Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 012

 

Б.Батбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Хэргийн индекс 155/2016/0104/Э

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Ц.Мөнхжаргал,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан,

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолтой, ялтан Б.Батбаярт холбогдох эрүүгийн 201622000086 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Таван хөх овогт Батцэнгэлийн Батбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг "Цээнэтийн ар" гэх газраас зохих зөвшөөрөлгүй 4.87 куб метр мод бэлтгэж ойн санд 525 960 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолоор Таван хөх овогт Батцэнгэлийн Батбаярыг Ойн тухай хууль тогтоомж зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Б.Батбаярын тэнсэж хянан харгалзах хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа Цагдаагийн газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Батбаяраас ХӨВ 34-08 улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн 4.87м3 модыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Мустанг маркийн хар өнгийн хөрөөг хурааж тус тус улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч С.Оюунжаргал давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Б.Батбаярын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ХӨВ 34-08 улсын дугаартай 3ил-130 маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Г.Мөнх-Эрдэнийн эзэмшлийнх болох нь Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн лавлагаагаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Батбаяр нь гэмт хэрэг үйлдэхдээ ХӨВ 34-08 улсын дугаартай 3ил-130 маркийн тээврийн хэрэгслийг хэрэглэсэн байх тул дээрх тээврийн хэрэгслийн үнэ 1 500 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна” гэж шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэлээ дурьдаж, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалтыг баримтлан шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ 1 500 000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалт нь 1-рт  Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, 2-рт. Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ...тээврийн хэрэгсэл ....бусад хэрэгслийг хураахаар зохицуулсан бөгөөд хэрэв гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан тохиолдолд тээврийн хэрэгслийг хураах байтал Б.Батбаярын эзэмшлийнх бус байхад тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах хууль зүйн зохицуулалт байхгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгон хэрэглэж шүүгдэгч Б.Батбаяраас ХӨВ 34-08 улсын дугаартай 3ил-130 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангажээ.

Ялтан Б.Батбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг "Цээнэтийн ар" гэх газраас зохих зөвшөөрөлгүй 4.87 куб метр мод бэлтгэж ойн санд 525 960 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Ялтны өмгөөлөгч С.Оюунжаргалын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалтыг баримтлан шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ 1 500 000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасны дагуу ялтан Б.Батбаярын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ХӨВ 34-08 улсын дугаартай ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1 500 000 төгрөгийг түүнээс гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

                          ШҮҮГЧИД                                              Ё.БЯМБАЦЭРЭН

                                                               Н.БАЯРХҮҮ