Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 00131

 

Б.М холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                       Хэргийн индекс 142/2016/0088/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Б.Жавхлантуяа

            Ялтан                                     Б.М

            Ялтны өмгөөлөгч                            М.Ганзориг  

            Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолтой Б.М холбогдох, 201614000105 дугаартай эрүүгийн хэргийг ялтан, ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дугаар сарын 18-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалах экологи гамшгийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Нарлаг дэнжийн зүүн задгайд оршин суух, урьд ял шийтгэлгүй, ГБ87111816 регистрийн дугаар, Шанш овогтой Б.М.

 

Шүүгдэгч Б.М нь 2015 оны 11 дүгээр сарын 19, 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдрүүдэд Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн Нарлаг дэнжийн зүүн задгайд оршин суух гэртээ Д.О давтан үйлдлээр хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б.М-т Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3.т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 болгон өөрчлөн зүйлчилж,

 

Шүүгдэгч Шанш овгийн Б.М-г хохирогчид хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1.т зааснаар шүүгдэгч Б.М-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Д.О-н өмсөж байсан ягаан өнгийн дотоож, саарал өнгийн дотуур өмд, хохирогчийн үтрээнээс авсан арчдас, шүүгдэгч Б.М-н хатаасан цус зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн.

 

Ялтны өмгөөлөгч М.Г давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Б.М-г 2016 оны 02 дугаар сарын 11-нд хохирогч Д.О-г хүч хэрэглэн хүчиндсэн гэм буруутайд тооцож, 2 жирийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.д зааснаар хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэлгүй хорих ялыг биечлэн эдлүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэл муутай байна.

 

Шүүгдэгч Б.М /30 настай/ нь эхнэр Г.Э болон 3 настай охин М.Н нарын хамт амьдардаг. Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн болох нь ял шалгах хуудас, хохирол төлсөн баримт, ам бүлийн тодорхойлолт, бакалаврын диплом, төрийн албанд ажиллаж байхдаа авсан гавъяа шагнал зэргээр нотлогдож байна.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Б.М-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар нэмж, өөрчилж өгнө үү гэжээ.

 

Ялтан Б.М давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

 

Би Г.Э болон өөрийн 3 настай охин М.Н хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Дэнж багийн Нарлаг дэнжийн задгайд оршин суудаг бөгөөд болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байсан ч үйлдсэн байж болзошгүй гэж бодож хохирогчид учирсан шууд болон шууд бус хохирлыг төлж барагдуулан өөрийн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж ирсэн. Үүнийгээ анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1.д зааснаар 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Ид хийж бүтээж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх насандаа 2 жил хорих ял эдэлнэ гэдэг хүнд тусч байна.

 

Мөн мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авч байсан, дэлүү өвддөг. Миний хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж намайг тэнсэн харгалзуулж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Шанш” овгийн Б.М нь 2016 оны 02 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн Нарлаг дэнжийн зүүн задгайд оршин суух гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сэтгэцийн өвчний улмаас биеэ хамгаалах чадваргүй Д.О-г хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...нэг өдөр манай эгээ гэртээ байхгүй байсан. Би гэртээ дүү нартайгаа байж байсан. Дүү нар унтаж байсан. Хажуу талын айлын эрэгтэй гаднаас орж ирээд бурханы хайрцагнаас тамхи авч гэрт татаад суусан тэгээд гарахдаа намайг усанд орсон уу гэхээр нь орсон гэж хэлсэн чинь нохойгоо хориод өгөөч гэхээр нь нохойгоо хорьж өгсөн чинь гэр рүүгээ дагуулж ороод хаалгаа хаагаад намайг ор руугаа шидээд миний бүх хувцсыг болон өөрийнхөө бүх хувцсыг тайлаад миний дээр гараад хөдлөөд байсан. Бас хажуудаа архи тавиад уугаад байсан. Миний дээр дахин дахин гараад дараад байхаар нь би эгээдээ хэлнэ шүү гэсэн чинь хэлвэл чамайг ална гэж хэлсэн тэгээд би эгээдээ хэлсэн гэсэн /хх-ийн 22 дугаар хуудас/ мэдүүлэг,

 

Гэрч Д.О-н шүүхийн хэлэлцүүлэгт: ...намайг гэртээ орж иртэл О зуухны ард уйлчихсан сууж байсан. Яасан гэхэд Б намайг нохой хорь гэж дагуулж гараад гэртээ оруулаад намайг ингэчлээ гэсэн /хх-ийн 182 дугаар хуудас/ мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Ө-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...тухайн үед ээж аав байхгүй байсан. Би О эгч, хоёр дүүгийнхээ хамт гэртээ байж байсан. Миний хоёр дүү унтаж байсан. Би орондоо сэрэнг хэвтэж байтал манай гэрийн хаалгыг аймар чанга тогшоод байсан. Би айгаад хөнжлийнхөө завсар шагайгаад харж байтал хажуу талын айлын Баяр ах халамцуу орж ирээд манай бурханы хайрцагны нүднээс тамхи авч гэр дотор татаад сууж байсан. Тэгсэнээ манай эгээг О чи усанд орсон уу гэсэн чинь О эгээ дуугарахгүй байсан чинь хөөш чи усанд орсон уу гэж хашхирсан чинь О эгч орсон гэсэн чинь за тэгвэл нохойгоо хориод өг гэсэн чинь О эгээ тухайн үед нохой хорьж өгөх гээд гутлаа өмсөх гэсэн чинь за гутлаар яахын бэ алив гялс гээд тэр хоёр гарсан. Тухайн үед О эгч гадаа гарсан хойноо Өсөхбаяраа гэж хашхираад дуу нь чимээгүй болохоор нь гайхаад хаалгаар шагайгаад харсан чинь Б ах О эгээгийн цамцны хойноос нь бариад гэр рүүгээ аваад орсон юм. Тухайн үед Баяр ахын гэрийн цонх асаалттай байсан тэр хоёрыг орсны дараа цонхоор нь гэрэл асахгүй байсан. Хэсэг хугацааны дараа О эгч уйлаад ороод ирэхээр нь эгээ юу болсон бэ гэсэн чинь чамд хэлэхгүй би эгээдээ хэлнэ гэсэн /хх-ийн 52 дугаар хуудасны ар тал/ мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс Б.М-т хуульд заасан ял оногдуулсан байна.

 

Б.М-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.  

 

Харин анхан шатны шүүх Б.М-т ял оногдуулахдаа түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдэлдээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогчид учирсан гэх гэм хорын хохирлыг буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан зэргийг дүгнэж үзээгүй ба хохирогч Д.О-н хууль ёсны төлөөлөгч Д.Пүрэврагчаагийн “...Б.М энэ хугацаанд хохирлыг бүрэн хэмжээгээр барагдуулсан нь хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирогчийг хүндэтгэн үзэж байгаагийн нэг хэлбэр гэж бид дүгнэсэн. Б.М нь эхнэр 3 настай хүүхэдтэй гэдгийг бид мэднэ. ...Б.М-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг хуулинд зааснаар тэнсэж хянан харгалзахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд дэмжиж байна...” гэсэн тайлбарыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

 

Иймд ялтны өмгөөлөгч М.Ганзоригийн “...Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Б.М-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар нэмж, өөрчилж өгнө үү” гэсэн, ялтан Б.М-н “...миний бие хохирогчид хохирлыг нөхөн төлж барагдуулсан ба үйлдсэн хэргээ хүлээж, гэмшсээр байх тул Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж намайг тэнсэн харгалзуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4., 324 дүгээр зүйлийн 324.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ялтан Б.М, түүний өмгөөлөгч М.Г нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай.

 

а.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4.т зааснаар Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1.т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж ялын биелэлтэнд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

б. Б.М нь гэм хорын хохиролд нийт 2.140.000 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.д зааснаар Б.М-г шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг авсугай гэж тус тус нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

 

                        ШҮҮГЧИД                                                                 Ц.ТУЯА                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         З.ХОСБАЯР