Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 25

 

З.Гүнчиндоржид холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл Прокурор Н.Бат-Эрдэнэ Шүүгдэгч З.Гүнчиндорж Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бямбабаяр Хохирогч Б.Бямбарагчаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 28 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч Б.Бямбарагчаагийн давж заалдсан гомдлоор З.Гүнчиндоржид холбогдох 201613000021 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 22 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23-р хороо, 2-р хэсгийн Баатар хайрханы 391 тоотод оршин суух, Батлан хамгаалах их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн Холбоо, электроникийн тэнхимийн 3-р ангийн оюутан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овгийн Зоригтбаатарын Гүнчиндорж. Регистрийн дугаар: /ИЮ-94050432/ Шүүгдэгч З.Гүнчиндоржид нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Анхан шатны шүүх: Сартуул овгийн Зоригтбаатарын Гүнчиндоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан танхайрах болон танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гүнчиндоржийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан З.Гүнчиндоржид оногдуулсан 3 жил 6 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гүнчиндоржид оногдуулсан 3 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нь тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд З.Гүнчиндоржид хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Цагдаагийн байгууллагад үүрэг болгож, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдаж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн рентген зурагны 4 ширхэг хальс, шинжилгээний хуурцаг/CD/ 2 ширхэг, араа шүд /хагархайн хамт/ 1 ширхэгийг хохирогч Б.Бямбарагчаад буцаан олгож, шүүгдэгч З.Гүнчиндоржид 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болж, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Хохирогч Б.Бямбарагчаа давж заалдсан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 28 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. З.Гүнчиндорж нь миний хохиролыг дутуу барагдуулж өгсөн. Үүнд: Эрүү нүүрний эмч Ж.Одхүүгийн бүтэн нойрсуулж хагалгаа хийнэ. Үүний тулд шинжилгээ хийлгэж хариуг нь даруй авч ир гэсний дагуу Гялс төв болон 32-р тойрогт байрлах Нүүр ам, мэс заслын лаборторт өгсөн. Мөн цээжний зураг авахуул гэсний дагуу 20.000 төгрөгөөр авахуулсан. Нэвт ХХК гэсэн тамгатай падаан бичиж өгсөн. Хагалгаанд ороход эмч нар зүрхний бичлэгийг 10.000 төгрөг, зөвлөгөө өгсний хөлсөнд 20.000 төгрөг авсан. Тухайн үед З.Гүнчиндоржийн аав, ээж нь хамт байсан. Толгой эргэж, дотор муухай болж унаж тусдаг нь З.Гүнчиндорж толгойруу хүчтэй цохисонтой холбоотой байхад яагаад шүүгдэгчийн буруутай үйлдэл биш гэж дүгнэж байгаа юм бэ. Тархи толгойгоо мэдрэлийн эмчид үзүүл гэсний дагуу мэдрэлийн төрөлжсөн “Эпилон” гэдэг эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний хөлсөнд 500000 төгрөг төлсөн баримт байсаар байхад яагаад шүүгдэгчээс гаргуулахгүй байгаа юм бэ? Хүчтэй цохилтын улмаас тархинд цус харвалт, хаван үүсэх битүү гэмтэл авсан байхыг гаднаас хараад оношлох боломжгүй гэсэн учир “Томо” графикийн зураг 120.000 төгрөгөөр авахуулж баримтыг нь өгсөн байхад шүүгдэгчээс гаргуулаагүй. Мөн Одхүү эмчийн зөвлөснөөр 56.000, 91.100 төгрөгний баримттай эмүүдийг 1 дүгээр эмнэлэгийн 1 давхарын эмийн сангаас авсан. Ямар баримт дээр бичиж өгснийг би мэдэхгүй байна. Тухайн үед өвдөж зовж байгаа зовиураа дарах гэж эмчийн бичиж өгсөн эмийг л авч уусан. Ээж маань хөдөө байдаг тул Улаанбаатар хотод газар сайн мэдэхгүй, байгаа айл маань автобусны буудлаасаа хол байсан тул бид хоёр Пүрэвдаваа гэдэг жолоочтой тохирч унааг нь хөлсөлж эмнэлгийн бүхий л ажлаа амжуулж байсан. Улаанбаатар хотод эмчилгээнд явахдаа ээж маань 1.733.100 төгрөгийн тэтгэвэрийн зээл авсан. Би хүнд зодуулаагүй бол тэтгэвэрийн зээлийг ээж маань авах шаардлага байхгүй байсан. 2016 оны 3 сарын 4-нд шүдний бэхэлгээ авахуулаад цаашаа яах вэ?, мөн л эмч нараас зөвлөгөө авсан. Хатуу зүйл идэж болохгүй гэсний дагуу миний идэх зүйл тараг, цайнд пичень идэж байсан. Үүний улмаас маш их турж эцэн уураг их алдсан. Алдсан уургийг нөхөх зорилгоор эгч маань “Herbalife”-ийн уураг нөхдөг нэмэлт бүтээгдэхүүнийг 760.859 төгрөгөөр авч өгсөн. Би З.Гүнчиндоржид зодуулж нүүр амандаа бэртэл аваагүй бол зүгээр хооллоод эрүүл саруул явж байх байсан. Заавал ийм тансаг хэрэглээний шим тэжээлтэй хоол идэхгүй зүгээр энгийн хоолоо идэх байсан. Иймд мэдрэлийн эмнэлгээр үзүүлсний төлбөр, ээжийн авсан тэтгэвэрийн зээлийн зөрүү, эмийн зардал, хоол хүнсний төлбөр, унаа, бензиний төлбөр, шинжилгээний зардал зэрэг хохирлууд төлөгдөөгүй учир гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцээд учирсан хохиролыг шүүгдэгч З.Гүнчиндоржоос бүрэн гаргуулж өгнө үү гэжээ. Улсын яллагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хохирогч Б.Бямбарагчаа нь шүүгдэгчээс гэм хорын төлбөрт нийт 6.493.627 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохиролд холбогдох баримтуудаар хот хоорондын зорчигчийн тасалбар/хэргийн 106-р хуудсанд буй 4 ширхэг баримт/, нисэх онгоцны тийз/107-р хуудас/, эмчилгээ шинжилгээний төлбөрийн баримтууд/108-р хуудсанд буй 8 ширхэг баримт/, эм тарианы зарлагын баримтууд/109-р хуудсанд буй 10 ширхэг баримт/, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зарлагын маягт/110-р хуудсанд буй 2 ширхэг баримт/, хоол хүнсний бүтээгдэхүүний баримтууд/111-р хуудсанд буй 7 ширхэг,112-р хуудсанд буй 10 ширхэг, 113-р хуудсанд буй 7 ширхэг нийт 24 ширхэг баримт/, шатахууны баримтууд/хэргийн 114-р хуудсанд буй 19 ширхэг, 115-р хуудсанд буй 13 ширхэг, 117-р хуудсанд буй 4 ширхэг нийт 36 ширхэг баримт/, түлээ, нүүрс авсан тухай болон үйлчилсэн жолоочийн гар бичмэл баримтуудыг гаргаж өгөн хэрэгт хавсаргуулжээ. Дээрх баримтуудаас ялтан З.Гүнчиндоржийн үйлдлийн улмаас хохирогч Б.Бямбарагчаагийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоогүй буюу ялтны үйлдэлтэй шалтгаант холбоогүй гарсан зардлын баримтууд болон он, сар, өдөргүй, баримтыг баталгаажуулсан тэмдэг болон олгосон байгууллагын нэр зөрүүтэй, хүнсний бүтээгдэхүүн болон шатахууныг хэн авсан нь тодорхойгүй /НӨАТ-ын сугалааны дугаартай/ баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй, эргэлзээтэйн улмаас үнэлэх боломжгүй гэж үзлээ. Тухайлбал доорх баримтууд ялтан З.Гүнчиндоржийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй баримтууд байна. Үүнд: 1.Хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд авагдсан хот хоорондын зорчих тасалбаруудаас хохирогчийн ээж Т.Оюунцэцэгийн Улаанбаатараас Завхан аймгийн Тосонцэнгэл суманд цагаан сараар гэртээ ирсэн гэх 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн тасалбараар гарсан зардал 40200 төгрөг ялтны үйлдэлтэй шууд шалтгаант холбоогүй зардал байна. Өөрөөр хэлбэл: Т.Оюунцэцэг нь цагаан сараар гэртээ буцаж ирсэн нь ялтны үйлдэлтэй холбоогүй учир ийнхүү ирэхдээ төлсөн замын зардлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэсгүй. 2.Хохирогч Б.Бямбарагчааг Улсын Нэгдсэн төв эмнэлгийн Эрүү нүүрний тасагт хэвтэн эмчлүүлэхэд бүрдүүлэх шинжилгээг тус тасаг зааж картанд хавсаргасан бөгөөд уг заалтанд хамаараагүй уушигны рентген зурагны төлбөрт “Нэвт туяа” ХХК-нд 20000 төгрөг төлсөн гэх баримт, дотор зүрх судасны Амархүү эмнэлэгт үзлэгийн төлбөрт 30000 төгрөг төлсөн гэх баримтыг тус тус ялтны үйлдэлтэй шалтгаант холбоотой гарсан зардлын баримт гэж үзэх үндэсгүй учир дээрх 50000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй гэж үзлээ. 3.Хохирогч Б.Бямбарагчаа нь 2016 оны 02 дугаар сарын 23-наас 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд 10 хоног мэдрэлийн төрөлжсөн “Эпимон” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэж мэдүүлж байгаа бөгөөд түүний картанд тус эмнэлэг хэвтэн эмчлүүлсэн тухай бичилт хийжээ. Гэвч тус эмнэлэгт 500000/таван зуун мянган/ төгрөгний төлбөр төлсөн тухай баримтын байгууллагын нэр хэсэгт “Эпимон” гэж бичигдсэн ч баримтанд “Өнө-Энх” ХХК-ны тэмдэг дарсан байгаа нь эргэлзээтэй байна. Мөн мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь нотлогдоогүй, түүний үйлдлийн улмаас учирсан гэмтлийг эмчилсэн Улсын Нэгдсэн төв эмнэлгийн Эрүү нүүрний тасгийн эмч Ж.Одхүү хохирогчийг эмнэлгээс гаргах үедээ мэдрэлийн эмчилгээ хийлгэх заалт бичээгүй байна. Иймд 500000 төгрөгний зардалд холбогдох дээрх баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, мэдрэлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гарсан зардлыг ялтны үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор гарсан хохирол гэж үзэх үндэсгүй байна. Мөн доорх баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, эргэлзээтэй байна. Үүнд: 1. Эм тарианы төлбөр гэж хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд хавсаргасан баримтуудаас “Монос Таван шар” салбар гэсэн 3.150 төгрөгний, 8.330 төгрөгний, 16250 төгрөгний баримтуудаар хэн эм авсан нь тодорхойгүй, Чулуунбаатарын Анхтуяа гэсэн тэмдэг дарагдсан 51600 төгрөгний баримтаар хаанаас юу авсан болох нь тодорхойгүй, Мөнхийн тун Мед ХХК-ний 56700 төгрөгний баримтын “2016 он 02 сар 08 өдөр” гэсэн огноо болон эмийн нэрсийг бичсэн хэсэг, үнийн дүнг бичсэн хэсгүүдийн бичилтүүд, өмнө бичигдсэн бичилтийг дарж дээр нь давхар бичсэн, баримтын дугаар нь 0000014, мөн “2016 он 02 сар 29 өдөр” гэсэн огноо бүхий 91100 төгрөгний баримтын дугаар 0000012 байх бөгөөд энэ хоёр баримтыг огноогоор нь харьцуулан үзэхэд өмнө нь 0000014 гэсэн баримтаар 56.700 төгрөгний эм авсан гэх боловч 11 хоногийн дараа энэ дугаарын өмнөх дугаар буюу 0000012 гэсэн дугаар бүхий баримтаар 91.100 төгрөгний эм авсан мэт бичигдсэн байна. Иймд дээрх баримтууд эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ. Эдгээр нотлох баримтын шаардлага хангаагүй, эргэлзээтэй баримтуудын дүн 227130 төгрөгийг мөн ялтнаас гаргуулах боломжгүй байна. 2. Хавтаст хэргийн 110 дугаар хуудсанд хавсаргасан “Herbalife” компаний жижиглэн худалдааны захиалгын хуудсаар захиалсан 522.407 төгрөгний болон 238452 төгрөгний бүтээгдхүүнийг эмч, эмнэлгийн байгууллагын заалтаар хохирогч Б.Бямбарагчаад зайлшгүй хэрэглүүлэх шаардлагатай байсан гэх талаар ямар нэгэн нотлох баримтгүй, түүнчлэн уг захиалсан бүтээгдхүүнийг хохирогч худалдан авч тухайн компанид төлбөр хийсэн гэж үзэхээргүй байх тул дээрх бүтээгдэхүүний захиалгын төлбөрт нэхэмжилсэн 760.859 төгрөгийг ялтнаас гаргуулах үндэсгүй. 3. Хавтаст хэргийн 111 дүгээр хуудсанд хавсаргасан 7 ширхэг зарлагын баримтуудад бичигдсэн хүнсний бүтээгдэхүүнүүд нь хохирогчийн эрүүл мэндийг сэргээхэд зайлшгүй шаардлагатай нэмэгдэл хоол гэж үзэх боломжгүй, хүний ердийн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүд байна. Эдгээр баримтанд бичигдсэн хүнсний зүйлийг дан ганц хохирогч Б.Бямбарагчаа хэрэглэсэн гэхэд ч эргэлзээтэй байна. Тухайлбал 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн баримтаар гоё тараг 4 ширхэг, алимны нухаш 6 ширхэг, жүүс 4 ширхэг, Т/наша 4, өлгөө сүү 12 ширхэг гэх мэтийг 120000/нэг зуун хорин мянган/ төгрөгөөр авсан бол 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тараг 8 ширхэг, нухаш 12 ширхэг, Т/наша 10, компод виш 2 гэх мэтийг 179.000 төгрөгөөр авсан гэх баримт хавсаргажээ. Мөн энэ хуудсанд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 56000 төгрөгний баримтыг өнгөн хувь болон хорон хувийг аль алийг нь үдсэн нь баримтыг үнэн зөв гэж үзэхэд ч эргэлзээ төрүүлж байна. Мөн 112 дугаар хуудасны 10 ширхэг, 113 дугаар хуудасны 5 ширхэг НӨАТ-ын сугалааны дугаар бүхий баримтуудад заасан зүйлсийг хэн авсан нь тодорхойгүй, уг зүйлсийг хохирогч Б.Бямбарагчаа авсан гэж шууд үзэх боломжгүй, мөн ердийн хоол хүнсний бүтээгдэхүүн болон тамхи авсан гэх баримтууд байх тул үнэлэх боломжгүй. Хэргийн 113 дугаар хуудсанд хавсаргасан Худалдааны төв “Жигүүр” гэсэн баримтанд 22.750 төгрөгний ахуйн хэрэглээний зүйлс бичигдсэн бөгөөд уг баримт нь он, сар, өдөргүй, “Д.Нарантуяа Жаргал худалдааны төв” гэсэн тэмдэг дарагдсан, 213.200 төгрөгний хүнсний бүтээгдэхүүний зарлагын баримт мөн он, сар, өдөргүй, “Д.Нарантуяа Жаргал худалдааны төв” гэсэн тэмдэг дарагдсан атлаа Намжилсүрэн гэсэн гарын үсэг зурагдсан байх тул үнэн зөв гэж үзэж үнэлэх боломжгүй. Энэ хоёр баримтанд Намжилсүрэн гэдэг хүний гарын үсэг зурагдсан бөгөөд Намжилсүрэнг өөрийн ээжийн дүү гэдгийг хохирогч Б.Бямбарагчаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа учир дээрх 2 баримт эргэлзээ бүхий байна. Иймд хүнсний бүтээгдэхүүн авсан гэх баримтуудыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй, түүнчлэн уг хүнсний бүтээгдхүүнүүд нь эмчилгээ сувилгааны нэмэлт хоол хүнсний бүтээгдэхүүн гэж үзэх боломжгүй, хүний ердийн хэрэглээний хүнсний бүтээгдхүүнүүдээр барахгүй тамхи, загас гэх мэт ч байна. Түүгээр ч барахгүй тансаг зүйл хэрэглэж байсан гэдгээ хохирогч мэдүүлж байх тул дээрх нийт 23 ширхэг баримтуудын дүн 1.138.388 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй гэж үзлээ. 4. Хавтаст хэргийн 114 дүгээр хуудсанд хавсаргасан 19 ширхэг шатахууны баримт/НӨАТ-ын сугалааны дугаар бүхий/, 115 дугаар хуудсанд хавсаргасан 13 ширхэг баримт/НӨАТ-ын сугалааны дугаар бүхий/, 116 дугаар хуудсанд хавсаргасан 27 ширхэг баримт/НӨАТ-ын сугалааны дугаар бүхий/, 117 дугаар хуудсанд хавсаргасан 4 ширхэг/НӨАТ-ын сугалааны дугаар бүхий/ баримт нийт 611000/зургаан зуун арван нэгэн мянган/ төгрөгний дүн бүхий 63 ширхэг шатахууны баримтыг мөн л хэн авсан нь тодорхойгүй, уг баримтуудаар хохирогч Б.Бямбарагчаа, эсхүл түүний ээж Т.Оюунцэцэг шатахуун авсан гэж үзэх боломжгүй байна. Түүнчлэн хэргийн 119 дүгээр хуудсанд үйлчилгээнд явсан жолооч Пүрэвдаваа гэгчийн нийт 40 хоногт 630.000 төгрөгний хөлс авч үйлчилгээнд явсан гэх гар бичмэл авагдсан байгаа ч Пүрэвдаваа нь хохирогч Б.Бямбарагчаагийн ээж Т.Оюунцэцэгийн төрсөн дүүгийн хүүхэд болох нь хохирогчийн шүүх хуралдааны үед энэ талаар өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Ийнхүү Пүрэвдаваа нь хохирогчтой ашиг сонирхол нэгтэй этгээд болох нь нотлогдож байх тул түүний гараар бичсэн дээрх баримтыг үнэн зөв гэж үзэх үндэсгүй. Иймд шатахууны зардал гэх 611.000 төгрөгний баримт, авто машинаар үйлчилсэний хөлсөнд 630.000 төгрөг авсан гэх гар бичмэлийг мөн нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзлээ. Мөн хохирогч Б.Бямбарагчаагийн ээж Т.Оюунцэцэгийн тэтгэврийн зээлийн хүү 567.000 төгрөг нэхэмжлэгдсэн байгаа ч зээлийн хүүд төлөгдсөн гэх талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх баримтыг хохирогч гаргаж өгөөгүй байна. Дээрх нотлох баримтын шаардлага хангаагүй, эргэлзээтэйн улмаас нотлох баримтаар үнэлээгүй баримтуудын болон нотлох баримтаар тогтоогдоогүй зардлын дүн 3.934.377/гурван сая есөн зуун гучин дөрвөн мянга гурван зуун далан долоо/ төгрөг, шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй гарсан зардлын дүн 590200/таван зуун ерэн мянга хоёр зуун/ төгрөг нийт 4.524.577/дөрвөн сая таван зуун хорин дөрвөн мянга таван зуун далан долоон/ төгрөгийг хохирогчийн нэхэмжилсэн 6.493.627 төгрөгнөөс хасч тооцох нь зүйтэй. Хохирогч Б.Бямбарагчаагийн нэхэмжлэлээс ялтны гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хор уршигтай шалтгаант холбоотой хохирол 1.969.050 төгрөгий зардал нь нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд ялтан хохиролд 2.000.000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байх тул ялтан З.Гүнчиндоржийг хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэстэй байна. Иймд Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөв дүгнэлт хийж үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар ялтны өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын яллагчийг оролцуулна уу гэжээ. Хохирогч Д.Бямбарагчаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаргасан гомдол дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй гэв. Шүүгдэгч З.Гүнчиндорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогч Б.Бямбарагчаагийн хохирлыг ямар ч байсан барагдуулна гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бямбабаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд хохирогч гэм буруугийн талаар биш, хохирлын талаар маргаж байна. Анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бодитой шалгаж, тооцоог нь гаргасан байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 94, 95 дугаар зүйлүүдэд заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дүгнэж шийдвэрлэсэн. Хохирогчийн зүгээс мэдрэлийн хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн гэсэн бичиг ирүүлсэн боловч тамга, тэмдэг нь зөрүүтэй байгаа. Мөн мэдрэлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь шүүгдэгчийн учруулсан гэм хортой холбогдолгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхэд хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд дээр эмийн нэрийг дарж бичсэн, хоол хүнсний бүтээгдэхүүн хэзээ хэн авсан болох нь мэдэгдэхгүй баримтуудтай, мөн HerbaLife-ийн бүтээгдэхүүнийг 809.000 төгрөгөөр худалдаж авсан гэж байгаа боловч ямар нэгэн эмчийн заавраар авсан эсэх нь тодорхойгүй байдаг юм. Зарим нэг хүнсний зүйл, бензин авсан баримт дээр Жигүүр худалдааны төв гэсэн баримт дээр Жаргалтуяа гэсэн тэмдэг дарсан мөртлөө Намжилсүрэн гэх хүн гарын үсэг зурсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Бямбарагчаагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Прокурор Н.Бат-Эрдэнэ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо иргэний нэхэмжлэлийг хангах, хангахгүй үндэслэлүүдийг шийдвэрлэсэн байдаг. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйл, 292, 293 дугаар зүйлүүдэд тус тус заасан шаардлагыг хангасан, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймээс хохирогч Б.Бямбарагчаагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. 
ТОДОРХОЙЛОХ нь: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284-р зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч З.Гүнчиндорж нь 2016 оны 1-р сарын 27-ны өдрөөс 1-р сарын 28-нд шилжих шөнийн 01-04 цагийн хооронд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлах Улиастай зочид буудал дотор “юу байна хө гэж хэллээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Бямбарагчааг 00-н өрөөнд оруулж хавсарч унагаан, толгой руу нь гараараа цохих, цээжин хэсэгт нь дэвсэх, өшиглөх зэргээр зодож духны хэсэгт нь дэвсэх, өшиглөх зэргээр зодож духны хэсэгт нь зулгаралт, зүүн гарын бугуйн дотор талд нь 1x0.2 см газар хэгзэлсэн шарх учруулан хөнгөн гэмтэл учруулж, улмаар хохирогчийг буудлаас гарч явахад нь араас нь гүйж очин ямар ч үгийн зөрүүгүйгээр түүний эрүүний шанаа хэсэгт нь баруун гараараа 3-4 удаа цохиж, доод эрүүний баруун, зүүн талын ясыг нь хугалж биемахбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан танхайрсан, улмаар бусдыг зодож танхайрсан үйлдлийг зогсоох гэсэн хохирогч Б.Түвшинжаргалыг ямарч үгийн зөрүүгүй хавсарч унагаан, татаж босгон ирж духны хэсэгт нь гараараа цохиж, баруун, зүүн хөмсөгний дунд хэсэгт нь зулгалсан гэмтэл учруулан эсэргүүцэн танхайрсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Бямбарагчаа, Б.Түвшинжаргал, гэрч Д.Бямбаноров, Б.Соёлмаа, У.Нанзаддорж, О.Хулан Д.Бархас, Л.Амартүвшин, Б.Отгонбаяр Д.Гантөмөр, Б.Бямбасүрэн нарын мэдүүлгүүд, Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 2-р сарын 01-ни өдрийн 201620059 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Шүүгдэгч З.Гүнчиндорж нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлуудыг нь харгалзан түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, ангиар 3 жил 06 сарын хугацаатай хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг нь тэнсэж хянан харгалзсныг нь буруутгах боломжгүй байна. Хохирогч Б.Бямбарагчаа давж заалдсан гомдолдоо: ...Миний Улаанбаатар хотод эмчлүүлсэн мэдрэлийн төрөлжсөн “Эпилон” эмнэлэгт хэвтсэн 500.000 төгрөг, мөн “Herbalife” компанийн бүтээгдэхүүн хэрэглэсэн 760.859 төгрөг, таксины жолооч Пүрэвдаваад төлсөн 630.000 төгрөг, ээж Т.Оюунцэцэгийн тэтгэврийн зээлийн хүү зэргийг анхан шатны шүүх шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэсний тухайд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Б.Бямбарагчаагийн гаргаж өгсөн эмчилгээ, эм тарианы зардлуудтай холбоотой баримтуудыг Эрүгүийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл, журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор нэг бүрчлэн тодорхой тайлбар хийж, ойлгомжтой байдлаар шийтгэх тогтоолд заасан байна. -Мөн хохирогч Б.Бямбарагчаагийн нэхэмжлэлээс 1.969.050 төгрөгний зардал нь шүүгдэгч З.Гүнчиндоржийн гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотой гэж дүгнэн, улмаар шүүгдэгчийн хохирогч Б.Бямбарагчаад төлсөн 2.000.000 төгрөгийг хохирол нөхөн төлөгдсөнд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна. -Мөн шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй, нотлох баримтын шаардлага хангаагүй 4.524.577 төгрөгний зардлыг хохирогчийн нэхэмжилсэн 6.493.627 төгрөгнөөс хасч хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна. Хохирогч Б.Бямбарагчаа нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа ээж Т.Оюунцэцэгийн тэтгэврийн зээл авсан гэрээ, өвчний түүхийн хуулбарыг хамт хавсаргажээ. Хэрэгт хавсаргасан хохирогч Б.Баямбарагчаагийн ээж Т.Оюунцэцэгийн Хаан банкнаас 2016 оны 1-р сарын 28-ны өдөр 24 сарын хугацаатай авсан 1.733.100 төгрөгний зээлийн хамтарсан зээлдэгчээр хохирогч Б.Бямбарагчаа биш, харин М.Наранбадрах гэдэг хүн зээлдэгчээр тогтоогджээ. Энэ байдлаас үзэхэд хохирогч Б.Бямбарагчаагийн ээж Т.Оюунцэцэгийн дээрх авсан банкны зээлээр хохирогчийг эмчилсэн гэхэд эргэлзээ төрүүлэхүйц байна. Харин тэтгэвэрийн зээлийн хамтран зээлдэгчээр хохирогч Б.Бямбарагчаа тогтоогдсон бол гэм буруутай этгээд болох шүүгдэгч З.Гүнчиндоржоос хохирогчийн ээж Т.Оюунцэцэгийн тэтгэврийн зээлийг төлүүлэх эрх үүсэх боломж байсан байна. Хохирогч Б.Бямбарагчаагийн өвчний түүхийн хувьд тухайн хохирогч эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх үеийн биеийн зовиур, эмчилгээ хийсэн эмчийн хяналтын бичвэрүүд байгаа бөгөөд өвчний түүх нь тухайн хэргийн материалд хамааралтай байна. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Мөн шүүхээс хохирогч Б.Бямбарагчаа нь шүд хийлгэх, хадаас авахад гарах зардлаа хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан мөртлөө, тогтоолын тогтоох хэсэгт нь тодорхой бичээгүй орхигдуулжээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтанд ...хохирогч Б.Бямбарагчаа нь эмчилгээ, эм тариатай холбоотой, түүнчлэн шүд хийлгэх, хадаас авахад гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж өөрчлөлт оруулан, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.Бямбарагчаагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 28 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтанд ...хохирогч Б.Бямбарагчаа нь эмчилгээ, эм тариатай холбоотой, түүнчлэн шүд хийлгэх, хадаас авахад гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй... гэж өөрчлөлт оруулан, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, тогтоолын тогтоох хэсгийн дугаарыг 1,2,3,4,5,6,7,8,9,10,11 гэж дугаарлан, хохирогч Б.Бямбарагчаагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.ДАМБА

Б.НАМХАЙДОРЖ