Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/06

 

 

 

 

2025       01          29                                          2025/ДШМ/06

 

 

 Ш.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

 Прокурор                                                        Т.Т

 Шүүгдэгч                                                        Ш.Г

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                             Ц.Э

 Хохирогч                                                        А.Б

 Нарийн бичгийн дарга                               Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Ш.Гт холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Х овогт Ш-н Г, Монгол Улсын иргэн,

 

Ш.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд     аймгийн       сумын         багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын        дугаар сургуулийн урд талд хохирогч А.Бтэй таарч, улмаар хохирогчийн авч явсан архинаас ууя гэхэд нь татгалзахад түүнийг зодож, газарт унаган Ай-фоне 8 загварын гар утас, ажлын хувцас, түрийвч, тэлээ зэрэг эд зүйлсийг илээр, хүч хэрэглэн хууль бусаар авч 435,000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Ш.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Х ургийн овогт Ш-н Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гийн цагдан хоригдсон 262 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төлөх зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ш.Г давж заалдах гомдолдоо:

 

... Би анхандаа өөрийгөө буруугүй гэж бодон буруугаар ойлгож явсан үе байгаа боловч хуулийн дагуу гэм буруутайд тооцох бүрэн үндэслэлтэй болохыг ухаарч ойлгосон. Гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн миний 7 болон 3 дугаар ангид сурдаг 2 хүүхэд маань хараа хяналт муутай, эд материал, халамжийн хомсдолтой, өндөр настай эмээгээс нь өөр харж хандах хүнгүй байгаа юм. Учир нь 2 хүүгийн маань ээж нь хүнд өвчтэй хотод эмнэлэгт хэвтээд удаж байгаа. Би энэ хоригдох 10 сарын хугацаандаа маш их зүйлийг ойлгож ухаарсан. Миний бие эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу цахилгаанчин гагнуурчнаар А ХХК-д Э үйлдвэр дээр гэрээгээр ажиллаж байгаад ял шийтгүүлж хоригдсон. Одоо ажил маань хүлээж байгаа ба цаашид үргэлжлүүлэн ажиллаж үр хүүхэд амьдрал ахуйгаа өөд нь татах хүсэлтэй байгаа. Дахин ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй гэдгээ амлаж байна. Дээрх байдлуудыг минь харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ш.Г тайлбартаа: ... Би хэдийгээр дээрэмдэх санаа зорилго байхгүй байсан боловч дээрэмдэх хуулийн шаардлага хангаж байгаа учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөөлөгч Ц.Э тайлбартаа: ... Бага насны 2 хүүхэдтэй. Эхнэр нь хөхний хорт хавдартай. Тэр талаар баримт авъя гэхээр эхнэр нь би өөрийнхөө эрүүл мэндийн талаар бусдад дэлгэмээргүй байна гэсэн учраас авч чадаагүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч А.Б тайлбартаа: ... Байхгүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ш.Гийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ш.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн орчимд           аймгийн      сумын      багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын        дугаар сургуулийн урд талд хохирогч А.Бтэй таарч, түүний авч явсан архинаас ууя гэхэд нь татгалзахад хохирогчийг зодож, газарт унагаан Ай-фоне 8 загварын гар утас,  ажлын хувцас, түрийвч, тэлээ зэрэг эд зүйлсийг нь илээр, хүч хэрэглэн хууль бусаар авч 435.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож, Ш.Гийн үйлдлийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

 

Харин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

 

Дээрх зохицуулалтын хувьд гагцхүү гэмт этгээд өөрийн гэм буруугаа бодитой хүлээн зөвшөөрсөн байх нь тухайн зохицуулалтыг хэрэглэх нөхцөл болох бөгөөд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.

 

Шүүгдэгч Ш.Г нь хэргийн үйл баримтын талаар анх сэжигтнээр “ ... би дээрэмдэж аваагүй, тэр залуу гар утсаа өөрөө өгсөн. Зугтаах үед нь би ажлын хувцаснаас нь татаад үлдсэн. Тэгээд карманаас нь түрүүвчтэй бичиг баримт гарч ирсэн. Тэрийг нь би аваад явсан ... ” гэж, /1 хх 71-72/,

 

яллагдагчаар “... Энэхүү тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Би мэдүүлэг өгмөөргүй байна ...” гэж /1 хх 76/ тус тус мэдүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Ш.Гийг өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба анхан шатны шүүх “ ... шүүгдэгч үйлдсэн гэмт үйлдлийнхээ гэм бурууг хүлээгээгүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэлгүй ... “ гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “ ... өөрийн гар утас гэж андуурсны улмаас хохирогчийн гар утсыг авч явсан ... ” гэсэн тайлбар гаргасан боловч анхан шатны шүүх Ш.Гт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Гийн “ ... ялыг хөнгөрүүлж өгнө үү … гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирогч А.Б нь ажлын хувцас, тэлээ зэргийг аваагүй гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд шүүгдэгч Ш.Г нь хохирогчид хохирол төлбөрт 200.000 төгрөг төлсөн талаарх баримтыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд ирүүлснийг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ш.Г нь хохирогч А.Бөд хохирол төлбөрт 200.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                    С.УРАНЧИМЭГ