Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 559

 

З.Хатанболдод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Д.Ширэндэв,

яллагдагч З.Хатанболд, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж,

хохирогч Б.Энхлхагвын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ,  

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулж,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяагийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 136 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Ширэндэвийн бичсэн эсэргүүцлээр З.Хатанболдод холбогдох эрүүгийн 201625011529 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          Жамъян овогт Зоригтбаатарын Хатанболд, 1995 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын ажилтан мэргэжилтэй, "Мөнхийн болор" ХХК-д шарагч ажилтай, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16-23 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: У3 95042931/,

          Яллагдагч З.Хатанболд нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар хорооллын 16 дугаар байрны хойд талд хохирогч Б.Энхлхагвын хууль бус буруутай үйл ажиллагааны улмаас түүний нүүрэн тус газар цохиж, мөргөн зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Хатанболдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч З.Хатанболдод холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд, тухайлбал гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэд тогтоох, гэм буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлж болзошгүй нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн шалгах, үйлдэл холбогдлыг нарийвчлан шалгах талаар мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн гэж үзэв.

          Хэргийн зайлшгүй шаардлагатай гэрч болох Отгонбаатар, Баасан-Очир, Өгөдэй, Баяр-Эрдэнэ нарыг асуугаагүй атлаа "тухайн хэрэгт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч З.Хатантөмөр нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

          Хэрэг гарахад хамт архи ууж байсан гэх гэрч нарыг асуугаагүй атлаа хэргийн газрын ойролцоо байсан гэх насанд хүрээгүй 2 гэрчийн мэдүүлгээр хэргийг зүйлчилж ирүүлсэн нь учир дутагдалтай байна.

          Иймд дээрх ажиллагааг нөхөн хийж гүйцэтгүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, яллагдагчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

          Прокурор Д.Ширэндэв бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…З.Хатанболдод холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих асуудлууд хангалттай нотлогдож тогтоогдсон. Мөн З.Хатанболд нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ үйлдсэн хэргийнхээ талаар тодорхой хүлээн мэдүүлж байгаа ба түүний мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болох хохирогч Б.Энхлхагва, насанд хүрээгүй гэрч Б.Энхбаяр, Н.Тэмүүлэн нарын мэдүүлэг, сэжигтэн З.Хатантөмөрийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байгаа болно. Иймд тухайн хэрэгт Отгонбаатар, Баасан-Очир, Өгөдэй, Баяр-Эрдэнэ нарыг гэрчээр заавал байцаах шаардлагагүйгээр З.Хатанболдын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон байна. Харин З.Хөтөнтөмөрийг тухайн хэрэгт сэжигтнээр тооцон холбогдуулан шалгасан боловч 3.Хатантөмөр нь уг хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр түүний үйлдэл, холбогдлыг прокурорын 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 354 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба тухайн тогтоолыг хохирогч, холбогдогч нарт танилцуулахад уг тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

          Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнээс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцаах саналтай байна” гэв.

          Яллагдагч З.Хатанболдоос: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

          Өмгөөлөгч С.Пүрэвдоржоос тус шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч З.Хатанболдыг яллагдагчаар татсан тогтоолыг шүүхийн шатанд агуулгын хувьд өөрчилсөн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлийг зөрчиж байгаа юм. Энэ талаар  З.Хатанболдоос асуухад мөрдөн байцаагч намайг дуудаж зассан гэж хэлсэн. Мөн шүүгчийн захирамжид дурдсан гэрчүүдийг хайх ажиллагаа хийсэн гэх баримт хавтаст хэрэгт байдаггүй. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн хувийн байдлыг шалгах асуудлаар мөрдөн байцаалт болон прокурорын шатанд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хангаагүй. Хохирогчийн хувийн байдлыг тогтоох нь яллагдагч З.Хатанболдын хэргийн байдалд нөлөөлөх ач холбогдолтой гэж үзэж байна” гэв.

ХЯНАВАЛ:

З.Хатанболдод холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд З.Хатанболд нь 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар хорооллын 16 дугаар байрны хойд талд хохирогч Б.Энхлхагвын хууль бус, буруутай үйл ажиллагааны улмаас түүний нүүрэн тус газар цохиж, мөргөн зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн байна.

Яллагдагчийн өмгөөлөгч С.Пүрэвдорж нь хохирогч Б.Энхлхагва өөр бусад хүмүүс рүү шил шидэж танхайрч байсан уг асуудлыг тогтоолгох шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласны дагуу хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд хохирогч Б.Энхлхагва нь нийгмийн хэв журмыг зөрчиж, танхайрсан байж болзошгүй үндэслэл байна. Гэвч энэ асуудлыг З.Хатанболдын гэм бурууг хэлэлцэхэд зайлшгүй хамтад нь авч үзэх шаардлагагүй болно.

Иймд З.Хатанболдод холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2016 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 31 тоот эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн яллагдагчаар татах тогтоолыг зассан гэж байгаа боловч хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байгааг дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 136 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, З.Хатанболдод холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл З.Хатанболдод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.ПҮРЭВСҮРЭН

              ШҮҮГЧИД                                                               Д.МЯГМАРЖАВ 

                                                                                              Д.ОЮУНЧУЛУУН