Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 92

 

С.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул                                               

Шүүгчид                                            Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                          А.Оргилбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С-ын С-т холбогдох эрүүгийн 201609000232 дугаартай 171/2016/0154/Э индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтны биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Алаг адуу овогт С-ын С. 1967 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 10-р байрны 55 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

-1999 онд Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1-т зааснаар 30 000 төгрөгөөр торгох ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 394 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жилийн хорих ялаар,

-2001 оны 7 дугаар сарын 27-ний өдөр Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 3, 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жил хорих ялаар,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3-р сарын 31-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100 000 төгрөгийн үнэ бүхий “Siemens” маркийн гар утсыг хурааж, 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 3-р сарын 29-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоосон,

-Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 9-р сарын 02-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял шийтгэгдэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 05-ны өдрийн 22 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 27 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ТИ67051513/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

С.С- нь 2016 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 02.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Океан” зочид буудлын 206 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, иргэн Д.Баярсайхан, З.Пүрэвдорж нарын “Samsung E-5”, “Samsung galaxy S-5” маркийн гар утаснуудыг хулгайлж, 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн 144 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Алаг адуу овогт С-ын С-ыг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.С-ын хувьд ногдох хөрөнгөөс 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

-Шүүгдэгч С.С- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус зааж шийдвэрлэжээ.

Ялтан С.С- давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо:

“...Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн ял өршөөгдөж ялтай байдал үлдсэн байх хугацаанд гэмт хэрэг би үйлдсэн ч миний гэм буруугаа хүлээж, хохирол төлбөр төлсөн байдал, 50 настай хүн дахин гэмт хэрэг үйлдээд байх цаг хугацаагүй болсон, гэм буруугаа хүлээж үнэнч шудрагаар мэдүүлсэн байдлыг харгалзан үзэж баривчлах ялыг 6 сараас доогуур хэмжээгээр, ядаж 4 сар болгож ял хөнгөрүүлж өгөхийг хүсч, гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.

Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, өөрийн хөдөлмөрөөр амьдарч чадахаа илэрхийлж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээгээр 3 сарын баривчлах ял оноож хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтдээ:

...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүхээс С.С-т оногдуулсан ял шийтгэл тохирсон байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар ялтны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.С-ыг 2016 оны 04 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 02.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Океан” зочид буудлын 206 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, иргэн Д.Баярсайхан, З.Пүрэвдорж нарын “Samsung E-5”, “Samsung galaxy S-5” маркийн гар утсыг хулгайлж, 1.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх С.С-ыг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч түүний хувьд ногдох хөрөнгөнөөс 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсэн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан ...хууль ёсны ба үндэслэлтэй байх... хуулийн шаардлагыг хангасан хэдий ч баривчлах ялыг хаана, яаж эдлүүлэх талаар шийтгэх тогтоолд заагаагүй, энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгахаар заасан заалтыг хэрэглээгүй нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлтийг оруулж зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ялтан С.С-ын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь хянаж үзэхэд С.С- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Баярсайхан, З.Пүрэвдорж нарын мэдүүлгүүд /хх-16-17, 19-20-р тал/, гэрч Л.Ринацэцэг, Б.Ариунзаяа нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд /хх-21, 24-р тал/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-р тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-р тал/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-9-10-р тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-12-р тал/, хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй. 

Шүүхээс ялтан С.С-т оногдуулсан ял нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдалд тохирсон байна.     

Шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч нь ямар гэмт хэрэг үйлдсэнийг тодорхой бичилгүйгээр зөвхөн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдсон гэж бичсэн байх тул цаашид ямар гэмт хэрэг үйлдсэний улмаас Монгол улсын Эрүүгийн хуулийн аль зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байгааг тодорхой, ойлгомжтой байх үүднээс бичих нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 25-ны өдрийн 144 дугаартай  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын дараа 21 гэсэн заалтыг нэмж: 

“21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар  С.С-т оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг эдлүүлэхдээ түүнийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай” гэж нэмэлт өөрчлөлт оруулан найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                                 ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                               Ц.АМАРЖАРГАЛ