Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 03

 

 Ж.Отгонтөгсөд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Бямбажав, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор Ж.Очирбат

            Яллагдагчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар

            Яллагдагч Ж.Отгонтөгс

            Нарийн бичгийн дарга Б.Алтандөш нарыг оролцуулж,

Дундговь аймаг дахь Сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядагийн  2016 оны 7 дугаар  сарын 25-ны өдрийн 19 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Ж.Отгонтөгсөд холбогдох эрүүгийн 201512000252 тоот хэргийг 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1965 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг, Мандалын 5-21 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Мааньт овгийн Жамъянгийн Отгонтөгс /Регистрийн дугаар:ЗП65042905/

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Нарлагийн 2-1 тоотод байрлах “Оюуны хөгжил” хувийн  цэцэрлэгт хүмүүжиж байсан 10 сартай  Бат-Очирын Соёмбыг 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хоолоо идсэнгүй гэх шалтгаанаар хүч хэрэглэн зодож танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймгийн Прокурорын газраас Ж.Отгонтөгсөд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх:  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг журамлан мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч Мааньт овогт Жамъянгийн Отгонтөгсөд холбогдох эрүүгийн 201512000252 тоот хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дундговь аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ж.Отгонтөгсөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Очирбат эсэргүүцэлдээ: 1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан ”Танхайрах” гэмт хэргийг үл мэдээлэх, нуун далдлах гэсэн ойлголт  Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийг үл мэдээлэх”,мөн хуулийн 247 дугаар зүйлд заасан  “Гэмт хэргийг нуун далдлах” гэмт хэргүүдэд хуульчлаагүй байна.  Ж.Оюунчимэгийн зөрчил гаргасан асуудалд  арга хэмжээ авсан баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Э.Янжинлхамын ажлаас халагдсан асуудал нь Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлбэл зохих асуудал юм.

2. Гэрч Э.Янжинлхамын  танхайн гэмт хэргийг зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдээгүй үйлдэл нь гэмт хэрэг биш юм. Энэ талаар Улсын дээд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийг үл мэдээлэх” гэмт хэргийг тайлбарлахдаа “...Эрүүгийн хуулийн 246 дугаар зүйлд тухайлан нэрлэж жагсааснаас бусад төрлийн гэмт хэргийн талаар мэдээлээгүй эс үйлдэхүй нь энэ төрлийн гэмт хэрэг болохгүй” гэж тодорхой тайлбарласан байна.

3. 14 дугаартай шүүхийн тогтоолын 5 дахь заалтанд “Хохирогч талаас шүүхэд гаргаж өгсөн эмч А.Балдан-Осорын тодорхойлолт болон гэрчээр өгсөн мэдүүлгийн /хх-45/ эх сурвалжийг нотлох баримтын шаардлага ханган баталгаажуулж ирүүлэх шаардлагатай байна” гэж заасныг холбогдох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт хавсаргаж, шүүхийн тогтоолын заалтуудыг бүрэн биелүүлж хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байхад  анхан шатны шүүх тогтоолын заалтыг огт биелүүлээгүй гэж  хийсвэр дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.  Иймд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч С.Төмөрбаатараас: Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд тодорхой ажиллагаануудыг хийлгэхээр буцаасан. Улмаар ажиллагаанууд хийгдсэн байна. Иймд шүүх шийдвэрээ гаргана уу гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхээс Ж.Отгонтөгсөд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр аймгийн Прокурорын газарт буцаасан нь үндэслэлгүй байна.

Яллагдагч Ж.Отгонтөгс нь “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт тогооч, туслах багшаар ажиллаж байхдаа 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хоолоо идсэнгүй гэж 10 сартай Б.Соёмбыг зодож танхайрсан гэмт хэрэгт холбогдсон ба  хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болох бүхий л байдлуудыг шалгаж тогтоосон байна гэж үзэх үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг  хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.2-т зааснаар мөрдөн байцаалтанд буцаах байтал мөн хуулийн 230 дугаар зүйлээр зүйлийн 230.1.2-т заасныг баримтлан хэргийг мөрдөн байцаалтанд буцааж хууль буруу хэрэглэсэн байна.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 325 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ НЬ:

1.Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ж.Отгонтөгсөд холбогдох эрүүгийн 201512000252 тоот хэргийг  яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2.Яллагдагч Ж.Отгонтөгсөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                     ШҮҮГЧИД                             Х.ГЭРЭЛМАА

                                                                                   Т.БЯМБАЖАВ