Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 640

 

 

 

 

 

 

 

 

 

 

К.Жанболат, Т.Аныз, Б.Бекболат, Ж.Еркебулан

Ж.Бердимурат нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Ж.Бердимуратын өмгөөлөгч Г.Батбаяр,

шүүгдэгч Ж.Еркебуланы өмгөөлөгч Б.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Б.Батаа, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 54 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Жаргалсайханы бичсэн 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр К.Жанболат, Т.Аныз, Ж.Бердимурат, Ж.Еркебулан, Б.Бекболат нарт холбогдох 2015 0400 0137 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Молхы овогт Күлжамишийн Жанболат, 1987 оны 2 дугаар сарын 11-нд Баян-Өлгий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баян-Өлгий аймгийн Өлгий сум, 4 дүгээр багт оршин суух,

2003 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлаж, тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

2004 онд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2005 оны 1 дүгээр сарын 4-нд хугацаа дуусч суллагдсан,

2005 онд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял,

2006 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Баян-Өлгийн аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих, уг ял дээр 2005 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 3 жилийн хорих ялыг нэмж, 10 жил хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

2009 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

2013 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 12 жил, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлаж, тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж ялыг нэгтгэн, нийт 14 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.2-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон,

2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт зааснаар 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг багтааж, нийт ялыг 14 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, /РД:БЮ87021113/;

2. Тасбике овогт Тилегений Аныз, 1988 оны 9 дүгээр сарын 3-нд Баян-Өлгий аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамтаар Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын 2 дугаар багт оршин суух,

2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар эдгээр хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, /РД:БЭ88090316/;

3. Молхы Машан овогт Жоямергений Еркебулан, 1989 оны 4 дүгээр сарын 30-нд Баян-Өлгий аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хянагч ажилтай байсан, ам бүл 6 эцэг, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамтаар, Баян-Өлгий аймгийн Өлгий сум, 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, /РД:БЮ89043030/;

4. Шөруши овогт Баукөйн Бекболат, 1978 оны 10 дугаар сарын 28-нд Баян-Өлгий аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хянагч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар, Баян-Өлгий аймгийн Өлгий сум, 13 дугаар багийн 28-13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:БВ78102814/;

5. Шеруши Телек овогт Жанабилийн Бердимурат, 1975 оны 3 дугаар сарын 21-нд Баян-Өлгий аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хянагч ажилтай байсан, ам бүл 3, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын, 1 дүгээр багийн Хуст аралын 9 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:БВ78102814/

- К.Жанболат нь Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхээр 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 11/А дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд зааснаар уг хорих ялыг урд 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 38/А дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ялд багтаан биечлэн эдлэх ялыг 14 жил хорих оногдуулж, уг ялаа эдэлж байх хугацаандаа Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны сахилгын байрнаас 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 16 цаг 40 минутаас, 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаанд оргон зайлсан,

- Шүүгдэгч Т.Аныз нь хамт хоригдож байсан К.Жанболатыг оргон зайлахад камер бичлэгийг биеэр халхлах, онгорхой үлдээсэн цоожийг гараараа авч өгөх, хаалгыг онгойлгох талаар идэвхтэй үйлдэл хийж, оргосны дараа хэн нэгэнд мэдээлэхгүй байх зэргээр тусалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт зааснаар хамжигчаар хамтран оролцсон,

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баривчлах байрны хянагч шүүгдэгч Ж.Бердимурат нь яллагдагч К.Жанболатыг оргон зайлахыг зааж зөвлөн хаалганы цоожнуудыг онгойлгож учрах саадыг арилгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт зааснар хамжигчаар хамтран оролцсон,

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны ээлжийн дарга шүүгдэгч Ж.Еркебулан нь Хууль зүйн сайдын 2004 оны А/209 дугаартай тушаалаар батлагдсан "хорих байрны дотоод журмын" 7 дугаар зүйлийн 7.3.1, 7.3.4, 7.3.6, мөн дээрх журмаар батлагдсан "Сахилгын байр, тусгаарлах тасалгааны журмын 3 дугаар зүйлийн 3.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас яллагдагч К.Жанболатыг оргон зайлах нөхцөлийг бүрдүүлж, улмаар шийдвэр гүйцэтгэх алба болон бусад байгууллагыг дайчлан оргодлыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль заасан "ялтны аюулгүй байдлыг хангаж, тэдний дунд хууль ёс, дэг журмыг сахиулах, ялтнаас нийгэм, иргэдэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх" үндсэн чиг үүргийг алдагдуулсан зэргээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, албан үүрэгтээ хайнга хандсан,

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны харуул хамгаалалтын ажилтан шүүгдэгч Б.Бекболат нь Хууль зүйн сайдын 2014 оны А/209 дугаартай тушаалаар батлагдсан "хорих байрны дотоод журмын" 7 дугаар зүйлийн 7.7.2, 7.7.4, 7.7.5-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас яллагдагч К.Жанболатыг оргон зайлах нөхцөлийг бүрдүүлж, улмаар шийдвэр гүйцэтгэх алба болон бусад байгууллагыг дайчлан оргодлыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан "ялтны аюулгүй байдлыг хангаж, тэдний дунд - хууль ёс, дэг журмыг сахиулах, ялтнаас нийгэм, иргэдэд хохиро учруулахаас урьдчилан сэргийлэх" үндсэн чиг үүргийг алдагдуулсан зэргээр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: К.Жанболатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар, Т.Аныз, Ж.Бердимурат нарт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар, Ж.Еркебулан, Б.Бекболат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 54 дүгээр шүүхийн тогтоолд:

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болон 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 141 дугаартай прокурорын яллах дүгнэлт зэрэгт дүгнэлт хийхэд шүүгдэгч К.Жанболат, Т.Аныз, Ж.Бердимурат, Ж.Еркебулан, Б.Бекболат нарт холбогдох хэргийг шалган тогтоох ажиллагаа бүрэн биш, өөрөөр хэлбэл энэ хэргийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 /гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал, /80.1.3/ гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, /80.1.4/ яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүд, /80.1.6/ гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл/-нд заасан нотолбол зохих асуудлуудыг нотлох ажиллагаа дутуу хийгдсэн байх тул түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь: 1. Шүүгдэгч К.Жанболатыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 41, 4хх-ийн 43/-аар нийт 7 удаагийн ял шийтгэлтэй гэжээ. Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад түүний 2003, 2004, 2005 онуудад ял шийтгүүлсэн талаарх баримтууд /шийтгэх тогтоол/ авагдаагүй, мөн улсын яллагчийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 141 дугаартай яллах дүгнэлтэд 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 38А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 14 жилийн хорих ял шийтгүүлж, энэ хэргийг давж заалдах шатны 6 дугаар шүүх хянан хэлэлцэж, 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаар магадлалаар 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 38А дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж К.Жанболатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн хэсэг, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон хэсгийг тус тус хасаж, дэглэмийг бууруулж 14 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр өөрчилсөн гэж бичигдсэн атлаа давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаар магадлал тус хэрэгт авагдаагүй байна.

Энэ нь шүүгдэгч К.Жанболатыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох эсэх, мөн ял шийтгэл оногдуулахад нөлөөлөхөөр байх тул түүний өмнө ял шийтгүүлсэн гэх баримтуудыг хэрэгт хавсаргаж, ял шийтгэлийг үнэн зөв тогтоох шаардлагатай.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бердимурат нь "...Би Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны баривчлах байрны жижүүр байсан. Ээлжийн дарга Еркебулан надад 2 удаа үүрэг даалгавар өгсөн. Малгай аваад ир гэсэн тушаалын дагуу сейфнээс очиж малгайг хайсан ... Малгайг хайгаад олж чадахгүй байж байхад араас Еркебулан ирээд ... за за боль гэж хэлсэн. Дараа нь би ээлжийн даргын тушаалын дагуу Жанболат, Аныз хоёрын шээсийг асгачихаад баривчлах байрны пост руу явсан. Тэгээд постонд байж байхад Еркебулан гүйж ирээд Жанболат оргосон байна гэж хэлсэн. Би энэ хэрэгт ямар нэгэн хамжагчаар оролцоогүй надад Жанболатыг оргуулах санаа байгаагүй. Т.Аныз түлхүүр өгч онгойлгосон гэж худлаа мэдүүлээд би энэ хэрэгт татагдаж ирсэн...” гэж мэдүүлсэн, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №2941 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн монгол цоож эвдрэл, гэмтэлгүй /хэвийн ажиллагаатай/ байна ... цоожны сэрвэнгийн тэвхийг хавчихгүйгээр цоожийг онгойлгох боломжгүй, өөрөөр хэлбэл тэвхийг түлхүүр эсвэл түүнийг орлуулах зүйлээр хавчсан тохиолдолд онгойлгох боломжтой ... Цоожийг түлхүүргүйгээр даавуун материал чихэх, хатуу биет ашиглах гэх мэт аргуудаар онгойлгох боломжтой. Цоожинд түлхүүргүйгээр онгойсон гэх ул мөр илрээгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан /1хх 229-230/ зэргийг анхааран дээрх ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорт буцааж, К.Жанболат, Т.Аныз, Ж.Бердимурат, Ж.Еркебулан, Б.Бекболат нарт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хятад цоож 1 ширхэг түлхүүрийн хамт, Монгол цоож 1 ширхэг түлхүүрийн хамт, бичлэг бүхий 8 ширхэг диск, төмөр халбага 2 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлэхээр, хэрэг прокурорт очтол К.Жанболатад авсан цагдан хорих, Т.Аныз, Ж.Бердимурат, Ж.Еркебулан, Б.Бекболат нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Улсын яллагч Т.Жаргалсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч К.Жанболат нь урд 2003 онд Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж мөн хугацаагаар хойшлуулсан.

-2004 онд Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 cap хорих,

-2005 онд Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 5 жил 1 cap хорих,

-2006 онд Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 5 жил хорих,

-2009 онд Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 8 cap хорих,

-2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 38/А/ дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг , 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 14 жил хорих ял оногдуулж онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон,

Энэ хэргийг Давж заалдах шатны 6 дугаар шүүх хянан хэлэлцэж 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаар Магадлалаар 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 38/А/ дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж К.Жанболатыг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн хэсэг, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон хэсгийг тус тус хасаж, дэглэмийг бууруулж 14 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр өөрчилсөн,

2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 11/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд зааснаар урд 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 38/А дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар оногдуулсан 14 жилийн хорих ялд багтаан биечлэн эдлэх ялыг 14 жил хорих ял шийтгүүлсэн бөгөөд энэ талаар ял шалгах хуудсанд бүрэн тэмдэглэгдсэн байна.

Гэтэл урд нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай тогтоол гаргахдаа энэ тухай дүгнэлт өгөөгүй, дурдаагүй байсан бөгөөд шүүхийн тогтоолд заагдсан ажиллагаануудыг гүйцэтгэн хэргийг шүүхэд дахин шилжүүлэх үед мөн хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцсэн атал уг заалтаар хэргийг мөрдөн байцаалтад буцааж байгаа ойлгомжгүй байна.

2. Бердимуратын К.Жанболатыг оргоход хаалга онгойлгож өгсөн үйлдлийг мөрдөн байцаалтын явцад тал бүрээс нь бүрэн гүйцэт шалгасан байхад шүүхийн тогтоолд ямар ажиллагааг хийх талаар тодорхой дурдаагүй атлаа нэмж шалгах тухай заасан заалтыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.Тухайлбал:

Мөрдөн байцаалтын явцад яллагдагч К.Жанболат нь Ж.Бердимуратын тусалсан үйлдлийн талаар тогтвортой мэдүүлэг өгч байсан бөгөөд мэдүүлэгт дурдсан цаг хугацаа буюу 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 16 цаг 20 минутанд Ж.Бердимурат нь ээлжийн дарга Ж.Еркебуланаас өгсөн үүргийн дагуу сахилгын өрөөний хажууд байрлах хувцас хадгалах шүүгээнээс, хоригдогч Бассенбэйн малгайг авахаар очдог бөгөөд тухайн газар 7 минут байсан нь камерт бичигдсэн. Гэвч тухайн цагдан хорих байрны камерын зохион байгуулалтын улмаас өрөөний цоожийг онгойлгож байгаа талаар бичлэг байхгүй.

Харин сахилгын өрөөний дотор талд камер байрладаг бөгөөд хаалган дээр хүн ирсэн тохиолдолд дүрс харагдах боломжтой гэхдээ хаалгыг онгойлгохдоо камерт бичигдэхгүйгээр ханан талаас онгойлгох бүрэн боломжтой гэдэг нь туршилтаар баталсан. Мөн яллагдагч Т.Аныз нь урд өгч байсан мэдүүлэгтээ Ж.Бердимурат К.Жанболатыг оргоход хаалга онгойлгож өгч тусалсан талаар мэдүүлсэн байдаг.

Түүнчлэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 2941 дугаартай дугаартай дүгнэлтээр "...монгол цоож эвдрэл гэмтэлгүй, түлхүүргүйгээр онгойлгосон гэх ул мөр илрээгүй" гэсэн дүгнэлт гарсан нь уг хаалгыг санаатай онгойлгосон болохыг нотолж байна. Мөн тус байрны хорих болон сахилгын өрөөний түлхүүрүүд ямар нэг хамгаалалтгүй онгорхой, хэн ч авч хэрэглэж болох хайрцагт хадгалагддаг.

Харин сахилгын өрөөнд хэрэглэж байсан цагаан цоожинд гарсан эвдрэл гэмтлийн талаар давтан гаргасан шинжээчийн 3100 дугаартай дүгнэлтэд "...дээрх хонхойсон гэмтлийн эсрэг талд гарсан 5 мм зурагдсан гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр гарсан байна. Харин байнгын эдэлгээний явцад гарсан эсэхийг тогтоох боломжгүй" гэсэн нь уг цоожийг ашиглаж байх явцдаа эвдрэлтэй байсан байх боломжтой байдлыг харуулж байна. Уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгавал зохих шаардлагатай бүхий л ажиллагааг тал бүрээс нь бүрэн дүүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх тухай хуулийн заалтыг болон шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх зарчим зөрчигдөж байна.

Иймд К.Жанболат нарын 5 хүнд холбогдох хэргийг үндэслэлгүйгээр нэмэлт ажиллагаанд буцаасан тул анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 54 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн гэв.

Шүүгдэгч Ж.Бердимуратын өмгөөлөгч Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэмт этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон нөхцөлийг заавал тогтоох шаардлагатай. Шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар сэжигтэн яллагдагч хэргийн бусад нөхцөл байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Гэтэл зөвхөн К.Жанболатын мэдүүлгийг үндэслээд хорих ангийн хянагч нарыг гэм буруутайд тооцоод байдаг. К.Жанболат анх “би 2 дахь хаалгыг махийлгаж байгаад оргосон. Монгол цоожийг бүрэн цоожилсон байсан” гэж мэдүүлж байгаад сүүлд мэдүүлэг нь өөрчлөгдсөн. Т.Аныз “бид 2 эхний хаалгыг өшиглөж онгойлгоод, 2 дахь хаалгыг К.Жанболат махийлгаад гарсан” гэж мэдүүлсэн байдаг. К.Жанболатын зөрүүтэй мэдүүлгийг үнэлээд хорих ангийн ажилчдыг гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна. Монгол цоожийг түлхүүргүйгээр онгойлгох боломжгүй болох нь тогтоогдсон. Тиймээс түлхүүр хэнд байсан болохыг тогтоох хэрэгтэй. Ж.Бердимуратад түлхүүр байгаагүй. Сахилгын хаалганы Хятад цоожны түлхүүр Б.Бекболатад байсан болох нь мэдүүлгээр тогтоогдсон. Ж.Бердимуратад түлхүүр байсан гэж үзээд байгаа юм бол Б.Бекболат хэрхэн түлхүүртэй болсон байх вэ? Хэрвээ Ж.Бердимуратад илүү түлхүүр байсан гэж үзэж байгаа бол Баян-Өлгий аймагт түлхүүр хувилдаг 2 хүнээс гэрчийн мэдүүлэг авах хэрэгтэй. Гэмт хэргийн субъектын хувьд хангахгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасан хамжигч нь зүйл анги бүрт хэрэглэгдэхгүй. Энэ хэргийн хамжигч нь Т.Аныз. Харин хорих ангийн хянагч хамт оргосон мэт зүйлчилж хуулийг буруу тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ үнэхээр цоожийг онгойлгосон гэж үзвэл албан тушаалын гэмт хэргээр зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна.  Энэ хэргийг 2 мөрдөн байцаалтад буцаасан боловч прокурор дахин дахин өөрийн буруу ойлголтоор зүйлчлээд шүүхэд шилжүүлээд байгаад гомдолтой байна гэв. 

Шүүгдэгч Ж.Еркебуланы өмгөөлөгч Б.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хавтаст хэрэгт 1 магадлал байхгүй гэх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Тус магадлалыг прокурор шүүх хуралдаан дээр нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой. Ж.Бердимуратын гэм буруутай эсэхийг шүүх шалгаж тогтоох боломжтой. Анх К.Жанболат “би хаалганы доод талыг хүчээр түлхэхэд цааш махийж зай гарсан гэж би бодож байна” гэж мэдүүлэг өгсөн байдаг. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “гадагш 16 см махийсан байв” гэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр “монгол цоож түлхүүргүйгээр онгойсон” гэсэн байдаг. Ж.Бердимурат “Т.Аныз намайг хаалга онгойлгосон гэж худал мэдүүлээд байна” гэж мэдүүлсэн зэрэг нотлох баримтууд байдаг. Прокурор сая “шинжээчийн дүгнэлт эргэлзээ төрүүлж байна” гэж хэллээ. Хэрвээ эргэлзээ төрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой. Хөндлөнгийн байгууллагаас хорих ангийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан эсэхэд дүгнэлт гараагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “баривчлах байр, хорих ангиас оргосон яллагдагчийг мөрдөн хөөх, баривчлах ажиллагааг эрэн сурвалжлах хэсэг гүйцэтгэнэ” гэж зааснаараа хорих ангийн үндсэн чиг үүргийг зааж өгсөн байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага улсын төсвөөс санхүүжнэ” гэсэн байдаг. Оргодлыг эрэн сурвалжлахдаа хорих ангийн удирдах албан тушаалтан хувиасаа зардал гаргах ёстой байсан юм уу? К.Жанболат нь хорих ангиас оргосноос хойш 24 цаг өнгөрч 920.000 төгрөгийн зардал гарсан. Гэтэл миний үйлчлүүлэгчид хорих ангийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэнд гомдолтой байна. Тиймээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.4-д зааснаар хэргийн талаар нотолбол зохих асуудлуудаас гэмт хэрэг гарсан байдал, яллагдагч шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлүүд бүрэн тогтоогоогүй, мөрдөн байцаалтыг гүйцэд биш хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Тухайлбал:

1.Шүүхийн тогтоолд: “...Шүүгдэгч К.Жанболатыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 41, 4хх-ийн 43/-аар нийт 7 удаагийн ял шийтгэлтэй гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад түүний 2003, 2004, 2005 онуудад ял шийтгүүлсэн талаарх баримтууд /шийтгэх тогтоол/ авагдаагүй.

Улсын яллагчийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 141 дугаартай яллах дүгнэлтэд:  2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 38А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 153 дугаар зүйлийн 153.1, 230 дугаар зүйлийн 230.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 14 жилийн хорих ял шийтгүүлж, энэ хэргийг давж заалдах шатны 6 дугаар шүүх хянан хэлэлцэж, 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаар Магадлалаар 2013 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 38А дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж К.Жанболатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн хэсэг, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон хэсгийг тус тус хасаж, дэглэмийг бууруулж 14 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр өөрчилсөн гэж бичигдсэн атал давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаар магадлал тус хэрэгт авагдаагүй байна.

Энэ нь шүүгдэгч К.Жанболатыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох эсэх, мөн ял шийтгэл оногдуулахад нөлөөлөхөөр байх тул түүний өмнө ял шийтгүүлсэн гэх эдгээр баримтуудыг хэрэгт хавсаргаж, ял шийтгэлийг үнэн зөв тогтоох шаардлагатай...” гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлтэй.

2.Прокуророос Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд баривчлах байрны хянагчаар ажиллаж байсан шүүгдэгч Ж.Бердимуратад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэгт ялтан К.Жанболатыг оргон зайлахыг зааж зөвлөн сахилгын байрны болон цагдан хорих байрны ар талын төмөр сараалжин хаалганы цоожнуудыг онгойлгож учрах саадыг арилгасан гэмт хэрэгт хамжигчийн үүрэг гүйцэтгэсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь түүний хэргийн шинж, гэм бурууд тохирох эсэх, эсхүл түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан албан тушаалын гэмт хэргийн шинжтэй эсэх талаар үйл баримтуудыг шалгаж, түүнд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч, хэргийн зүйлчлэлийг нэг мөр зөв тогтоох шаардлагатай.

3.Анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 54 дүгээр шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 2 дахь хэсгийн заалт ойлгомжгүй бичигдсэн байх тул уг заалтыг заавал хангах шаардлагагүй тул улсын яллагчийн эсэргүүцлээс энэ талаар холбогдох үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин ялтан К.Жанболотын удаа дараагийн мэдүүлгүүд маш тогтворгүй,  хоорондоо илтэд зөрүүтэйн гадна ялангуяа сахилгын өрөөний хятад цоож болон цагдан хорих байрны арын төмөр сараалжин хаалганы Монгол цоожийг хэн, хэрхэн, хэзээ, яаж онгойлгосон талаар тухайн үед сахилгын байранд хамт хоригдож байсан Т.Аныз болон К.Жанболат нарын мэдүүлэг эрс зөрүүтэй байгааг анхаарч хэнийх нь мэдүүлэг үнэн зөв болохыг  бусад нотлох баримтуудтай жишин нэг мөр бүрэн шалгах, цагдан хорих байрны арын төмөр сараалжин хаалганы махийлгасан доод хэсгээр багтаж, К.Жанболат /түүний адил хэмжээний биетэй, жин, чац, өргөн, өндөр, галбир, хүч чадал/ хүн багтаж гарах эсэхийг тогтоох зорилгоор яг адил шинж, хэмжээний биетэй хүнээр туршилт хийлгэхийн оронд ялтан К.Жанболатаар өөрөөр нь туршилт хийлгэсэн нь учир дутагдалтай ба дотор талдаа цүүтэй “тухайн хаалгыг гадна талаас нь төмөр сараалжны завсраар гараа оруулж монгол  цоожоор цоожлоод цааш явж оргосон” гэсэн ялтан К.Жанболатын мэдүүлэг үндэслэлтэй эсэх, уг Монгол цоож гадна талаас цоожлогдох боломжтой эсэхийг мөрдөн байцаалтын туршилтаар тогтоох шаардлагатай ба мөрдөн байцаалтын эдгээр ажиллагааг хийж гүйцэтгэх замаар хянагч Ж.Бердмурат нарын албан хаагч нар тухайн гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг тогтооход ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иймд дээрх үндэслэлүүдээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 54 дүгээр шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн “1” дэх хэсэгт заасныг хэвээр үлдээж, “2” дахь хэсэгт заасныг хүчингүй болгож, шүүхийн тогтоол болон энэхүү магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.