Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 612

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Адъяадоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Л.Цэндсүрэн,

          Ялтан А.Адъяадорж, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Нармандах

          Нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Олзод нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Адъяадорж, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Нармандах нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар А.Адъяадоржид холбогдох эрүүгийн 2016 2603 0495 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шарынхан овгийн Адъяахүүгийн Адъяадорж, 1992 оны 8 дугаар сарын 17-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “АПУ” ХХК-д ачигч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 14 дүгээр гудамжны, 287 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЙЙ92081711/,

 

А.Адъяадорж нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын автобусны буудлын орчим иргэн Ө.Хүдэрбаттай маргалдаж зодолдох үед хохирогч Д.Чойжамцан нь иргэн Ө.Хүдэрбатыг өмөөрөн араас нь хөөж очиход түүний толгойн тус газар чулуугаар цохиж гавлын дух ясны ил хугарал, духанд няцарсан шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн дүүргийн прокурорын газраас: А.Адъяадоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Адъяадорж нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар А.Адъяадоржийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, А.Адъяадоржийн 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, А.Адъяадоржид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Ялтан А.Адъяадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь миний бие согтуу хүмүүсээс биеэ хамгаалахын тулд зугтаасан. Би зугтааж байхдаа “та нар болиоч ээ, хүн аллаа шүү дээ” гэж намайг зодох гэж байгаа үйлдлээ зогсоохыг шаардсаар байтал үргэлжлүүлэн “хөөж ална” гэж заналхийлж байх үед чулуу авч шидсэнээс хохирогчийн биед гэмтэл учирсан болно. Хохирогч Д.Чойжамцан үүний дараа намайг бусад найз нартайгаа нийлж хаа хүрсэн газраа зодож, энэ хэрэг үйлдэгдсэн. Хүний эрүүл мэндэд хохирол учирсанд би маш их харамсан, гэмшиж байсан учраас эмчилгээний зардлыг бүрэн төлсөн тул хохирогч гомдол, саналгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Гэвч би согтуу залуучуудаас биеэ хамгаалах өөр ямар ч арга байгаагүйг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.

 

Ялтан А.Адъяадоржийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Нармандах нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэгт явуулсан мөрдөн байцаалтын ажиллагаагаар цугларсан нотлох баримтууд болон нотолгооны хэмжээ, хязгаарт дүгнэлт хийхэд А.Адъяадорж нь хохирогч Д.Чойжамцанг хөөж очиход түүний толгойн тус газар цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчдийн байр сууринаас үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу “...давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан зүйлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах...” учраас гомдлын гол агуулгыг товч дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч Б.Шинэбаяр “...А.Адъяадорж буудлын баруун тал руу зугтаагаад явсан. ...араас нь Д.Чойжамцан хөөж байсан. ...бид гурав 20-30 метрийн зайтай явж байхад А.Адъяадорж эхлээд цаашаа гүйж байсан. ...араас нь Д.Чойжанцан гүйж байсан. ...тэгээд А.Адъяадорж газраас нэг юм аваад өндийхөд нь Д.Чойжанцан араас нь ганцаараа хөөсөн...” гэх мэдүүлгээс үзэхэд А.Адъяадоржийг хохирогч Д.Чойжанцан бусадтай нийлж хоёр удаа зодох үйлдэл хийн хөөж, эл үйлдлийг А.Адъяадорж эхлээд зугтах дараа нь өөр арга хэрэгслээр таслан зогсоох боломжгүй болсон үед чулуу шидэж гэмтэл учруулсан байдал тогтоогдож байна. Дээрх хэргийн үйл баримтыг тогтоож байгаа нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын нөхцөл байдал болох “...өөрийн болон бусдын халдашгүй чөлөөтэй байх..., эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалах... хуульд заасан зорилгын хүрээнд А.Адъяадорж аргагүй хамгаалалтын хүрээнд дээрх үйлдлийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэстэй байна. Хохирогч Д.Чойжамцан ч энэ тухай шүүхэд “...А.Адъяадоржид ямар нэгэн гомдол, санал байхгүй өөрийгөө хамгаалах зорилгоор надад энэ гэмтлийг учруулсантай маргах зүйлгүй...” гэсэн байр сууриа илэрхийлсэн нотлох баримт хэрэгт тусгагдсан байна. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт баримталж буй улсын яллагчийн байр суурь нь “хохирогч араас нь очиход цохисон” гэсэн утга агуулгын хувьд бодит байдалтай нийцэхгүй байр суурийг тал бүрээс нь нягтлан шалгахгүйгээр шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна гэж анхан шатны шүүх хүлээж авсанд гомдолтой байна.

Өмгөөлөгчдийн байр сууринаас гол нь А.Адъяадоржийн үйлдэл нь аргагүй хамгаалалтад тавигдах хууль зүйн шаардлага хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байгаад оршино. Үүнд:

1. А.Адъяадоржийн эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан хохирогч Д.Чойжамцангийн халдлага эхэлсэн /халдлага бодитой болсон/,

2. Хохирогч Д.Чойжамцангийн үйлдлийн улмаас учрах хор уршгийг А.Адъяадорж эхлээд зугтаж, дараа нь чулуу шидэхээс өөр арга хэрэгслээр зайлуулах боломжгүй байсан.

3. Согтууруулах ундаа хэрэглэсэн Д.Чойжамцан, Ө.Хүдэрбат, Б.Шинэбаяр нар А.Адъяадоржийг хөөж бүлэглэн зодож амь нас, эрүүл мэндэд учруулж болзошгүй хор уршгаас хохирогчид учирсан гэмтэл нь бага байгааг нь А.Адъяадорж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “...хүн бүр аргагүй хамгаалалт хийх эрхтэй... хамгаалагч нийгэмд аюултай халдлагаас зайлсхийх... бусад хүмүүсээс тусламж хүсэх боломжтой байсан эсэх нь аргагүй хамгаалалт хийх эрхэд нөлөөлөхгүй...” гэж заасан эрхийн дагуу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, А.Адъяадорж холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...” гэжээ.                

                                               

Ялтан А.Адъяадоржийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч Б.Шинэбаяр болон бусад гэрч нар “А.Адъяадорж нь буудлын баруун тал руу зугтаад явсан. Хохирогч хойноос нь хөөж байсан” гэж мэдүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд А.Адъяадоржийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалтын шинж байна.  Өөрөөр хэлбэл хохирогч Д.Чойжамцангийн халдлага нь А.Адъяадоржийн эрүүл мэнд, эрх чөлөөнд халдаж, “ална аа” гэж араас нь хөөж гүйснээр эхэлсэн. Хэдийгээр А.Адъяадорж нь эхлээд зугтсан боловч өөр аргаар аюулыг зайлуулах боломжгүй байдалд ороод газраас чулуу авч шидсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар А.Адъяадорж нь тухайн нөхцөл байдалд төрийн байгууллага болон бусад хүмүүсээс тусламж хүсэх боломжтой байсан эсэхээс үл хамаарч аргагүй хамгаалалт хийх эрхээ хэрэгжүүлсэн...” гэв.

 

Ялтан А.Адъяадоржийн өмгөөлөгч Ц.Нармандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоогоогүй. Гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй байдаг. Гэрч Б.Шинэбаяр “тухайн өдөр 18 цаг өнгөрч байхад Д.Цогбаяр, А.Адъяадорж, Д.Чойжамцан, Ө.Хүдэрбат бид 5 орсон” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл гэрч Д.Цогбаяр “10 гаруй ажилчид ороод зарим нь түрүүлээд явчихсан”  гэж мэдүүлсэн. Гэрч Ө.Хүдэрбат “эхлээд 10 гаруй хүн орсон. Сүүлд архиа ууж дуусаад тарах гэж байхад А.Адъяадорж ажлын 1 залуутай хамт орж ирсэн” гэсэн байдаг. Гэрч нарын мэдүүлгээс үзэхэд А.Адъяадорж нь тухайн үед архи хэтрүүлэн хэрэглээгүй байдаг. Мэдүүлэгт дурдагдсан сүүлд А.Адъяадоржтой хамт орж гэх хүн бол хэргийн гол гэрч. Тиймээс тэр гэрчээс тухайн үед хэн, хэн хэр их согтсон байсан болохыг асууж тодруулах хэрэгтэй байсан боловч гэрчийн мэдүүлэг аваагүй. Тиймээс А.Адъяадоржид холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү...” гэв.

 

Прокурор Л.Цэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч, хохирогч, ялтан нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон. А.Адъяадорж болон түүний өмгөөлөгч нар аргагүй хамгаалалт байсан гэж давж заалдах гомдол гаргасан байна. Хохирогч Д.Чойжамцан нь А.Адъяадоржийн араас гүйж байгаа үйлдэлд нийгэмд аюултай шинж байхгүй тул халдлага гэж үзэх үндэслэлгүй. Д.Чойжамцан нь нэн аюултай, хохирол учруулахуйц үйлдлийг гаргасан болох нь тогтоогдоогүй. Мөн гэрчээс мэдүүлэг авч согтолтын зэргийг тогтоолгох шаардлагатай гэж байна. Гэмт хэрэг үйлдэгдэхэд хэн ямар зэргийн согтолттой байсан болох нь гэмт хэргийн шинжид нөлөөлөхгүй. Харин ч бага зэргийн согтолттой байсан бол өөрийн үйлдлийг ухамсарлах боломжтой байсан гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

 

          А.Адъяадорж нь согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын автобусны буудлын орчим иргэн Ө.Хүдэрбаттай маргалдаж зодолдох үед хохирогч Д.Чойжамцан нь иргэн Ө.Хүдэрбатыг өмөөрөн араас нь хөөж очиход түүний толгойн тус газар чулуугаар цохиж гавлын дух ясны ил хугарал, духанд няцарсан шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            Хохирогч Д.Чойжамцангийн “...бид нар караокеноос гараад дэлгүүрээс нэг шил архи авч тэрийгээ 19-ийн автобусны буудлын хажууд гадаа зогсож байгаад хувааж ууж дуусгасан. Тэгээд хоорондоо юм яриад зогсож байтал Ө.Хүдэрбат, А.Адъяадорж хоёр гэнэт зодолдоод эхэлсэн. Юунаас болж зодолдсон гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгээд А.Адъяадоржийг салгаад явуулсан чинь Ө.Хүдэрбатын толгой хагарсан байсан. Ө.Хүдэрбат “толгой хагалчихлаа” гэхээр нь би А.Адъяадоржийн араас “Ө.Хүдэрбатын толгойг нь хагалсан байна” гэж хэлэх гээд очиход миний толгой руу нэг юмаар цохисон. Тэгээд би ухаан алдаад унасан. Нэг мэдсэн чинь Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн...” /хх 21-23, 24/,

 

          Гэрч Б.Шинэбаярын “...бид нар буудлын хажуухан талд архиа ууж байтал А.Адъяадорж, Ө.Хүдэрбат хоёр өмнө нь болсон зодооны талаар яриад маргалдаад эхэлсэн. Өмнө нь А.Адъяадорж ажлын газрынхаа нэг хүнийг зодсон юм шиг байсан. Тэр хоёр хоорондоо зууралдаад, нэгнийхээ хөл хэсэг рүү өшиглөөд байсан. Тэгээд хоорондоо муудалцаж байгаад хойно байдаг хүнсний дэлгүүрийн урд ирсэн. Араас нь Д.Чойжамцан, Д.Цогбаяр бид гурав очсон чинь Ө.Хүдэрбатын духнаас нь цус гарсан байсан. Духных нь зүүн талын хэсгээс цус гарсан юм шиг байсан. Тэгэхээр нь А.Адъяадоржийг салгаж авч холдуулаад байж байтал араас Д.Чойжамцан ирээд А.Адъяадоржид “манай Яармагийн хүүхдийг яаж байгаа юм бэ” гээд Ө.Хүдэрбатыг өмөөрөөд байсан. Тэгсэн чинь А.Адъяадорж буудлын баруун тал руу зугтаагаад явсан чинь араас нь Д.Чойжамцан хөөгөөд явсан. Тэр хоёрыг харсан чинь 19-ийн буудлын баруун талд хашлаганы хажууд зогсож байхаар нь бид гурав наанаас нь яваад очтол А.Адъяадорж эхлээд цаашаа гүйсэн, Д.Чойжамцан араас нь гүйсэн. Бид гурав тэр хоёрын араас 20-30 метрийн зайтай явж байхад А.Адъяадорж газраас нэг юм аваад өндийхөд наанаас нь Д.Чойжамцан гүйж очиж таараад, удалгүй Д.Чойжамцан газар уначихсан, А.Адъяадорж цаашаа гүйж байсан. Бид гурав наанаас нь очоод Д.Чойжамцанг хөдөлгөх гэсэн чинь хөдлөхгүй байхаар нь толгойг нь хартал нилээн цус гарчихсан байсан...” /хх 31-32/,  

 

          Гэрч Х.Батжаргалын “...яг хэн нь муудалцаад байсан гэдгийг нь санахгүй байна, усан оргилуурын хажууд тэд нар хоорондоо хэрэлдээд байж байсан. Нэг харсан чинь А.Адъяадорж нь цаашаа зугтааж байгаа, араас нь үлдсэн хэд нь явж байгаа харагдахаар нь би араас нь ажуухан алхаад очтол шар байрны хажууханд Д.Чойжамцангийн толгой нь хагарчихсан, цус гарчихсан, толгойгоо дараад сууж байсан...” /хх 33/,

 

          Гэрч Д.Цогбаярын “...Ө.Хүдэрбат, А.Адъяадорж хоёр гэнэт хоорондоо маргалдаад эхэлсэн. Миний харснаар тэр хоёр нэгнийхээ хувцаснаас зууралдсан байсан. Тэгсэн чинь Ө.Хүдэрбат эхлээд А.Адъяадоржийн зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. ...салгаад байж байтал А.Адъяадорж, Ө.Хүдэрбат руу “чи яасан овоо юм бэ, намайг цохидог хэн бэ” гээд хэрэлдээд байсан. Тэгснээ нэг харсан чинь А.Адъяадорж ертөнцийн зүгээр баруун зүгт зугтаасан. Тэгсэн чинь Д.Чойжамцан араас нь ганцаараа хөөсөн. Б.Шинэбаяр бид хоёр Ө.Хүдэрбатын толгойны цусыг арчаад байж байсан. Тэгээд Б.Шинэбаяр, Ө.Хүдэрбат бид гурав Д.Чойжамцангийн араас яваад очиход хоёр байрны дунд Д.Чойжамцан газарт дээшээ харчихсан, хоёр гараараа духаа дарчихсан хэвтэж байсан. А.Адъяадорж Д.Чойжамцангаас 20 орчим метрийн зайтай очоод зогсчихсон байж байснаа бид гурвыг хараад зугтаахаар нь араас нь Б.Шинэбаяр гүйгээд, араас нь Ө.Хүдэрбат гүйсэн. Тэгээд байж байтал Ө.Хүдэрбат, Б.Шинэбаяр хоёр А.Адъяадоржийг бариад ирсэн...” /хх 34-35/,

 

          Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...хүчтэй чулуу шидсэн, эсвэл чулуу барьж байгаад цохих хоёрын аль алинд нь үүснэ. Д.Чойжамцангийн биед учирсан гэмтлийн хувьд чулуу барьж байгаад цохисон, эсвэл чулуу мөрөн дээгүүрээ давуулж шидсэн хоёрын алинд нь үүссэнийг ялгах боломжгүй, нэг удаагийн үйлчлэлээр дээрх гэмтэл үүссэн байна...” /хх 41/ гэх мэдүүлгүүд,

 

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3891 дугаартай шинжээчийн “...Д.Чойжамцамгийн биед гавлын дух ясны ил хугарал, духанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 37-38/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 12-14, 15-17, 18-20/, хохирогч Д.Чойжамцангийн Гэмтэл Согог Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх 127-151/, хохирлын баримтууд /хх-161-163/, хохирогч Д.Чойжамцангийн “...А.Адъяадоржоос хохирлын төлбөр 3.000.000 төгрөг хүлээн авлаа, хохирол төлбөр бүрэн барагдсан, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт /хх 204/, ялтан А.Адъяадоржийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх 55-59/ зэрэг хэрэгт цугларсан, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

            А.Адъяадоржид холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг шалгаж тодруулсан, шүүхээс А.Адъяадоржийн гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

         

Анхан шатны шүүхээс ялтан А.Адъяадоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүх А.Адъяадоржид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар зүйлд заасан энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт зааснаас хөнгөрүүлж, хохирогч Д.Чойжамцангийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон талаарх тайлбарыг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилсан гэж дүгнэн, ялтны хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

 

             Ялтан А.Адъяадорж, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Нармандах нар “…А.Адъяадоржийн үйлдэл нь аргагүй хамгаалалтанд тавигдах хууль зүйн шаардлага хангасан нотлох баримт хэрэгт авагдсан, түүнийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэж давж заалдах гомдол гаргаж байгаа боловч А.Адъяадоржийн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдлийг нийгэмд аюултай халдлага хийж байгаа довтлогч этгээдийн эсрэг хамгаалалт хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл А.Адъяадоржийн араас хөөж байгаа Д.Чойжамцангийн үйлдэл нь бусдын амь насанд аюултай, нэн даруй хохирол учруулах шинжтэй үйлдэл биш юм.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан А.Адъяадорж, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Нармандах нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх А.Адъяадоржид оногдуулсан ял шийтгэл эдлэх дэглэмийг заахдаа ойлгомжгүй байдлаар бичсэн байх тул зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 315.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан А.Адъяадоржийн эдлэх 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан А.Адъяадоржид оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж зөвтгөн өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан А.Адъяадорж, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Нармандах нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                             

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                    ШҮҮГЧИД                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ