| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2431003680305 |
| Дугаар | 2025/ДШМ/15 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 17.6.1., |
| Улсын яллагч |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/15
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шийдвэрлэн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0261/Э/208/2025/0009 индекстэй, 1 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, ****эгтэй, **** настай, *****боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *****хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын **** баг, ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: ******),
Шүүгдэгч Б.******* нь “******* *******” гэх цахим фейсбүүк хаягаас А.*******ын нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц мэдээлэл тараахаар сүрдүүлэн 70,000 төгрөг авч захиран зарцуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт Батбаярын ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,
Шүүгдэгч Б.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 (хоёр) жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.2 дахь хэсэгт зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 2.5 дахь хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн хугацаанд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8. 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д анхааруулан,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эс 70,000 (далан мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч А.*******д төлүүлж,
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэр 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцэлдээ:
...Шийтгэх тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан буюу хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэх хуулийн зохицуулалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаар үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг нь 2-8 жил хорих ял оногдуулах ялын төрөлтэй хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Гэтэл шүүх шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд” хэрэглэх хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, Б.*******д хорих ял оногдуулахгүй тэнссэн асуудалд өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Харин анхан шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэх үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тусгахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлаад байна уу, 7.1 дүгээр зүйлийг баримтлаад байна уу гэдэг агуулга шүүхийн шийдвэрт харагддаггүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан. Хүнд гэмт хэрэгт хөнгөн гэмт хэрэгт хэрэглэх хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэглэсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Б.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүнчлэн шүүгдэгчид оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, зорилтод нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.
Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой хамааралтай талаас нь үнэлэх, баримтуудыг харьцуулах, няцаан үгүйсгэх эсхүл баталсан дүгнэлтийг хийж, уг дүгнэлтүүдэд үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь гэм буруутай этгээдэд зохих хариуцлагыг хүлээлгэх үндэслэл журам болдог ба дээрх шаардлагыг хангасан нөхцөлд “Шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангасан” гэж үзэх үндэслэл болно.
3.Прокурорын газраас шүүгдэгч Б.******* нь “******* *******” гэх цахим фейсбүүк хаягаас А.*******ын нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж болохуйц мэдээлэл тараахаар сүрдүүлэн 70,000 төгрөг авч захиран зарцуулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд ...шүүгдэгч Б.******* дараах гэмт хэрэгт гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, уг хугацаанд үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
Мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж,
2-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж,
Дээрх хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “1.Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж,
2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж тус тус заасан.
Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.*******д холбогдох хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд багтаж байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэж, мөн зүйл хэсгийн 2 дахид заасныг зөрчиж 02 жилийн хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах боломжгүй, түүний эрх зүйн байдлыг хүндрүүлэхээр байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж хуульчилжээ.
4.Иймд прокуророос гаргасан “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.*******д хуулийг буруу хэрэглэн хөнгөн төрлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх эсэргүүцлийг хангаж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж уг хугацаанд үүрэг хүлээлгэх арга хэмжээ авахаар хууль зөрчсөн санал дүгнэлт гаргасан байдалдаа анхаарч цаашид энэ төрлийн алдааг давтан гаргахгүй байхыг мэдэгдэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Прокурорын эсэргүүцлийг хангасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Б.ЭРДЭНЭХИШИГ