Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 015

 

      Э.Даваадорж, П.Наранбаатар нарт  холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

                                                                     Хэргийн индекс 155/2016/0103/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 Прокурор: Б.Болд,

 Ялтан: Э.Даваадорж, П.Наранбаатар,

 Ялтны өмгөөлөгч: Б.Амаржаргал, Г.Баянбилэг,

  Нарийн   бичгийн   дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан

 Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016  оны 06 дугаар сарын 20-ны  өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолтой Э.Даваадорж, П.Наранбаатар нарт холбогдох 201622000057  дугаартай эрүүгийн хэргийг ялтан Э.Даваадоржийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны  07 дугаар сарын 08-ны  өдөр хүлээн авч шүүгч  Н.Баярхүүгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, урьд нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100 000 /нэг зуун мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаар шүүгчийн захирамжаар Э.Даваадоржийн эдлээгүй үлдсэн 8 сар 12 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, хянан харгалзаж байсан, Ар тогоруутан овогт Эрдэнэдалайн Даваадорж, /Регистрийн дугаар РБ88102432/ дугаартай.

Монгол улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, урьд нь Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Боржигон овогт Пүрэвдоржийн Наранбаатар,  /регистрийн дугаар РБ82072314/ дугаартай.

Ялтан Э.Даваадорж, П.Наранбаатар нар нь бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө хохирогч Н.Түмэнжаргалын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлан авч 2 050 000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016  оны 06 дугаар сарын 20-ны  өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор Э.Даваадорж, П.Наранбаатар нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Э.Даваадорж, П.Наранбаатар нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Даваадорж, П.Наранбаатар нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Э.Даваадоржийн цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг  ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч П.Наранбаатар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “ТОЗ” маркийн гол төмрийн №47658 дугаартай, замагны дугааргүй, хар алаг өнгийн ремен оосортой, бичиг баримтгүй бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Цацралд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч П.Наранбаатарын эзэмшлийн “Мустанг-5” маркийн улаан хүрэн өнгийн улсын дугааргүй, бичиг баримтгүй, рамны LХҮРСКL06В0320017, моторын 162FMJВСO62480 сериал дугаартай мотоциклыг хурааж улсын орлогод оруулахыг, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн автомашины үнэ 3 500 000 төгрөгийг шүүгдэгч П.Наранбаатар, Э.Даваадорж нараас тус тус хураан, гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-т зааснаар Эрүүгийн хэрэгт шүүгдэгч Э.Даваадоржийн өмчлөлийн 1 тооны морь, 2 тооны хонь битүүмжлэгдсэн байгааг дурдаж, “УАЗ-2206” Фургон маркийн 58-54 ХӨА улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Э.Даваадорж давж заалдах гомдолдоо: “...Би Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2016 оны 1 дүгээр сарын эрүү үүсгэн шалгагдаж байгаад 2016 оны 06 дугаар сарын 20-нд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар орон 2 жил 1 сар ял эдлэхээр шийтгүүлсэн. Би 2016 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр эхнэр хүүхдийн хамт айлд бууз хийж байх үед Наранбаатар манай эхнэр лүү залгаж намайг “машинтайгаа хүрээд ир, ажил хийлгэе” гэж дуудсан. Би тухайн үед ачааны тэргээр халтуур хийж, ар гэр, эхнэр хүүхдээ тэжээдэг байсан болохоор явж очсон. Очтол намайг “хөдөө явж өгөөч” гэхэд “миний машин муу хөдөө явахгүй” гэхэд “ахтайгаа цуг хань болоод миний машинаар яваад өг, ах нь хөдөө явж адуу мал руугаа очих гэсэн юм” гэж хэлсэн. Би итгээд цуг Эрхэл нуурын ойролцоо цуг очтол замдаа “адуу мал юу болж байна” гэж утсаар ярьж байснаа замаасаа салж явж байгаад 60-70 тооны адууны хажууд зогсон машиныхаа араас мотоцикль гаргаж надад өгөөд “ахын дүү энэ адууг туугаад миний араас хүрээд ир” гэсэн. “Би юун адуу юм бэ” гэхэд “Миний адуу” гэж хэлсэн. Намайг адуу туун очих үед эхний адуу хашаа руу орсон байсан. Намайг хашааны хаалга хаагаад зогсож бай гэж хэлээд өөрөө адуун дунд утсаар ярьж байснаа эргээд явсан. Би тухайн үед адуу мал хулгай хийх гэж байна гэж мэдээгүй зогсож байх үед буун дуу гарч адуу үргэж байсан. Наранбаатар луу харахад гартаа буу барьчихсан намайг дуудсан. Очтол 3 тооны адуу буудан унагасан байсан ба тэр үед хулгай хийж байхыг нь мэдсэн. Буцах замдаа “та хулгай хийж байгаа юм биш үү. Би ахиж ийм асуудалд ормооргүй байна. Би урьд өмнө нь алдаж байсан. Ахиж шоронд ормооргүй байна” гэхэд “Зүгээр ахын дүү айлт байхгүй, асуудал болохгүй, ах нь өөрөө араа даана” гэж байсан. Сумын төвд орж ирээд би хашаанаас нь машинаа аваад гэртээ харьсан. Маргааш нь надад 100 000 төгрөг өгөөд “Ахын дүү хүнд битгий хэлээрэй” гэсэн. Маргааш нь буюу 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Наранбаатар баригдах үедээ энэ бүх хэргээ над руу түлхэн мэдүүлэг өгсөн байдаг. Наранбаатарыг баригдах үед түүний эхнэр надтай уулзаж эгчийн дүү энэ хэргийг даачих. Эгч нь үзүүрийн хашаандаа торх орж өгье гэж хэлж байсан. Би үгүй гэж хэлсэн бөгөөд мөрдөн байцаалтын явцад өөрөө хийсэн хэргээ хүлээсэн. Хэргээ хүлээхдээ мөн л намайг татан орсон мэтээр худал хэлсэн байдаг. ...Мөрдөн байцаагч, прокурор, шүүх Наранбаатарын худал үгэнд итгэж намайг ялласанд би гомдолтой байна. Би тухайн үед Наранбаатарын үгэнд орж хэргийг нуун дарсандаа маш их харамсаж байна. Иймд энэ хэргийг минь үнэн зөвөөр нь шийдвэрлэж, дахин шалгаж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангажээ.

Ялтан Э.Даваадорж, П.Наранбаатар нар нь бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн 2016 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө хохирогч Н.Түмэнжаргалын өмчлөлийн 3 тооны адууг хулгайлан авч 2 050 000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Ялтан Э.Даваадорж, П.Наранбаатар нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын шатанд чухал ач холбогдолтой байж болох зүйлийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэн ялтан Э.Даваадорж, П.Наранбаатар нарын гэм буруугийн болон хувийн байдалд нь тохирсон хуулинд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд ялтан Э.Даваадоржийн “...хэргийг минь үнэн зөвөөр нь шийдвэрлэж, дахин шалгаж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Ялтан Э.Даваадоржийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2016  оны 06 дугаар сарын 20-ны  өдрийн 133  дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                              ШҮҮГЧИД                                                    Ё.БЯМБАЦЭРЭН 

                                                             Н.БАЯРХҮҮ