Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 103

 

 

 

 

Г.Лхагвад холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,

Прокурор Ч.Мөнхзул,

Ялтны өмгөөлөгч Ө.Батболд,

хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа,

Ялтан Г.Лхагва нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Ж.Долгормаа, Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 12А дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Г.Лхагва, ялтны өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдсан гомдлоор Г.Лхагвад холбогдох эрүүгийн 201511000482 дугаартай хэргийг 2016 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Төв аймгийн Зуун мод хотод 1984 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, эксковаторын машинист мэргэжилтэй, энэ хэрэгт татагдахын өмнө "ААББ" ХХК-д плитачин ажилтай байсан, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тогоо-Уулын 5-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 8 сарын 23-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Цэрэндорж овогт Ганбаатарын Лхагва /НС84053074/.

Г.Лхагва нь 2015 оны 8 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын 15-01 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ч.Мөнхбаярыг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан өөрөөр хэлбэл, "зүүн нүдний хараа бууралт гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр 35% тогтонги алдагдуулсан" гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 12А дугаар шийтгэх тогтоолоор: Ганбаатарын Лхагвыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол  Улсын  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар Ганбаатарын Лхагвыг 5 /тав/ жил 01 /нэг/ хоног хорих ялаар  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар ялтан Г.Лхагвад оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялыг жирийн  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Г.Лхагвын цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ  хэрэгт  эд  мөрийн  баримт  хураагдаж  болон  эд  хөрөнгө  битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар ялтан Г.Лхагваас гэм хорын хохиролд 1104400 /нэг сая нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 20-21 тоотод оршин суух, хохирогч Сартуул овогт Чулуунбаатарын Мөнхбаяр /ЖО83092774/-т олгож, нэхэмжлэлээс 1440300 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга гурван зуу/ төгрөгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг мэдэгдэж, өмгөөлөгчийн зардал 700000 /долоон зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Г.Лхагвын НС84053074 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.Лхагвад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2016 оны 07 сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Г.Лхагва давж заалдах гомдолдоо: Миний бие Лхагва нь Дорнод аймагт 50 ортой төрөх эмнэлэгт ажил хийхээр 2015.04.16-нд ирсэн. Гэвч нутгийн гэх хэдэн хүн нийлж байгаад намайг хүнд хэрэгт гүтгэн 5 жил 1 хоногийн ял авсан. Иймд би маш их гомдолтой байна. Би тэр үед баруун гараа зүүн гараараа бариад байж байсан. Ариунсан цохихыг би нүдээрээ харсан. Энэ хэрэгт мөрдөн байцаалт дутуу явагдсан учир хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаад маш их гомдолтой байна. Би удаа дараа цагдаа прокурорт Ариунсан цохисон, түүнийг нуусандаа харамсаж байна гэж хэлсэн боловч Ариунсанг тодорхой хаяггүй, одоо олдохгүй гэж хэлээд байна. Иймд эрхэм шүүгчид минь мэргэн ухаандаа тунгаана уу. Мөнхбаяр намайг нутгийн залуу Ариунсантай нийлж гүтгэж байна гэжээ. 

Ялтны өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо: Г.Лхагвын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Г.Лхагвад холбогдох хэргийг нэг талыг баримтлан зөвхөн буруутгах үйл ажиллагаа руу чиглүүлэн шалгасан, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох зүйлийг шалгаагүй, нотлох баримтын эх сурвалжийг нягтлаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийн талаар нэг мөр шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж 5 жил 1 хоногийн хорих ял халдаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт Лхагва нь болсон хэргийн талаар тодорхой мэдүүлсэн. ЭБШХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдлыг нарийн тогтоох шаардлагатай байсан. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2015.08.17-ны өдөр буюу 1 дэх өдөр болсон гэж тодорхой мэдүүлж байгаа. Хохирогч Мөнхбаяр нь 2015.08.15-ны өдөр энэ асуудал болсон гэж мэдүүлдэг. Гэтэл үүнийг ямар ч гэрч нотолдоггүй. Хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтаар Энхчулуун, Цоггэрэл, Ариунсан, Энхжаргал, Ганбат, Цэцэгмаа, Гантулга, Сүхбаатар, Оюунчимэг нарын гэрчийн мэдүүлгээс нэг нь ч тэр өдөр болсон гэдгийг мэдүүлдэггүй юм. Хохирогч 8 сарын 15 байсан гэж мэдүүлдэг. Бусад байдлаар энэ нь тогтоогдоогүй. Иймд ЭБШХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлийг нарийвчлан шалгах шаардлагатай байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч Энхжаргал /хх 10-11/, Энхчулуун /хх 14, 22/, хохирогч Мөнхбаяр /хх 18/, гэрч Сүхбаатар /хх 28/, Цоггэрэл /хх 34/, Цэцэгмаа, Оюунчимэг /хх 38/ нарын мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй, бодит байдалд нийцэхгүй байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Иймд мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай. Сохортол цохиулсан нүд улайх төдийгөөр гэмтэхгүй. Тэгээд ч хаа байсан 20 гаран хоногийн дараа бусдад гэм хор нялзааж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч Г.Лхагва нь би энэ хэргийг үйлдээгүй, Ариунсан нүд рүү нь өвдөгдсөн. Тэр хүнийг хэлээгүй нуусандаа харамсаж байна гэж мэдүүлдэг. Мөн Ариунсанг гэрчээр оролцуулах хүсэлтийг удаа дараа шүүхэд гаргахад бүгдийг нь хэрэгсэхгүй болгож нэг ч удаа оролцуулж байгаагүй. Би үүнд маш их гомдолтой байна гэж мэдүүлдэг, гомддог. Мөрдөн байцаалтын ажиллагааг үнэхээр сэтгэл гаргахгүй, үнэнийг олж тогтоохгүй, прокурор хэргийн бодит байдалд анхаарал хандуулаагүйгээс анхан шатны шүүх цаасан дээр бичигдсэн мэдүүлэг гэх зүйлд бүрэн хөтлөгдсөнөөс эрдэнэт хүний хувь заяа өргөст торны цаана шигдэж байна. Хохирогч шүүх хуралдаанд би огт нүдний асуудалгүй байсан. Лхагвад зодуулж ийм болсон гэж тайлбарладаг ч үгэнд хөтлөгдөж нэг талыг барьж шалгаж шийтгэлээ. Үнэхээр ч хохирогч шүүх хуралдаанд гүрийсээр байсан. Одоо ч гүрийдэг хэвээрээ. Шүүхэд гаргаж ирүүлсэн нотлох баримтыг жолооны үнэмлэх авч байсан гэх үгээр арьсаа хамгаалж тайлбарладаг. Эцсийн эцэст үнэнд гүйцэгдэнээ. Хохирогч Мөнхбаяр нь 2012.01.20-30-ны хооронд СЭМ-ийн тасагт “нүд бүрэлздэг, дотор эвгүйрдэг, нүдний угаар хатгаж өвддөг … энэ зовиур 2011 оны 12 сараас эхэлсэн” гэх өвчний түүх, үнэхээр нүдний асуудалгүй байсан юм бол 2012.04.03-нд нүдний эмч Цэцэгмаад үзүүлж байсан байх вэ?  Яагаад Цэцэгмаа 2015 оны 9 сарын эхээр анх удаа үзсэн гэж худал ярьж байна вэ? Үүний цаана юу нуугдаж байна вэ? Яагаад 2015.05.17-нд Оюундэлгэр эмчид мөн л нүдээ үзүүлж байсан байна. 2015.09.08-ны өдөр Цэцэгмаад үзүүлсэн үзлэгийн бүртгэлд нүдний үрэвсэл буюу /НЗО/ гэсэн оноштой байгаа нь ямар учиртай вэ? Яагаад хохирогч 13А маягт авч явчихаад Солонго гэх эмнэлгийн ямар мэргэжилтэй, ямар зөвшөөрлөөр ажилладаг нь мэдэгдэхгүй, Түвшинтөгс гэх юуны эмчийн гаргасан дүгнэлтээр шинжээч эмч дүгнэлт гаргачихваа. Яагаад эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс Мөнхбаярыг ХЧА-ын 50 хувиар группэд оруулав. Түүнийг шүүх ямар үндэслэлээр үнэлээд байна. Өмнө нь муу байсан нүдээ Г.Лхагватай муудалцаж зодоон мэт зүйлээр шалтаглан миний үйлчлүүлэгчээс 12500000 төгрөг нэхэмжилж мөн улсаас сар бүр хөдөлмөрийн чадвар алдалтаар мөнгө нэхэмжлэх атгаг санаа байв уу? Яагаад огт нүдний асуудалгүй байсан гэж эхнэр нь ч тэр, өөрөө ч тэр худал мэдүүлэх ямар санаа зорилго байна вэ? Элэгсүү худалтай хамт алхсанаас, харгис үнэнтэй хамт гүйсэн нь дээр гэж үг бий. Үүнийг эрхэм шүүгч нар мэргэн ухаандаа тунгаана биз дээ гэжээ.    

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Г.Лхагва нь 2015 оны 8 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Хан-Уулын 15 дугаар гудамжны 01 тоотод хохирогч Ч.Мөнхбаяртай "эмэгтэй хүний хувцсыг тайлсан" гэх асуудлаас буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн нүдэнд гараараа нэг удаа цохиж бие махбодид нь зүүн нүдний толбо, торлог, судаслаг бүрхүүлийн урагдал, зүүн нүдний хараа бууралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Мөнхбаярын  мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Бид хоёрыг барьцалдаад байж байхад Ариунсан бид хоёрын дундуур орж ирж салгах тэр зайнд Лхагва гараараа миний зүүн нүд рүү нэг удаа хүчтэй цохиход нүднээс гал манарах шиг болоод намайг доошоо тонгойход дээрээс дахин цохисон” гэх мэдүүлэг /1-р хавтас 17-20, 113, 180-187, 2-р хавтас 3/, гэрч Ч.Ариунсан /1-р хавтас 118-119/,  М.Энхчулуун /1-р хавтас 21-22/, Е.Гантулга /1-р хавтас 26/, Б.Сүхбаатар /1-р хавтас 27-29, 120/, Ж.Ганбат /1-р хавтас 30-32/, Б.Цоггэрэл /1-р хавтас 33-34/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 09 сарын 30-ны өдрийн 652 тоот дүгнэлт /1-р хавтас 44/, Солонго эмнэлгийн тодорхойлолт /1-р хавтас 90-91, 106/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /1-р хавтас 102-106, 2-р хавтас 12-18/, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /1-р хавтас 129/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэгт нотлогдвол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн зөв тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, ялтанд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд ялтан Г.Лхагва, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын “Хэргийг дахин шалгах шаардлагатай тул мөрдөн байцаалтад буцаах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 28-ны өдрийн 12А дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Лхагва, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР                        

                      ШҮҮГЧИД                                      О.БААТАРСҮХ

                                                                                    А.ЭНХБААТАР