Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 00132

 

О.Энхболдод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

142/2016/0148/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Т.Ганзориг

            Ялтан                                                 О.Энхболд

            Ялтны өмгөөлөгч                           Р.Бямбажав

            Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг  нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолтой О.Энхболдод холбогдох, 201314000057 дугаартай, эрүүгийн хэргийг ялтны давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөг, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг хуучин тосгон 4-9 тоотод оршин суух, урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил 6 сарын хорих, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил 6 сарын хорих, Орхон аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д заанаар 2 жил 6 сарын хорих, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ФВ93010318 регистрийн дугаартай, Боржигон овгийн Отгонбатын Энхболд.

 

Шүүгдэгч О.Энхболд нь ялтай байхдаа орон байранд нэвтэрч 2016 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн Шугам сүлжээний 01-11 тоотод оршин суух Т.Ширмэнданхын байшингийн цонхны салхивчаар нэвтрэн орж 40 инчийн Самсунг маркийн ЛСД зурагт хулгайлж 790.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Боржигон овгийн Отгонбатын Энхболдыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар шүүгдэгч О.Энхболдыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч О.Энхболдын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч О.Энхболдын цагдан хоригдсон 108 хоногийн эдлэх ялд нь оруулан тооцож,

 

Шүүгдэгч О.Энхболд нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан О.Энхболд давж заалдах гомдолдоо:

 

Отгонбат овогтой Энхболд миний бие нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлсэн.

 

Миний бие аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Аав ээж хоёр маань архи уудаг нэн ядуу амьдралтай. Дүү одоо 8 сартай асарч халамжлах хүн байхгүй. Дүү минь их хэцүү байдалд байгаа. Бусдын эд хөрөнгийг хулгайлж авсандаа маш их харамсан гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй ажил хөдөлмөр хийгээд амьдарч чадна. Гэр бүл болон миний хувийн  байдлыг харгалзан үзэж нэг удаа боломж олгож өгнө үү  гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Боржигон” овогт Отгонбатын Энхболд нь 2016 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн Шугам сүлжээний 01-11 тоотод оршин суух Т.Ширмэнданхын байшинд нэвтэрч 40 инчийн “Самсунг” маркийн хар өнгийн ЛСД зурагт удирдлагын хамт хулгайлж 790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Т.Ширмэнданхын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 05 дугаар сарын 29-ний өглөө Улаанбаатар хот руу явсан. Тэрнээс хойш 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр цагдаагийн байгууллагаас миний утасруу танай гэрт хулгай орчихсон байна гэхээр нь би мэдсэн. ...гэрээс 40 инчийн Самсунг маркийн хар өнгийн ЛСД дэлгэцтэй зурагт, удирдлагын хамт алга болчихсон байна гэсэн /хх-ийн 48 дугаар хуудасны ар тал/ мэдүүлэг,

 

Гэрч Ш.Баяраагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Энхболд чи надад зурагт тавиад өгчих би Орхон аймгаас явлаа гэж байсан. Энхболдын хамт Эрдэнэт Булганы шугам сүлжээний ар талын хоолойноос хар өнгийн ЛСД дэлгэцтэй зурагт гаргаж ирээд алхаад горд ороод БОЭТ-ийн урд явж байхад цагдаа ирээд барьсан гэсэн /хх-ийн 58 дугаар хуудасны ар тал/ мэдүүлэг,

 

Ялтан О.Энхболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хотын төвд Баттулга буюу Бандиа гэж дууддаг найзтайгаа тааралдаад архи уусан юм. Тэгээд би ганцаараа Тосгон орж гэртээ харих гэж яваад “Эрдэнэт-Булган”-ы цахилгаан түгээх сүлжээний замын урд байрлах хашаан дотор байсан дүнзэн байшинтай айлын зүүн тийшээ харсан вакум цонхыг нь түлхэж ороод хар өнгийн Samsung маркийн зурагт түүний удирдлага зэргийг хулгай хийж аваад хог дээрээс цагаан эрээн даавуу олж аваад зурагтаа боосон юм” гэсэн /хх-ийн 25 дугаар хуудас/ мэдүүлгүүдээр болон “Найдвар-Од аудит” ХХК-ийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаар дүгнэлт /хх-ийн 86 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Анхан шатны шүүхээс ялтны гэм бурууг зүйлчилсэн зүйлчлэл зөв, хуульд заасан ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна.

 

Урьд О.Энхболд нь эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг удаа дараа буюу нийт 4 удаа үйлдэж, шүүхээр гэм буруутай нь тогтоогдож хорих ял эдэлж байсан бөгөөд түүний хувийн болон ялтай байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

 

Иймд О.Энхболдын “...Би одоо залуу хүн ахин гэмт хэрэг үйлдэхгүй ажил хөдөлмөр хийгээд амьдарч чадна. Ийм хэрэг үйлдсэндээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байна. Надад нэг удаа боломж олгож ялыг минь хөнгөлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан О.Энхболдын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, ялтан, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА                                                                                            

 

 ШҮҮГЧИД                                                    Ц.ТУЯА

 

                                                                        З.ХОСБАЯР