Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 597

 

Ц.Нямдоржид холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

ялтан Ц.Нямдоржийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

иргэний хариуцагч А.Энхжаргал,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөршөөрч ялтан Ц.Нямдоржийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Нямдоржид холбогдох 201624000398 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Цогоогийн Нямдорж, 1985 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 49-56 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: МА85052315/,

Ц.Нямдорж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 13.10 цагийнн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг, Хайлаастын усан сангийн урд замд А.Энхжаргалын эзэмшлийн “Kia Lotze” загварын 97-33УБА улсын дугаартай автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтааж явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Ч.Батсуурийг мөргөж амь насыг нь хохироосон,

мөн дээрх ослыг гаргаад ослын газрыг санаатайгаар орхин зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Ц.Нямдоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Боржигон овогт Цогоогийн Нямдоржийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, Зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Ц.Нямдоржийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын баривчлах ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямдоржид оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямдоржийн цагдан хоригдсон 79 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч А.Энхжаргал, шүүгдэгч Ц.Нямдорж нараас 58.571 төгрөгийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч О.Хадбаатарт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу тус тус нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Ц.Нямдоржид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Нямдоржийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд Ц.Нямдоржийн өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүх хуралдаанаас эхлэн оролцож байна. Ц.Нямдорж нь бичиг үсэггүй тул түүний эрх ашгийг хамгаалж давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд ял шийтгэлийг зөв оногдуулсан.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэг “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Ар гэрийнх нь байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн. Ц.Нямдорж өөрт байгаа бүх эд зүйлээ зарж хохирогчид 4.800.000 төгрөг өгч, хохирол төлбөрийг барагдуулсан. Ц.Нямдорж 6 сар, 4 нас, 10 настай гурван хүүхэдтэй бөгөөд эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, зуны амбаарт амьдардаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэрт нь очиж үзээд “үнэхээр нүд хальтрам юм байна лээ. Энэ байдлыг нь харж үзээд ялыг нь хөнгөлж, тэнсүүлэх хүсэлт гаргах гэсэн юм тар өмгөөлөгчөөр оролцож өгнө өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу, Ц.Нямдоржийн хүсэлтийн дагуу би давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Ц.Нямдорж согтгуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хэргийн газрыг орхиж зугтсан зэрэгт тайлбар байхгүй. Ц.Нямдоржийн ар гэрийн байдал, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Хүний амь нас хохирсон гэм хорыг арилгах боломжгүй тул оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжгүй” гэв.

                                                                        ХЯНАВАЛ:    

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн          284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

Ялтан Ц.Нямдорж нь архи ууж согтуурсан үедээ 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 13.10 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хайлаастын усан сангийн урд замд иргэн А.Энхжаргалыг тамхи авахаар дэлгүүрт орсон үед нь түүний эзэмшлийн “Kia Lotze” загварын 97-33УБА улсын дугаартай автомашиныг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтааж явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг, дүрмийн 9.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг тус тус зөрчснөөс замын зорчих хэсгийн хажуугийн явган хүний замаар явж байсан явган зорчигч иргэн Ч.Батсуурийг мөргөж амь насыг нь хохироосон, мөн дээрх ослыг гаргаад ослын газрыг санаатайгаар орхин зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

ялтан Ц.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ойролцоогоор 1 км хүрэхгүй газар явж байтал хурд сааруулагч таарсан, уг хурд сааруулагчийг гарах гэж байгаад баруун гар талын явган хүний зам руу гарчихсан. Тэгэхээр нь сандарсандаа буцаагаад зүүн гар тал руугаа жолоогоо дарсан тэр чигтээ эсрэг урсгал руу ороод, явган хүний зам давчихсан. Яг тэр үед уг явган хүний замаар нэг таягтай ах явж таарсан. Ингээд тэр явган зорчигчийг мөргөөд, улмаар, замын хажуу талын хашаа мөргөж зогссон. ...би буунгуутаа автомашинаас гараад зугтаасан. Би ослын газраас зугтаагаад гудамж руу ороод 200 метр яваад танихгүй эрэгтэй хүнд баригдсан. Тэгээд буцаад ослын газар ирсэн” гэх мэдүүлэг /хх1, х168-170/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Талийгаачийг зүүн зүгт гаргасан. Зүүн зүгт цэцэрлэгт хүрээлэнд оршуулдаг гэсэн боловч уг зардал нь өндөр байсан тул цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд нь нийтийн оршуулгийн газарт гаргасан. Энэ газар нь бол ямар нэгэн төлбөргүй юм билээ. Ингээд Улаанбаатар буян ХХК-нд нийт 504.500 төгрөг төлсөн. Бусдад 4.386.726 төгрөг нь бол оршуулгын буяны цайллагын ажилд зарцуулсан төлбөр юм. Ингээд нийт 4.891.226 төгрөг болж байгаа. Өөр нэмэгдэх зардал байхгүй. 49 хоног дээр нь дахин зардал гарах байх.” гэх мэдүүлэг /хх1, х18/,

иргэний хариуцагч А.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тамхи авахаар автомашинаасаа буугаад дэлгүүр орсон, дэлгүүр ороод “Тамхи байна уу” гэж хэлтэл гадаа автомашин ассан. Харсан чинь Ц.Нямдорж автомашиныг асаагаад яваад өгсөн. Би араас нь зогсооч гэж орилсон боловч зогсоогүй. Би замаар явж байсан автомашиныг зогсоогоод араас нь хөдөлсөн. Тэгээд явж байгаад харсан чинь миний автомашин замын зүүн гар тал руу айлын хашаа мөргөөд зогсчихсон байсан. Би яваад очиход Ц.Нямдорж байгаагүй, хашаан дотор нэг эрэгтэй хүн мөргүүлчихсэн газар хэвтэж байсан. Энэ үед тэр хавиар баахан олон хүмүүс шаваад ирсэн. Тэгтэл нэг хар өнгийн автомашин ирсэн. Тэр автомашин дотроос Ц.Нямдорж гарч ирсэн. Миний ойлгосноор Ц.Нямдорж зугтаагаад хар автомашинтай хүн араас нь хөөж барьсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх1, х48/,

иргэний нэхэмжлэгч Д.Цогтсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр 12 цагийн үед би гэрээсээ гараад 7-н буудал орчихоод эргээд гэртээ ирсэн чинь манай гэрийн нүүрэн талын зам руу харсан хашааг автомашин дайрчихсан, ойр хавиар нь баахан хүмүүс шавчихсан, мөн хашаан дотор нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Би утсаар ярьчихаад буцаад ирсэн чинь нөгөө хашаан дотор хэвтэж байсан эрэгтэй хүнийг түргэн тусламж аваад явчихсан. Мөн замын цагдаа нар ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх1, х69-70/,

иргэний нэхэмжлэгч О.Хадбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хайлаастын усан сангийн замд байрлуулсан “Явган хүний гарцны тэмдэг” 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас шон нь тахийж эвдэрсэн. Иймд уг тэмдэгний хохирлыг барагдуулахаар би байгууллагаасаа томилогдон ирсэн” гэх мэдүүлэг /хх1, х84-85/,

гэрч Н.Мөнгөн-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 12 цаг 45 минутанд Хайлаастын Усан сангийн давдаг замаар 50-89 улсын дугаартай автомашинтайгаа ганцаараа явж байтал хажуугаар 97-33УБА улсын дугаартай “Киа Лотзе” загварын автомашин маш хурдтай зөрж гараад хурд сааруулагч дээгүүр гараад замын хойд талын явган хүний замаар явж байсан 60 гаран насны эрэгтэй хүнийг хашлага давж мөргөөд айлын хашаа мөргөж эвдээд уг хүнийг хашаан дотор унагасан. Тэгтэл жолооч нь мөргөсөн хүндээ тусламж үзүүлэхгүй шууд доошоо зугтахаар нь араас нь автомашинаараа хөөж барьж аваад эргэж ослын газар дээр ирээд 102, 103 дуудсан. 103 ирж үзээд уг хүнийг гэмтэл авч явсан. Дараа нь цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх1, х89-91/,

гэрч Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо “Хайлаастын усан сангийн зам дагуу зүлэг тарилт хийж байсан юм. Тэгтэл баруунаас зүүн зүгт шар өнгийн автомашин маш хурдтай хажуугаар явж өнгөрсөн. Би дотроо “ямар хурдтай явж байнаа” гэж бодоод ажлаа үргэлжлүүлэн хийж байтал хажуугаар өнгөрсөн хүмүүс “хүн дайрчихлаа, хашаа дайрчихлаа” гэж ярьсан. Би зүлэг тарьж байсан болохоор дээшээ өндийгөөд хартал нөгөө шар өнгийн автомашин айлын хашаа мөргөчихсөн байсан. Би очоод хартал автомашин дотор ямар ч хүн байхгүй, харин айлын хашаан дотор нэг эрэгтэй ёолоод хэвтэж байсан. Тэгэхээр нь би өөрийн 96021520 дугаараас 102, 103 дугаар руу залгаж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх1, х94-95/,

гэрч Н.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр би гэртээ байж байсан. Тэгсэн чинь гадаа “пас пас” хийгээд чимээ гарсан. Гэрээсээ гараад харсан чинь манай гэрээс хэдэн хашааны цаана нэг шар өнгийн автомашин айлын хашаа мөргөчихсөн, эргэн тойронд нь олон хүмүүс цугласан байсан. Би яваад очсон чинь мөргүүлсэн хашаан дотор нэг өвгөн газар хэвтэж байсан. Тэгтэл нэг эрэгтэй нэг согтуу залууг барьчихсан “энэ наад шар автомашины чинь жолооч, зугтаахаар нь барьж авч ирлээ” гэсэн.” гэх мэдүүлэг /хх1, х97/,

гэрч Д.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр би Замын цагдаагийн газар дээр жижүүрийн шинжээчийн үүрэг гүйцэтгэсэн юм. Дуудлага хүлээн авч жижүүрийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Энхбаярын удирдсан бүрэлдэхүүнд криминалистик шинжээчээр ажилласан. Очиход 97-33УБА улсын дугаартай “Киа Лотзе” загварын автомашин айлын хашаа мөргөчихсөн, автомашин жолоодон явсан гэх эрэгтэйг тэнд цугларсан хүмүүс хоёр талаас нь барьчихсан “Энэ жолооч зугтаасан, барьж авч ирсэн” гэж хэлж байсан. Автомашин жолоодон явсан жолоочийг бүрэлдэхүүн хүлээн авч, түүнийг драгер багажаар шалгахад 1.56%-ийн согтолттой болох нь тогтоогдсон. Харин мөргүүлсэн гэх настай хүнийг түргэн тусламж ГССҮТ-рүү аваад явсан байсан.” гэх мэдүүлэг /хх1, х116-117/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач нь баруун шилбэний шаант тахилзуур ясны дунд хэсгийн үүрч бяцарсан зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн их хэмжээний няцрал, мөчдөд зулгаралт, баруун зүүн олон хавирганы хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун шилбэний үйрч бяцарсан зөрөөтэй далд хугарал нь мохоо зүйлийн тухайлбал автомашины мөргөгдөх үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун шилбэний шаант тахилзуур ясны дунд хэсгийн үйрч бяцарсан зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн их хэмжээний няцрал нь амь насан аюултай, бусад зулгаралт гэмтэл нь амь насанд аюулгүй, баруун зүүн олон хавирганы хугаралууд нь нас барсны дараа үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Талийгаач нь ерөнхий судас хатуурах өвчин, зүрхний булчингийн шигдээсийн дараах цус харвалт өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь баруун шилбэний шаант тахилзуур ясны дунд хэсгийн үйрч бяцарсан зөрөөтэй далд хугаралаас уушигны артерийн өөхөн бөглөөдөсөөр хүндэрч нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан байна. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна.” гэх 897 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х125-127/,

“...Шинжилгээнд /Disposable syringe 10 ml/ гэсэн тариуранд хийж ирүүлсэн ямар нэг хаяггүй цус нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд /Disposable syringe 10 ml/ гэсэн тариуранд хийж ирүүлсэн ямар нэг хаяггүй цусанд 2.3% спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.3% нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх 4190 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х147/,

“...97-33 УБА улсын дугаартай Киа Лотзе загварын автомашины жолооч Ц.Нямдорж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Л.Батсуурь нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн байх үндэслэлгүй байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, бүдүүвч зурагнаас харахад 97-33 УБА улсын дугаартай Киа Лотзе загварийн автомашины дугуйнаас зам дээр тоормосны мөр үүсээгүй, харин зурагдсан мөр үүссэн байх ба зурагдсан мөрнөөс хурдыг тогтоох боломжгүй...

97-33 УБА улсын дугаартай Киа Лотзе загварын автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байгаа нь уг осолд нөлөөлөхгүй.” гэх 275 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х149/,

Замын цагдаагийн газрын “Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал” хуудас /хх1, х6/,

Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х2/,

Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х3-5/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх1, х7/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х8/,

Цогцосны гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х9-10/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /хх1, х118-119/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Ц.Нямдоржид холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг үйлдсэний хувьд ялтан Ц.Нямдоржид тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм бурууд нь тохируулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 4 жил хорих ял, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 6 сар баривчлах ял шийтгэлийг оногдуулсан нь үндэслэлтэй байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэхдээ өөр өөр төрлийн ялд нэмж нэгтгэх журмыг хэрэглэсэн нь буруу байна.

Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс хэрэг тус бүрт оногдуулсан ялуудыг хооронд нь нэмж нэгтгэх журам нь зөвхөн нэг төрлийн ялд, харин хөнгөн ялыг хүндэд нь багтаах журам нь нэг төрлийн болон өөр өөр төрлийн ялд хамаардаг онцлогтой.

  Иймд шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан ялтан Ц.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 4 жил хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 6 сар баривчлах ялыг багтааж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд заасан журмыг зөв хэрэглэх,

мөн анхан шатны шүүх ялтан Ц.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцохдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-т заасан “Хугацааг тоолоход уг хугацаа эхэлсэн цаг, хоногийг тооцоонд оруулахгүй” гэснийг анхааралгүйгээр буруу тооцсон байх тул шийтгэх тогтоолын заалтад зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээхээр тогтов.

  Ялтан Ц.Нямдоржийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн гаргасан “…Ц.Нямдоржид оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтаас үзэхэд шүүх хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих уг ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой юм. Гэтэл ялтан Ц.Нямдоржийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэгт гэм хорын хохирол 4.800.000 төгрөгийг төлж гэм хорыг арилгасан боловч ослын улмаас эвдэрсэн замын тэмдэгийн төлбөр болох 171.141 төгрөгийг төлж барагдуулсан баримт байхгүй байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр арилсан гэж үзэх үндэслэлгүй, энэ хэргийг согтуугаар үйлдсэн зэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхэд ялтан Ц.Нямдоржид оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цогоогийн Нямдоржид энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч 4 жилийн хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын баривчлах ялыг багтааж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассугай” гэж,

- тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 5 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан Ц.Нямдоржийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл эрх бүхий этгээд 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧИД                                                           Б.ЗОРИГ

                                                                                                     Ц.ОЧ