Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 608

 

Э.Амгаланбаяр, М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Багшбаяр,

ялтан Э.Амгаланбаяр, түүний өмгөөлөгч К.Бауржан, Б.Оюунбилэг,

хохирогч Х.Баянтөрийн өмгөөлөгч Н.Саранчимэг,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Б.Сарантуяа, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Амгаланбаяр, түүний өмгөөлөгч К.Бауржан нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Э.Амгаланбаяр, М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт холбогдох 2015250000189 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Ядам овгийн Энхзаяагийн Амгаланбаяр, 1992 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн аврах гал унтраах 35 дугаар ангид аврагч, гал сөнөөгч ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр баг, Жавхлантад оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: СД92031519/,

2. Цэнгэл овгийн Мөнхбаярын Оюунгэрэл, 1992 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Монгол Улсын Багшийн их сургуулийн математик эдийн засгийн 4 дүгээр курст суралцаж байсан, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 63-2-55 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: РЭ92042808/,

3. Олонгууд овгийн Батсуурийн Ундрах, 1992 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, “Хас” банкны теллер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Орчлон хорооллын 34А байрны 34 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: РЭ92051941/,

 

1. Э.Амгаланбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2014 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Анар” нэртэй зочид буудалд хувийн таарамжгүй харьцаанаас болж буюу хохирогчийн зүй бус ажиллагаанаас болж өөр хоорондоо маргалдан улмаар иргэн Х.Баянтөрийг зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

2. М.Оюунгэрэл нь 2014 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Анар” нэртэй зочид буудалд иргэн Х.Баянтөрийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт М.Оюунгэрэл нь С.Жанузакийг хүнд гэмт хэрэгт холбогдуулж хуурамч мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт,

3. Б.Ундрах нь 2014 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Анар” нэртэй зочид буудалд иргэн Х.Баянтөрийг зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт Б.Ундрах нь С.Жанузакийг хүнд гэмт хэрэгт холбогдуулж хуурамч мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Амгаланбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Э.Амгаланбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Оюунгэрэл, Б.Ундрах нарыг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амгаланбаярыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюунгэрэл, Б.Ундрах нарыг тус бүрийг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амгаланбаярт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасч түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амгаланбаярт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Оюунгэрэл, Б.Ундрах нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн томографын 5 ширхэг зургийг хохирогч Х.Баянтөрд буцаан олгох, сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амгаланбаяраас 1.607.800 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Баянтөрд олгож,

хохирогч Х.Баянтөр нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

шүүгдэгч М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Амгаланбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Ялтан Э.Амгаланбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Х.Баянтөр нь хэрэг гарсан өдөр хэт согтсоны улмаас агсам тавьж С.Жанузак гэх залуутай хэрэлдэж маргалдан, хэл амаар доромжилж байсан. Хохирогч надтай хэрэлдэж, маргалдсан зүйлгүйгээр зочид буудалд орсон. Харин зочид буудлын өрөөнд хохирогч Х.Баянтөр нь 3 давхарын цонхоор үсэрч амиа хорлоно гэж байхад нь бид нар болиулж, түүнийг цонхноос буулгаж “чи үхэх чинь дутаа юу” гэж хэлэхэд “чамд хамаагүй, чи юу юм бэ” гэж над руу дайрч давшилж, цамцны захнаас боох гэж оролдсон. Тэгээд би Х.Баянтөрийн үүдэн шүд рүү нь нэг удаа цохисон. Гэтэл Б.Ундрах гэх эмэгтэй намайг нөгөө өрөө рүү хамт орьё гэсэн. Намайг тэр өрөөнөөс гарахад С.Жанузек, Х.Баянтөр нар хоорондоо маргалдаж байсан. Ажлын хамт олны цуг караокед байхад Х.Баянтөр нь С.Жанузектэй муудалцаж байсан. Х.Баянтөр хэлэхдээ “чи муу казак яагаад байгаа юм бэ, давраад байгаарай, ална шүү” гэх зэрэг үгээр дайрч давшилж байсан. Харин С.Жанузек хариуд нь “чи яах вэ, тэгж л бай” гээд өөдөөс нь хэрэлдэж дайрч байсан. Гэрч С.Жанузек мөрдөн байцаалтын шатанд “зүүн шанаа руу нь цохисон” гэж мэдүүлсэн. Гэтэл шүүх хуралдааны үеэр “баруун гараараа баруун тал руу нь цохисон” гэж мэдүүлсэн байгаа нь худал мэдүүлэг өгч байгааг нотолж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийг хагалгаанд орохын өмнө С.Жанузек хохирогчид санаа тавьж, эмчилгээний төлбөр олж өгч байсан нь түүнийг хохирогчийг зодсон болохыг нотолж байна. Хэрэг гарах үед хохирогчийг нэг удаа цохисондоо гэмшиж байна. Харин миний нэг удаагийн цохилтоор хохирогчийн биед хүнд гэмтэл учрах үндэслэлгүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Ялтан Э.Амгаланбаярын өмгөөлөгч К.Бауржан гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч, хохирогчийн мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлтийг өгөлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16, 80 дугаар зүйлд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоож, хэрэг гарсан нөхцөл байдал, хэргийг хэн үйлдсэнийг тогтоох нь мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үүрэг байхаар хуульчилсан. Гэвч хуулийн дээрх заалтууд мөрдөн байцаалтын шатнаас эхлээд шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл шатанд хэрэгжихгүй байсаар Э.Амгаланбаярын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байна. Тухайлбал:  Э.Амгаланбаярын хувьд хохирогч Х.Баянтөрд учирсан гэх гэмтлийг учруулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгээр хангалттай нотлогдсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тухайлбал: Э.Амгаланбаярын хувьд хэрэгт шалгагдаж, сэжигтэнээр татагдсан үеэсээ эхлэн хэргийн нөхцөл байдлын талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн байдаг ба тэрээр хохирогч Х.Баянтөрийн "нүүрэн тус газар нь нэг удаа цохисон" гэдгээ хүлээн мэдүүлж ирсэн. Түүний нэг удаагийн цохилтоос шалтгаалж хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учрах боломжгүй гэж өмгөөлөгчийн хувьд үздэг бөгөөд ялангуяа С.Жанузакийн мэдүүлж байгаачлан "...Амгаланбаяр нь хохирогчийн шанаан тус газар цохиход тэрээр унахдаа хаалганаас илүү гарсан буланг мөргөсөн"-өөс болж учрах боломжгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгийн үеэр бүр ч тодорхой болсон юм. Хохирогчийн биед учирсан гэмтлийг шүүх эмнэлэг тодорхойлохдоо “...Х.Баянтөрийн биед зүүн чамархай ясны хугарал, зүүн чамархайн хэсгийн хатуу хальсан дээрх цус хуралт гэмтэл" гэсэн бол шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Ц.Ганболд нь “...энэхүү гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хүч үйлчилсэн газраа үүсгэгдэх боломжтой, бүлан мөргөх үед үүсэх боломжгүй, ...учир нь хатуу булан мөргөсөн бол хуйхны гадна хэсэгт зүлгаралт, шарх үүснэ, хохирогчийн биед үзлэг хийх үед толгойн зуун хэсэгт шалбарсан, зулгарсан шарх гэмтэл үүсээгүй байсан, мөн ...хохирогчийн уруул, завьж хэсэгт учирсан гэмтэл болон зүүн чамархайн хэсэгт учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй...” гэсэн мэдүүлгийг өгсөн болно. Харин Э.Амгаланбаярын хувьд нэг удаа хохирогчийн нүүрэн тус газар цохисон, улмаар түүний уруул завьжинд язарсан, сэтэрсэн гэмтэл учирсан болохыг гэрч Г.Энхцэцэг болон хохирогч Х.Баянтөр нар мэдүүлдэг бөгөөд хохирогчийг нэг удаа цохисон гэдгийг гэрч С.Жанузак, Ундрах нар мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогчийн биед зүүн чамархай хэсэгт болон уруул хэсэгт нь тус тус гэмтэл учрсан байсан болох нь шүүх эмнэлэгийн дүгнэлт, гэрч хохирогчийн мэдүүлгээр нотлогддог ба шинжээч эмч мэдүүлэхдээ энэ 2 гэмтлийг нэг дор буюу нэг удаагийн цохилтоос авах боломжгүй болохыг тодорхойлж хэлсэн байгаагаас үзэхэд Э.Амгаланбаярын хохирогчийн уруул хэсэгт нэг удаа цохисон цохилтоос үүдэн хохирогчийг биед "хүнд" зэргийн гэмтэл учрах боломжгүй нь тодорхой нотлогдож байна. Цагдаа, прокурорын байгууллага миний үйлчлүүлэгч Э.Амгаланбаярыг буруутган яллагдагчаар татахдаа энэ хэрэгт гэрчээр асуугдаж, улмаар сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдаж байсан С.Жанузак гэгчийн мэдүүлгийг үндэслэж ирсэн. Э.Амгаланбаярыг хохирогч Х.Баянтөрийг цохисон болон цохиход газар унасан гэдгийг харсан гэрчилсэн хүн /С.Жанузакаас өөр/ байхгүй буюу шууд нотолсон баримт хэрэгт авагдаагүй болно. С.Жанузак нь өмнө мөрдөн байцаалтын шатанд гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлд “...Амаланбаяр нь хохирогчийн зүүн шанаан тус газар цохиход тэрээр зүүн талаараа унасан, унахдаа хаалганаас илүү гарсан буланг мөргөсөн" гэж тайлбарлаж ирсэн бөгөөд харин шүүх хуралдаан дээр энэхүү мэдүүлгээ еөрчилж “...хохирогчийн баруун шанаа руу баруун гараараа цохисон, Баянтөр зүүн талаараа булан мөргөж унасан" гэж мэдүүлсэн. /үүнээс гадна хамгийн анх өгсөн мэдүүлэгтэй хохирогч нь Амгаланбаярт цохиулаад газар унасан, ямар нэг зүйл мөргөөгүй тухай мэдүүлсэн байдаг/ С.Жанузакийн хувьд ийнхүү хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүдийг өгч ирсэн, мөн тэрээр хэрэгт холбогдолтой этгээдийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу гэрч байх боломжгүй этгээд гэж өмгөөлөгчийн хувьд үздэг юм. Өөрөөр хэлбэл, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан байдагчлан тэрээр энэ хэрэгт холбогдолтой нэгэн. Тэрээр энэ хэрэгт холбогдолтой болох нь эрүүгийн хэрэгт гэрчээр асуугдаж сүүлд яллагдагчаар татагдсан М.Оюунгэрэлийн /С.Жанузак нь хохирогчийг аймаар зодсон тухай/ мэдүүлгүүд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /М.Оуюнгэрэл, Б.Ундрах, Амгаланбаяр нарын хооронд ярьсан ярианы бичлэг/ CD дээрх яриа, CD бичлэгт үзлэг хийсэн түхай тэмдэглэл, С.Жанузакийн зүгээс хохирогч Х.Баянтөрд хохиролын мөнгө өгч байсан тухай мэдүүлэг, өмнөх шүүх хуралдаанд гэрчээр оролцсон М.Оюунгэрэл, Б.Ундрах нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар хангалттай тогтоогддог. Гэвч мөрдөн байцаагч, прокурорын зүгээс удаа дараалан С.Жанузакт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож мөрдөн байцаалтын ажилллагааг хэт нэг талыг барьж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэх талаас нь үнэлэлгүй, гагцхүү түүний мэдүүлгийг хөдөлбөргүй үнэн мэтээр ойлгож миний үйлчлүүлэгчийг буруутгасаар ирсэн болно. Миний бие энэхүү хэрэгт Э.Амгаланбаярыг яллагдагчаар татагдсан үеэс эхлэн
өмгөөлөгчөөр оролцож ирсэн бөгөөд хэрэг гарсан нөхцөл байдал, хэргийг хэн үйлдсэн
тухайд мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хангалттай нотлон тогтоож чадахгүй байна
гэж үздэг бөгөөд ялангуяа хэрэгт гэрчийн мэдүүлэг өгч байсан, тухайн хэрэг болох үед
бүхнийг харсан М.Оюунгэрэлийн мэдүүлгийг үндэслэлтэй гэж ойлгож ирсэн. Учир нь М.Оюунгэрэлийн хувьд анхнаасаа нэг зүйлийг тогтвортой мэдүүлж ирсэн нэг зүйл нь “... хохирогч нь цонхоор үсэрнэ гэж байсан, мөн ...казак залуу буюу С.Жанузак нь хохирогчийг аймаар зодож байсан" тухай мэдүүлдэг бөгөөд түүний энэхүү мэдүүлэг нь М.Оюунгэрэл, Б.Ундрах, Э.Амгаланбаяр нарын хооронд болсон ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад гэрч болох Б.Хаш-Өлзий, О.Мядагсүрэн нарын мэдүүлгээр ч нотлогддог. Нөгөө талаар С.Жанузак нь удаа дараалан мэдүүлгээ өөрчилж, өөрийгөө цорын ганц гэрч гэх боловч хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өөр өөр байдлаар мэдүүлж ирсэн нь ихээхэн эргэлзээг төрүүлдэг. С.Жанузакийн хувьд өмнө мөрдөн байцаалтын шатанд “... Амгаланбаяр нь хохирогчийн зүүн шанаан тус газар цохиход хохирогч нь сул байдалтай зүүн талаараа унаж булан мөргөсөн" тухай мэдүүлж байсан учир өмгөөлөгчийн зүгээс энэхүү мэдүүлэг үндэслэлтэй эсэхийг тогтоолгох үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын мөрдөн байцаалтын туршилт болон дүгнэлт гаргуулах хүсэлтийг прокурор, шүүхийн байгууллагад гаргаж байсан болно. Тухайн хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл буюу бусдын хооронд үл ойлголцох хэн нэгнийгээ цохих, маргах шалтгаан нь хохирогч Х.Баянтөрийн үйлдэлтэй шууд холбоотой болох нь хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлэгээс тодорхой харагддаг. Тухайлбал: хохирогч Х.Баянтөр нь тухайн өдөр караоке болон зочид буудалд байх хугацаандаа хамт байсан хүмүүсээ үл хүндэтгэсэн, доромжилсон, агсам тавьсан, ширээ сандал өшиглөж байсан тухай эрүүгийн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн С.Жанузак, М.Оюунгэрэл, Б.Хаш-өлзий, О.Мягмарсүрэн, Б.Ундрах, шүүгдэгч Э.Амгаланбаяр нар тодорхой мэдүүлдэг. Түүний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийнхүү элдэв ааш, араншин гаргадагаас гадна архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, биеэ хянах чадваргүй болж, улмаар гадаа гудамж, талбайд унтдаг болохыг гэрч М.Цогтбаяр гэгч мэдүүлсэн байдаг. Тухайлбал: Х.Баянтөр нь 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр БЗД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Саруул алтай хотхоны орчим согтуу хэвтэж байхад нь эмнэлэгийн машин авч явж Баянзүрх дүүргийн Цагдаагийн эрүүлжүүлэх байранд хүргэж өгөх үед нь Хууль сахиулахын их сургуулийн багш М.Цогтбаяр гэгч гэрт нь хүргэж ээжид нь хүлээлгэн өгсөн талаар тэрээр тодорхойлолт хийж, мэдүүлэг өгсөн байдаг. Энэхүү нөхцөл байдлыг дурьдах болсон шалтгаан нь хохирогчид учирсан гэх хүнд зэргийн гэмтэл нь тухайн үед буюу 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр учирсан эсэхэд эргэлзээ төрөх нэг нөхцөл байдал болдог. Учир нь хохирогч Х.Баянтөр нь хэрэг гарсан гэх 2014 оны 12 дугаар сарын 10, 11-нээс хойш cap гаруйн хугацааны дараа буюу гэрч М.Цогтбаярын хэлснээр 2015 оны 1 дүгээр сарын 23-ны үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусдад зодуулж цохиулсан /гудамжинд хэвтэж байсан/ байх боломжтой бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр түүний биед учирсан гэмтлийн зэргийг "хөнгөн" гэж тогтоосон бол 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр "хүнд" зэргийн гэмтэл гэж тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт гарснаас хойш дахин бусдад зодуулж гэмтэл авсан байхыг үгүйсгэхгүй боломжгүй ба хүнд зэргийн гэмтэл учирсан гэж тогтоосон шинжээч нар нь 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн КТГ-ын зургыг үндэслэсэн байдаг. Энэ мэтчилэн хэргийг шалгахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй, хэрэг гарсан нөхцөл байдлыг бодитой зөв үнэлж тогтоогоогүй, хохирогчийн биед учирсан гэх гэмтлүүдийг хэн учруулав гэдгийг зөв тогтоогоогүй байгаа нөхцөлд хэргийг эцэслэн шийдвэрлэх болломжгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 80 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгэхээр буцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16, 80 дугаар зүйлд заасны дагуу хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоож өгнө үү” гэв.

 

Ялтан Э.Амгаланбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчид учирсан гэмтэл хэзээ яаж, хэний үйлчлэлийн улмаас, эсвэл өөр нөхцөл байдлаас учирсан уу гэдэг нь тодорхой биш. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд “Тархи доргилт, мохоо зүйлээр үйлчлэгдсэн, Шүүх эмнэлгийн гэмтлийн заавар тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл” гэсэн гэмтэл тогтоогдсон байдаг. Энэ гэмтлийг тогтоосон шинжээч эмчийг байцаахад “тухайн үед би эмнэлэг дээр очиж өвчний түүхийг нь үзсэн, тухайн үед томографийн зураг байгаагүй. Хохирогч эмнэлгээс гараад явчихсан байсан” гэж мэдүүлдэг. 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Томографийн зураг авхуулсан бөгөөд дахин шинжээчийн дүгнэлт гарахад тархины ясны цуурал, цусан хурааны талаар дүгнэлт өөрөөр гарсан. Энэ томографийн зургийг харахад зураг авсан газар, дүгнэлт хийсэн эмч нар өөр байдаг. Иймд тухайн зураг авсан газрын эмчийн дүгнэлт мөн эсэх нь эргэлзээтэй байна. Энэ томографийн зураг авахуулахаас өмнө хохирогч 2 удаа ээлжийн ажил хийсэн. Мөн энэ хооронд согтуу гудамжинд хэвтэж байхад гэрт нь хүргэж өгсөн гэрч байдаг. Иймд цаг хугацааны хувьд хэрэг болсноос нилээд хугацааны дараа хохирогч томографийн зураг авахуулж гэмтэл тогтоогдсон байна. Яллах дүгнэлтэд сүүлийн гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн энэ гэмтлийг Э.Амганбаярын үйлдэлтэй холбож хэргийг зүйлчилсэн. 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр шүүхээс хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг нотлоогүй, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байна, зөрүүг арилгах хэрэгтэй гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Гэвч энэ буцаасан тогтоолын биелэлт хангагдаагүй. Хэргийг дахин шалгахдаа ёс төдий байдлаар шалгасан. Жишээ нь гэрч Оюунгэрэл, Б.Ундрах нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан, мөн С.Жанузекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татсан боловч өөрөөс нь мэдүүлэг авч, тэр мэдүүлэгтээ үндэслэн үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон. Үүнийг өмгөөлөгчийн хувьд хангалтгүй гэж үзэж байна. Учир нь С.Жанузекийн мэдүүлэг байнга өөрчлөгдөж байсан. Мэдүүлэг өгөх болгондоо нэг шинэ зүйл хэлж байсан. Э.Амгаланбаярын хувьд анхнаасаа тогтвортой мэдүүлж ирсэн. Э.Амгаланбаяр энэ хэрэгт шалгагдахаасаа өмнө буюу хэрэг болсон өдрийн маргааш нь хохирогч Х.Баянтөрд цохисон гэдгээ хэлсэн. Э.Амгаланбаяр “нэг л удаа шүдний тус газар нь цохисон” гэдэг бөгөөд хохирогчид үнэхээр уруул нь язарсан шарх үүссэн байсан гэдгийг гэрчүүд ч мөн хэлдэг. Э.Амгаланбаярыг хохирогчийг нэг удаа цохиход хохирогч яг аль хана налж, яаж унасан гэдгийг тогтоогоогүй. Хохирогч хана налж унасан асуудлаас үүдэлтэйгээр гэрч С.Жанузекийн мэдүүлэг хэдэн янзаар өөрчлөгддөг. Жишээ нь С.Жанузек “хохирогч булан мөргөөд унасан” гэж мэдүүлдэг бөгөөд тэр булан нь ямар булан бэ гэдэг нь тодорхойгүй байна. Мөн Э.Амгаланбаяр, Б.Ундрах, Оюунгэрэл нарын мэдүүлэгт “хохирогч Баянмөнх амиа хорлоно гээд цонхоор үсрэх гэж байхад нь татаад нэг удаа цохисон” талаар авагдсан байгаа. Гэтэл тухайн өрөөний цонх, хаалга хоёр шал өөр газар байсан. Иймд Э.Амгаланбаяр хохирогчийг хаана цохисон гэдэг нь тодорхойгүй. Мөн хохирогчийг амиа хорлоно гээд байсан асуудлын талаар шалгасан зүйл байхгүй. Э.Амгаланбаярын нэг цохилтоос хохирогчид ямар гэмтэл учирсан бэ гэдгийг тогтоож чадаагүй. Зөвхөн сүүлд шинжээчийн дүгнэлтээр хохирогчид тогтоогдсон гэмтлийг шууд Э.Амгаланбаярын үйлдэлтэй холбож байгаа нь хоорондоо уялдаж өгөхгүй байгаа нь шинжээчийн дүгнэлт гэрчийн мэдүүлгүүдээр харагдаж байна. Мэдүүлгийн зөрүүг арилгаж чадаагүй. Хохиролд 1.607.000 төгрөгийн төлбөр төлөхөөр тогтоосон. Гэтэл энэ хохирлоос хэчнээн төгрөгийг, хэн төлсөн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл С.Жанузек 400.000 төгрөг төлсөн. С.Жанузек яагаад хохирлын мөнгөнөөс төлж байгаа, түүний мэдүүлэг яагаад байнга өөрчлөгдөж байна вэ гэдэг асуудлыг харахад С.Жанузек энэ хэрэгт ямар нэгэн байдлаар гэм буруутай байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал харагдаж байна. Жанузекийн өгсөн 400.000 төгрөгийг хохиролд тооцож авч байгаа эсэх нь тодорхойгүй байна. Оюунгэрэл, Б.Ундрах нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Жишээ нь Оюунгэрэл “өшиглөж байсан, өшиглөж байна гэж би бодсон, өшиглөөд байх шиг байсан” гэж янз янзаар мэдүүлдэг. Хэргийн нөхцөл байдлыг тогтооход мэдүүлгүүдийн зөрүүг арилгах шаардлагатай. Иймд хэргийг түүхий байхад шүүх хэргийг хэлэлцэж, гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм бурууг шийдвэрлэхэд учир дутагдалтай байхад шүүх үүнийг анхаарч үзэхгүйгээр Э.Амгаланбаярыг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь үндэслэлгүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогч Х.Баянтөрийн өмгөөлөгч Н.Саранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрч Оюунгэрэлийн “Нэг харахад Баянтөр газар унасан С.Жанузак хараад зогсож байсан” гэх мэдүүлэг, Б.Ундрахын “тэгтэл буудлын үйлчлэгч орж ирээд наад цусаа цэвэрлээч гэсэн” гэх мэдүүлэг, Энхцэцэгийн “2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Гялс төвд шинжилгээ өгч 19-ний өдөр Гэмтэл согог судлалын эмнэлэгт үзүүлж 8 хоног хэвтэн эмчлүүлсэн. Нийт 3 удаа томографийн зураг авахуулсан. Манай нөхөртэй хамт ажилдаг С.Жанузак, Э.Амгаланбаяр нар байсан. Тэр хоёр зодсон гэж хэлсэн. Хагалгаанд орохын өмнөх шөнө 500.000 төгрөгийг хувааж өгч байгаа гээд өгсөн” гэх мэдүүлгүүд байдаг. Шүүхийн тогтоол гарснаас хойш  Х.Баянтөр над руу залгаж “1.107.000 төгрөг өгсөн” гэж хэлсэн. Би “1.607.000 төгрөг төлөх ёстой шүү дээ” гэж хэлэхэд “өмнө авсан 500.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг Э.Амгаланбаяр, 400.000 төгрөгийг С.Жанузак өгсөн” гэж хэлсэн бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бичиг хийж Э.Амгаланбаярт өгсөн байна. Үйлчлүүлэгч маань өөрөө гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа тул өмгөөлөгч би үйлчлүүлэгчийнхээ саналыг дэмжиж байна” гэв.

 

Прокурор Г.Багшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтны өмгөөлөгч нар тухайн үед гудамжинд хэвтэж байсан хүнийг оруулж ирээд цохисон мэтээр ярьж байна. С.Жанузак буруутай гэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд С.Жанузак “...зүүн талаас нь цохисон. Энэ хэргийг харсан хүн ганц би” гэж мэдүүлсэн. Мөн “Х.Баянтөрийг босохгүй болохоор нь босооч гээд хөл рүү нь цохисон” гэж мэдүүлсэн. Гэтэл өмгөөлөгч нар С.Жанузакийн үйлдлийн улмаас энэ гэмтэл учирсан мэтээр ярьж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд хохирогчид толгойноос доош учирсан гэмтэл байхгүй. Гэрч Оюунгэрэл, Б.Ундрах нар нь Э.Амгаланбаярын гуйлтаар энэ хэрэгт холбогдсон. Оюунгэрэл, Б.Ундрах нар “Э.Амгаланбаяр утсаар яриад С.Жанузекийг цохисон гээд хэлээд өгөөч гэж гуйсан учир бид хоёр С.Жанузакийг цохисон гээд хэлчихсэн юм” гэдэг. С.Жанузак нь “Э.Амгаланбаяр сууж байгаад гэнэт дүрсхийн уурлаж Х.Баянтөрийг цохиод авсан. Тэгээд Х.Баянтөр унасан” гэж хэлдэг. Хохирогч хаалганы хажуудах аркыг мөргөж унасан нь гэрч Б.Ундрахын “буудлын үйлчлэгч орж ирээд цусаа цэвэрлэх талаар хэлэхэд нь би босоод хаалганы хажууд болсон цусыг арчсан юм” гэх мэдүүлгээр нотлогддог. Шинжээч эмчээс шүүх хуралдаанд өмгөөлөгч нар асуулт асуухдаа маш буруу асуулт тавьсан. Жишээ нь “энэ хүн унахдаа хаашаа унах вэ” гэж асууснаас “юм мөргөж унахдаа хаашаа яаж унах вэ” гэж асуугаагүй. Гэтэл шинжээч эмч “Энэ ирмэгтэй зүйлийг нэг янзаар хэлдэг, унаж байгаа зүйлийг нэг янзаар хэлдэг юм” гэж хариулсан. К.Бауиржан өмгөөлөгч өөрт ашигтай хариулт авахын тулд асуултыг дандаа буруу талаас нь асууж байсан. Хохирогч Х.Баянтөрийг амиа хорлох гэж байсан гэж ярьж байна. Гэтэл ийм үйлдэл байгаагүй, зүгээр цонхоор толгойгоо гаргасан асуудал л байгаа. Э.Амгаланбаярын цохилтын улмаас Х.Баянтөр хана мөргөж унасан. Үүнийг С.Жанузак хэлж мэдүүлдэг бөгөөд С.Жанузакийн мэдүүлгийг Б.Ундрах нотолдог. Энэ хоёрын мэдүүлгээр шинжээч эмчийн дүгнэлт гарсан. Дээрх зүйлүүд нотлогдож байгаа тул Э.Амгаланбаярын үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан гэж яллах дүгнэлт үйлдэж Э.Амгаланбаярыг ялласан. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж юуг тогтоох вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Гэрчүүд яллагдагч болж байгаа тул мэдүүлгийн зөрүүг арилгах боломжгүй” гэв.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2-т “Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэж тодорхой заажээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг хянан хэлэлцээд тогтоол гаргахдаа шүүгдэгч тус бүрээр тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн эсэх, энэ гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, хариуцлагыг хөнгөрүүлэх буюу хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх, ял оногдуулах үндэслэлтэй эсэх, цагдан хоригдсон хоногийг хэрхэн тооцох, ялыг биечлэн эдлүүлэх ямар дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх, эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эсэх, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэх, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг хэрхэн хэрэглэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 286 дугаар зүйлд заасан шийдвэрлэвэл зохих асуудал тус бүрт дүгнэлт өгөх,

шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу шийдвэрлэсэн асуудал бүрийг хэрэглэсэн хуулийн заалтын хамт ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичсэн байвал зохино.

 

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолоор Э.Амгаланбаяр, М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүйгээр дараахь алдаа зөрчлүүдийг гаргажээ. Үүнд:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 220 дугаар яллах дүгнэлтээр Э.Амгаланбаяр, М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт холбогдох эрүүгийн хэрэгт Э.Амгаланбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай 65 дугаартай захирамж гаргахдаа түүнийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэг”-т заасан гэмт хэрэгт хянан шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийг зөрчиж түүнийг ял сонсгоогүй, холбогдох мэдүүлэг тайлбар аваагүй гэмт хэрэгт холбогдуулан шийдвэрлэх нөхцлийг бүрдүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад М.Оюунгэрэл, Б.Ундрах нарыг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарах алдааг гаргасан байна.

 

Мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Э.Амгаланбаяр, М.Оюунгэрэл, Б.Ундрах нарын үйлдсэн гэх гэмт хэргийн үйл баримтын талаарх дүгнэлтийг хангалттай хийж, тодорхой дүгнээгүй байх бөгөөд тухайлбал, Э.Амгаланбаяр нь чухам ямар нөхцөл байдалд хохирогчийг хаана, нь хэрхэн цохисныг нарийвчлан тогтоох, гэмт хэргийн талаар М.Оюунгэрэл, Б.Ундрах нар чухам юу гэж мэдүүлсэн нь бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан худал мэдүүлэг өгсөн хэрэг болж байгаа талаар тодорхой дүгнэлтүүдийг хийх шаардлагатай.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг 1.607.800 төгрөгөөр тогтоож шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амгаланбаяраас 1.607.800 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Баянтөрд олгосугай” гэж заасан боловч энэхүү хохирол төлбөрөөс Э.Амгаланбаяр нь хэдэн төгрөгийн хохирлыг төлсөн, бөгөөд одоо төлөгдөөгүй хэдэн төгрөгийн хохирол төлбөр үлдсэн талаар тогтоолд заагаагүй байгааг дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхөөр хуулийн хуулийн шаардлагыг зөрчсөн бөгөөд давж заалдах шатны шүүх үүнийг зөвтгөх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан ялтан Э.Амгаланбаяр, түүний өмгөөлөгч К.Бауржан нарын гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг энэ удаад хянан хэлэлцээгүй болно.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Амгаланбаяр, М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Э.Амгаланбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, М.Оюунгэрэл, Б.Ундрах нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Т.ӨСӨХБАЯР

                                                                                                             Ц.ОЧ