Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 93

 

Б.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул                                               

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

                                                         Б.Манлайбаатар

Прокурор                                        О.Доржмаа

Ялтан                                                 Б.Х-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтан, түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-н Х-т холбогдох эрүүгийн  201609000117 дугаартай, 171/2016/0144/Э индекстэй хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтны биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Бөндгөө овогт Б-н Х, /РД:ТА88072619/, 1988 оны 7-р сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан сумын 1 дүгээр баг, Пионер 13-85 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2008 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил хорих ял,

-2009 оны 4 сарын 27-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлснийг Дархан-Уул аймгийн шүүхийн 2009 оны 7 сарын 1-ны өдрийн 61 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар гэж өөрчилж, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж Б.Х-ын биечлэн эдлэх ялыг 3 жил 10 хоног хорихоор тогтоож, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар өөрчилснийг Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 330 дугаартай тогтоолоор Б.Х-т Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 181.2.5-т зааснаар 3 жил 10 хоног хорих ялд мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаароногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 10 хоног хорих ялаар тогтоож, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар Б.Х-т оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж байсан,

-2010 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 2 жил 10 хоног хорих ял,

-2013 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сар баривчлах ял,

-2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сум дундын 7 дугаар шүүхийн 4 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3, 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 5 жил 6 сар хорих ял тус тус шийтгүүлж байсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 190 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 2 хоногийн ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Х- нь 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Лонда” нэртэй үсчний газарт архидан согтуурсан үедээ Б.Батмөнхийг ялимгүй зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, мөн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 7а байрны 17 тоот өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүй агсам тавьж, айлган сүрдүүлж, улмаар О.Идэржаргал, Г.Бямбажав нарт зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 16-ны өдрийн 156 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Бөндгөө овогт Б-н Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 болгон өөрчилж,

-Шүүгдэгч Бөндгөө овогт Б-н Х-г бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн догшин авирлаж, мөн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, танхайрах гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тоооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч Б.Х-т 5 жил 1 сар /таван жил нэг сар/ хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Б.Х-т оногдуулсан 5 жил 1 сар /таван жил нэг сар/ хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Х-ын энэ хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл, мөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 7 дугаарс арын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-т бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор... тус тус зааж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Х-, түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо:

“...Миний хувьд үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж ойлгож байгаа юм. Үйлдсэн хэргийн талаар прокурортой мэтгэлцээгүй. Хохирогч нарт учруулсан эд материалын хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч нарын гэм хор арилсан юм. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж хохирогч нар шүүх хурал дээр мэдүүлсэн. Миний хувьд эхнэр авсан бөгөөд одоо эхнэр маань жирэмсэн, 1 нас 6 сартай хүүхэдтэй. Мөн өндөр настай эмээ, өвөө байдаг зэрэг нөхцөл байдлыг анхаарч үзэж миний хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж өгнө үү” гэжээ.

Ялтан Б.Х- давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

...Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Прокурор О.Доржмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн дүгнэлтдээ:

...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх саналтай байна гэв

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Х-ыг 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Лонда” нэртэй үсчний газарт архидан согтуурсан үедээ Б.Батмөнхийг ялимгүй зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг 7а байрны 17 тоот өөрийн гэртээ архидан согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүй агсам тавьж, айлган сүрдүүлж, улмаар О.Идэржаргал, Г.Бямбажав нарт зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Б.Х- нь иргэн Б.Батмөнхийг ялимгүй зүйлээр шалтаглан танхайрсан, иргэн О.Идэржаргал, Г.Бямбажав нарт зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах явцадаа хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж  нэг зүйл ангиар ял оногдуулсан нь “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангажээ.

”...Хэрэг хэлэлцэх ажиллагаа зөвхөн... шүүхэд шилжүүлсэн хэргийг хэмжээний дотор явагдах” ёстой бөгөөд гэм буруутай этгээд нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн бол үйлдэл тус бүр дээр нь ял шийтгэл оногдуулахгүйгээр хамгийн хүнд зүйл хэсэгт багтаан нэг зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулах нь гэм буруутай этгээдийн эрх зүйн байдал дээрдүүлэх үндэслэлтэй байх тул шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь заалтыг баримтлан сонсгосон зүйл ангийг өөрчлөн ял шийтгэл оногдуулах нь хуулийн агуулагад нийцнэ гэж үзээд 156 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Б.Х-ын “...Миний хувьд эхнэр авсан бөгөөд одоо эхнэр маань жирэмсэн, 01 нас 06 сартай хүүхэдтэй. Мөн өндөр настай эмээ, өвөө байдаг зэрэг нөхцөл байдлыг анхаарч үзэж миний хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж өгнө үү” гэсэн үндэслэлээр бичсэн давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд  ялтан Б.Х- урьд 5 удаа ял шийтгүүлж байснаас 2 удаа танхайрах болон зодооны хэргээр шийтгүүлж 4 удаа жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэж байсан, 3 удаа Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан, ялтай байх хугацаандаа дахин танхайрах гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудлыг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт ялтан Б.Х- хохирогч Н.Бямбажавын хохиролд 1.500.000 төгрөг төлсөн бусад хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдсан боловч энэ талаар тогтоох хэсэгтээ тусгаагүй байгаа нь ялтан хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдах нөхцөл байдал үүссэн үед ялтан бусдад төлөх төлбөр, хохирол байгаа эсэх нь ойлгомжгүй болох тул тогтоох хэсгийн 6 дугаар заалтанд хохирол, төлбөрийн талаар нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.4, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.  Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

“1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Бөндгөө овогт Бат-Ирээдүйн Хосбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181 дүгээр зүйлийн 181.2.4, 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 181 дүгээр зүйлийн 181.3 болгосугай” гэж өөрчилж,

2. Тогтоох хэсгийн 6 дугаар заалтны дараа:

“61. Шүүгдэгч Б.Х- нь энэ хэрэгт төлөх төлбөргүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдолгүй гэснийг дурдсугай” гэж нэмж шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж,  ялтан Б.Х-, түүний өмгөөлөгч Ц.Гэнэндулам нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                           ДАРГАЛАГЧ                                                    Я.ТУУЛ

                                           ШҮҮГЧИД                                                        Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                     Б.МАНЛАЙБААТАР