Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 63

 

 

 

Н.Равданд холбогдох эрүүгийн
хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

прокурор Д.Дэлгэрбаяр
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.Равданд холбогдох 1 хавтас 138 хуудас бүхий эрүүгийн 201610010124 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, Борхойн бумбат ХХК-д гэрээт ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Нефтийн 2-8 тоотод оршин суух, Баянгол дүүргийн шүүхийн 337 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулан мөн хугацаагаар тэнссэн, 2004 оны 5 сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг
 дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 3-36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 04-Б шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 7 сарын хорих ялаар, 2011 оны 6 сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 294 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар, 2015 оны 11 сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Олхнууд овогт Нохойжавын Равдан /ЦЕ75082973/-нд холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч ‎Н.Равдан нь ялтай байх хугацаандаа шунахайн сэдэлтээр шууд санаатай үйлдлээр 2016 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Амарын 3 дугаар гудамж 20 тоотод оршин суух иргэн Ц.Эрдэнэбаатарын орон байр буюу байшингийн вакум цонхны жижиг салхивчийг түлхэн нэвтэрч унтлагын өрөөнд байсан 42 инчийн “НКС” маркийн LCD зурагт, 0.75 гр архийг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 288733 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Равданг бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Н.Равданг эд хөрөнгө хураахгүйгээр 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж,

Монгол Улын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Н.Равданд оногдуулсан 3 сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан, тодорхой дэглэм бүхий байранд ганцаарлчлан эдлүүлж,

Шүүгдэгч Н.Равдан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Равданд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж,

Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч С.Болорчулуун эсэргүүцэлдээ: 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь хэсэгт “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Равдангийн эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй”, “Монгол Улсын Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Равданд оногдуулсан 3 сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан, тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй” гэж заасныг улсын яллагчийн зүгээс эс зөвшөөрч байна.

Үүнд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “...гурваас дээш зургаан сар хүртэл  баривчлах...” гэж баривчлах ялын дээд, доод хэмжээ хязгаарыг тодорхой зааж өгсөн байхад шүүхээс хуульд зааснаас доогуур ял оногдуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317 дугаар зүйлийн 317.1.4, 315.1.4 дэх хэсэгт заасны дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016.09.02-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Дэлгэрбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Эсэргүүцлийн гол үндэслэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3-аас дээш 6 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулах байтал 3 сарын баривчлах ял оногдуулж

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хуульд зааснаар доогуур ял оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэнийг дэмжиж байна.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Равданг иргэн Ц.Эрдэнэбаатарын гэрт цонхоор нь орж  288.733 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 94 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан баривчлах ялын хэмжээ нь гурваас дээш зургаан сар хүртэл хугацаатай байхад анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хуулинд зааснаас доогуур буюу 3 сарын баривчлах ялыг шүүгдэгчид оногдуулсан нь буруу болжээ.

Иймд энэ тухай бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 321 дүгээр зүйлийн 321.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Нохойжавын Равданд холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд буцаасугай.


2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БОЛОРМАА

         ШҮҮГЧИД                                                      Г.ТЭГШСУУРЬ

                                                                                А.САЙНТӨГС