Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 32

 

Ш.*******ууд холбогдох захиргааны зөрчилтэй материалын талаар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч М.******* даргалж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Дамба, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, Завхан аймаг дахь шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн Завхан аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.*******ын давж заалдсан гомдлоор Ш.*******ууд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Анхан шатны шүүх: Завхан аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн Улсын Их Хурлын 18 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Шинэнсамбуугийн *******уу, аймгийн ИТХ-д нэр дэвшигч нар Завхан аймгийн Улиастай сумын 6-н багт байрлах гэрлийн шонд байрлуулсан 60х90 см-н харьцаатай зурагт самбар байрлуулсан гэх гомдол, мэдээллийг шалган шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзаж, захирамжийн хувийг Завхан аймгийн Ардчилсан нам болон Завхан аймгийн Монгол Ардын намд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.*******од даалгаж, материалыг Завхан аймаг дахь Цагдаагийн газарт буцаан хүргүүлж, захирамжийг эс зөвшөөрвөл Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Завхан аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.******* шүүгчийн захирамжид гаргасан гомдолдоо: Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ш.*******уу, аймгийн иргэдийн төлөөлөгчийн хуралд нэр дэвшигчдийн Улиастай сумын Товцог, Өлзийт, Богдын гол, Чигэстэй, Жаргалант, Жинст багт байрлах гэрлийн шонд 60x90 см харьцаатай зурагт самбарууд байрлуулсан байна. Зурагт болон ухуулах хуудас нь А3 хэмжээнээс илүүгүй байх бөгөөд тэдгээрийг сонгогчид тараахаас гадна, зориулалтын зарлалын самбар, нийтийн эзэмшлийн хашаа, хайс, гэрлийн шонд үнэ төлбөргүй байрлуулна. Харин зурагт самбар нь бичгийн А3 цаасны хэмжээнээс илүү хэмжээтй байх бөгөөд зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбайд сурталчилгааны хугацаанд түр хугацаагаар үнэ төлбөргүй байлуулна. Гэтэл Монгол Ардын намаас нэр дэвшигч Ш.*******уу, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчид Завхан аймгийн Улиастай сумын Товцог, Өлзийт, Богдын гол, Чигэстэй, Жаргалант, Жинст багт байрлах гэрлийн шонд 60x90 см харьцаатай зурагт самбарууд байрлуулсан нь Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.2, 77.10, 78 дугаар зүйлийн 78.3-т заасныг тус тус зөрчсөн байна. Энэхүү хууль зөрчсөн үйлдэлтэй холбогдуулан Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт Цагдаагийн газарт 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан бөгөөд зөрчлийг хянан шалгаж 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харьяалалын дагуу шилжүүлсэн. Харин шүүх Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.2, 77.10 дахь заалтанд заасныг зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэх талаар хуульд ямар нэгэн зохицуулалт байхгүй учир энэ зөрчлийг гаргасан эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот шүүгчийн захирамжаар материалыг хүлээн авахаас татгалзсан байна. Өөрөөр хэлбэл: МАН-аас нэр дэвшигч Ш.*******уу, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдийн Завхан аймгийн Улиастай сумын Товцог, Өлзийт, Богдын гол, Чигэстэй, Жаргалант, Жинст багт байрлах гэрлийн шонд 60x90 см харьцаатай зурагт самбарууд байрлуулсан нь сонгуулийн сурталчилгааны зурагт хуудасны хэмжээ нь хуульд заасан хэмжээг зөрчсөн эсэх маргаан нь тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш, сонгуулийн байгууллагын шийдвэрлэвэл зохих маргаан гэж үзсэн байна. Энэхүү захирамж нь бүхэлдээ Сонгуулийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тухайлбал: Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш, сонгуулийн байгууллагын шийдвэрлэвэл зохих маргаан гэсэн дүгнэлтийн тухайд: Сонгуулийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “...захиргааны зөрчил гаргасан талаар аливаа этгээд сум, сум дундын шүүх, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид шууд гомдол, мэдээлэл гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд зөрчлийн талаарх үйл баримт, нотлох баримтыг хавсаргана...”, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т “...захиргааны зөрчлийн талаар шууд ирүүлсэн гомдол, мэдээллийг шүүгч шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл шүүгч гомдол, мэдээлэлд дурдсан үйл баримт, нотлох баримтыг шалгуулахаар тухайн орон нутаг дахь Цагдаагийн байгууллагад даалгавар өгнө...” гэж заасан нь шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал байна. Сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.10, 77 дугаар зүйлийн 77.7.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэх талаар хуульд ямар нэгэн зохицуулалт байхгүй учир энэ зөрчлийг гаргасан эсэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлтийн тухайд: Сонгуулийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3.1, 68.3.7 дахь заалтад сонгуулийн сурталчилгаа хийх, арга хэлбэрийг хуульчилсан бөгөөд зурагт самбарыг хаана байршуулах талаар мөн хуульчилсан. Өөрөөр хэлбэл зурагт болон ухуулах хуудас, зурагт самбар нь хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн, хуульд зааснаас өөр газар байрлуулсан нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.1-д зааснаар өөр арга, хэлбэрээр буюу хуульд заасан хэмжээг хэтрүүлж сонгуулийн сурталчилгааг хуульд зааснаас өөр арга хэлбэрээр явуулсан зөрчил юм. Иймд Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь: Завхан аймгийн Ардчилсан намаас Улсын Их Хурлын сонгуулийн 18-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ш.*******уу, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийг Улиастай сумын Товцог, Өлзийт, Богдын гол, Чигэстэй, Жаргалант, Жинст, багуудад байрлах гэрлийн шонд 60x90 см харьцаатай зурагт самбар байрлуулсан нь Сонгуулийн тухай хуулийн 77-р зүйлийн 77.10-т заасан ... зурагт болон ухуулах хуудсыг сонгогчдод тараахаас гадна... гэрлийн шонд ...үнэ төлбөргүй байрлуулж болно..., мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.10-т заасан ...зурагт болон ухуулах хуудас нь А3 хэмжээнээс илүүгүй байна гэж заасныг тус тус зөрчиж байна гэж тус аймгийн Цагдаагийн газарт Сонгуулийн тухай хууль зөрчсөн, хууль бус үйлдлийг таслан зогсоолгохоор ханджээ. Цагдаагийн байгууллага нь дээрх гомдол мэдээллийг шалгаад шүүхэд материалыг нь хуулийн дагуу шилжүүлжээ. Шүүх материалыг нь хүлээн авч хянаад шүүхийн харьяалалын маргаан биш, сонгуулийн байгууллагын шийдвэрлэх асуудал гэж материалыг нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 77-р зүйлийн 77.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэх талаар ямар нэгэн зохицуулалт хуулинд байхгүй байна. Иймд Завхан аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн Улсын Их Хурлын 18-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ш.*******уу, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчид нь Улиастай сумын 6-н багт байрлах гэрлийн шонд 60x90 см-ын харьцаатай зурагт самбар байрлуулсан гэх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсаныг хэвээр үлдээж, Завхан аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.*******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Завхан аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Б.*******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НЯМБАЯР

ШҮҮГЧИД Б.ДАМБА

Б.НАМХАЙДОРЖ