Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 91

 

Б.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул                                               

Шүүгчид                                          Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал      

Прокурор                                        А.Оргилбаяр

Ялтны өмгөөлөгч                          Д.Номин-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын З-д холбогдох эрүүгийн 201609000286 дугаартай 171/2016/0176/Э индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтны биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, даацын операторчин мэргэжилтэй, “Шарын гол” ХК-д хүнд даацын автомашины операторчин ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн Ойчдын 13-16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Болдын Золбоо, /РД:ТЯ88072811/

Б.З- нь согтуугаар 2016 оны 5 дугаар сарын 12-ны шөнө 23.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 11-58 тоотод хамтран амьдрагч Т.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь тархи доргилт, хамар ясны хугарал, дээд уруулын язарсан шарх, нүүр, хүзүү, хоолой, баруун мөр, баруун шуу, зүүн суганы өмнө хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 151 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Болдын Золбоог бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Б.З-г 3 /гурав/ сар баривчлах ялаар шийтгэж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Т.Э-ийн толгойны рентген зураг 3 ширхэг, дүрс бичлэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.Энхцэцэгт буцаан олгож,

-Иргэний хуулийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.З-гоос 480.300 /дөрвөн зуун наян мянга гурван зуу/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн Ойчдын 16-05 тоотод оршин суух Төмөрбатын Энхцэцэгт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Б.З-д оногдуулсан 3 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхээр

-Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг... тус тус зааж шийдвэрлэжээ.

Ялтан Б.З- давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо:

“...Миний бие нь архи болон уурын мунхагаас болж хамтран амьдрагч Т.Э-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлээ, өөрийн гэм бурууг чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд хохирогч Т.Э- ч намайг уучилсан юм.

Би Т.Э-ийн нэхэмжилж байгаа эмчилгээний зардал төлбөрийг төлөх, Улаанбаатар хот руу хамт явж эмчилгээ хийлгэхээр тохиролцож байсан ба бид 2 нэгэнт эвлэрсэн тул гайгүй өнгөрөх байх гэж бодож байсан. Би анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон ба хэрэгт холбогдсон хүн өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа аваагүйн улмаас хохирогчийн хохирол төлбөрийг бодитойгоор барагдуулаагүй тохиолдолд заавал ял шийтгэл авч баривчлагдан хоригддог талаар ойлголтгүй явсаар байгаад хохирол төлбөр төлөөгүй, ажлын газрын тодорхойлолт холбогдох бичиг баримтыг хэрэгт хавсаргаагүй зэргээс анхан шатны шүүхээс 3 сарын баривчилгаа авсан нь бас дахин миний өөрийн буруу боллоо.

Миний бие “Шарын гол” ХК-д ажилладаг ба 3 сарын баривчлах ял авснаар ажлаас халагдах нөхцөл байдал ч үүсч байна.

Иймд миний анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрийг давж заалдах шатны шүүх хурлаас өмнө барагдуулж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, баривчлах ялын хугацааг багасгаж өгнө үү“ гэжээ.

Хохирогч Т.Э- давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Б.З- нь албан ёсоор надаас уучлалт гуйгаагүй болно. Урьд өмнө намайг хэд хэдэн удаа зодож гэмтээж байсан. Охиноо бодоод урьд уучилж байсан. 2016 оны 05 дугаар сарын 12-нд зодсоныхоо дараа миний өөдөөс салаавч гаргаж, “хохь чинь” гэж байсан. Намайг эмчилгээ хийлгээд явж байгааг мэдсээр байж эмчилгээний зардал, “бие чинь яаж байна” гэж асуугаагүй, уучлалт гуйгаагүй болно. Энэ хүнийг би уучлаагүй. Би гомдолтой байна. Байнга толгой өвдөж, юм мартаж санаад болохгүй байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ тайлбартаа:

...Б.З- анхан шатны шүүх хуралдааны шатанд хохирол төлбөр барагдуулаагүй байсан боловч өнөөдрийн байдлаар учруулсан хохирлоо төлж үйлдсэн хэрэгтээ гэмшсэн тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Хувийн байдлыг авч үзвэл “Б.З- нь эхнэр, охины хамт ам бүл гурвуулаа амьдардаг, Шарын голд хүнд механизмийн операторчин ажилтай, 28 настай, урьд ял шийтгэлгүй, ажлаас авах чөлөөний хугацаа дуусч улмаар ажлаас халах тухай мэдэгдэл ирж байгаа учраас түүний эдгээр байдлыг харгалзаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт 1-3 сар хүртэл баривчлах ялын сонгох санкцтай. Б.З-гийн цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.З-д 2 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, Б.З-г энэ өдрөөс эхлэн бусдын батлан даалтад гаргаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтдээ:

...Б.З- хохирогчоос уучлалт гуйж байгаагүй, өнөөдрийн шүүх хуралдаанд 480.000 төгрөгийн хохирол төлсөн баримтыг ялтны өмгөөлөгч шинээр гаргаж өгсөн боловч энэ нь хохирогчтой эвлэрсэн гэсэн үг биш учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.З-г согтуугаар 2016 оны 5 дугаар сарын 12-ны шөнө 23.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 11-58 тоотод хамтран амьдрагч Т.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь тархи доргилт, хамар ясны хугарал, дээд уруулын язарсан шарх, нүүр, хүзүү, хоолой, баруун мөр, баруун шуу, зүүн суганы өмнө хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар тогтоох тогтоол үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Б.З-г 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэж, шүүгдэгч Б.З-гоос 480.300 /дөрвөн зуун наян мянга гурван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Т.Э-т олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, үйлдэгдсэн хэргийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчилж, ялтанд хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулсан байх боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тооцож гаргаагүй, хохирогч гар утасныхаа мөнгийг нэхэмжлэхгүй гэснийг анхаарахгүйгээр илүү тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул хохирлын талаарх заалтыг зөвтгөж шийдвэрлэхээр давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв. 

Ялтан Б.З-гийн “...миний анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрийг давж заалдах шатны шүүх хурлаас өмнө барагдуулж байгаа, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, баривчлах ялын хугацааг багасгаж өгнө үү...” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийг бүхэлд нь хянавал түүний үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан хэдий ч анхан шатны шүүх хуулинд заасан ял шийтгэлийг оногдуулсан, уг ял шийтгэл нь түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон, давж заалдах шатны шүүхэд хохирогчийн гаргасан “...надаас уучлалт гуйгаагүй, эмчилгээ хийлгэж байгааг мэдсээр байж биеийн байдлыг асуугаагүй, гомдолтой” гэсэн тайлбар зэргийг үндэслэн анхан шатны шүүхээс  оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй байна.  

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 246.2, 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 4 дэх заалтыг:

“4. Иргэний хуулийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.З-гоос 445.300 /дөрвөн зуун дөчин таван мянга гурван зуу/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн Ойчдын 16-05 тоотод оршин суух Төмөрбатын Энхцэцэгт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Б.З- нь хохирогч Т.Э-т 480.000 төгрөг төлсөн баримт ирүүлснийг дурдсугай.

Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                                  ДАРГАЛАГЧ                                                    Я.ТУУЛ

                                                  ШҮҮГЧИД                                                        Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                                           Ц.АМАРЖАРГАЛ