Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 617

 

 

Д.Од-Очирт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор Ж.Энхжаргал,

          Ялтан Д.Од-Очир, түүний өмгөөлөгч Э.Ганбат,

          Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч Б.Баясгалан,

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Од-Очирын өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан давж заалдах гомдлоор Д.Од-Очирт холбогдох эрүүгийн 2015 2400 1214 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Төдөгтий овгийн Долгорлхамын Од-Очир, 1990 оны 6 дугаар сарын 22-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Сариг хэрлэн 7 дугаар гудамжны 9 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын 4-441 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:СИ90062210/,

 

Д.Од-Очир нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 9 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Жуков худалдааны төвийн урд автобусны буудлын замд 40-12 ХЭҮ улсын дугаартай “Toyota Succeed” загварын автомашиныг жолоодон явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг замаар явж байвал зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөнөөс явган зорчигч Ж.Түмэннастыг мөргөж унагаасны улмаас түүний тэвэрч явсан 1 нас 8 сартай О.Түвшинтөрийг газарт унагааж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн Прокурорын газраас: Д.Од-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Од-Очирыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Од-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Д.Од-Очир нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Д.Од-Очирт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Од-Очир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт зааснаар Д.Од-Очироос 16.334.746 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонбаатарт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонбаатар нь өөрт учирсан бусад гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 587636 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, 1 ширхэг сидиг уг хэргийн хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Од-Очирын өмгөөлөгч Э.Ганбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Учир нь:

Д.Од-Очир нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 9 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Жуковын музейн урд зам хөндлөн гарч явсан Ж.Түмэннастыг мөргөсөн боловч түүний тэвэрч явсан 1 нас 8 сартай О.Түвшинтөрийг газар унагаж, тархины хүнд гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар нотлогдвол зохих асуудлууд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар эргэлзээгүй тогтоогдоогүй байна.

Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Д.Од-Очир хүүхэд газар унаагүй, Ж.Түмэннаст л бөгсөн хэсгээрээ газар суусан, ...гэрч Э.Ганжаргал тэр үед тэвэрсэн хүүхэд газар унаагүй гэх боловч мөрдөн байцаалтын шатанд хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих асуудлуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлахад шүүгдэгч гэм буруугүй болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэстэй. Учир нь, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой бөгөөд түүний гэм буруутай эсэхийг өөрөөр нь нотлуулах эсвэл гэм буруугүй нь нотлогдоогүй бол ял шийтгэх ёстой гэсэн хуулийн заалт, хууль хэрэглэгээний арга зүй огт байхгүй. Шүүх явган зорчигч Ж.Түмэннастыг мөргөж унагаасны улмаас түүний тэвэрч явсан О.Түвшинтөрийг газарт унагааж, гавал ясны цөмөрсөн хугарал, тархины няцрал бүхий хүнд гэмтэл учруулсан гэж үзсэн нь үндэслэл муутай бөгөөд түүний үндэслэл болох гэрч Ж.Түмэннастын хувийн эрүүл мэнд, сэтгэцийн байдлыг зөв үнэлээгүй байна. Гэрч Ж.Түмэннаст нь гэмтлийн гаралтай тархины эмгэгшил, баруун гар, хөлийн саажилт эмгэгтэй, уналт таталт өвчний улмаас 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болох нь нотлогдсон./хх-38-39, хх-44-46/ Мөн гэрч Ж.Түмэннастад сэтгэцийн шинжилгээ хийхэд/хх-155/ тооны хүрд мэддэггүй нь нотлогдсон. Хэрэв түүний мэдүүлгийг үнэн гэж үзвэл хохирогч О.Түвшинтөр унаснаас хойш огт уйлаагүй, 2015 оны 11 дүгээр сарын 16-наас 23-ны өдрийг хүртэл цэцэрлэгтээ ирэх, тэнд байхдаа өвчин зовиургүй, хуучнаараа инээж, тоглож явж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ээж нь хүргэж ирээд явсны дараа 10 цаг 30 минутаас гүйлгэсэн. Тухайн өглөө 2015 оны 11 дүгээр сарын 16-наас 23-ны хооронд цэцэрлэгтээ ирэхдээ ямар ч осолд орсон шинжтэй ирээгүй. Ээжийнх нь дүү голдуу хүргэж ирдэг гэсэн. Гэрч Дуламсүрэн/хх-47/, гэрч Уртнасан/хх-144/ нарын мэдүүлгийг хэрхэн үнэлсэн талаар шүүхийн тогтоолд огт дурдаагүй, уг 2 гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй орхигдуулсан. Хохирогч О.Түвшинтөрийн биед баруун зулай ясны цөмөрсөн хугарал, тархины эдийн няцрал, тархи дарагдал бүхий гэмтэл учирсан болох нь ГССЗҮТ-ийн өвчний түүх, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Гэтэл уг гэмтлийг аваад 8 хоног ямар ч зовиургүй гүйж тоглоод, хүүхдийн толгойг харах тэмтрэх, малгай өмсүүлэх, тайлах гэх мэт үйлдэл хийхэд хариу урвал /өвдөх/ өгөхгүй байх үндэсгүй. Өөрөөр хэлбэл, уг гэмтлийг осол болсон гэх 2015 оны 11 дүгээр сарын 16-нд авсан гэж үзэх үндэсгүй. Энэ талаар шинжээчийн 17178 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Отгонбаатар, Туяа, гэрч Дуламсүрэн, Уртнасан нарын мэдүүлэг, ГССЗҮТ-ийн эмнэлгийн онош, өвчний түүх зэрэг нотлох баримтаар батлагдсан байхад шүүх буруу үнэлсэн.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонбаатар шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “намайг эмнэлэгт хэвтэж байхад бямба гараг буюу 2015 оны 11 дүгээр сарын 21-нд хүүхэд ээжтэйгээ намайг эргэж ирсэн” гэж мэдүүлсэн, түүний эхнэр Ж.Тайван гэрчээр/хх-33-34/ мэдүүлэхдээ “эмнэлэгт хэвтсэний дараа дүү Ж.Түмэннаст 2015 оны 11 дүгээр сарын 16-нд автомашинд дайруулсан. ...2015 оны 11 дүгээр сарын 23-ны орой хүүхдээ цэцэрлэгээс авахад багш нь хөөстэй ногоон зүйлээр өтгөнөө гаргаад байсан гэсэн, би гэртээ очоод хүүхдийнхээ толгойг бариад үзэхэд тархи дотогшоо хонхойж орсон байсан, шөнөжин уйлаад шингэн алдаад хоносон” гэж мэдүүлсэн нь хүүхдийн гэмтэл 2015 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-ны үед учирсан тархины гэмтлийн эхний шинж болох гүйлгэх шинж илэрсэн болохыг нотолсон байхад гэмтэл учирсан цаг хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 16-нд гэж үзсэн нь үндэслэлгүй, эргэлзээтэй байна.

Хохирогч О.Түвшинтөрийн баруун зулай ясанд гурвалжин хэлбэрийн цөмөрсөн хугарал үүссэн нь КТГ-ийн зурагнаас илт тод харагддаг. Энэхүү хязгаарлагдмал /жижиг/ гадаргуутай, өнцөг бүхий зүйлээр үүсгэгдсэн цөмөрсөн хугарал нь хавтгай гадаргуутай зам дээр унахад үүсэх боломжгүй бөгөөд хэрэв хавтгай гадаргууд унавал шугаман/зураасан/ хугарал үүсэх зүй тогтолтой бөгөөд гэрч Ж.Түмэннастын мэдүүлэгтэй уг гэмтэл нь эрс зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзээгүй болно.

Хэргийн материалаар үзэхэд 570 дугаартай дүгнэлт гаргасан бүрэлдэхүүнд оролцогч гэмтлийн эмч Б.Батцолмон өөрийн санал дүгнэлтдээ энэ гэмтлийн үед шинж тэмдэг илрэхгүй явах боломжтой юу гэсэн асуултад “цөмөрсөн хугарал 1 см гавлын хөндий рүү орсон тохиолдолд боломжгүй” гэж дүгнэлтээ бичгээр өгсөн байхад үүнийг шүүх үнэлээгүй. Мөн ШШҮХ-ийн 570 дугаартай дүгнэлтэд шинжээч эмчээр оролцсон Хишигжаргал гарын үсгээ зурж, хувийн эмчийн тамгаа дарж баталгаажуулаагүй байхад шүүх уг дүгнэлтийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журам зөрчөөгүй гэж үнэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 

Ялтан Д.Од-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед насанд хүрээгүй хохирогч О.Түвшинтөрийг мөргөөгүй, түүнийг тэвэрч явсан Ж.Түмэннастыг мөргөж газарт унагаасан. Ж.Түмэннаст бөгсөн хэсгээрээ газарт сууж байсан. Ж.Түмэннастыг босгоход хүүхэд уйлаагүй ямар ч гэмтэл, бэртэл авсан шинж тэмдэг байхгүй байсан. Хүүхдэд учирсан гэмтэл миний үйлдлээс болоогүй...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч Б.Баясгалан тус шүүх хуралдаан гаргасан тайлартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хүүхдийн тархины яс бүрэн хатуужаагүй учир дотогш цөмөрсөн. Хамгийн сүүлд гарсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Ж.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

                                                                                                                              

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

          Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн үзэхэд, хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 20-23 дугаар талд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 570 дугаартай /хохирогч О.Түвшинтөрийн биед үзлэг хийсэн бүрэлдэхүүнтэй/ шинжээчийн дүгнэлт авагдсан байна.

 

Дээрх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт УНТЭ-н дүрс оношлогооны зөвлөх эмч З.Хишигжаргал нь гарын үсэг зурж, тэмдэг дарж, албан ёсны болгож баталгаажуулаагүй байдлаас үзвэл тухайн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт хуулийн шаардлага хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй,

мөн хохирогч О.Түвшинтөрд учирсан гэмтлийн зэргийг гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээч нар нь нэгдсэн саналд хүрээгүйн улмаас ГССҮТ-ийн гавал тархины гэмтлийн тасгийн эрхлэгч эмч Б.Батцолмон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Шинжилгээний үр дүнгийн талаар шинжээчид нэгдсэн саналд хүрсэн бол нэг дүгнэлт гаргах ба санал зөрсөн тохиолдолд санал зөрсөн шинжээч тусгай саналаа дүгнэлтэд хавсаргана” гэж заасны дагуу тусгай санал гаргасан байх ба дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар нэг мөр эцэслэн хэлэлцүүлж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 17178 дугаар, шинжээчийн дүгнэлт/1-р хх-54,55/, 2016 дугаар 3 дугаар сарын 23-ны өдрийн 329 дугаар, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт/1-р хх-163-165/, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 570 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргасан тус тус шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулан, гаргасан дүнэлтүүдийнх нь шинжлэх ухааны үндэслэлүүдээ тайлбарлуулан мэтгэлцүүлэх замаар хэргийг шийдвэрлэвэл хуульд нийцнэ.  

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэсэн хуулийн заалтыг баримтлан анхан шатны шүүх ялтан Д.Од-Очирын гэм буруутай нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа, ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байгаа болон гэм бурууд нь ял шийтгэл тохирч байгаа талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагын дагуу бүрэн гүйцэт дүгнэлтийг хийх нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Од-Очирт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Од-Очирт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

 

            2. Хэрэг шүүхэд очтол Д.Од-Очирт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

           3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ