Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 99

 

Б.Цолмонбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,

Ялтан Б.Цолмонбаатар нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж шийдвэрлэсэн 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Цолмонбаатарын давж заалдсан гомдлоор Б.Цолмонбаатарт холбогдох эрүүгийн 201611000139 дугаартай хэргийг 2016 оны 09 сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 18 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 01 сарын 08-ны өдрийн 04 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 сарын 03-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2,122 дугаар зүйлд зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 03 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 05 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Буднямын Цолмонбаатар/РД-ЖЯ91070937/.

Б.Цолмонбаатар нь ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 03 сарын 22-23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Март"-ын 1-18 тоотод оршин суух хохирогч Д.Баярцэцэгийн байшингийн цонхоор нэвтэрч хурган дотортой эмэгтэй хүний дээл, жижиг хөгжим, ор хөнжлийн даавуу 3 ширхэг, компьютерийн процессор зэргийг хулгайлж 435000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор: Буднямын Цолмонбаатарыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Буднямын Цолмонбаатарыг эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ сар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Б.Цолмонбаатарт оногдуулсан 6 сар баривчлах ялыг нийгмээс тусгаарласан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, энэ хэрэгт ялтан нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Б.Цолмонбаатараас 285000 /хоёр зуун наян таван мянга/ төгрөг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Мартын 1-18 тоотод оршин суух, хохирогч Бүрд овогт Дамбын Баярцэцэг /ЖЯ83071100/-т олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар ялтан Б.Цолмонбаатарын эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 18 дугаар гудамжны 03 тоотод байршилтай 368 м2 талбай бүхий газар битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 06-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Цолмонбаатарын батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 09 сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж   шийдвэрлэжээ.

Ялтан Б.Цолмонбаатар давж заалдах гомдолдоо: Миний бие аав ээж дүүгийн хамт Хэрлэн сумын Ялалтын 18-3 тоотод амьдардаг байсан ба дүү маань аавыг бүрэлгээд хорих ангид ял эдэлж байгаа. Үүний дараа намайг хорих ангид ял эдлээд ирэхэд ээж маань их ядарсан байсан. Миний ээж ажил хийж чадахгүй учраас улсаас ямар нэг халамж авдаггүй, надаас өөр ээжийг минь асрах хүн байхгүй учраас миний ялыг хөнгөлж эх үр хоёрыг битгий салгаж хагацаагаач. Би хийсэн үйлдэлдээ гүнээ харамсаж байна. Миний ялыг хөнгөлж өршөөвөл би ахин муу муухай зүйл хийхгүй. Иймд миний ял шийтгэлийг нийгмээс тусгаарлахгүйгээр эдлүүлж өгнө үү. Би бүрэн нийгэмшинэ гэжээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Б.Цолмонбаатар нь ялтай байхдаа давтан үйлдлээр  2016 оны 03 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Мартын 1 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух хохирогч Д.Баярцэцэгийн байшингийн цонхоор нэвтэрч хурган дотортой эмэгтэй хүний дээл, жижиг хөгжим, 3 ширхэг ор хөнжлийн даавуу, компьютерийн процессор хулгайлж 435000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Цолмонбаатарын “Би 2016 оны 03 сарын 22-ны өдөр эмээгийнхээ гэр рүү явахдаа хулгай хийсэн. Хэрлэн сумын 2 дугаар багийн Мартын 1-18 тоот айлын баруун урд талын цонхыг нь түлхэж онгойлгоод дотогш ороод… эмэгтэй хурган дотортой дээл, хөгжим,...процессор зэргийг авсан” гэх мэдүүлэг /хх 64-65/, хохирогч Д.Баярцэцэгийн “2016 оны 03 сарын 22-ны өдөр дахин хулгай орж хурган дотортой эмэгтэй хүний дээл, хөгжим, процессор, ор хөнжлийн даавуу 3 ширхэг алдагдсан байсан” гэх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Д.Отгонбаяр /хх 54/, Б.Учрал /хх 49-50/,  Э.Нарантуул /хх 53/, Ё.Цэцэгээ /хх 11/, Л.Пүрэвжав /хх 12/, М.Оюунтуяа /хх 13/, З.Алтанцэцэг /хх 16/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/, хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 41-43/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 44/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, ялтанд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдалд тохирчээ.

Иймд ялтан Б.Цолмонбаатарын “Нийгмээс тусгаарлахгүйгээр ял эдлүүлэх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Цолмонбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР                        

                      ШҮҮГЧИД                                      О.БААТАРСҮХ

                                                                                    А.ЭНХБААТАР