгрөгийн шууд хохирол, бусдад нийт 7.641.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт хангалттай бүрдсэн байна.   

Түүнчлэн шүүгдэгч Г.Бямбасанд холбогдох эрүүгийн хэрэгт прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 114 дүгээр яллах дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхээс Г.Бямбасанд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 6 тоот эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 58 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.Бямбасанд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Г.Бямбасанд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.БАТСАЙХАН

                  ШҮҮГЧИД                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ   

                                                                                                Д.ОЮУНЧУЛУУН