Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 61

 

 

 

М.Мд холбогдох эрүүгийн
хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

прокурор А.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А,
хохирогч Д.О,
хохирогчийн өмгөөлөгч Э.С,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Мд холбогдох 2 хавтас 294 хуудас бүхий эрүүгийн 201610000147 дугаартай хэргийг хохирогч Д.Оын гомдлоор давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: М -д холбогдуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч ‎М.М нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 23 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хатуу хучилттай зам дээр ***УНП улсын дугаартай Тоёота Приүс-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсагт заасныг зөрчин Супер Вени маркийн мотоциклийг мөргөж, уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Оын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Мг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сараар хасч, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Нийслэлийн Цагдаагийн газарт даалгаж,
Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй ба эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.О нь өөрт учирсан хохирол болон цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардал 3599151 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.Мгийн 296877 дугаартай жолооны үнэмлэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Оын шүүгдэгчээс нэхэмжилсэн 4788976 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.О давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хохирлын баримтыг дутуу үнэлснээс хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл болж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2009.05.22-ны өдрийн 15 дугаар тогтоолд хохирлын хэмжээ гэдэгт Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар эд хөрөнгөд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг хамааруулна гэжээ. Миний бие 2016.06 сараас эхэлж ажлаа хийх ёстой байсан, түүнчлэн энэ зам тээврийн осолд өртсөний улмаас 2016.06 сар хүртэл хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүйн улмаас олох ёстой байсан орлогууд алдагдсан. Эдгээр ажиллаж байсан газрын тодорхойлолт, банк дахь зээлийн төлөлтөө хийж чадаагүй зэргээ нотолсон бичгийн баримтуудаар нотлогдоно. Гэтэл шүүхээс дан ганц эрүүл мэндэд учирсан хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол мэтээр үзэж байгаад гомдолтой байна. Мөн М.М нь гэм хорыг арилгах талаар хойрго хандаж  байгаад гомдолтой байна. Миний биеийн байдал муу байгаа. Сая 9 сард хөдөлмөрийн чадвар алдалтын группд орсон. Эмчийн хяналтад байх шаардлагатай гэсэн. Манай эхнэр ажил хийдэггүй, би ажил хийж гэр бүлээ авч явдаг байсан. Хохирол төлбөрөө гаргуулмаар байна. Нэг сарын эмчилгээ гэхэд л 600000-700000 төгрөгийн эмчилгээ хийлгэж байгаа, унаж татдаг өвчтэй болсон. Хохирол төлбөрөө гаргуулмаар байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүхийн хэлэлцүүлэгт буцааж, хохирогч намайг хохирлоо барагдуулах эрхээ эдлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

    Хохирогчийн өмгөөлөгч Э.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн дүүрэн хангаагүй. Хохирогчийн эмчилгээ зардал, бусад цалин хөлсний зардал маш их хэмжээгээр гарч байгаа. Хөдөлмөрийн чадвар алдалтын групп тогтоолгосон байгаа. Анхан шатны шүүх 4 сая төгрөгийг нь хэрэгсэхгүй болгоод орхисон байгаа. Оыг 2016.09.22-ны өдрөөс 2017.09.22-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 60%-иар 1 жилийн хугацаагаар тогтоосон юм билээ. Ямар эм тариа уух талаар эмчлэгч эмчийнх нь бичсэн зүйл байдаг. 5 төрлийн эмийг сар болгон уух, тэр эм нь 500000-600000 төгрөгийн үнэтэй. Энэ нь шинжээч эмчийн дүгнэлтэд зааснаар хөдөлмөрийн чадвартай байх нь эмчилгээний чанараас хамаарна гэсэнтэй шууд уялдаж хамаарч байгаа. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр гомдолтой гэж хэлдэг. 10 сая төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан. Нотлох баримтыг бүрдүүлсэн. Анхан шатны шүүх хохирогчийн гэм хор нь арилаагүй байхад хуульд заасан хөнгөн ял шийтгэл оногдуулсан нь хууль зөрчсөн шийдвэр гаргасан байна гэж үзэж байгаа юм. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд гэсэн байгаа. 1600000 төгрөгийн эмчилгээний зардал учирсан юм байна. Тийм учраас 1600000 төгрөгийн хохирлыг чинь өгсөн гээд энэ хүнд тэнсэж хянан харгалзах хугацааг тогтоож өгсөн нь хуульд нийцээгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

    Прокурор А.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирлын хувьд нотлох баримтын хүрээнд 1670000 төгрөгийг төлсөн байдаг. Хохирогчийн цаашид гарах зардлыг баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар шийвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчид нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг үлдээсэн. Хохирогч 10 сая төгрөгийг нэхэмжилдэг. Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар хохиролд тооцохгүй олон зүйлүүд байдаг. Хохирогч өөрийнх нь болон ээжийнх нь зээл, хаанаас хаа хүрсэн нь мэдэгдэхгүй зардлуудыг анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгдөг. Энэ байдлаас нь харахад ихэнх нь хохирол төлбөрт хамааралгүй. Нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байсан учраас шүүхээс хасч шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байдаг. Мгийн хувьд 1670000 төгрөгийг эмчилгээний зардалд өгч барагдуулсан байдаг. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна гэж хэлдэг. М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн учраас шүүхээс эдгээр байдлыг харгалзан тэнсэж хянан харгалзах ял оногдуулсан нь үндэслэлтэй юм. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүгдэгч М.М нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас урдаа яваа Д.Оын жолоодож явсан мотоциклийг мөргөж Оын биед гавал тархины хүнд зэргийн гэмтэл учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 74 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан гэж үзлээ.

Хохирогч нь шүүх хуралдааны шатанд шүүгдэгчээс гэмт хэрэгт өртөхөөс өмнө авч хэрэглэж байсан цалингийн зээлийн үлдэгдэл 5 сая төгрөг, эмчилгээ болон бусад зардалд 5 сая төгрөг, нийт 10 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас банкны зээлийн 3.657035 төгрөг, хоол хүнсний болон гэмт хэргийн хохиролд хамааралгүй бусад эд зүйлийн зардал,  ламаар ном уншуулсны болон утасны төлбөр, эзэн холбогдогч нь тодорхойгүй унааны зардал зэрэгт  1.131.941 төгрөг, нийт 4.788.976 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, өөрт учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жичдээ нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр орхиж шийдвэрлэсэн нь зөв,  үндэслэлтэй болсон байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хохирогчийн эмчилгээний зардал болох 1.670.000 төгрөгийг шүүгдэгч нь хохирогчид төлж барагдуулсан байна.

Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т зааснаар гэмт хэргийн хүндэвтэр ангилалд хамаарах ба Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзаж шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзаж болох юм. Эдгээр нөхцлийг шүүгдэгч М нь хангасан байна.

Гэмт хэрэг гарахад хохирогч Д.Оын өөрийнх нь согтуугаар бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсан үйлдэл мөн нөлөөлсөн гэж үзэх үндэстэй.

Иймд хохирогчоос гаргасан хохирлыг бүрэн барагдуулуулах зорилгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхийг хүссэн тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг үндэслэн ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 74 дугаартай шийтгэх  тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Оын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.  

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БОЛОРМАА

                              ШҮҮГЧИД                                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                             А.САЙНТӨГС