Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 98

 

П.Анхбаярт холбогдох эрүүгийн

хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, шүүгч О.Баатарсүх, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд оролцсон:

            Нарийн бичгийн дарга                   Г.Намуунзул

Ялтан                                                 П.Анхбаяр

Ялтны өмгөөлөгч                            Д.Галтогтох                             

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2016  оны 07 сарын 07-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  ялтан П.Анхбаяр, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын  гаргасан давж заалдах гомдлоор  П.Анхбаярт  холбогдох эрүүгийн 201611000025 дугаартай хэргийг 2016 оны 08 сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Дорнод аймгийн Булган суманд 1989 оны 07 сарын 07-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, эхийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 28 дугаар байрны 14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хэрээд овогт Пүрэвсүрэнгийн Анхбаяр /РД-ЖГ89070771/.

            П.Анхбаяр нь 2015 оны 12 сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг "Хавирга" хилийн боомтоор хориглосон эд зүйл буюу 1 ширхэг чонын толгойг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор: Пүрэвсүрэнгийн Анхбаярыг хягаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар  шүүгдэгч  П.Анхбаярыг  эд  хөрөнгийг  хураахгүйгээр  251 /хоёр зуун тавин нэг/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэж, П.Анхбаяр нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ялтан П.Анхбаяраас хууль бусаар хил нэвтрүүлсэн хязгаарласан эд зүйлийн үнэ 510000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, П.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй ба баримт бичгээр хураагдаж ирсэн ЖГ89070771 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  ялтан П.Анхбаярын эзэмшлээс "Panda" маркийн 21 инчийн телевизор битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 сарын 02-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан  П.Анхбаярт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Ялтан П.Анхбаяр давж заалдах гомдолдоо: Би Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарласан эд зүйл болох саарал чонын толгойг хилээр гаргахыг завдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин шүүхээс саарал чонын толгойг хэт өндөр буюу 510000 төгрөгөөр үнэлэн миний үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж ял оноосонд гомдолтой байна. Саарал чонын экологи эдийн засгийн үнэлгээ нь 510000 төгрөг байдаг гэдгийг ойлгосон. Гэтэл саарал чонын нэг эд эрхтэн болох толгойг бүтэн чонын үнэлгээгээр үнэлснийг бодит байдалд нийцэхгүй, шударга бус зүйл болсон гэж үзэж байна. Би тухайн чоныг өөрөө агнаагүй бөгөөд нохой бариад хаячихсан байхад нь авч хил гаргах гэж байгаад баригдсан. Мөн П.Анхбаяр надаас гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн үнэлгээ буюу 510000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ямар ч гэмт хэрэг үйлдэж тэр чонын толгойг өөртөө олж аваагүй. Тухайн саарал чоныг манай найз Галбаярын анч ноход нь барьсан гэсэн бөгөөд түүнийг гэрийнхээ ард хаячихсан байхад нь биенээс салгаж авч явсан. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

            Ялтны өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдолдоо: Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын үндсэн шинж болох хор уршгийг үндэслэлтэй, зөв тогтоогоогүй. Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн эд зүйл нь бага бус хэмжээ буюу 192000 төгрөгөөс дээш үнэтэй байх ёстой. Гэтэл хил нэвтрүүлэхээр завдсан чонын толгойн үнэлгээг бодитоор тогтоосонгүй. Шүүх П.Анхбаярын улсын хилээр нэвтрүүлэх гэж байсан чонын толгойн үнэлгээг Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баримталж тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хууль бусаар ан амьтан агнаж байгаль экологид хохирол учруулсан тохиолдолд буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах зорилгоор хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл П.Анхбаяр нь тухайн чонын толгойг авч ашиг олох зорилгоор хууль бусаар агнасан тохиолдолд түүнийг байгаль экологид 510000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх ёстой. Гэтэл тухайн чоныг П.Анхбаяр агнаагүй бөгөөд түүний найз Галбаярын анч ноход хот руу нь дайрах үед агнасан болох нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ…-г эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заажээ. П.Анхбаяр нь шүүхээс 510000 төгрөг гэж тогтоосон чонын толгойг Эрүүгийн хуулийн тусгай ангийн аль нэг зүйлд нэрлэж заасан гэмт хэрэг үйлдэж өөртөө олж аваагүй. Гэтэл шүүхээс тус чонын толгойг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзэн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг баримтлан 510000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болжээ. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Анхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

П.Анхбаяр нь  2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр экспортлох тусгай зөвшөөрөлгүйгээр 1 ширхэг саарал чонын толгойг гаалийн үзлэгээс нуун далдах зорилгоор эмэгтэй хүний гар цүнхэнд хийн, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дахь Хавирга хилийн боомтоор улсын хил нэвтрүүлсэн болох нь  гэрч М.Жавхлантөгсийн “...тээврийн хэрэгслийн урд талын хоёр суудлын голд байсан бор өнгийн эмэгтэй хүний цүнх байхаар нь үзлэгийн өрөөнд аваачиж үзлэг хийхэд 1 ширхэг хөлдүү чонын толгой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32/, сэжигтэн П.Анхбаярын “...хилээр гарах гэж байгаад гаалийн байцаагч нарт шалгагдаад баригдсан. Би тухайн чонын толгойг эмэгтэй гар цүнхэнд битүү скочоор ороогоод хөлдүү чигээр нь авч явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50/ зэрэг хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт болон Монгол Улс 1995 оны 5 дугаар сарын 4-ний өдөр нэгдэн орсон "Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай" 1973 оны Вашингтоны  конвенцоор[1] саарал чоно, түүнийг төлөөлөх аливаа биет, эд хэсэг, түүний гаралтай зүйлсийг зөвхөн тусгай зөвшөөрөлтэйгээр улсын хилээр нэвтрүүлэхээр зохицуулсан байна. 

Иймд анхан шатны шүүхээс П.Анхбаярыг   хязгаарласан эд зүйлийг бага бус хэмжээгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ. 

Ялтан П.Анхбаяр, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох буюу өөрчлөх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Тухайлбал ялтан П.Анхбаяр, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар нь “чонын толгойг амьд бүтэн чонын экологи-эдийн засгийн үнэлгээгээр үнэлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлд заасан бага бус хэмжээнд хамааруулан зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж давж заалдах гомдол гаргасан байна.

            Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхдээ тухайн нөхцөл байдалд уг хэм хэмжээ ямар харилцаа, ашиг сонирхлыг хамгаалж байгаа нь чухал юм. Хэргийн энэхүү нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйл нь гаалийн хууль тогтоомжоор зохицуулсан захиргааны журмыг хамгаалахаас гадна байгаль орчныг хамгаалах давхар зорилготой юм.

            Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай 1973 оны Вашингтоны  конвенцод тэмдэглэснээр зэрлэг амьтан, түүнийг төлөөлөх биет, түүний гаралтай түүхий эдийн олон улсын худалдаанд хяналт тавьж, хязгаарлалт тогтоохын зорилго нь тухайн амьтан өөрийн төрөл зүйл, хэлбэр төрхөөрөө энэ ертөнц байгалийн тогтолцооны орлуулшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг хамгаалж өнөөгийн болоод хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээхэд оршино. 

            Энэ зорилтын үүднээс авч үзвэл хэргийн нөхцөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлд заасан хязгаарласан эд зүйл нь амьтныг төлөөлөх биет байгаа бөгөөд уг биетийн үнэлгээ тусгайлан тогтоогдоогүй бол Амьтны тухай хуульд тусгагдсан тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнд үндэслэн хэргийг зүйлчлэх нь зүйтэй.

            Түүнчлэн ялтан П.Анхбаяр, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар нь “ П.Анхбаяр нь гэмт хэрэг үйлдэх замаар чонын толгойг олж аваагүй байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49.2 дахь хэсгийг буруу хэрэглэж, 510000 төгрөг П.Анхбаяраас гаргуулсан нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдол гаргасан байна.

            Гэмт хэрэг үйлдэх нь гэмт санаа бодлоо илэрхийлэхээс эхэлж, түүнийгээ бодит байдлаар хэрэгжүүлэхэд бэлтгэх, гэмт хэрэг үйлдэхээр завдах, төгсгөх гэх тодорхой үе шаттай байдаг.  П.Анхбаярын хувьд чонын толгойг хууль бусаар хил нэвтрүүлэх зорилгоор олж авсан. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн тодорхой нэг үе шатанд олж авчээ. Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар тухайн зүйлийн үнийг П.Анхбаяраас гаргуулж улсын орлого болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. 

            Хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, ялтан П.Анхбаяр, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан П.Анхбаяр, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан давж заалдах гомдлуудыг  хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                       А.ЭНХБААТАР

                        ШҮҮГЧИД                             О.БААТАРСҮХ

Л.НАРАНБАЯР

 

 

 

 


[1] Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2010 оны тусгай дугаар №09-д нийтлэгдсэн