Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 620

 

                                                            

 

 

 

 

 

 

 

Б.Сүхболдод холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Б.Энэрэл,

Ялтан Б.Сүхболдын өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Л.Баатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Сүхболдын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 201626011236 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Батболдын Сүхболд, 1991 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 25 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 60-26 тоотод оршин суух,

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 395 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 352 дугаар захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, суллагдсан,  /РД:НФ91030314/,

 

            Б.Сүхболд нь дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 27-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 65 дугаар гудамжинд иргэн Г.Отгонцэцэгийг явж байхад нь эд зүйлийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар толгой, гарыг нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, цүнхтэй бэлэн 29.000 төгрөг, 34.000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг дээрэмдэн авч, 63.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

          2016 оны 7 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 61 дүгээр гудамжинд иргэн Б.Отгонжаргалыг явж байхад эд зүйлийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар толгой, гарыг нь цохих, өшиглөх, газар түлхэн унагаах зэргээр хүч хэрэглэн довтолж, цүнхтэй бэлэн 80.000 төгрөг, 220.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдэн авч, 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Сүхболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Сүхболдыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор давтан үйлдлээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэм буруутайд тооцож, Б.Сүхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Сүхболдод оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Сүхболдын цагдан хоригдсон 25 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Сүхболдоос 29.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Отгонцэцэг /РД:УГ75101701/, 152.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонжаргал /РД:МК89091101/-д тус тус олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Сүхболдын хорих ял эдлэх хугацааг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

              Ялтан Б.Сүхболд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие 12-13 насандаа тархины өвчин гэмтлүүдийн хямралын шалтгаант бие хүний ба төрх үйлийн органик эмгэг шинж тэмдэг, уналт таталт сэтгэцийн өвчнөөр өвчилж эхэлсэн. Миний бие гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн хийсэн үйлдлээ ухамсарлах чадваргүй байхад Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс буруу онош гаргасан. Мөн гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санааны хүчтэй цочролд орж давчидсан байсан. Үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгч, мөрдөн байцаалтын үед саад бэрхшээл учруулж байгаагүй. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэтэрхий яллах талыг барьж, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Хийсэн хэрэгтээ туйлын ихээр гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, хорих ялыг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж өгнө үү...” гэжээ.

 

            Ялтан Б.Сүхболдын өмгөөлөгч Ч.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Б.Сүхболдын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Б.Сүхболдын учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү гэж ар гэрийнхэнд нь хэлэхэд хохирол төлөх боломж байхгүй гэж хэлсэн. Б.Сүхболдын ял эдлэх дэглэмийг бууруулж өгнө үү…” гэв.

 

            Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Б.Сүхболд 2012 онд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар түүний эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг өршөөж, суллагдсан. Тэрээр ялтай байхдаа буюу хорих ял эдэлж, суллагдсанаас хойш 5 сарын дараа 2016 оны 4 дүгээр сард дээрмийн гэмт хэрэг үйлдсэн. Уг хэрэгтээ шалгагдаж байх явцад Б.Отгонжаргалыг дээрэмдсэн. Иймд Б.Сүхболдын үйлдлийг ялтай байхдаа давтан үйлдлээр дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу Б.Сүхболдын хувийн болон хохирол төлөөгүй байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Үүнийг хөнгөрүүлэх боломжгүй. Б.Сүхболд ялтай байхдаа дахин шийтгэгдэж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Эдгээр үндэслэлээр Б.Сүхболдын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Б.Сүхболд нь сэтгэцийн эмгэгтэй байж магадгүй байсан тул сэтгэцийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр хөнгөн төрлийн сэтгэцийн органик хам шинж өвчтэй хэдий ч үйлдлээ ухамсарлах, хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт гарсан. Иймд түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн. Сэтгэл санаа нь цочирдон давчидсан гэсний тухайд хохирогчийн зүгээс Б.Сүхболдыг дарамталсан, доромжилсон  үйлдэл гаргаагүй. Иймд сэтгэцийн хувьд цочирдон давчидсан зүйл байхгүй…” гэв.

           

                                                              ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх ажиллагааны хэмжээ хязгаарыг прокурорын яллах дүгнэлттэй нийцүүлэн тогтоодог.” Иймээс яллах дүгнэлт нь хэргийн талаарх прокурорын байр суурь буюу шүүгдэгчид холбогдуулан яллах гэж буй гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн, ойлгомжтой тусгасан байх хуулийн шаардлага бий. Шүүх хуралдааны явцад яллах дүгнэлтэд тусгаагүй нөхцөл байдлыг тодруулах, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд түүнийг засуулах ёстой. Гэтэл Б.Сүхболдод холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргасан нь “хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуулийн шаардлага  хангагдаагүй байна. Тухайлбал:

 

            1. Прокуророос Б.Сүхболд нь дээрмийн гэмт хэрэгт ял шийтгэгдэн ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 65 дугаар гудамжинд иргэн Г.Отгонцэцэгийг явж байхад нь эд зүйлийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар толгой, гарыг нь цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, цүнхтэй бэлэн 29.000 төгрөг, 34.000 төгрөгийн үнэ бүхий зүйлийг дээрэмдэн авч, 63.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 7 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 61 дүгээр гудамжинд иргэн Б.Отгонжаргалыг явж байхад эд зүйлийг нь авах зорилгоор амь биед нь аюултайгаар толгой, гарыг нь цохих, өшиглөх, газар түлхэн унагаах зэргээр хүч хэрэглэн довтолж, цүнхтэй бэлэн 80.000 төгрөг, 220.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдэн авч, 300.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлтэд дурджээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Отгонцэцэг “…Миний цүнхэнд “Орифлейм” брендийн үнэртэй ус, нүүрний крем, тень, нүүрний тос, Готовын Отгонцэцэг гэсэн иргэний үнэмлэх, банкны картууд, тэмдэглэлийн дэвтэр, ариун цэврийн хэрэгсэл байсан. …цүнхийг 15.000 төгрөг, “Орифлейм” брендийн үнэртэй усыг 35.000 төгрөг, нүүрний кремийг 12.000 төгрөг, нүүрний тосыг 15.000 төгрөг, уруулын будаг, уруул хүрээлэгчийг 10.000 төгрөг, нүдний тенийг 6.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Мөн бэлэн 29.000 төгрөг байсан…” /хх-ийн 12-14/ гэж мэдүүлсэн байх бөгөөд хавтаст хэргийн 35 дахь хуудсанд авагдсан 2016 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээнд хохирогчийн мэдүүлэгт дурдсан эд зүйлийн нэр төрөл, хэр хэмжээ, шинж чанар, үнийн санал гэх мэт зүйл тусгагджээ.

 

Гэтэл Эд зүйлийн үнэлгээний комисс эмэгтэй хүний гар цүнх, “Орифлейм” брендийн үнэртэй ус, нүүрний крем, тос, уруулын будаг, уруул хүрээлэгч, нүдний тен зэргийг үнэлэхгүй гээд тэдгээрийн үнийг тодорхойлоогүй байна. Энэ тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тогтоогоогүй гэж үзнэ.

 

Нөгөөтэйгүүр уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Отгонжаргалын дээр дурдсан эд зүйлтэй адил төрлийн эд зүйлүүдийг үнэлгээний комисс нэг бүрчлэн үнэлсэн атлаа хохирогч Г.Отгонцэцэгийн эд зүйлийг “үнэлэхгүй” гэсэн нь ойлгомжгүй байхаас гадна, тухайн эд зүйлсийг чухам ямар үндэслэлээр үнийг тогтоох боломжгүй тухай баримт хэрэгт алга.

 

Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчимд нийцэхгүй юм.

 

Иймээс хохирогч Г.Отгонцэцэгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын эд зүйлийг нэг бүрчлэн нэр төрөл, хэр хэмжээ, шинж чанарыг зөв тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн хохирлын хэр хэмжээг дахин нарийн шалгаж тогтоох шаардлагатай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн зарим зүйл, хэсэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх буюу хэрэглэхгүйгээр гэж заасан байдаг тул тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн өмчлөлийн эд хөрөнгийн нэр төрөл, хэмжээ, үнэлгээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд нэг бүрчлэн тогтоож, түүнчлэн шүүх эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахдаа хураах эд хөрөнгийн нэр төрөл, хэлбэр, тоо хэмжээ, түүний үнэлгээг мөнгөн илэрхийлэлд оруулж шийтгэх тогтоолдоо нэг бүрчлэн заах ёстой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг юм.

 

Анхан шатны шүүх Б.Сүхболдын өмчлөлийн эд хөрөнгийн нэр төрөл, хэмжээ, үнэлгээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд тогтоож ирүүлээгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр нэмэгдэл ял оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй болно.

 

Дээрх эргэлзээтэй нөхцөл байдлын талаар болон бусад шаардлагатай байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа Б.Сүхболдын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх ялтан Б.Сүхболдын гаргасан давж заалдах гомдлыг энэ удаад эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгааг тэмдэглэж байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Үүнээс гадна Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 95/-ээс үзэхэд хохирогч Б.Отгонжаргал мөрдөн байцаалтын шатанд хэргийн материалтай танилцаагүй байхад анхан шатны шүүх түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт, тухайн шүүх хуралдааны тэмдэглэл хоорондоо зөрүүтэй бичигдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил болохыг цаашид анхаарвал зохино.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: