Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 614

 

 

Т.Лхагвасүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор М.Гантулга,                                         

          Ялтан Т.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

          Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн 2015 2502 2221 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Төмөрдоржийн Лхагвасүрэн, 1981 оны 9 дүгээр сарын 9-нд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 1, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 1 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 25 дугаар гудамжны 176 тоот оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧД81090975/,

 

Т.Лхагвасүрэн нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 25 дугаар гудамжны 176 тоотод байрлах өөрийн гэрийн үүдний амбаарт талийгаач Г.Сугардоржтой “хөргөгчинд байсан шар айраг уусан” хэмээн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж танхайн сэдэлтээр түүнийг 3 удаа хутгалж /цээжний баруун дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушигны дунд дэлбэн, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлыг нэвт гэмтээсэн шарх, гэмтлийн улмаас цээж, үнхэлцгийн хөндийд цус хуралдаж зүрх дарагдаж нас барсан/ биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэн, мөн талийгаачийн төрсөн ах Н.Бямбадоржийн дэргэд алж ахыг нь сэтгэл санааны хувьд хүндээр шаналгаж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Лхагвасүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Лхагвасүрэн нь танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52.7 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Лхагвасүрэнгийн эдлэх ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Т.Лхагвасүрэнгийн цагдан хоригдсон 254 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч Г.Бямбадорж өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт хураагдан ирсэн улаан хүрэн өнгийн футболк, шаргал өнгийн куртик, хөх саарал өнгийн жинсэн өмд, саарал оймс, хар өнгийн гутал, шар өнгийн ясан иштэй хутга, 2 ширхэг чулуу, цус шингэсэн самбай, хар өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн оймс, улаан эрээн хүзүүний алчуур, саарал өнгийн дотоож, хар ногоон өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн тэлээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зааж шийдвэрлэжээ.

 

Ялтан Т.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий байх, хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Т.Лхагвасүрэн нь 34 настай, барилга засварын ажил хийдэг, ял шийтгүүлж байгаагүй. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд түрээсийн хашаанд ганцаараа, түр оршин сууж байсан. Т.Лхагвасүрэн нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлаа тараад 21 цаг өнгөрч байхад гэртээ орж ирсэн ба хоолоо идэх явцдаа энэ хэргийн хохирогч Г.Сугардоржид “хөргөгчинд байсан шар айраг яагаад авсан юм. Айлд байж хүний юм дураараа авлаа” гэхэд нь хохирогч “пизда наахуу үхлээ юу, дээрээс хойш чи муу давраад байгаа шүү” гээд хойд орон дээрээс босч ирээд  Т.Лхагвасүрэнгийн нүүр лүү 3 удаа гараараа цохиход нь цочирдож ширээн дээр байсан хутга авч цээж, нуруу, зүүн бугалга тус газарт нь хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болно. Хохирогчийг үхэлд хүргэсэн гол гэмтэл нь цээж рүү нь хутгалсан үйлдлээс цээжний хөндий нэвтэрч, чинхэлцэг хальс, зүрхний зүүн ховдол нэвт хатгагдаж дотуур цус алдан газар дээр нас барсан болно. Нуруу, зүүн бугалгат үүссэн гэмтэл нь барьцалдаж, ноцолдох явцад арьсанд хатгагдах, эсгэгдэх байдлаар үүссэн цээжний хөндий рүү нэвтрээгүй гэмтэл болно. Хэрэг үйлдэгдсэн дээрх нөхцөл, шалтгаан, хохирогчид учирсан гэмтэл, хор уршиг зэрэг нь шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбадоржийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр маргаангүй тогтоогдсон. Энэ хэрэг хоромхон зуурт нэг минут хүрэхгүй хугацаанд болж дууссан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбадорж шүүхийн хэлэлцүүлэг дээр дурдсан нь шүүхийн хуралдааны тэмдэглэлд авагдсан.

Шүүгдэгч шүүх хуралдаан дээр “...хохирогч босч ирээд нүүр лүү 3-4 удаа цохиход би цочролд орж, хутга аваад зууралдаад үүдний амбарт орсон. Нэг мэдэхэд Г.Бямбадорж намайг араас татсан, энэ үед би хүн хутгалчихлаа гэдгээ мэдсэн. Би Г.Сугардоржийг хутгалж алснаа бүрэн хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж мэдүүлсэн. Дээрхээс дүгнэлт хийж үзэхэд хохирогч Г.Сугардорж айлын хөргөгчинд байсан эд зүйлийг дур мэдэн авсан, энэ талаар эзэн нь хүний шар айргийг битгий дур мэдэн аваад бай гэсэн шаардлага тавихад түүнийг хүлээж авалгүй улмаар хэл амаар дайрч Т.Лхагвасүрэнгийн эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж нүүр лүү нь 3-4 удаа гараараа цохиж, зодсон үйлдэл нь энэ хэрэг үүсэх, үйлдэгдэх бодит шалтаг, шалтгаан болсон нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн зүй бус, буруутай үйлдлээс болж түүнийг хувийн сэдэлтээр санаатай алсан гэж дүгнэх хууль зүйн бүрэн үндэстэй байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх “шүүгдэгчийг хөргөгчинд байсан шар айраг авлаа гэх ялимгүй шалтгаанаар танхай сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар төрсөн ахын нь дэргэд алж, сэтгэл санааг нь хүндээр зовоосон” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар ял шийтгэл оногдуулсныг өмгөөлөгч миний бие үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүх бодит байдлыг үндэслэлгүй хүндрүүлж дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн зүйл хэсгүүдийг Т.Лхагвасүрэнд буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

Дээд шүүхийн тайлбарт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан танхайн сэдэлтээр гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасны дагуу субъект олон нийт болон бусдыг илт үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж бүдүүлэг догшин авир гаргаж иргэд хоорондын харилцаа, аж төрөх ёсны хэм хэмжээ, нийгэмд тогтсон дэг журмыг ноцтой зөрчих, бусдыг эрээ цээргүй харааж доромжлон зодох, эрээ цээргүй догшин ширүүн авир гаргаж олон түмэн иргэдийг айлгах жигшил дургүйцлийг хүргэх зэрэг танхай үйлдлийг хийх явцдаа бусдыг алсан байхыг хэлнэ” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан танхай сэдэлтээр гэдэг нь ямар нэг зорилго сэдэлтгүй, шалтаг, шалтгаангүй байдгаараа эсвэл ялимгүй өчүүхэн төдий тухайлбал муухай харлаа, тамхилсангүй гэх жишгийн үл ялих зүйлээр шалтаглан дээрх байдлаар танхайрах явцдаа хүний амь насыг хохироосон байдгаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан бусдыг санаатай алах гэмт хэргээс ялгагдана. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан онц харгис, хэрцгий аргаар бусдыг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинжийг тайлбарлахдаа “хүнийг алах гэмт хэрэг нь субъектийн харгис хэрцгий байдлыг илтгэж байдаг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан харгис, хэрцгий байдал нь зөвхөн онц харгис, хэрцгий байдлыг шаардана. Онц харгис, хэрцгий гэдэг нь “хүн алах арга бөгөөд субъектийн онц харгис хэрцгий байдлыг илтгэн харуулж” байдаг. Өөрөөр хэлбэл хүнийг алахын өмнө ба алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэх, өвтгөх, шаналгах, тарчлаах, түлэх, хайрах, огтчих, мөчлөх, өлсөөх, цангаах, төрөл садангийн нь дэргэд алах зэрэг аргыг зориуд сонгож хэрэглэсэн байхыг шаардана. Гэхдээ олон тооны шарх, гэмтэл үүсгэсэн болгоныг онц харгис, хэрцгий гэж үзэхгүй. Субъект энэ онц харгис, хэрцгий үйлдлээ онц харгис, хэрцгий болохыг ухамсарлан ойлгож, хүсэж үйлдсэн байх явдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэл болно” хэмээн тус тус тодорхойлон тайлбарлаж шүүхийн практикт нэг мөр хэрэгжүүлэхээр заасан байна. Үүнээс үзэхэд Т.Лхагвасүрэнгийн үйлдэл нь хохирогчийн хууль бус үйлдлээс санаа сэтгэлийн цочролд орж, өөрөөр хэлбэл хувийн сэдэлтээр ердийн бүрэлдэхүүнтэй бусдыг алсан гэмт үйлдэл болох нь тодорхой байна.

Хэрэг үйлдэгдэх шалтгаан буюу хохирогчийн хууль бус үйлдэл түүнтэй шалтгаант холбоо бүхий байдлаар үүсч байгаа Т.Лхагвасүрэнгийн санаа сэтгэлийн цочрол ба гэмт үйлдэл, түүний үр дагавар зэрэг нь энэ хэргийн цорын ганц гэрч Г.Бямбадоржийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн өгсөн удаа дараагийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байдаг. Т.Лхагвасүрэн энэ хэргийг үйлдэхдээ Улсын Дээд шүүхийн тайлбаруудад дурдсанчлан бах таваа хангаж олон хутгалах, төрөл садангийн нь дэргэд алах, харгис, хэрцгий аргыг зориуд сонгож хүсч үйлдсэн байдал шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдоогүй, харин гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогчийн төрсөн ах хэргийн газарт буюу дүүгийнхээ дэргэд байсан нь гэмт этгээдийн зориуд хүсч би болгосон харгис, хэрцгий байдал биш. Энэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл  байдал байна гэж дүгнэвэл илүү оновчтой болох байна. Түүнчлэн гэмт этгээд хохирогчийг 3 удаа хутгалсан үйлдэлд ч энэ үйлдлийг онц харгис, хэрцгий болохыг гэмт этгээдийн зүгээс ухамсарлаж, ойлгосон атлаа хүсэж, бах таваа хангах байдлаар үйлдсэн тийм нөхцөл байдал байхгүй. Ийм учраас Т.Лхагвасүрэнг анхан шатны шүүх танхай сэдэлтээр, онц харгис, хэрцгий аргаар төрсөн ахын нь дэргэд алсан гэмт буруутай гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсгүүдэд зааснаар хүндрүүлж 17 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосон нь хэрэг үйлдлийн шинж байдалд нийцээгүй тогтоол болсон гэж үзэж байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянаж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эдлэх ял, дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн Т.Лхагвасүрэнг хэргээ шударгаар хүлээсэн, гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа, оршуулгын зардлыг нэхэмжлэлийн дүнгээр төлж, хохирол арилгасан, уг хэргийг хохирогчийн хууль бус үйлдлээс болж санаа сэтгэлийн цочролд орж үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэн оногдуулах хангалттай үндэслэл байгааг дурдаж байна...” гэв.

 

Прокурор М.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн хангалттай нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхээс Т.Лхагвасүрэнгийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянав.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

           

Т.Лхагвасүрэн нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 25 дугаар гудамжны 176 тоотод байрлах өөрийн гэрийн үүдний амбаарт талийгаач Г.Сугардоржтой “хөргөгчинд байсан шар айраг уусан” хэмээн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж танхайн сэдэлтээр түүнийг 3 удаа хутгалж /цээжний баруун дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушигны дунд дэлбэн, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлыг нэвт гэмтээсэн шарх, гэмтлийн улмаас цээж, үнхэлцгийн хөндийд цус хуралдаж зүрх дарагдаж нас барсан/ биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэн, мөн талийгаачийн төрсөн ах Н.Бямбадоржийн дэргэд алж ахыг нь сэтгэл санааны хувьд хүндээр шаналгаж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбадоржийн: “...орой 21 цаг өнгөрч байхад үеэл ах Т.Лхагвасүрэн гэртээ орж ирсэн. Орж ирээд Г.Сугардоржид “хөрөгчинд байсан хүний 1 пиво-ийг битгий дур мэдэж аваад бай” гэж хэлээд уурласан. Тэгэхэд Г.Сугардорж өмнөөс нь “өчигдөр ангийн хүүхэд харчихаад ууя гээд байхаар нь харамлаж чадаагүй өгчихсөн юм, маргааш аваад өгчихье, сүртэй юм бэ” гэж хэлсэн. Тэгсэн чинь Т.Лхагвасүрэн нь уурлаад “хүний юм дур мэдэж аваад байхдаа яадаг юм бэ, айлд байж, хувцсаа аваад манайхаас зайл” гэж уурласан. Тэгэхэд Г.Сугардорж мөн өмнөөс нь уурлаад “явчихна” гэж хэлсэн. Тэгсэн чинь Т.Лхагвасүрэн “одоохон зайл пизда минь” гэж хэлсэн.  Тэгэнгүүт нь талийгаач Г.Сугардорж “эмэгтэй хүн шиг сүртэй юм бэ” гэж хэлээд уурлаж очоод Т.Лхагвасүрэнг хоёр удаа нүүрэнд нь гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхээр нь би босоод Г.Сугардоржийг татаад гудсан дээр хойш нь суулгасан. Тэгсэн чинь Т.Лхагвасүрэн зогсож байснаа уурлаад ширээн дээрээс эврэн иштэй хутгыг аваад шууд Г.Сугардорж руу дайрсан. Тэгэхэд нь би Т.Лхагвасүрэнг хориод бариад авсан. Тэгэхэд Г.Сугардорж зуух тойроод шууд гараад зугтсан. Тэр үед Т.Лхагвасүрэн миний нүдний шил рүү цохиод шил ойчоод би юм харахаа болиод Т.Лхагвасүрэнг алдсан. Тэгээд л шууд араас нь очтол гэрийн үүдэнд амбаар дотор Г.Сугардорж доор нь орчихсон, Т.Лхагвасүрэн дээр нь дарчихсан байхаар нь би очоод шууд Т.Лхагвасүрэнг араас нь татсан. Гэтэл Т.Лхагвасүрэн босохгүй Г.Сугардоржийг тавихгүй зууралдчихаад байсан тэгэхээр нь би хажууд айлын залууг “Гөөжий” гээд дуудсан. Тэгээд арай гэж Т.Лхагвасүрэнг Г.Сугардоржийн дээрээс татаад авахад хажуу айлын Гөөжий /Лхагважав/ ороод ирсэн. Тэгээд би Т.Лхагвасүрэнг гартаа хутгатай байсан гэж бодоод араас нь тэвэрсэн чигээрээ тавилгүй амбаараас гаргасан. Гарах үедээ “пизда минь хутгаа тавь” гэтэл өмнөөс Т.Лхагвасүрэн “байхгүй” гэсэн чинь талийгаач Г.Сугардорж “агаа хутгыг нь авсан, намайг хутгалчихсан байна, цус алдаж үхлээ, ёооё” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т.Лхагвасүрэнг тавьсан. Тэгтэл Т.Лхагвасүрэн гэр лүү ороод хувцсаа өмсөөд шууд гараад явчихсан. Тэр үед талийгаач Г.Сугардорж нь өөрөө амбаараас арай гэж мөлхөж гарсан...”/1-р хх-32-35, 124, 250/,

Гэрч Н.Лхагважавын “...гэнэт Т.Лхагвасүрэнгийн гэрийн үүдний амбаарт хүмүүс зодолдож байгаа юм шиг түжигнэсэн дуу чимээ гарсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад очиход тэдний гэрийн үүд цоожтой байсан. Сонсоход амбаар дотор зодоон болоод байсан. Би тэгээд хаалгыг нь нүдсэн. Тэгтэл гэнэт хаалга нь онгойсон. Хаалга онгойход өөдөөс талийгаач Сугараа хөл дээрээ тогтож чадахгүй, гуйваад гараад ирсэн. Тэгэхээр нь би зүүн суганаас нь сугадаж бариад амбаарын хажуу талд газар суулгасан. Тэгтэл талийгаачийн ах нь гээд нүдний шилтэй залуу “хутга нь хаана байна” гээд байсан. Энэ үед талийгаач “надад байна” гээд хутгыг нь гартаа барьчихсан байсан. Тэгээд би эхнэр рүүгээ “түргэн дуудаарай” гээд орилсон юм. Т.Лхагвасүрэн тэр үед юу ч дуугаралгүй, хажуугаар зөрөөд хашаагаар гараад яваад өгсөн. ...Талийгаач “намайг хутгалчихлаа” л гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй...”/1-р хх-36-39/,

Гэрч Т.Пүрэвтуяагийн “...манай зүүн талын гэрт амбаарт “түр тар” гээд л аймаар чанга дуу чимээ гарсан. Тэгэхэд нь зодоон болж байна гэж мэдээд нөхөр Н.Лхагважавыг “гардаа юу болоод байгаа юм бэ” гэхэд нөхөр маань гарсан. Тэгээд л буцаад шууд өмсөж явсан хувцас нь цус болчихсон “цагдаа, түргэн дуудаарай” гээд л орилсон...”/1-р хх-43/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач Г.Сугардоржийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний баруун дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушигны дунд дэлбэн, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлыг нэвт гэмтээсэн шарх, цээж, үнхэлцэгийн хөндийд цус хуралдалт, зүрх дарагдал, нуруу, зүүн бугалганы ар дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, дух зүүн хөмсөг, баруун хацрын зулгаралт хүзүүний баруун, зүүн хэсгийн цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Цээжний баруун дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, нуруу, зүүн бугалганы ар дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дух, зүүн хөмсөг, баруун хацрын зулгаралт, хүзүүний баруун, зүүн хэсгийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, талийгаач нь цээжний баруун дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушигны дунд дэлбэн, үнхэлцэг хальс, зүрхний зүүн ховдлыг нэвт гэмтээсэн шарх гэмтлийн улмаас цээж, үнхэлцэгийн хөндийд цус хуралдаж зүрх дарагдаж нас баржээ. Цус, ходоодны шингэн, шээсэнд спиртийн зүйл илрээгүй байна. Талийгаач нь АВО системээр А 2 дугаар бүлгийн цустай байна. Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй...” гэсэн 1999 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-53-55/,

            “...шинжилгээнд ирүүлсэн Г.Сугардоржийн гэх цус, шээс, ходоодны шингэнд спиртийн агууламж илрэхгүй байна. Ирүүлсэн цусанд мансууруулах бодис тодорхойлох шинжилгээ хийх аргачлал байхгүй тул шинжилгээ хийх боломжгүй байна. Ирүүлсэн шээс нь согтолтын зэрэг тогтоох шинжилгээнд зарцуулагдсан тул мансууруулах бодис тодорхойлох шинжилгээг хийх боломжгүй байна...” гэсэн 10053 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хх-56-59/,

            “...шинжилгээнд шинжээч д/ч С.Анхбаярын авч ирүүлсэн Г.Сугардоржийн гарын хээний дардас адилтгалын шинжилгээний шаардлага хангана. Шинжилгээний шаардлага хангах гарын хээний дардас Гарын хээний нэгдсэн сан дахь эзэнгүй хэргийн газрын гарын мөрүүдтэй болон иргэний гарын хээний дардсуудтай тохирохгүй байна...” гэсэн 5562 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хх-62-70/,

            “...шинжилгээнд ирүүлсэн хар цамцанд 4 ширхэг, футболконд 3 ширхэг хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан зүсэгдсэн уранхай. Харин футболкны зүүн энгэрт татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 2 ширхэг уранхай байна...” гэсэн 5559 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хх-71-73/,

            “...хохирогчийн гэх хувцаснууд дээр цус илэрсэн. Энэ нь А/II/ бүлгийн харъялалтай хүний цус байна. Хэргийн газраас авсан гэх хутга, 2 ширхэг чулуу, марльд бэхжүүлсэн хүрэн толбо зэрэг зүйлс дээр цус илэрсэн. Энэ А/II/ бүлгийн харъялалтай хүний цус байна. Хэргийн газраас авсан гэх шаргал өмд, ягаан ноосон өмд дээр цус илэрсэн. Бүлгийн харъялалыг тогтоох боломжгүй...” гэсэн 10080, 81, 83 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-75-76/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр “...Т.Лхагвасүрэн нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.Лхагвасүрэн нь хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Т.Лхагвасүрэн нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэсэн 1091 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хх-78-79/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-3-8/, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа Г.Ганшагайгийн бичсэн илтгэх хуудас /1-р хх-9/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлтүүд /1-р хх-10-12, 19-21/, хэрэг учралын газрыг хамгаалсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-13, 14-18/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-22/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-23/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-24, 27-30/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-25-26/, хохирогчийн ар гэрээс гаргаж өгсөн оршуулгийн зардлын баримтууд /1-р хх-112-118/, Т.Лхагвасүрэнгээс хохирол, төлбөр төлсөн баримтууд /1-р хх-173-174, 190/ Т.Лхагвасүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Ялтан Т.Лхагвасүрэнгийн гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй.

           

Ялтан Т.Лхагвсүрэнгийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, хэргийн бүрдэл хангагдсан, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул ялтан Т.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх Т.Лхагвасүрэнд оногдуулсан ял шийтгэл эдлэх дэглэмийг заахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52.7 дахь хэсэгт зааснаар гэж бичиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийг бичилгүй орхигдуулсан байх тул зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Үүнээс гадна Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар Г.Бямбадоржийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон /1-р хх-32/ байхад шийтгэх тогтоолын 5 дахь заалтад хохирогч хэмээн бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.13 дахь заалттай нийцээгүй болохыг цаашид анхаарвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад:

 

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 52.7 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Лхагвасүрэнгийн эдлэх ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Лхагвасүрэнгийн эдлэх ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй...” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Т.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                       ШҮҮГЧИД                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ