Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 584

 

Д.Амартүвшинд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Д.Мөнхтуяа,

шүүгдэгч Д.Амартүвшин,

хохирогч Ц.Цэнддорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Итгэлмаа,

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 136 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Мөнхтуяагийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр бичсэн 20 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Д.Амартүвшинд холбогдох эрүүгийн 201626021082 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.  

            Олхон овогт Дашзэвгийн Амартүвшин, 1987 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ус суваг удирдах газарт ус түгээгч ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Зүүн наран” 13 дугаар гудамж, 149 тоотод оршин суух,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 454 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 34 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 21 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ДИ 87080410/,

            Шүүгдэгч Д.Амартүвшин нь урьд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байдал арилаагүй байхдаа давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Зүүн Наран”-гийн 13 дугаар гудамжны 149 тоотод үерхэж байсан иргэн Ц.Цэнддоржийг "зээлсэн мөнгөө нэхлээ" гэх шалтгаанаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газар: Д.Амартүвшингийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийснийг шүүх хуралдаанаар нөхөж гүйцэтгэх боломжгүй дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг заасан ба уг зүйлийн 80.1.4 дэх  хэсэгт "шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлүүд"-ийг нотолно гэж заасан. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Амартүвшин нь “Ус суваг”-т түгээгч ажилтай гэж мэдүүлж байгаа хэдий ч энэ талаар ямар нэгэн баримт авагдаагүй. Иймд шүүгдэгч Д.Амартүвшин хөдөлмөр эрхэлдэг эсэхийг шалгаж холбогдох материалыг хавтаст хэрэгт хавсаргах,

            мөн шүүгдэгч Д.Амартүвшин нь иргэн Ч.Оюунжаргалтай гэр бүлийн баталгаатай хэдий ч 0-3 насны хүүхдүүдийг ганцаараа өсгөдөг, эхнэр нь хүүхдүүдээ орхиод явсан талаар удаа дараа мэдүүлсэн атал энэ талаар тодруулаагүй, гэрч Д.Нэргүй шүүгдэгч Д.Амартүвшингийн эхнэрийг н.Ариунзул гэж мэдүүлсэн нь /хх-31,33/ Ч.Оюунжаргал гэх Иргэний гэрлэсний бүртгэлийн 1107000540 дугаартай бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэнээс /хх 62/ зөрүүтэй байх тул холбогдох гэрчүүдийг асууж Ч.Оюунжаргал гэх хүнээс мэдүүлэг авч, мэдүүлгийн зөрүүг арилгаж, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах,

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5 дахь хэсэгт "Хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш хохирогч болон холбогдох бусад этгээд 7 хоногийн дотор прокурорт гомдол гаргаж болно." гэж заасан байдаг. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 222 дугаартай Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд /хх-81/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Итгэлмаа гомдолтой гэсэн байхад мөн өдрөө 218 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5 дахь хэсгийг ноцтой зөрчиж, хохирогчийн гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Амартүвшин нь "Цэнддорж энэ хэрэг болохын өмнөх өдөр Заяа гэдэг хүүхэнтэй зодолдсон. Заяа гэдэг хүүхний хавирга нь хугарсан байсан" гэх мэдүүлж байх тул Заяа гэх хүнийг асууж шалгах,

            Хохирогч Ц.Цэнддорж нь "Тийм ээ би худал мэдүүлэг өгсөн нь үнэн" /хх-17/ гэж мэдүүлсэн атал шүүхийн хэлэлцүүлэгт би "Хүүхдийн гар түлсэн" талаар худлаа гэж мэдүүлэг өгөөгүй гэж байх тул энэхүү мэдүүлгийн зөрүүг арилгах, хохирогчийн мэдүүлэг тогтворгүй, өөрчлөгдөж байгаа нь "хохирогч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитойгоор тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрүүлж" байх тул Ц.Цэнддоржийн сэтгэцийн байдлыг тодорхойлох шаардлагатай гэж шүүх үзлээ.

            Тус захирамжид дурдагдаагүй боловч мөрдөн байцаалт явуулах, прокурорын хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг анхаарах нь зүйтэй.

            Иймд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, дээрх зөрчлүүдийг арилгах нь зүйтэй гээд шүүгдэгч Д.Амартүвшинд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

            Прокурор Д.Мөнхтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

             Д.Амартүвшин нь мөрдөн байцаалтын явцад авагдсан сэжигтэн болон яллагдагчийн биеийн байцаалтад худаг дээр ус түгээгчээр хувиараа хөдөлмөр эрхэлж ажилладаг талаар мэдүүлдэг бөгөөд түүний хувийн байдлын талаар төрсөн эгч Д.Нэргүйг гэрчээр асууж, ял шийтгэлийн байдлыг шалгаж тогтоосон, Мөн тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт манай эгч Д.Нэргүй манай эхнэр Ч.Оюунжаргалыг Ариунзул гэж дууддаг тухай мэдүүлсэн бөгөөд Иргэний гэрлэсний бүртгэлийн 1107000540 дугаартай бүртгэлийн гэрчилгээнд шүүгдэгчийн эхнэрийг Ч.Оюунжаргал болохыг тэмдэглэсэн, /хх-62/, мөн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 298 дугаар шийтгэх тогтоолд эхнэр Ч.Оюунжаргалыг зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шийтгүүлж байсан баримтуудаар шүүгдэгчийн эхнэрийг Ч.Оюунжаргал гэдэг болохыг хангалттай нотолсон баримтууд /хх-53-63/ хэрэгт авагдсан байхад холбогдох гэрчүүдийг асууж Ч.Оюунжаргал гэх хүнээс мэдүүлэг авч, мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагагүй гэж үзэхээр байна.

Хохирогч Б.Итгэлмаа нь дээрх тогтоолтой биечлэн танилцаад 22 хоногийн дараа буюу хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл хугацаанд дээрх тогтоолд албан ёсоор ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар “Байцаан шийтгэх ажиллагааны оролцогч хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр үйл ажиллагааны талаарх гомдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргаж болно” гэсэн заалтын дагуу Б.Итгэлмаагийн гомдол гаргах эрх нь нээлттэй, давж заалдах гомдол гаргах эрх нь зөрчигдөөгүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзсэн шүүгчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Д.Амартүвшин мөрдөн байцаалтын явцад Заяа гэдэг хүүхний хавирга нь хугарсан талаар огт мэдүүлж байгаагүй, энэ хэргийг шалгах явцад Заяа гэгч этгээдээс биедээ гэмтэл бэртэл авсан талаар ямар нэгэн гомдол, хүсэлт цагдаа болон прокурорын байгууллагад гаргаж байгаагүй байхад Заяа гэх хүнийг асууж шалгуулахаар захирамждаа заасан нь ойлгомжгүй, түүнийг шалгаснаар энэ нь шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох, Заяа гэгч этгээдийг шалгаагүй нь ямар хуулийн заалтыг зөрчөөд байгаа талаар тодорхой дурдаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан "хэрэг хэлэлцэх ажиллагаа зөвхөн шүүгдэгчийн хувьд гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Прокурор шүүгдэгч Д.Амартүвшинг урьд бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байдал арилаагүй байхдаа давтан үйлдлээр иргэн Ц.Цэнддоржийг "зээлсэн мөнгөө нэхлээ" гэх шалтгаанаар зодож бие махбодид нь хөнгөн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүгч яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэхгүй, хэрэгсэхгүй болгосон хэрэгт хамааруулж хохирогч Ц.Цэнддоржийн сэтгэцийг шалгуулахаар захирамжилсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан "Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх" шаардлагыг хангаагүй байх тул уг захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү…” гэв.

            Хохирогч Ц.Цэнддорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Амартүвшин намайг зодож цохисон нь үнэн. Би гомдолтой байгаа. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцаахгүйгээр анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Итгэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Прокурор Д.Мөнхтуяа нь надад “Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 222 дугаар тогтоолыг танилцуулахад нь би “гомдолтой” гэж бичсэн нь миний эрх зүйн мэдлэггүйгээсээ болсон асуудал юм. Би сүүлд нь прокурорт “би нүдээрээ хараагүй зүйлдээ гомдолтой гэж бичсэн нь миний буруу болжээ” гэж амаар хэлж байсан юм. Одоо энэ талаар ямар нэг гомдол санал байхгүй.” гэв.

            Шүүгдэгч Г.Амартүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид тайлбар байхгүй. Миний эхнэр Ч.Оюунжаргал нь хааяа хүүхдээ аваад явдаг. Хааяа би асардаг. Бид бага насны гурван хүүхэдтэй. Миний төрсөн эх нас бараагүй байхдаа заримдаа манай хоёр хүүхдийг харж өгч тусалдаг байсан. Энэ хэрэг гардаг өдөр эхнэр маань хүүхдүүдээ аваад явсан байсан.” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Д.Амартүвшинд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт нь “Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна.

Шүүгдэгч Д.Амартүвшин нь 2016 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Зүүн Наран”-гийн 13 дугаар гудамжны 149 тоотод үерхэж байсан иргэн Ц.Цэнддоржийг "зээлсэн мөнгөө нэхлээ" гэх шалтгаанаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт хангалттай бүрдсэн байна гэж үзэв.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Итгэлмаа гомдолтой гэсэн байхад мөн өдрөө яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлж, хохирогчийн эрхийг эдлүүлээгүй, Заяа гэх хүнийг асууж шалгах, хохирогч Ц.Цэнддоржийн сэтгэцийн байдлыг тодорхойлох, мэдүүлгийнх нь зөрүүг гаргах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Хавтаст хэргээс үзэхэд шүүгдэгч Д.Амартүвшингийн хувийн байдлын талаар түүний төрсөн эгч Д.Нэргүй мэдүүлэг өгсөн байхаас гадна шүүгдэгч Д.Амартүвшин сэжигтнээр байцаагдахдаа “…2016 оны 4 дүгээр сард өдрийг сайн санахгүй байна, манай эхнэр Оюунжаргал 3 хүүхдээ аваад эгчийх рүүгээ яваад өгсөн…” /хх-41/ гэж мэдүүлсэн байх тул 0-3 насны 3 хүүхэд эхийн асрамжинд байгаа нь болох нь харагдаж байх бөгөөд энэ талаар дахин тодруулах шаардлагагүй байна.

 Мөн прокурорын шатанд “яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Итгэлмаад танилцуулсан өдрөө хэргийг шүүхэд шилжүүлсэн байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Итгэлмаа нь “би учрыг нь сайн ойлгохгүйгээр нүдээрээ хараагүй зүйлдээ гомдолтой гэж бичсэн нь миний буруу болсон. Одоо энэ талаар ямар нэг гомдол санал байхгүй” гэсэн тайлбар гаргаж байх ба  дээрх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь ач холбогдолгүй болжээ.

Түүнчлэн хохирогч Ц.Цэнддоржийн хүү И.Ууганбилэгийн гарыг түлсэн эсэх талаар шалгаж, Д.Амартүвшинг гэм буруугүй гэж үзэн дээрх үйлдлийг прокуророос 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хэрэгсэхгүй болгосоныг буруутгах хуулийн үндэслэл байхгүй байна.

Хохирогч Ц.Цэнддоржийн сэтгэцийг шалгуулах болон шүүгдэгч Д.Амартүвшингийн мэдүүлснээр хохирогч Ц.Цэнддоржийг Заяа гэх хүнтэй урьд зодолдсон эсэх асуудлууд нь энэ хэрэгт хамааралгүй, хэргийг шийдвэрлэхэд ямар нэг саад болох, нөлөөлөх зүйл биш    байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин шалгах шаардлагагүй гэж үзэв.  

Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, шүүгдэгч Д.Амартүвшинд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул прокурор Д.Мөнхтуяагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 136 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Амартүвшинд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Д.Амартүвшинд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ   

                                                                                                Д.ОЮУНЧУЛУУН