Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 00128

 

Б.Анарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

                                                                        Хэргийн индекс 142/2016/0078/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Б.Бүжинлхам

            Ялтан                                     Б.Анар

            Ялтны өмгөөлөгч                            Х.Оюунбат, Ц.Энхтуяа

            Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолтой Б.Анарт холбогдох, 201614000065 дугаартай, эрүүгийн хэргийг ялтан, ялтны өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст баг 1-19-57 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ГЗ88082719 регистрийн дугаартай, Барилгачин овогт Батсайханы Анар.

 

Шүүгдэгч Б.Анар нь 2015 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лофт” баарны гадаа талбайд өмнө нь зүс таних З.Ганзоригтой маргалдан зодолдож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Барилгачин овгийн Батсайханы Анарыг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар шүүгдэгч Б.Анарыг 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.т заасныг журамлан 52.5.д зааснаар шүүгдэгч Б.Анарт оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч З.Ганзоригийн 3 ш рентгэн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгох,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг  тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Анарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн.

 

Ялтны өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах нь:

 

Хх-ийн 49 дүгээр хуудсанд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 79 дүгээр шинжээчийн дүгнэлт, хх-ийн 47 дугаар хуудсанд авагдсан шинжээч эмч Ч.Буянзаяагийн мэдүүлэгтэй илтэд зөрүүтэй гарсан шинжээчийн дүгнэлтийг анхаарч үзээгүй. Хх-ийн 47 дугаар хуудсанд шинжээч эмч Ч.Буянзаяа хохирогч З.Ганзоригийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 2.4.1.т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна гэж мэдүүлсэн. Шинжээч эмч Ч.Буянзаяа “хүнд” гэмтлийн зэргийн талаар мэдүүлээгүй. Илт зөрүүтэй хоёр нотлох баримтын аль нь үнэн зөвд тооцогдох нотлох баримт болох нь ойлгомжгүй юм. Дээрх нотлох баримтууд Б.Анарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.т зааснаар буруутгах гол нотлох баримтын нэг болохыг шүүх анхаарч дүгнэлт хийсэнгүй.

 

Хх-ийн 44 дүгээр хуудас, 47 дугаар хуудас, 49 дүгээр хуудаст авагдсан нотлох баримтаар хохирогчийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх шинэ гэмтэл гэж дүгнэсэн бөгөөд шинжээч эмч Ч.Буянзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид учирсан гэмтэл нь хөнгөн, хүнд гэмтлийн аль аль нь үүссэн гэж тайлбарласан. Хэрвээ хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан бол хүнд гэмтэл нь ямар учир холбоотойгоор үүсч бий болсон гэмтэл гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Мөн дээрх гэмтлүүд “нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэж дүгнэсэн атлаа 47 дугаар хуудсанд дээрх гэмтлүүдийн талаар “тэр хэсэгт хүчтэй хүчээр нэг удаа үйлчилсэний улмаас” гэж шинжээч мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл цаг хугацаа, хүчний үйлчлэл гэсэн тус тусдаа ойлголт бүхий нотлох баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх 49 дүгээр хуудсанд байгаа шинжээчийн дүгнэлтийг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч шал өөр тайлбар мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

 

Хх-ийн 34 дүгээр хуудсанд А.Ундармаа ...Анарын зодолдож байсан залуугийн голоор ороод Анарыг салган хажууд нь зогсож байхад Б.Гантуяа нээх удаагүй дуудсан. Б.Гантуяа надаас 4-5 орчим зайтай байсан... гэсэн нь Б.Анар хохирогчтой зодолдсон гэх мэдүүлэг. Хх-ийн 33 дугаар хуудасны ар талд “...газар хэвтэж байсан залуу Б.Анартай зодолдож байсан. Яг хэн цохиод газар унагасныг хараагүй” гэсэн мэдүүлгээс гэрч А.Ундармаа нь Анартай зодолдож байсан залууг салгаад Анарын дэргэд зогсож байхад хэсэг хугацааны дараа Б.Гантуяа дуудсан. Хохирогчийн дэргэд Б.Гантуяа Г.Чинбилэг нар зогсож байсныг гэрчилдэг. Өөрөөр хэлбэл хохирогчийг газар унасан байхад Б.Анар дэргэд нь байгаагүй. Б.Анартай хамт А.Ундармаа зогсож байхад 4-5 м зайтай газраас Б.Гантуяа дуудахад очсон ба очиход хохирогч газарт уначихсан байсан. Б.Анартай хохирогч зодолдож байхад очсон, очоод салгасан, салгаснаас хойш өөр газарт хохирогч унасан, хажууд нь Г.Чинбилэг зогсож байсан. Хэн унагасныг хараагүй, Б.Анарын зодооныг болиулаад хажууд нь зогсож байсан. Өөрөөр хэлбэл “Э.Жавхлан, Г.Чинбилэг нар хохирогчийг Б.Анар цохиход газар унасан” гэх мэдүүлгийг үгүйсгэж байгаа юм. Шүүх хуралдаанд гэрч А.Ундармааг оролцуулан мөрдөн байцаагчийн тодруулаагүй хохирогч З.Ганзориг, Б.Анар нарыг ямар байдалтай хэнтэй зодолдож байсныг /үүнд хэвтээ, босоо гэх/, хэн нь хэнийгээ цохиж байсныг, “зодолдож байсан” гэдэг нь гэрчийн мэдүүлж байгаагаар ямар ойлголтыг мэдүүлээд байгаа талаар тодруулж асуух шаардлагатай байсан. Анхан шатны шүүхийн гэрч оролцуулах эрхийг хангасан тогтоол хүчин төгөлдөр байхад гэрч ирээгүй гэх шалтгаанаар уг тогтоолоо шүүх хуралдаан эхлэхийн өмнө хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.3.д заасан өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан.

 

Хохирогч З.Ганзориг мөрдөн байцаагчийн асуусан асуултанд ...Б.Анар хажуу талаас цохиод би Д.Болор-Эрдэнийг тавиад Б.Анартай зууралдаад газар унасан... /хх-ийн 7 дугаар хуудас/, ...би Б.Анарт цохиулахдаа өөрийгөө хамгаалах гэж хувцаснаас зуураад хамт газар унасан мөн шүүхийн хэлэлцүүлэгт ...2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дугаар хуудсанд Д.Болор-Эрдэнэтэй зууралдаад байж байхад Б.Анар хажуугаас намайг цохьсон. Тэгээд эргэж хараад Б.Анартай зууралдаад өнхрөөд тэгээд цааш юу болсныг санахгүй байна /хх-ийн 22 дугаар хуудасны ард/, гэрч Л.Энххүслэнгийн ...Д.Болор-Эрдэнийг одоо болий гэж салаад З.Ганзоригийн байгаа зүг харахад З.Ганзориг газар уначихсан Б.Анар дээр нь гарчихсан... / хх-ийн 27 дугаар хуудас/, гэрч Гантуяагийн ...Анар зөрүүлээд З.Ганзоригийг тэврээд газар унасан ...З.Ганзориг газар уначихаад Анарын үснээс зуураад Анар дээр нь гарахдаа бэртэлтэй байсан хөлөө гэмтээчихсэн Анар хөл гээд хашхираад байсан гэх мэдүүлэг. Мөн гэрч Сандуй ...ихэвчлэн унахад авах гэмтэл, шинжээч эмч Ч.Буянзаяа 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 12 дугаарт ...гараар цохиход дээрх гэмтлийг авахгүй..., унахад авах магадлалтай гэх мэдүүлгүүдийг шүүх анхаарч үзээгүй. Дээрх гэрч хохирогч нарын мэдүүлгээс харахад хохирогч Анартай хамт унах үедээ гэмтэл авсан байх ба хохирогч газар унасан тухай бүгд мэдүүлдэг. Хохирогч З.Ганзориг нь Анартай зууралдаад газар унасны дараах зүйлээ мэдэхгүй гэх бөгөөд “цохилтоос” болж унаагүйг хохирогчийн мэдүүлэг, Б.Анарын мэдүүлэг, гэрч Ундармаа, Гантуяа нарын мэдүүлэг зэргээр нотлогддог. Б.Анар хохирогч нар зууралдаад газар хамтдаа унаж нэг нь гэмтсэн хэрэг болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогддог. Өөрөөр хэлбэл “цохилтын” улмаас газар унаагүй, хохирогч өөрийгөө хамгаалах гэж хувцаснаас нь зуурч хамт унасан. Гэтэл анхан шатны шүүх З.Ганзоригтой маргалдан “зодолдож” биед хүнд гэмтэл “санаатай” учруулсан гэж дүгнэсэн. “Санаатай” гэх хэргийн субъектив талын нотлох баримтыг, Д.Болор-Эрдэнэ, Л.Энххүслэн, А.Ундармаа, С.Батзаяа, Э.Жавхлан, Г.Чинбилэг нарын мэдүүлэг гэж үзсэн. Гэтэл дээрх гэрч нарын мэдүүлгийг хохирогч З.Ганзориг, гэрч Б.Гантуяа, А.Ундармаа нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Б.Анар хохирогч нарын хооронд юу болсныг бүрэн гэрчлээгүй дээрх нотлох баримтуудаас “санаатай” гэдэг нь бүрэн нотлогдоогүй, хүнд гэмтэл учирсан гэдэг нь бүрэн нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

 

Ялтан Б.Анар давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Хохирогчид санаатай гэмтэл  учруулаагүй. Хохирогч намайг цохиход би зөрүүлээд тэвэртэл бид хоёр хамт газар унасан. Унасны дараа бид хоёрыг эхнэр салгаад боссон. Тэгээд З.Ганзориг машин тойроод явсан. Үүнээс хойш бид хоёр цохиж зууралдаагүй. Эхнэр З.Ганзориг уначихсан байна гэж машины араас дуудахад очсон. З.Ганзориг газар уначихсан хажууд нь Г.Чинбилэг зогсож байсан. Хохирогч надтай хамт унаснаас хойш юу ч санахгүй байна гэдэг. Хамт унасан шалтгаанаа бүрэн ойлгохгүй байгаа ч зууралдах үед хоёулаа тэнцвэр алдан унах шиг болсон. Миний цохилтоос болж хохирогч унаагүй. Г.Чинзориг, Э.Жавхлан нар Л.Энххүслэнг цохиж байсан үйлдлээ нууж худал мэдүүлсэн гэж үзэж байна. Учир нь Л.Энххүслэнгийн тайлбарт сүүлд ирсэн хоёр залуу өөрийг нь өшиглөж байсан тухай мэдүүлсэн мөн хохирогчийг өшиглөсөн тухай мэдүүлдэг.

 

Иймд хэргийг зөв хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь :

 

Давж заалдах шатны шүүх Б.Анарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн хянаж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас Б.Анарыг 2015 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лофт” баарны гадаа талбайд З.Ганзоригтой маргалдан зодолдож түүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  ял оногдуулжээ.

 

Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Анарын гаргасан “...би санаатай үйлдэл хийгээгүй..., тухайн үед хохирогчтой маргалдаад хоёулаа барьцалдаж аваад унасан..., хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү...” гэсэн, түүний өмгөөлөгчийн гаргасан “...анхан шатны шүүх хэргийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн..., ...тухайн үед үүссэн нөхцөл, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, сэдэлт зэргээс үзвэл шүүгдэгчийн үйлдэлд санаатай гэмт хэргийн шинж байхгүй..., түүнчлэн хохирогчид хүнд гэмтэл учирсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй байхад шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нь хууль зөрчсөн учраас хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол тус тус гаргасны дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судалвал:

 

2015 оны 12 дугаар сарын 28-ны орой Орхон аймгийн Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лофт” баарны гадаа шүүгдэгч Б.Анар эхнэрээ авах гээд явж байхдаа хохирогч З.Ганзоригтой тааралдсан бөгөөд З.Ганзориг эхлээд түүнийг дуудаж цохьсон..., үүнээс болж тэдний хооронд маргаан гарч  хоёулаа барьцалдаж  ноцолдож байгаад давхаралдаад хамт газар унасан…. байна.

 

Энэ үйлдлийн улмаас хохирогч З.Ганзоригийн биед хүнд гэмтэл учирсан бөгөөд энэ нь Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016-01-08-ны өдрийн 79 дугаартай:

 

-З.Ганзоригийн биед гэмтлийн зэрэг тогтоосон тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн 2-р зэргийн няцрал, зулай ясны цууралт, хуйханд шарх, зүүн хөлний шилбэнд зулгаралт үүссэн бөгөөд энэ нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн..., эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд зэргийн гэмтэл..., хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна... гэсэн дүгнэлт.             / х.хийн 49 дүгээр хуудас /

 

Мөн ялтан Б.Анарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2015 оны 12 сарын 28-ны орой “Лофт” бааранд манай найзуудын эхнэрүүд шинэ жил тэмдэглэсэн…, Бид эхнэрээ авах гээд очсон..., Тэнд Ганзоригтой тааралдсан бөгөөд Ганзориг эхлээд намайг дуудаад цохьсон..., Бие биеэ хамгаалах гээд зууралдаад хоёулаа хамт газар унасан..., Энэ үед хажууд манай эхнэр байсан. Ганзоригоос өөр зодолдсон хүн байгаагүй…, би түүнийг санаатай цохиж унагаагүй хоёулаа барьцалдаад л унасан... гэсэн мэдүүлэг,  

 

-Хохирогч З.Ганзоригийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Тэр өдөр “Лофт” бааранд найзуудын хамт ороод гарч явахдаа хэсэг залуучуудтай тааралдсан энэ үед би нэг залууг дуудсан..., Тэгээд бид хоёр маргалдсан..., Эхлээд би Болор-Эрдэнэтэй зууралдаад байж байтал хажуугаас Анар толгой руу цохьсон…, ингээд Анар бид хоёулаа ноцолдож зууралдаад унаснаа санаж байна..., Би 8.0 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд надад 6.0 сая төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 2.0 сая төгрөгөө авна... гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Л.Энххүслэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...2015 оны 12 сарын 28-ны 23 цагийн үед “Баялаг” төвд хамт ажилладаг Бат-Эрдэнэ, Дагвадорж нарын хамт “Лофт” бааранд очиход хамт ажилладаг Ганзориг, Мандахбаяр, Бат-Эрдэнэ нар суугаад архи ууж байсан…, Бид нар бүгдээрээ баарнаас гараад урд талын машины зогсоол дээрээс Ганзориг бид хоёроос бусад нь таксинд суугаад явсан..., Харин Ганзориг бид хоёрын гэр ойролцоо болохоор хамт явах талаар ярилцаад зогсож байтал Ганзориг хүнтэй уулзана гэж хэлээд машин зогсоол руу явсан..., Би тамхи татаад зогсож байхад Ганзориг 2 эрэгтэй, 3 эмэгтэйтэй уулзаж байгаад нэг залуутай маргалдаж  байсан..., Тэр үед Анартай хамт явж байсан Болор-Эрдэнэ бид хоёр зодолдсон...,  тэгээд хоёулаа болиод нэг харахад Ганзориг, Анар хоёр газар уначихсан   байсан… гэсэн мэдүүлэг, /х.х.ийн 27 дугаар хуудас/

 

-Гэрч Д.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...2015 оны 12 сарын 28-ны орой 22 цагийн үед гэр бүлийн найз нарын хамт “Лофт” бааранд орж бүжиглэж байхад хамт сууж байсан найз нар маань түрүүлээд гараад явсан..., 23 цаг өнгөрч байхад Анар, Туяа, Батзаяа, Ундармаа нарын хамт баарнаас гараад машины зогсоол дээр такси барих гээд зогсож байтал Анарыг нэг залуу дуудаад хэрүүл хийгээд байх шиг байсан..., Анар тэр залуутай маргалдаж байгаад гэнэт хоорондоо зодолдохоор нь би салгах гээд очиход Анартай зодолдож байсан залуутай хамт явж байсан намхан шар царайтай залуу намайг цохиод авахаар нь би тэр залуутай зууралдаад зодолдож байтал эхнэр Батзаяа намайг салгаад 4-р сургуулийн хажуу талын 9 давхар байрны урд байх сандал дээр авчираад суулгачихаад би очоод ирнэ, чи сууж байгаарай гэж хэлээд явсан... гэсэн мэдүүлэг /хх.ийн  29 дүгээр хуудас/ зэргээр нотлогдож тогтоогджээ.

 

Дээрх  гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, сэдэлт, болон болсон үйл баримт зэргээс үзвэл ялтан Б.Анарын үйлдэлд гэм буруугийн шууд санаатай хэлбэр болох “...гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, мөн хор уршиг учруулахыг урьдчилан хүсэж хийсэн...” байх оюун санаа,  хүсэл зоригийн үндсэн шинж байхгүй байна.

 

Харин тухайн нөхцөлд “Лофт” баарны гадаа   тэд тааралдаж маргалдсан, улмаар бие биенээ цохиж зууралдаад хоёулаа газарт унасан бөгөөд үүний улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан нь ...зодолдох явцад хэн нэгэнд ямар нэг хор уршиг учирна гэдгийг мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч  мэдээгүй буюу үйлдэлдээ хайхрамжгүй хандсан... болгоомжгүй гэмт хэргийн  шинжийг агуулжээ.

 

            Өөрөөр хэлбэл ялтан Б.Анар хохирогч З.Ганзоригийн биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан байна.

 

Иймд Б.Анарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 97 дугаар зүйлийн 97.1. болгон өөрчлөн зүйлчилж ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч нь гэмтлийн улмаас эмчлүүлсэн боловч мэс ажилбар хийлгээгүй мөн эмчилгээний зардлын талаарх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй бөгөөд тэд хоорондоо тохиролцож хохирогчид 6.0 сая төгрөг өгсөн байна.

 

Одоо хохирогч З.Ганзориг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй харин тохирсон ёсоор үлдэгдэл 2.0 сая төгрөгөө авна гэж байгаа болон ялтан нь анх удаа гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлэх гэж байгаа,үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж үнэн зөв мэдүүлж байгаа, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд хорих  ял оногдуулж ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймгийн Прокурорын газраас Барилгачин овогтой Батсайханы Анарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1. болгон өөрчилсүгэй.

 

2. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолын тогтоох  хэсгийн 1, 2,3 дугаар заалтыг:

 

-Батсайханы Анарыг бусдын бие махбодид биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1.д зааснаар  Б.Анарыг 2 жил хорих ялаар шийтгэсүгэй гэж,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар Б.Анарт оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4.д заасныг  баримтлан Б.Анарт оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг  Цагдаагийн газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.д зааснаар Б.Анарт урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга  хэмжээ авч түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

5.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын  шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              З.ХОСБАЯР                                                                                           

 

                        ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                                                                          Ц.ТУЯА